Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06114

 

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06114

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Капитал хаус 3 дугаар давхарт оршин байгаа Шунхлайтрейдинг ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, өөрийн байранд оршин байгаа Монроуд ХХК-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,499,581,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шунхлайтрейдинг ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  "Монроуд" ХХК нь манай компанитай 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Т/302 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Уг гэрээгээр 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 2,386,083,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлсэн бөгөөд хариуцагч тал нь 1,386,326,000 төгрөг төлж, одоо 999,720,800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан дээрх гэрээний 4.4-т заасны дагуу шатахуун хүлээж авснаас хойш 45 хоногийн дотор төлбөрийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Гэрээний 5.2-т худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.4-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө, алдангийн үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон бараа нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан байгаа.

Үүний дагуу хариуцагчийн алдангийн хэмжээг тооцоход 1,053,533,353 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 99,720,800 төгрөгийн 50 хувиар тооцоход 499,860,400 төгрөг болж байна.

Талууд бизнесийн хамтын ажиллагааны явцад хариуцагч талын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шатахууныг нийлүүлж, шатахууны нийлүүлэлт тус бүрийг баталгаажуулж, тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа.

Иймд "Монроуд" ХХК-иас үндсэн төлбөр 999,720,800 төгрөг, алданги 499,860,400 төгрөг, нийт 1,499,581,200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч "Монроуд" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс "Шунхлайтрейдинг" ХХК-тай эвлэрлийн талаар ярих гэж нилээдгүй хугацаа алдсан. Мөн хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлал руу шилжүүлэх хүсэлт гарган, шилжүүлж байсан.

"Монроуд" ХХК-ийн хувьд хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулан, шатахуун авсан талаараа маргаагүй.

Гол нь манайх эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон нь Засгийн газрын шийдвэр буюу эс үйлдэхүйгээс болсон.

Тус компани нь Халзанбүргэдэй, Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто зам болон Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн замыг барихын тулд "Шунхлайтрейдинг" ХХК-иас шатахуун авч ажилласан нь хэрэгт авагдсан албан бичгээр харагдаж байгаа. Гэтэл уг ажлын санхүүжилт одоо болтол бүрэн орж ирээгүй, улсын комисс хүлээж аваагүйн улмаас худалдан авсан шатахууны үнийг төлөөгүй юм.

Энэ тухайгаа 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/14 тоот Төлбөр төлөх тухай албан бичиг, 02 дугаар сарын 04-ний өдрийн 02/26 тоот Хариу тайлбар хүргүүлэх албан бичгүүдээр удаа дараа "Шунхлайтрейдинг" ХХК-д мэдэгдэж байсан.

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 6 дугаар бүлэгт ФОРС МАЖОР БОЛОН ХАРДШИП нөхцлийг зохицуулж өгсөн бөгөөд ХАРДШИП нөхцөлд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, экспорт, импортын хориг, ажил хаялт, эдийн засгийн хямрал зэрэг орно гэж ойлгож байгаа бөгөөд ХАРДШИП нөхцөл байдал үүссэн.

Гэрээний 7.3-т ХАРДШИП нөхцөл байдалд аль нэг тал үүргээ бүрэн биелүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй байх тохиолдолд талууд тохиролцож гэрээний нөхцлийг өөрчлөх, гэрээг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан.

Үүний дагуу "Монроуд" ХХК нь "Шунхлайтрейдинг" ХХК-иас удаа дараа алдангиас чөлөөлж өгөхийг хүссэн.

Бид тооцоо нийлсэн актын хувьд маргаагүй. Харин алдангийн тооцооллын хувьд манай нягтлан бодогч тооцоо нийлж, гарын үсэг зураагүй, тооцоо нийлсэн акт дээр тамга нь бүдэг, манай компанийн тамга гэдэг нь мэдэгдэхгүй байна.

