| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07056/И |
| Дугаар | 102/ШШ2016/05930 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05930
2016 оны 12 сарын 01 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05930 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар 4 дүгээр баг, Баянхаан 5 дугээр хэсэг гудамж, 131 тоотод оршин суух, Анжгай овогт Хүрэлчулууны Бат-Эрдэнэ /РД-МЬ87051718/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байр, 154 тоотод оршин суух, Боржгон овогт Чулуунбаатарын Гантөгс /РД-ЧЗ75072479/-д холбогдуулан гаргасан,
Хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох үндсэн шаардлагатай,
Ч.Гантөгсийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагч Ч.Гантөгс, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо /шүүхэд төлөөлөх эрх-0727/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Бат-Эрдэнэ миний бие Ч.Гантөгстэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан түүнээс 9,000,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар тохиролцож, уг хугацааны дотор үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг миний бие хүлээсэн.
Ч.Гантөгс нь миний өмчлөлийн Норд бенз маркийн ачааны автомашиныг итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлчих, би эзэмшиж, ашиглахгүй чи өөрөө эзэмшиж, ашиглаж байгаад зээлээ төлж дуусгахаар буцааж нэрээ шилжүүлж аваарай гэснийг би зөвшөөрч итгэмжлэлийн үндсэн дээр нэрээ шилжүүлж 9,000,000 төгрөг авсан.
Үүнээс хойш өөрийн автомашиныг ажилд гарган зээлийн хүүг сар бүр төлж байсан боловч улирлын чанартай ажлаас шалтгаалж, зээлийн хүүг 2 сар төлж чадаагүй. Зээлдүүлэгч Ч.Гантөгс манайд ирж би машиныг чинь түр аваад явъя, чи 2 сарын хүүгээ төлж дуусгаад аваарай гээд хүчээр авч явсан тул төлөх ёстой хүүг төлж машинаа авах гэтэл Ч.Гантөгс нэг ч удаа уулзахгүй, утсаа авахгүй алга болсон.
Ч.Гантөгс миний машины улсын дугаарыг 1928 УБЛ болгон өөрчилж, өөр хүний нэрээр www.unegui.mn гэх зарын сайтад ажилд гаргахад бэлэн Норд бенз 25 саяас яриад зарна, холбоо барих утас 99272588 гэсэн зар байршуулсан байсан бөгөөд энэ нь хууль ёсны өмчлөгч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байна.
Миний бие Ч.Гантөгстэй үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс барьцаалан гэрээг бичгээр байгуулаагүй ч өөрийн автомашиныг түүний нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь өөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, түүнд итгэж найдан уг үйлдлийг хийсэн.
Гэтэл Ч.Гантөгс нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байхгүй, шаардах эрхийн үндэслэлгүй байхад бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарж борлуулахаар хууль бус үйлдэл гаргаж байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгож, өөрийн автомашиныг Ч.Гантөгсөөс гаргуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн хувьд сөрөг нэхэмжлэл болох зээлийн гэрээний талаар маргаагүй. Талуудын хүсэл сонирхол нэг байгаа учир зээлийн төлбөр 12,300,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулсны дараа автомашины өмчлөх эрхийг Х.Бат-Эрдэнийн нэр дээр шилжүүлж авахаар эвлэрэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.Гантөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Х.Бат-Эрдэнэ надад машинаа барьцаанд тавъя мөнгө зээлүүлээч гэсэн хүсэлт гаргасан тул би зөвшөөрч 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 133 дугаартай нотариат дээр очиж Х.Бат-Эрдэнэ өөрийн эзэмшлийн 2418 СЭҮ улсын дугаартай машинаа, 1928 УБЛ болгон миний нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан, баталгаажуулж, 9,000,000 төгрөгийг бэлнээр авсан.
Зээлийн гэрээний хугацааг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл, сарын хүүг 5 хувиар тооцож сар бүр төлнө, хугацаа хэтрүүлсэн үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх нөхцөлтэйгээр тохирч гэрээ байгуулсан.
Х.Бат-Эрдэнэ гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүд 1,650,000 төгрөг төлсөн бөгөөд 150,000 төгрөг дутуу төлсөн. Харин үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, гэрээгээ сунгая гээд гуйгаад байсан учир 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл сунгасан.
Х.Бат-Эрдэнэ 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 3,150,000 төгрөг төлөөд түүнээс хойш үндсэн зээл болон хүүгээ төлөхөө больсон тул барьцаанд тавьсан машиныг нь очиж авсан. Очиж авахад хойд давхар дугуйны нэг нь огт байхгүй, хаалганы шил нь хагарсан байсан тул би өөрийн мөнгөөр нэг дугуй, хаалганы шил авч тавин, хуурай дүү н.Баянмөнхийн хашаанд аваачиж тавьсан, одоо ч байгаа.
Зарна гэсэн зарыг би тавиагүй.
Х.Бат-Эрдэнэ зээлсэн мөнгөө төлөх эсэх талаар дурдаагүй байж, зээлийн баталгаа болгож барьцааны гэрээг амаар байгуулан улмаар машинаа миний нэр дээр шилжүүлээд 9,000,000 төгрөг авсан тухайгаа булзааруулж намайг хууль бусаар хүний эзэмшлийн машин хүчээр авсан мэтээр өргөдөлдөө дурджээ.
Х.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл үндсэн зээл 9,000,000 төгрөгийг төлөөгүй, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүү 2,700,000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Х.Бат-Эрдэнээс үндсэн зээл 9,000,000 төгрөг, 6 сарын хүү 2,700,000 төгрөг, түүний автомашинд авч тавьсан дугуйны үнэ 400,000 төгрөг, цонхны шилний үнэ 50,000 төгрөг, дутуу төлсөн 150,000 төгрөг, нийт 12,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Би ямар ч үндэслэлгүйгээр хүний хөрөнгийг хууль бусаар аваагүй, Х.Бат-Эрдэнэ зээлийн гэрээний үүргийн хариуцлага, барьцаа болгож миний нэр дээр өөрийн машины 2418 СЭҮ улсын дугаарыг 1928 УБЛ болгон өөрчилж зөвшөөрч хийсэн үйлдэл.
Х.Бат-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд дурдсан 12,300,000 төгрөгийг 2 сарын хугацаанд бүрэн төлөөд дууссан тохиолдолд, машиныг нь буцаан өгөхөд бэлэн байна гэв.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ Норд бенз маркийн 1928 УБЛ /хуучин 2418 СЭҮ/ улсын дугаартай автомашиныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авах, Ч.Гантөгсийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 12,300,000 төгрөгийг мөн өдөр төлж барагдуулсан байх, хариуцагч Ч.Гантөгс Х.Бат-Эрдэнийн нэхэмжилсэн дээрх маркийн машиныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэр дээр нь шилжүүлж, өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх, сөрөг нэхэмжлэлээр шаардсан Х.Бат-Эрдэнийн зээлсэн 9,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 3,300,000 төгрөгийн хамт 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээрх банкны дансанд шилжүүлэн авахаар харилцан тохиролцов.
Талууд эвлэрлийн гэрээгээр тохиролцсон зүйлд маргах эрхгүй болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь, хариуцагч Ч.Гантөгсийн хууль бус эзэмшлээс автомашин гаргуулж, өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үндсэн нэхэмжлэл,
Хариуцагч Ч.Гантөгс нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Шүүх хуралдааны үеэр талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,300,000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж, хариуцагч Ч.Гантөгс нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Норд бенз маркийн, 1928 УБЛ улсын дугаартай, өөрөө буулгагч автомашиныг нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн эзэмшлийн нэрийг шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,000 төгрөг, 211,750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гантөгсөөс 258,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнээс 211,750 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь Э.Батбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эвлэрэх эрхийг олгосон байх тул түүнийг хариуцагчтай эвлэрэх эрхтэй этгээд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ч.Гантөгсөд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,300,000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж, хариуцагч Ч.Гантөгс нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох Норд бенз маркийн, 1928 УБЛ улсын дугаартай, өөрөө буулгагч автомашиныг нэхэмжлэгч Х.Бат-Эрдэнийн өмчлөлд мөн өдөр шилжүүлэн, тээврийн хэрэгслийн эзэмшлийн нэрийг шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,000 төгрөг, 211,750 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 258,000 төгрөг гаргуулан Х.Бат-Эрдэнэд, нэхэмжлэгчээс 211,750 төгрөг гаргуулан Ч.Гантөгсөд тус тус буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД