Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 193

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Ц.Э, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ц-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910028430133 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид тогооч ажилтай, ам бүл 5, ээж, дүү, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-ын Э- /РД: ФЖ83040605/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 151 тоотод хохирогч С.О-ийн гэрт 2018 оны 09 дүгээр сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 05-наас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол буюу 9,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, Эрдэнэтэд барилгын цэргийн ангид тогоочоор ажилладаг, айлд үйлчлэгчээр ажиллаж байхдаа гурван ширхэг мөнгөн аяга авсан, хоёр аягыг ломбарданд нэг аягыг нь 400,000 төгрөгийн, нөгөө аягыг нь 600,000 төгрөгийн барьцаанд тавьсан, нэг аягыг нь Булган аймаг руу гэр лүүгээ авч яваад ирэхдээ мартсан байсан, буцаж очоод авчирч өгсөн. Хөдөө гэртээ хүүхдүүд дээрээ очихдоо мөнгийг хэрэглэсэн, хохирогчтой өөр мөнгөний авлага байхгүй, гэрт нь үйлчлэгчээр ажиллаж байхдаа нөхрөөс нь 500,000 төгрөг зээлсэн байсан, одоо энэ мөнгийг өгөх өртэй байгаа. Одоо 4 дүгээр сарын цалин дээрээсээ хохирлыг төлж барагдуулна, одоо хохирол төлөх боломжтой болчихсон, өөр газарт шалгагдаж байгаа хэрэг байхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сард ...Ц-ын Э-тэй уулзаад гэрээ байгуулж, ажлуулахаар болсон. Тэгээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг Тауэр хотхоны 124 дүгээр байрны 151 тоот гэртээ үйлчлэгчээр ажлуулж эхэлсэн. Энэ хугацаанд мөнгөн аяга хулгайлж байсныг 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сервантан дотор өрөөтэй байсан мөнгө аяга намхан болсон байсныг тоолж үзэхэд гурван ширхэг мөнгөн аяга алга болсныг мэдсэн. Тухайн үед Ц.Э-ийн амралтын өдөр байсан учир маргааш нь ажилдаа ирэхэд нь Ц.Э-ээс гурван ширхэг мөнгө аяга алга болсон гэж манай нөхөр Б.Баатарчулуун асуухад би аваагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгээд чамд бодох хугацаа өгье, чамаас өөр хүн авах ёсгүй, хуулийн байгууллагаар шалгуулна гэхэд Ц.Э- хэсэг хугацааны дараа би авсан, ломбарданд тавьсан гэхээр нь Б.Баатарчулуун 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ц.Э-ийг дагуулж гараад Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард “Хур ама” ломбарднаас хоёр ширхэг мөнгөн аягыг 1,296,000 төгрөг төлж авсан. Дутуу байсан нэг ширхэг мөнгөн аягыг ...2019 оны 8 дугаар сарын 20-ны үед нөхөр Б.Баатарчулуун Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн буудал дээр очиж  Ц.Э-ээс өөрөөс нь авсан...” /хх-ийн 12-13, 14-15/ гэсэн,   

 

Гэрч Б.Баатарчулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сард гадаад руу ажлаар явчихаад Монголд ирснийхээ дараа гэрийн сервантан дотор өрсөн байсан 9 ширхэг мөнгөн аяганаас ...дунд хэсгийн мөнгөн аяга байхгүй байгааг мэдсэн. Тэгээд эхнэр С.О-тэй зөвлөлдөж байгаад гэрийн үйлчлэгч Ц.Э-тэй ярилцаж үзье гээд ...сервантан дотор байсан мөнгөн аяганаас гурван ширхэг алга болсон байна, чамаас өөр хүн авахгүй, чи үнэнээ хэл, тэгэхгүй бол цагдаад мэдэгдээд чамд асуудал үүснэ гэхэд би хоёр ширхэгийг нь авсан, нэг аягыг нь аваагүй талаар хэлсэн. Тэгээд Ц.Э-ийг цагдаагийн хэлтэс рүү дагуулаад явах үед би гурвууланг нь аваад ломбарданд тавьсан, би цувуулаад аваад өгье гээд байхаар нь тухайн ломбард руу нь очиж 1,290,000 төгрөг төлж, хоёр ширхэг мөнгөн аягаа авсан. Нэг мөнгөн аягыг хотод ломбарданд тавиагүй Булган аймагт байгаа, би өөрөө очиж аваад авчирч өгье гэхээр нь цагдаад хандаагүй. Тухайн оныхоо 8 сард нь надтай холбогдоод үлдсэн нэг мөнгөн аягыг авчирч өгсөн...” /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч В.Бадамрагчаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Дөргэнэ” ХХК-д хүүхэд асрагчаар ажиллах хүсэлтэй байна гээд манай байгуулага дээр ирсэн. ...Тэгээд манай байгууллага ажилд зуучилж өгөөд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.О-ийнд ажилд оруулж өгсөн. Тэгээд 8 сарын хугацаанд огт гомдол гаргаж байгаагүй. Тэгтэл танайхаар дамжуулж ажиллаж байгаа Ц.Э- манайхаас хулгай хийсэн гэж С.О- ирсэн. Тухайн үед С.О-, Ц.Э- нар хоорондоо тохиролцож хохирлоо барагдуулна гэсэн байсан. Тэрнээс хойш хохирлоо барагдуулах талаар удаа дараа хэлж сануулж байсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр ажил зуучлалын компаниар дамжуулан Хан-Уул дүүргйн 11 дүгээр хороо, Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 151 тоотод С.О- гэх айлд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. Тэгээд манай гэр хөдөө байдаг учраас тухайн айлдаа байрладаг, хөдөө гэр рүүгээ явахаар 2019 оны 4 дүгээр сард 7 хоногийн чөлөө авсан. Тухайн үед мөнгө төгрөг бага байсан учраас сервантан дотор байсан мөнгөн аяганаас гурван ширхэгийг нь аваад ...цүнхэн дотроо хийсэн. Тэгээд хоёр мөнгөн аягыг 25 дугаар эмийн сангийн замын хойд талд байх ломбарданд тавиад үлдсэн нэг аягыг нь хөдөө гэр рүүгээ авч яваад мартсан байсан. Би тухайн үед хүүхдүүд дээрээ очих гээд мөнгө хэрэг болохоор нь мөнгөн аягыг ломбарданд тавьчихаад цалингаа авахаар буцааж аваад байранд нь тавьчихья гэж бодсон...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/,

- Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 58-59/,

- Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 73/,

- Шүүгдэгч Ц.Э-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, ажилтны анкет /хх-ийн 50-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, төрөл садангийн зурагт лавлагаа /хх-ийн 67-69/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Э- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 151 тоотод хохирогч С.О-ийн гэрт 2018 оны 09 дүгээр сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд гурван ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага бус хэмжээний буюу 9,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.О-ийн “...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сервантан дотор байсан мөнгө аяга намхан болсон байхаар нь тоолж үзэхэд гурван ширхэг мөнгөн аяга алга болсныг мэдсэн. Маргааш нь Ц.Э-ийг ажилдаа ирэхэд нь гурван ширхэг мөнгөн аяга болсон байна гэж манай нөхөр Б.Баатарчулуун асуухад би аваагүй, мэдэхгүй гээд байсан. Тэгээд чамд бодох хугацаа өгье, чамаас өөр хүн авах ёсгүй, хуулийн байгууллагаар шалгуулна гэхэд Ц.Э- хэсэг хугацааны дараа би авсан, ломбарданд тавьсан гэхээр нь Б.Баатарчулуун 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ц.Э-ийг дагуулж гараад Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард байх “Хур ама” ломбарднаас хоёр ширхэг мөнгөн аягыг 1,296,000 төгрөг төлж авсан. Дутуу байсан нэг мөнгөн аягыг ...2019 оны 8 дугаар сарын 20-ны үед нөхөр Б.Баатарчулуун Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн буудал дээрээс Ц.Э-ээс өөрөөс нь авсан...” /хх-ийн 12-13, 14-15/ гэсэн, гэрч Б.Баатарчулууны “...Би 2019 оны 5 дугаар сард гадаад руу ажлаар явчихаад Монголд ирснийхээ дараа гэрийн сервантан дотор өрсөн байсан 9 ширхэг мөнгөн аяганаас ...дунд хэсгийн мөнгөн аяга байхгүй байгааг мэдсэн. Тэгээд эхнэр С.О-тэй зөвлөлдөж байгаад гэрийн үйлчлэгч Ц.Э-тэй ярилцаж үзье гээд ...сервантан дотор байсан мөнгөн аяганаас гурван ширхэг аяга алга болсон байна, чамаас өөр хүн авахгүй, чи үнэнээ хэл, тэгэхгүй бол цагдаад мэдэгдээд чамд асуудал үүснэ гэхэд би хоёр аягыг авсан, нэг аягыг нь аваагүй талаар хэлсэн. Тэгээд Ц.Э-ийг дагуулаад цагдаагийн хэлтэс рүү явах үед би гурвууланг нь аваад ломбарданд тавьсан, цувуулаад аваад өгье гэхээр нь тухайн ломбард руу нь очиж 1,290,000 төгрөг төлж, хоёр ширхэг мөнгөн аягаа авсан. Нэг мөнгөн аягыг хотод ломбарданд тавиагүй, Булган аймагт байгаа, би өөрөө очиж аваад авчирч өгье гэхээр нь цагдаад хандаагүй. Тухайн оныхоо 8 сард нь надтай холбогдоод үлдсэн нэг мөнгөн аягыг авчирч өгсөн...” /хх-ийн 17-18/ гэсэн, шүүгдэгч Ц.Э-ийн “...2019 оны 4 дүгээр сард 7 хоногийн чөлөө авсан. Тухайн үед мөнгө төгрөг бага байсан учраас сервантан дотор байсан мөнгөн аяганаас гурван ширхэгийг нь аваад ...цүнхэн дотроо хийсэн. Тэгээд хоёр ширхэг мөнгөн аягыг 25 дугаар эмийн сангийн замын хойно байх ломбарданд тавиад үлдсэн нэг аягыг нь хөдөө гэр лүү гээ авч яваад мартсан байсан. Би тухайн үед хүүхдүүд дээрээ очих гээд мөнгө хэрэг болохоор нь мөнгөн аягыг авч ломбарданд тавьчихаад цалингаа авахаар буцааж аваад байранд нь тавьчихья гэж бодсон...” /хх-ийн 37-40/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч  Ц.Э-ийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон бөгөөд хохирогчийн эд хөрөнгө болон гурван ширхэг мөнгөн аяганы үнэ болох 9,450,000 төгрөг нь /хх-ийн 28-29/ тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, уг мөнгөн аягыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн 150,000 төгрөг /хх-ийн 30/, мөн ломбарданд тавьснаас учирсан 1,296,000 төгрөг нь /хх-ийн 58-59/ гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлсан гурван ширхэг мөнгөн аягыг хохирогч С.О-т буцаан өгсөн талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлдэг, энэ талаар хэн аль маргадаггүй бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 1,446,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Харин хохирогч С.О нь шүүгдэгч Ц.Э гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа зээлсэн гэх 500,000 төгрөг нэхэмжилснийг /хх-ийн 12-13/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс хохиролд 1,446,000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах тухай санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үргэлжлүүлэхэд шүүгдэгч нь хохирогч С.О-т 750,000 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлжээ /шүүх хуралдааны тэмдэглэлд бий, мөн шүүхэд шинээр нэг хуудас баримт гаргаж өгсөн/.  

Иймд шүүхээс төлөхөөр тогтоосон 1,446,000 төгрөгөөр шүүхийн шатанд төлөгдсөн 750,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 696,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Э-ээс гаргуулж, хохирогч С.О-т олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын заримыг төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал, ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл, хохирлоо нөхөн төлөхөө мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа болон шүүхийн шатанд илэрхийлж буй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910028430133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Э-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Ц.Э-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Э- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э төгрөг гаргуулж, хохирогч С.О-т олгож, хохирогч С.О-ийн нэхэмжлэлээс 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн 1910028430133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР