Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/05913

 

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/05913

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол 俿 И хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Хангал, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 02 тоотод оршин суух, Боржигин овогт Батсуурийн Энхсайхан /РД-НВ79011005/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 1-26, 27 тоот, өөрийн байранд оршин байгаа ТАСО ХХК /РД-2826143/-д холбогдох

Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 12,600,000 төгрөг гаргуулах тухай,

Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн, хариуцагч ТАСО ХХК-иас талийгаач Э.Ууганбаярыг 750,000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоолгож үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 27 сая төгрөг гаргуулан, хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх шаардлага бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргал, өмгөөлөгч Д.Цэндсүрэн /шүүхэд төлөөлөх эрх-084/, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай, түүний өмгөөлөгч М.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Ч.Алтантоль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Э.Ууганбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах ТАСО ХХК-ийн ажлын байранд ажиллаж байх хугацаандаа осолд орж амь насаа алдсан. Засгийн газраас 2015 онд баталсан 269 дүгээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрмийн 3.11-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр уг ослыг үйлдвэрлэлийн осолд оруулж тооцно гэж үзсэн байдаг ба ажил олгогч ТАСО ХХК-ийн зүгээс энэхүү улсын байцаагчийн акттай маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нөхөн олговрыг ТАСО ХХК өгөх ёстой бөгөөд удаа дараа шаардсан боловч өгөөгүй.

Хариуцагч компани нь тайлбартаа нөхөн олговрыг өгсөн гэсэн байсан. Уг 16 сая төгрөг нь оршуулгын зардал, эрүүгийн хэргийн гэм хорын хохирол бөгөөд уг мөнгийг ТАСО ХХК-ийн захирал Т.Отгонбаяр хувиасаа өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр биш юм.

Иймд тус компаниас 12,600,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Уг нөхөн төлбөрийг талийгаачийн 2014, 2015 оны цалин хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хэмжээгээр буюу 350,000 төгрөгөөр тооцсон гэв.

Хариуцагч ТАСО ХХК-ийн захирал Т.Отгонбаяр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус өдөр манай үйлдвэр зогссон байсан.

Манай компанийн барилгын хэв хашмалын үйдвэрт гагнуурчин ажилтай Б.Батжаргал, н.Мөнхнасан нар компанийн үйлдвэрлэл зогссон байхад зөвшөөрөлгүйгээр, хувийн хэрэгцээндээ цахилгаан гар тасдагчийг ашиглан 200 литрийн будагны хоосон поошиг задалж байгаад поошиг дэлбэрч урд нь зогсож байсан гагнуурчин Э.Ууганбаяр уг поошигт цохиулан нас барсан золгүй осол гарсан юм.

Уг осолтой холбогдуулан ажил олгогч ТАСО ХХК-ийн захирал Т.Отгонбаярыг Баянгол дүүргийн цагдаа, прокуророос эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаад тус дүүргийн прокурорын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, ажил олгогч холбогдолгүй болохыг тогтоогоод хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Мөн энэхүү золгүй осол нь ТАСО ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдалтай ямар ч холбоогүй болохыг прокурорын байгууллагаас тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд үйлдвэрлэлийн осол гэж бичсэн нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шинэчилсэн осол бүртгэх журамд үйлдвэрлэлийн осол биш гэж заасан 4 заалтыг авч хаясантай холбоотой юм. Мэргэжлийн хяналтын шинжээчдийн дүгнэлтэд тус осол нь компанийн ажил үүрэгтэй холбогдолгүй байх тул аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх шаардлагагүй гэж дурдсан нь энэхүү осол ТАСО ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй болохыг баталдаг.

Уг дүгнэлт нь гол бөгөөд осол бүртгэх шинэчилсэн журам нь ажил олгогчийг буруутгах ямар нэг үндэслэл болохгүй гэдгийг холбогдох байгууллага нь албан ёсоор мэдэгдсэн байдаг.

Баянгол дүүргийн прокурор талийгаачийн ар гэрийн албан ёсны төлөөлөгчийг ээж Б.Энхсайханаар тогтоосон тул манай компани золгүй осолтой ямар нэг холбоогүй ч гэсэн талийгаач Э.Ууганбаяр нь тус компанид ажиллаж байсныг бодолцон холбогдох зардлуудыг төлж ирсэн. Эхний ээлжинд өгсөн 9,650,000 төгрөг нь талийгаачийн 36 сарын тэтгэлэг болох 12,600,000 төгрөгт тооцож тохиролцон олгосон. Нийт манай зүгээс 16,450,000 төгрөгийн зардал гаргасан ба зөрүү мөнгийг бэлнээр Б.Энхсайханд олгож, тэрээр ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй, гомдол саналгүй болохоо батлаж гарын үсэг зурсан учир зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Би Э.Ууганбаяртай 2011 онд танилцаж, дотносон улмаар 2012 онд өрх тусгаарлаж хамт амьдарсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү У.Тэргэл төрсөн. Талийгаач Э.Ууганбаяр нь ТАСО ХХК-д гагнуурчнаар ажиллаж, байсан ба 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 8 цаг өнгөрч байхад тус компанийн менежер н.Заяабаатар нь ажилтай гээд аваад явсан. 10 цагийн үед намайг яаралтай хүрээд ирээч гэж утасдсан, гэтэл миний нөхөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан байсан.

Би ТАСО ХХК-д гомдол гаргахад компанийн зүгээс чамтай харьцахгүй, талийгаачийн эцэг, эхтэй харьцана, чи чаддаг юм бол шүүхээрээ яваад нөхөн төлбөрөө олж аваарай гэсэн. Тухайн үед манай нөхөр 750,000 төгрөгийн цалинг бүх шимтгэлээ төлөөд гар дээрээ 2 хувааж авдаг байсан. Гэтэл ТАСО ХХК 350,000 төгрөгийн цалин авдаг гэж байна. Би талийгаач Э.Ууганбаяртай нэг гэрт амьдарч байсан учраас түүнийг ямар цалин авдаг байсныг мэднэ. Үүнийг нотлох гэрч, нотолгоо байгаа болно.

1.Иймээс талийгаач Э.Ууганбаярыг 750,000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоож өгнө үү. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 750,000 төгрөгөөс биш 350,000 төгрөгөөр бодуулж, сарын 115,000 төгрөгөөр тогтоосон ба 750,000 төгрөгийн цалин хөлс авдаг байсныг тогтоовол тэтгэмжийн хэмжээ нэмэгдэх юм.

2.Э.Ууганбаярын осол нь үйлдвэрлэлийн осол мөн болох нь цагдаагийн газарт мэдүүлсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, акт зэргээр нотлогдож байгаа. Хариуцагч хариу тайлбартаа дахин нөхөн төлбөр нэхэх эрхгүй гэсэн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд хариуцагчийн зүгээс ямар нэгэн нөхөн олговор олгосон тухай баримт байхгүй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хүү У.Тэргэл авах эрхтэй. 36 сар түүнтэй адилтгах цалин хөлсний олговор авч чадаагүй хохирч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн төлбөрийн тухай хуулийн 2.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 02-06-043/1657 дугаартай дүгнэлтэд үндэслэн сарын цалинг 750,000 төгрөгөөр тооцон, 36 сарын цалин, хөлстэй тэнцэх нөхөн төлбөрт 27 сая төгрөгийг хариуцагч ТАСО ХХК-иас гаргуулж өгнө үү.

3.Мөн үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан учир оршуулгын зардлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжлийн тухай хуулийн 211-д зааснаар нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тухайн үед баталсан хэмжээгээр оршуулгын зардлыг гаргуулна. Уг шаардлагад холбогдох баримтыг талийгаачийн ээж нь алга болгосон учир нотлох баримт байхгүй болсон.

4.Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу талийгаачийн хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл нь түүнд асран хамгаалагч байгааг үл харгалзан хариуцагч ТАСО ХХК-иас гэм хорын хохирлын төлбөрийг гаргуулж өгнө үү. У.Тэргэл нь одоо тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 115,000 төгрөг авдаг. Тиймээс талийгаачийн сарын цалин болох 750,000 төгрөгөөс 115,000 төгрөгийг хасч, үлдэх 635,000 төгрөгийн дундажаар хүүхдийг 16 нас хүртэл нөхөн төлбөр төлөхөөр тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч ТАСО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жаргал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талийгаач Э.Ууганбаярын ар гэрт манай компаниас нийт 16,450,000 төгрөг өгсөн. Талийгаачийн ээж Б.Энхсайхан нь манай компаниас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн болно. Иймээс гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай дахин нөхөн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Талийгаачийн ар гэрийн үл ойлголцол, нөхөн олговрыг хэн нь авах нь манай компанид хамаагүй, хоорондоо учраа олох асуудал юм.

Мөн гуравдагч этгээд нь талийгаачийг ТАСО ХХК-д ажиллах хугацаандаа сард 750,000 төгрөг авч байсныг тогтоолгохыг хүсчээ. Талийгаач нь манай компанид ямар хугацаанд ажиллаж, ямар цалин авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрээс тодорхой харагдана. Өөрийнх нь хүлээн зөвшөөрч авч байсан цалин нь 350,000 төгрөг байсан. Манай компанийн хувьд улирлын чанартай ажилладаг бөгөөд их ачааллын үед урамшуулал цалин олгодог байсан. Үүнийг гуравдагч этгээд үндсэн цалин гэж андуурч яриад байгаа бололтой. Нийгмийн даатгалын дэвтрийг талийгаачийн ар гэрт хүлээлгэн өгсөн учир уг асуудлыг шүүхээр тогтоох үндэслэлгүй гэж үзэж байна.

Ч.Дэлгэрмандуухай нь тухайн үед оршуулгын тэтгэмж гаргуулж авч чадаагүй тул манай компаниас тэр тэтгэмжийг гаргуулахыг хүсчээ. Оршуулгын тэтгэмжийг халамжийн байгууллага олгодог бөгөөд нэхэмжлэгч Б.Энхсайхан нь нийгмийн даатгалын сангаас 650,000 төгрөг авсан байсан.

Оршуулгын зардлыг мөн ээжид нь төлсөн байгаа. Учир нь Ч.Дэлгэрмандуухай талийгаачийн хууль ёсны эхнэр биш, хамтран амьдрагч байсан. Тиймээс түүний ар гэр болох төрсөн эх Б.Энхсайхан уг зардлыг авах эрхтэй тул гуравдагч этгээд шаардах эрхгүй.

4 дэх шаардлагын хувьд талийгаачийн хүү У.Тэргэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг сар бүр авч байгаа. Талийгаачийн хувьд 350,000 төгрөгийн цалин авдаг байсан гэдэг нь баримтаар нотлогдоно. Тиймээс энэ шаардлагын хүрээнд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа тул хариуцагчаас үүнийг гаргах боломжгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн

нь:

Нэхэмжлэгч Б.Энхсайхан, ТАСО ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 12,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл,

Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь хариуцагч ТАСО ХХК-д холбогдуулан, талийгаач Э.Ууганбаярыг 750,000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоолгож, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 27 сая төгрөг гаргуулан, хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч тал дээрх шаардлагуудыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... үйлдвэрлэлийн осол биш, ... нөхөн төлбөр олгосон, дахин шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд талийгаач Э.Ууганбаяр нь ТАСО ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс гагнуурчны ажилд үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан болох нь хариуцагч компанийн захирлын ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байна. /хх-152-155/

Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ТАСО ХХК-д үйлдвэрийн байранд пошикны таганд цохиулж нас барсан байх ба Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-06-043/1657 тоот дүгнэлтээр ажилтан ажлын байрандаа осолдсон гэх үндэслэлээр уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцжээ. /хх-6 дугаар тал/

Уг дүгнэлтэд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Хариуцагч тал тухайн осол болох үеэр үйлдвэр зогссон байсан гэж маргах боловч энэ талаар нотлох бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн гадна итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ... 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... хэдэн хүмүүс цэвэрлэгээ хийхээр цугларсан байсан ... гэж тайлбарлаж байх тул хариуцагчийг үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байсан гэдгээ нотлоогүй гэж үзнэ. /хх-212 дугаар хуудас/

Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтээр осол биш гэдэг нь тогтоогдсон гэж мэтгэлцэх боловч уг дүгнэлтээс харахад үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоогоогүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан талийгаачийн амь нас хохирсон үйлдэл нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэх, ТАСО ХХК нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөн эсэх, ямар ажилтан, албан тушаалтаны буруутай үйл ажиллагааны улмаас осол гарсан эсэхийг тогтоолгохоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн тогтоолоор томилсон шинжээчийн дүгнэлт байна. /хх-176-177 дугаар хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, ... улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг түүнээс дээш удаа, ажил олгогч олгохоор заажээ.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь талийгаач Э.Ууганбаярын төрсөн эх, Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1.1-д заасан өв залгамжлагчид багтаж байгаа боловч дээрх хуульд заасан ар гэрт хамаарахгүй юм.

Учир нь ар гэр гэдэгт нас барсан ажилтантай нэг ам бүлд хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд, төрөл садангийн хүмүүс хамаарах ба тухайн үед талийгаач нь гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай, хүү У.Тэргэл нарын хамт тусдаа амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн гишүүдийн үндсэн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Р.Ариунтуяагийн мэдүүлгээр нотлогдож байна. /хх-61-62, 199, 212, 215 дугаар хуудас/

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь хариуцагч ТАСО ХХК-д холбогдуулан, талийгаач Э.Ууганбаярыг 750,000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоолгож, үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт 27 сая төгрөг гаргуулан, хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх шаардлага гаргаж байна.

Хариуцагч ТАСО ХХК нь уг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ... хууль ёсны эхнэр биш, ... эрүүгийн хэрэгт хохирогчоор эх Б.Энхсайхан тогтоогдсон бөгөөд түүнд нөхөн төлбөр оршуулгын зардалд 16,450,000 төгрөг өгсөн, дахин төлөхгүй ... гэж тайлбарладаг.

Шүүх гуравдагч этгээдийн нэг дэх шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна.

Учир нь гуравдагч этгээд шүүх хуралдааны үеэр талийгаач Э.Ууганбаярыг 750,000 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоолгох гэж буй шалтгаанаа ... 750,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасч, зөрүүг нь тооцуулан нөхөн төлбөр тогтоолгоно гэж тайлбарладаг.

Иймээс бие даасан бусад шаардлагын үндэслэлээ дэмжсэн тайлбар гэж үзлээ.

2.Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь ТАСО ХХК-иас үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсны нөхөн төлбөрт сарын цалинг нь 750,000 төгрөгөөр тооцож, 27 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэн, талийгаачийг 750,000 төгрөгийн цалин авдаг байсан гэж мэтгэлцдэг.

Ч.Дэлгэрмандуухай, түүний хүү У.Тэргэл нар Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар нас барсан ажилтны ар гэр болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

Харин хэрэгт авагдсан талийгаач Э.Ууганбаярын нийгмийн даатгалын дэвтэр, ТАСО ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2015 оны 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт зэргээс харахад Э.Ууганбаяр нь сарын хөдөлмөрийн хөлсөө 350,000 төгрөгөөр тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан байх ба гуравдагч этгээд нь талийгаачийг сард 750,000 төгрөгийн цалин авдаг гэх үйл баримтаа баримтаар нотолж чадаагүй учир цалингийн хэмжээг 350,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна. /хх-141-142, 212 дугаар хуудас/

Түүнчлэн талийгаачийн эх буюу нэхэмжлэгч Б.Энхсайханд ТАСО ХХК-ийн зүгээс нөхөн төлбөрт 6,800,000 төгрөг өгсөн гэдэг нь хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар тогтоогддог тул нөхөн төлбөрөөс уг мөнгийг хасч, үлдэх хэсгийг гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд олгох нь шударга ёсны зарчим болон хуульд нийцнэ гэж үзлээ. /350,000х36 сар=12,600,000-6,800,000=5,800,000 төгрөг/

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т заасныг баримтлан ТАСО ХХК-иас 5,800,000 /таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,200,000 /хорин нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

3.Гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нь хариуцагчаас оршуулгын зардал гаргуулахаар шаардаж байгаа хэдий ч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлж өгөөгүйн гадна түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд уг шаардлагыг нотлох бичгийн нотлох баримт байхгүй, эх Б.Энхсайхан нь алга болгосон гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заажээ.

Талийгаачийн хүү У.Тэргэл нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч бөгөөд Ч.Дэлгэрмандуухайгийн хувьд хүү У.Тэргэлийн асран хамгаалагч учир түүний өмнөөс оршуулгын зардлыг гэм буруутай этгээдээс шаардаж болох юм.

Гэхдээ шүүх, гуравдагч этгээдийг бие даасан дээрх шаардлагаа тодорхойлон нотолж чадаагүй гэж үзлээ.

Түүнчлэн уг осолтой холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байх явцад хариуцагч ТАСО ХХК нь талийгаачийн эх Б.Энхсайханд холбогдох баримтыг үндэслэн оршуулгын зардалд 9,650,000 төгрөг өгсөн болох нь баримтаар нотлогддог төдийгүй нэхэмжлэгч тал үүнийг хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-46-53 дугаар тал/

Иймээс хариуцагч компаниас дахин гаргуулах хуулийн үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Гуравдагч этгээд нь гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэхээр хариуцагчаас шаарддаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүүгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнд гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй.

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг авах эрхтэй гэж заажээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор ТАСО ХХК-ийн захирал Т.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад үйлдвэрт аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдохгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. хх-45 дугаар хуудас/

Уг тогтоолыг Улсын ерөнхий прокурорын газрын прокурор, гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гомдлоор хянаад 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5/598 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ. /хх-173 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Э.Ууганбаяр нь 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлын байрандаа пошикт цохиулан үйдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэдэг нь баримтуудаар нотлогдсон хэдий ч уг осол гарахад хариуцагч ТАСО ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байсан эсэх, хариуцагчийн буруугаас талийгаачийн амь насанд хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул гуравдагч этгээд нь ТАСО ХХК-иас бусдын амь насанд гэм хор учруулсан гэх үндэслэлээр гэм хорын хохирол буюу нөхөн төлбөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-д зааснаар гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайгийн гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Шүүх нэхэмжлэгч Б.Энхсайхан, Ч.Дэлгэрмандуухай нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу тэдгээрийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ТАСО ХХК-иас 107,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-д заасны дагуу хариуцагч ТАСО ХХК-иас 5,800,000 /таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухайд олгож, бие даасан шаардлагаас үлдэх 21,200,000 /хорин нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгийг, мөн хохирогч нас барснаас оршуулгын зардал гаргуулж, гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгож хүү У.Тэргэлийг 16 нас хүртэл төлүүлэх тухай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхсайхан, гуравдагч этгээд Ч.Дэлгэрмандуухай нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ТАСО ХХК-иас 107,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

Х.ЭНХЗАЯА