| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0198/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 196
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Э.А, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулсан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С- овогт Э-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910016330142 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С- овогт Э-ийн А /РД: УШ92032372/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анунгоо” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа орлогын мөнгөнөөс 4,405,455.29 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х: “...Э.А нь 2018 оны 4 сард “Анунгоо” ХХК-д ажилд орж 7 сард тушаал дэвшиж худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Худалдааны төлөөлөгч нь дэлгүүрээс барааны бэлэн мөнгөө аваад компанид 24 цагийн дотор тушаах үүрэгтэй. Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүртэлх хугацаанд нэр бүхий дэлгүүрүүдээс нийтдээ 4,4 сая төгрөгийг аваад компанид тушаагаагүй. Ингээд Э.А нь авлагатай явснаас хойш ажлын байраа хаяад явсан, Э.Аын ажиллаж байсан хугацааны цалин, амралтын мөнгөнд олгогдох ёстой байсан 1,139,570 төгрөгийг суутгасан. Мөн Э.А нь манай компанид авсан мөнгөө бага багаар төлсөөр байгаад одоо 365,880 төгрөг үлдсэн. Мөн аудитын дүгнэлт гаргуулахаар манай компаниас 300,000 төгрөгийг ажлын хөлс төлсөн, энэ мөнгийг нэмээд нийтдээ 665,880 төгрөгийг барагдуулах хүсэлттэй байна. Энэ мөнгийг барагдуулчихвал өөр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, залуу хүнийг заавал хориулья гэсэн зүйл манай компанийн хувьд байхгүй...” гэв.
Шүүгдэгч Э.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, би KFC-д сая өнгөрсөн хагассайн өдөр хүргэлтийн жолоочийн ажилд орсон, цалингаа аваагүй байгаа, сард 700,000-800,000 төгрөгийн цалин авна гэж гэрээ байгуулж, ажилд орсон. Одоо 300,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, хохиролд 1,200,000 төгрөгийн өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай компанид бараа өрөгчөөр ажилд орж, 2019 оны 01 дүгээр сарын 21-нд тушаал дэвшиж худалдааны төлөөлөгч болсон 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогч Б.Ганцоож Э.Аыг мөнгө хувьдаа завшиж байгааг мэдээд хариуцсан менежер Батхүлэгт мэдэгдсэн. Батхүлэг нь Аын харьцаж байсан харилцагч нартай утсаар холбогдож очиж уулзахад Э.А нь барааны төлбөрийг бэлнээр авсан боловч байгууллагаад тушаагаагүй байсан...” /хх-ийн 13-15/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинжээчийн дүгнэлтээр 1,665,880 төгрөг гарсан байан. Энэ мөнгөнөөс “Аглаг Эрдэнэ” дэлгүүр нь 100,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард шилжүүлсэн, тэгэхээр үлдэгдэл 1,565,880 төгрөг барагдуулаагүй байна...” /хх-ийн 66-67/ гэсэн,
Гэрч Н.Сэр-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Э.Аын авсан захиалгын дагуу, Сонгинохайрхан дүүрэг, нэгдүгээр хорооллын арын зам дугаа байдаг “Хишиг Са” нэртэй хүнсний дэлгүүрт 153,108 төгрөгийн бараа хүргэж өгсөн. Тухайн үед худалдагч нь бэлэн мөнгөөр биш дансаар гэж хэлэхээр нь би худалдааны төлөөлөгч Э.Ат утсаар мэдэгдсэн. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа манай санхүүгийн албанас “Хишиг Са” гэх дэлгүүрийн 153,108 төгрөгийг дансаар гэсэн байна, орж ирээгүй гэхэд би тухайн үед худалдааны төлөөлөгч Э.Ат дансаар хийнэ гэж хэлсэн гэдгийг хэлсэн. Тэгээд хэд хоногийн давтамжтай манай санхүүгийн ажилтайн “Хишиг Са” дэлгүүрийн тооцоо хийгээгүй байна гэж хэлэхээр нь тухай бүрт нь Э.Ат хэлж мэдэгдсэн. Би “Хишиг Са” дэлгүүрээс мөнгө аваагүй, дэлгүүрийн худалдагч Э.Аыг очихоор намайг авсан гээд, намайг очихоор Э.Аыг авсан гээд байгаа юм...” /хх-ийн 14-16/ гэсэн,
Гэрч О.Алтанзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 206,709 төгрөгийн бараа материал түгээгч нь авч ирэхээр нь сарын сүүл болж байсан учир зээлээр өгөөд явсан. Дараа нь мөнгийг нь бараа авчирч өгсөн хүнд бэлнээр өгсөн. Би мөнгийг түгээгчийн хувцастай, намхан эрэгтэй хүнд өгсөн. Үнийн дүн бараа материал нийлүүлсэн өдөр хоногоо хэлээд ороод ирэхээр нь итгээд тооцоо хийчихсэн. Э.А гэх өндөр залууд мөнгө төгрөг өгөөгүй...” /хх-ийн 53-54/ гэсэн,
Шинжээч С.Содномцог мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Анунгоо” ХХК нь 15 харилцагчийн барааны үнэ 4,405,455.29 төгрөгийг хариуцан ажиллаж байсан Э.Ааас авлага үүсгэж бүртгэсэн байсан. Компанийн санхүүгийн баримтад эдгээр харилцагчдаас авах барааны үнийг Э.А авсан болох нотлох баримт байхгүй байсан тул мөрдөн байцаалтаар тогтоогдохоор байгааг дүгнэлтэд тусгасан. ...Шинжээчийн дүгнэлт гарах үеийн байдлаар Э.Ааас “Анунгоо” ХХК нь авах үлдэгдэл 1,665,880.19 төгрөг байсан. “Анунгоо” ХХК-ийн харилцах дансааар орсон Алаг-Эрдэнэ дэлгүүрийн тушаасан 100,000 төгрөгийг Э.Аын тооцооноос хасах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” /хх-ийн 111-112/ гэсэн,
Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сард “Анунгоо” ХХК-д бараа өрөгчөөр ажилд ороод 2018 оны 07 дугаар сараас худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сард ажлаас халагдсан. Би худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ...зарим дэлгүүрээс зээлээр өгсөн барааны мөнгийг аваад хувьдаа ашигласан, миний нийт авсан мөнгө 4,000,000 төгрөг болсон бөгөөд “Анунгоо” ХХК-д буцааж төлөөд 1,500,000 төгрөг үлдсэн. Тухайн үед авсан мөнгийг хоол, бусад гэр ахуйн зүйлд зарцуулаад дууссан...” /хх-ийн 104-105/ гэсэн мэдүүлгүүд,
- Юнистар Аудит ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №01/19 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Э.Аын хавсралтад харуулсан 22 баримтаар 5,095,020.85 төгрөгийн барааг худалдан авагчид захиалгын дагуу хүргэж өгсөн.
2. Худалдан авагчдад захиалгаар хүргэн өгсөн бараанаас 283,243.00 төгрөгийн барааг буцаасан ба Сувд, Баян, Ойгон, Нуурын ус, Гоё говь зэрэг худалдан авагчдын мөнгө төлөгдсөн.
3. Алтантэвш 94,632.30 төгрөг, Мөнх 286,481.80 төгрөг, Жимст 413,921.90 төгрөг, Булган дэлгүүр 171,262.00 төгрөг, Тугч 730,811.90 төгрөг, Тайж 134,300.000 төгрөг, Жимст 365,108.00 төгрөг, Тэт 221,111.52 төгрөг, Серена 580,026.20 төгрөг, Панда 689,970.70 төгрөг, Хишиг Са 153,108.736 төгрөг, Серена 220,000.20 төгрөг, Анар 85,310.00 төгрөг, Арвижих 52,700.000 төгрөг, Аглаг эрдэнэ 206,709.44 төгрөг нийт 4,405,455.29 төгрөгийн барааны үнэ төлөгдөөгүй байна.
4. Дээрх төлөгдөөгүй барааны үнэ 4,405,455.29 төгрөгөөс цалингаас суутгасан 1,339,575.10 төгрөгийг суутгаж Э.Атай хийх тооцооны үлдэгдэл дүн нь 3,065,880.19 төгрөг байна...” /хх-ийн 46-50/ гэсэн дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №22 дугаартай дүгнэлтэд: “...1. Юнистар ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/19 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Я.Ганболдын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу ирүүлсэн “Анунгоо” ХХК-ийн 22 хуудас бүхий 15 ширхэг зарлагын баримтууд аудитын дүгнэлтэд бүрэн тусгагдсан байна.
3. “Анунгоо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр 15 харилцагчийн барааны үнэ 4,405,455.29 төгрөгийг “шүүхэд шилжсэн авлага шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар харилцагчдын тооцооноос хасаж Э.Анхбяраас авлага үүсгэн бүртгэсэн байна. Харилцагчийн барааны үнэ 4,405,455.29 төгрөгийг Э.А хувьдаа авч “Анунгоо” ХХК-д хохирол учруулсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.
...Шинжээчийн дүгнэлт гарах үеийн байдлаар “Анунгоо” ХХК-ийн Э.Ааас авах авлагын үлдэгдэл 1,665,880.19 төгрөг байна.