Би тооцоо нийлсэн актын эхний нүдэнд байгаа огноог шатахуун нийлүүлсэн огноо гэж буруу ойлгож, шатахуун нийлүүлэлтийг 45 хоног болоогүй байхад тооцсон гэж харсан. Сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад урд талынх нь нүдэнд он, сар бичигдсэн юм байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Монроуд" ХХК нь хариуцагч Шунхлайтрейдинг ХХК-иас худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,499,581,200 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ...ХАРДШИП нөхцөл бий болсон, Засгийн газрын санхүүжилт орж ирээгүйн улмаас төлбөрөө төлж чадаагүй, ... гэрээний 7.4-т заасны дагуу "Шунхлайтрейдинг" ХХК-тай тохиролцох гэж хандсан, ... алдангиас чөлөөлүүлэх хүсэлт хэд хэдэн удаа явуулсан ..., ... алдангийн тооцоо нийлсэн актад гарын үсэг зураагүй ... гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргийн харилцаа үүссэн буюу 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр "Шунхлайтрейдинг" ХХК, "Монроуд" ХХК-тай Т/302 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч газрын тос нийлүүлсэн, хариуцагч нь худалдан авсан шатахууны үнээс 999,720,800 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул уг үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. /хх-8-12, 132-134 дүгээр хуудас/

Харин хариуцагч талын маргаж буй асуудлын хувьд "Монроуд" ХХК-ийн Халзанбүргэдэй, Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Засгийн газрын санхүүжилт орж ирээгүй явдлыг талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 7.1-д заасан ХАРДШИП нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байхаас гадна "Шунхлайтрейдин" ХХК нь ХАРДШИП нөхцөл үүссэн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй.

Түүнчлэн "Монроуд" ХХК нь "Шунхлайтрейдинг" ХХК-д 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын хугацаанд явуулж байсан хүсэлт болон хариу тайлбартаа нэхэмжлэгч компанид шатахууны нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх, мөн санхүүжилт удаашралтай байгаа талаар болон төлбөрийг хугацаандаа төлж барагдуулах тухай мэдэгдэж байсан байх ба алдангиас чөлөөлөх талаар санал гаргаж байгаагүй байна. /хх-20-30 дугаар тал/

Анз гэдэг бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд хариуцагч Шунхлайтрейдинг ХХК нь гэрээний 5.2 дахь заалтаар шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.4-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлөх үүрэг хүлээж, мөн алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцож, алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдохоор талууд тохиролцжээ. /хх-9 дүгээр хуудасны ар тал/

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч "Монроуд" ХХК-ийн нягтлан бодогч н.Оюунтуяа нь "Монроуд" ХХК-д нийлүүлсэн шатахууны тооцооны актад гарын үсэг, санхүүгийн тэмдгээ дарж баталгаажуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн тооцоололд гарын үсгээ зурж баталгаажуулаагүй гэх тайлбар уг баримтаар няцаагдаж байна гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гарын үсэг зураагүй гэх тайлбараа нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхээ эдлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, анзын хэмжээг илт их байна гэж үзэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу багасгахыг хүсдэг.

Маргалдагч талуудын хооронд тооцоо нийлсэн баримтаас харахад "Шунхлай трейдинг" ХХК нь "Монроуд" ХХК-д хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шатахуун нийлүүлсэн байдаг ба уг хугацаанаас хойш гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоход нэхэмжлэгч талын шаардаж буй хэмжээнээс их байх тул шүүх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан алдангийг багасгах боломжгүй байна. /хх-125 дугаар хуудас/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан "Монроуд" ХХК-иас 1,499,581,200 /нэг тэрбум дөрвөн зуун ерэн есөн сая таван зуун наян нэгэн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан "Шунхлайтрейдинг" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,655,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Монроуд" ХХК-иас 7,655,856 /долоон сая зургаан зуун тавин таван мянга найман зуун тавин зургаан/ төгрөг гаргуулан "Шунхлайтрейдинг" ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч "Монроуд" ХХК-иас 1,499,581,200 /нэг тэрбум дөрвөн зуун ерэн есөн сая таван зуун наян нэгэн мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Шунхлайтрейдинг" ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,655,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Монроуд" ХХК-иас 7,655,856 /долоон сая зургаан зуун тавин таван мянга найман зуун тавин зургаан/ төгрөг гаргуулан "Шунхлайтрейдинг" ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД