Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06117

 

2016 оны 12 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06117

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горький 17 дугаар гудамж, 427 тоотод оршин суух, Тайж овогт Гэндэнсүрэнгийн Долгорсүрэн /РД-ИФ83081201/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горький 17 дугаар гудамж, 427 тоотод оршин суух, Мэргэн овогт Баатарын Ариунболд /РД-ИА79102819/-д холбогдуулан гаргасан,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оноос Б.Ариунболдтой хамтран амьдарч, гэрлэлтээ 2009 онд бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Мөнхсүлд, 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү А.Мөнх-Оргил, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр охин А.Мөнх-Ану нар төрсөн. Одоо хүү А.Мөнхсүлд Их Засаг дунд сургуулийн 5а ангид, хүү А.Мөнх-Оргил мөн сургуулийн 2б ангид сурдаг, охин маань гэртээ байдаг.

Б.Ариунболд нь хамт амьдарч эхэлсэн үеэс эхэлж үл ялих зүйлээр шалтаглан мөн ямар ч үндэслэлгүйгээр бусадтай хардан эрүүл согтуу аль ч тохиолдолд зоддог байсан. Энэ хугацаанд би жирэмсэн болсон байсан ба хүүхдээ төрөхөөр гайгүй болох байх гэж бодож байсан. Гэсэн хэдий ч намайг зодож цохих нь хэвээр байсан. Үүнийхээ дараа уучлалт гуйдаг учраас би засрах байх гэж түүнд итгэдэг байсан. Тиймээс би 2009 онд гэрлэлтээ батлуулсан.

Нөхрийн маань гаргадаг ааш авир нь хэтэрхий догшин ширүүн болж зодож цохих нь улам бүр ихэсч 7 хоногт 2-3 удаа тогтмол зоддог байсан тул 2012 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандан тэдний хамгаалах байранд 2 сар гаран бага хүүтэйгээ амьдарч байхдаа гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл өгсөн ба шүүхээс 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн.

Би энэ хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд дүүгийндээ очоод байхад миний араас очиж Би сэтгэл зүйн зөвлөгөөнд суусан. Бүхнийг ойлгосон. Би дахин чамайг зодож цохиж зовоохгүй. Мөн би архи уухаа больсон. Цаашдаа сайхан амьдарна. Намайг одоо нэг удаа л уучлаач гэж гуйгаад байхаар би мөн л итгээд 2 хүүгээ бодоод эвлэрч байсан. Үүнээс хойш 2 сар гарангийн хугацаанд үнэхээр засарсан юм шиг овоо гайгүй байсан.

Б.Ариунболд 7-8 сар орчим архи уугаагүй. Би ч баярлаад ингээд амьдрал маань сайхан болох нь гэж бодож байтал хүчирхийлэл дахин давтагдаж эхэлсэн. Энэ хугацаанд бид хоёр охинтой болсон. Намайг өөрийнхөө бодсон санасны дагуу байлгах хэрэв санал бодол зөрөх л юм бол зодох эсвэл нь хэнтэй ч уулзуулахгүй /найз нөхөд, ангийнхан, ажлынхан/ хий хоосон хардах зэргээр хэрүүл үүсгэн зоддог нь хэвээр үргэлжилж эхэлсэн.

2005 онд зодоход нь цагдаад хэлж эрүүлжүүлэгдээд гарч ирээд өширхөж улам их зодож байсан учраас би дахин цагдаад хэлэхээс айдаг болоод байсан.

Саяхан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаднаас орж ирснээ ямар ч утга учиргүй уурлаж над руу дайрч давшлан зодсон. Ингэж зодсон үедээ намайг гадагш нь гаргадаггүй, утсыг маань хурааж аваад холбоо барих боломж олгодоггүй учир 2 хоногийн дараа би цагдаад энэ асуудлаар өргөдөл өгсөн.

Тэр өдрөөс хойш би Б.Ариунболдоос айгаад гэртээ очиж хүүхдүүдээ ч авч чадахгүй явж байна. Б.Ариунболд нь чамайг гэртээ ирэхгүй бол хүүхдүүдээ хичээлд явуулахгүй гээд хүүхдүүдийг маань хичээлд нь явуулахгүй байна. Багштай нь очиж уулзахад хүүхдүүд чинь хичээлдээ ирэхгүй байгаа гэж хэлсэн. Хүүхдүүдийнхээ хичээлийг битгий таслуулаач. Хичээлд нь явуул гэхээр чамайг ирэхгүй бол сургуулиас нь бүр мөсөн гаргана гэдэг. Үүнд би маш их санаа зовж байна. Би хүүхдүүдээ авмаар байна гэхээр чамайг гэртээ ирэхгүй бол өгөхгүй гээд хаана байгаагаа хэлэхгүй байгаа болно. Хөдөө байна. Охины гэдэс өвдөөд бие нь муу байна гээд байгаа мөртлөө Чамайг уучлахаас нааш би хүүхдүүдээ чамд өгөхгүй. Хаана байгаагаа хэлэхгүй гэх юм. Ихэнхдээ утсаар согтуу яриад байгаа учраас хүүхдүүдийг маань хаана ямар газар байлгаж байгаа бол гэхээс санаа зовоод хэцүү байна. Угаасаа согтохоороо хүүхдүүдээ хүртэл унтуулахгүй хөөж босгоод байдаг юм.

Миний цагдаад гаргасан өргөдөл Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа болно.

Би энэ хүнтэй цаашид хамтран амьдарвал амь нас эрүүл мэндээрээ хохирох, хүүхдүүд маань аавынхаа энэ харгис хэрцгий зангаас болж сурлага хүмүүжил улмаар ямар ч эрсдэлд орж болзошгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд бидний гэрлэлтийг эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр яаралтай цуцалж өгнө үү.

Би 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байгаа ба эцгээс нь хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулна. Мөн гэр бүлийнхээ дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна.

Одоо 2-10 насны 3 хүүхэд мань хаана ямар байдалтай байгаа нь тодорхойгүй, 2 хүү маань 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш огт хичээлдээ яваагүй байна.

Иймд гэрлэлт цуцлуулах асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Хүүхдүүд над дээр ирсэн тохиолдолд Б.Ариунболдыг тусдаа амьдрахыг даалгаж, надтай болон хүүхдүүдтэйгээ уулзах болон уулзахаар оролдохыг хориглох арга хэмжээг яаралтай авч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нөхөр Б.Ариунболд нь гэр бүл цуцлууулахаас татгалзаж, сүүлийн нэг удаа боломж олгооч, зан ааш, сэтгэхүйгээ засч, сэтгэл зүйчид хандана, цагаан сар хүртэл гэртээ очилгүйгээр эмнэлэг, сэтгэл зүйчид хандан, мөн архинаас гарч амьдарлаа хэрүүл зодоонгүйгээр авч явах чадвартай болно гэж амлалтыг бичгээр өгсөн учраас би нэг удаа боломж олгож, 3 хүүхдээ бодъё гэж шийдлээ.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Г.Долгорсүрэнтэй амьдраад 12 жил болж байгаа бөгөөд 3 хүүхэдтэй, амьдрал нь тогтох гэж байгаа нэгэн айл. Миний эхнэр шүүхэд өргөдөл гаргасан байна.

Миний хувьд эхнэрээсээ уучлалт гуйж, ирэх цагаан сарыг хүртэл гэртээ очилгүй, гадуур эмчилгээ, засал хийлгэж, алдаагаа засч, архины эмчилгээнд явж хэсэг хугацаанд гэр бүлээсээ хол бодол, бясалгал хийсний дараа цагаан сараар гэртээ очихоор тохиролцож, миний эхнэр Г.Долгорсүрэн өргөдлөө буцааж авахаар болсон юм.

Миний хувьд дөнгөж хөл дээрээ тогтож байгаа гэр бүл, 3 хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд эхнэрээсээ уучлалт гуйн ийм алхам хийж байна.

Яг энэ асуудлаар, дараагийн удаа давтагдаж, эхнэр Г.Долгорсүрэн шүүхэд хандвал миний хувьд хүлээн зөвшөөрч, татгалзахгүй гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Долгорсүрэн нь Б.Ариунболдоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрсний улмаас нэхэмжлэгч нь гэр бүл цуцлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хэдий ч шүүхэд дахин хандахад уг шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Г.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Ариунболдод холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Долгорсүрэнд буцаан олгосугай.

   

   ШҮҮГЧ Ч.ЦЭНД