Аглаг-Эрдэнэ дэлгүүрээс “Анунгоо” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 415007333 дугаар харилцах дансанд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 мянган төгрөгийг шилжүүлсэн байна....” /хх-ийн 70-95/ гэсэн дүгнэлтүүд,
- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 28-30, 33-35/,
- Авлагын баримт /хх-ийн 32/,
- “Анунгоо” ХХК-ийн захирлын тушаал, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 38-40, 123/,
- Хохирлын баримт /хх-ийн 118/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 138/,
- Шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ш.Норолхоогийн мэдүүлэг /хх-ийн 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 116/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шинжээч, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Э.А нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анунгоо” ХХК-д худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа буюу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд орлогын мөнгөнөөс 4,405,455.29 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын “...С.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай компанид бараа өрөгчөөр ажилд орж, 2019 оны 7 дугаар сард тушаал дэвшиж худалдааны төлөөлөгч болсон, 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогч Б.Ганцоож Э.Аыг мөнгө хувьдаа завшиж байгааг мэдээд хариуцсан менежер Батхүлэгт мэдэгдсэн. Батхүлэг нь Аын харьцаж байсан харилцагч нартай утсаар холбогдож очиж уулзахад Э.А нь барааны төлбөрийг бэлнээр авсан боловч байгууллагаад тушаагаагүй байсан...” /хх-ийн 13-15/ гэсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хийн “...Шинжээчийн дүгнэлтээр 1,665,880 төгрөг гарсан. Энэ мөнгөнөөс Аглаг Эрдэнэ дэлгүүр нь 100,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард шилжүүлсэн, тэгэхээр үлдэгдэл 1,565,880 төгрөг барагдуулагүй...” /хх-ийн 66-67/ гэсэн, гэрч Н.Сэр-Одын “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Э.Аын авсан захиалгын дагуу, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам дугаа байдаг Хишиг Са нэртэй хүнсний дэлгүүрт 153,108 төгрөгийн бараа хүргэж өгсөн. Тухайн үед худалдагч нь бэлэн мөнгөөр биш дансаар шилжүүлнэ гэснийг би худалдааны төлөөлөгч Э.Ат утсаар мэдэгдсэн. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа манай санхүүгийн албанас Хишиг Са гэх дэлгүүрийн 153,108 төгрөгийг дансаар гэсэн байна, орж ирээгүй гэхэд би тухайн үед Э.Ат дансаар хийнэ гэж хэлсэн гэдгийг хэлсэн. Тэгээд хэд хоногийн давтамжтай манай санхүүгийн ажилтайн Хишиг Са дэлгүүрийн тооцоо хийгээгүй байна гэж хэлэхээр нь тухай бүрт нь Э.Ат хэлж мэдэгдсэн...” /хх-ийн 14-16/, шинжээч С.Содномцогийн “...“Анунгоо” ХХК нь 15 харилцагчийн барааны үнэ 4,405,455.29 төгрөгийг хариуцан ажиллаж байсан Э.Ааас авлага үүсгэж бүртгэсэн байсан. Компанийн санхүүгийн баримтад эдгээр харилцагчдаас авах барааны үнийг Э.А авсан болох нотлох баримт байхгүй байсан тул мөрдөн байцаалтаар тогтоогдохоор байгааг дүгнэлтэд тусгасан. ...Шинжээчийн дүгнэлт гарах үеийн байдлаар Э.Ааас “Анунгоо” ХХК-ийн авах үлдэгдэл 1,665,880.19 төгрөг байсан...” /хх-ийн 111-112/ гэсэн, шүүгдэгч Э.Аын “...2018 оны 4 дүгээр сард “Анунгоо” ХХК-д бараа өрөгчөөр ажилд ороод 2018 оны 7 дугаар сараас худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сард ажлаас халагдсан. Би худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа ...зарим дэлгүүрээс зээлээр өгсөн барааны мөнгийг аваад хувьдаа ашигласан, миний нийт авсан мөнгө 4,000,000 төгрөг болсон бөгөөд “Анунгоо” ХХК-д буцааж төлөөд 1,500,000 төгрөг үлдсэн. Тухайн үед авсан мөнгийг хоол, бусад гэр ахуйн зүйлд зарцуулаад дууссан...” /хх-ийн 104-105/ гэсэн мэдүүлгүүд, “Юнистар Аудит” ХХК-ийн 2019 оны №01/19 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №22 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-95/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 28-30, 33-35/, авлагын баримт /хх-ийн 32/, “Анунгоо” ХХК-ийн захирлын тушаал, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 38-40, 123/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Анунгоо” ХХК-ийн эд хөрөнгөд 4,405,455.29 төгрөгийн /хх-ийн 70-72/ хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн цалин хөлснөөс 1,339,575.10 төгрөгийг суутгуулсан, Хаан банкны харилцах дансаар гурван удаагийн гүйлгээрээр 2,600,000 төгрөг /хх-ийн 138/, Худалдаа хөгжлийн банкны дансаар 100,000 төгрөг /хх-ийн 119/, нийтдээ 4,039,575.10 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 365,880.19 төгрөгийн үлдэгдэлтэй байна /4,405,455.29-4,039,575.10=365,880.29/.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад аудитын дүгнэлт гаргуулахад “Анунгоо” ХХК-иас 300,000 төгрөгийг зарцуулсан /хх-ийн 118/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогч байгуулагад олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ааас 665,880.19 төгрөг гаргуулж, хохирогч “Анунгоо” ХХК /хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х/-д олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би KFC-д сая өнгөрсөн хагассайн өдөр хүргэлтийн жолоочийн ажилд орсон, цалингаа аваагүй байгаа, сард 700,000-800,000 төгрөгийн цалин авна гэж гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 1910016330142 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С- овогт Э-ийн А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн А-ыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торогох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.А-т оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-аас 665,880.19 /зургаан зуун жаран таван мянга найман зуун наян төгрөг арван есөн мөнгө/ төгрөг гаргуулж, “Анунгоо” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-д олгосугай.
6. Эрүүгийн 1910016330142 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР