Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 638

 

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г  даргалж,   

Нарийн бичгийн дарга Д.Э ,  

Улсын яллагч Х.О ,

Шүүгдэгч Б.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х х овогт Б-ны Х-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0247 40778 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Х х овогт Б-ны Х, Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1991 оны 12 дугаар сарын 12-н өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Мөнхөдбаярт Хөхий ХХК-д жолооч ажилта, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгонохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, 23-899 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1  сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар ЗЮ91121211.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын гадна автомашины зогсоол дээр иргэн Б.Т-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын нуруу, таславчын хугарал, дээд уруулд шарх, зүүн бугалганд цус хуралт, бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө 2 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газрын гадна автомашины зогсоол дээр иргэн Б.Т-ыгзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :     

- хохирогч Б.Т-ын:...2019 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дгуаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө түргэн хоолны газар найз Э-тай хамт орж хоол идсэн юм...Шөлөндөөд ороход Х гэдэг нэртэй танихгүй залуу орилж чарлаад хүмүүстэй маргалдаад байхаар нь би тэр залууд хандан дуугүй байгаач, олон нийтийн газарт гэж шаардлага тавихад тэр залуу надтай маргалдаад бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад заамдалцаад авахад манай найз болон Шөлөндөөгийн хамгаалагч нар салгасан. Тэгээд тэр залуу явж байсан найзуудтайгаа гараад явсан. Э бид хоёр хоолоо идээд гарахад Х гадаа, урд талын автомашины зогсоол дээр найзуудын хамт хүлээгээд зогсож байсан...ба Х ганцаараа хүрч ирээд жолооч талын хаалга онгойлгоод манай найз руу дайраад маргалдахад манай найз машинаас буусан, би араас нь жолооч талын хаалгаар буух гээд толгойгоо гаргаад Х-д чи ер нь яах гээд байгаа юм бэ гэхэд хоёулаа зодолдоё гэж хэлээд миний хамар руу гараараа нэг удаа цохихоор нь би машинаас буугаад Хтай заамдалцаад авахад хамар руу толгойгоороо нэг удаа мөргөхөд хамраас цус гарсан. Мөн гараараа толгой руу 2-3 удаа цохиод манай найз Э салгасан...Х-тай хамт явж байсан 4 залуу намайг  цохиж, зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-10-11/,

- гэрч С.Цогтгэрэлийн :...Тухайн үед Х тэр залуугийн нүүр рүү толгойгоороо мөргөхөд хамраас нь цус гарчихсан...Нөгөө найз нь цагдаад дуудлага өгөхөөр нь бид нар ямар энэ залууг нийлж зодсон биш гээд цагдаа иртэл хүлээгээд зогсож байсан...Хы биед бэртэл, гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-17/, 

- гэрч Ч.Э-ын :...2019 оны 4 дүгээр сарын 30-наас 2019 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах шөлөндөө хоолны газарт найз Т-ын хамт хоол идэх гэж орсон юм... Т машинаас буугаад Х гэх залуутай заамдалцаад авахад Х толгойгоороо Т-ын хамар руу мөргөхөд хамраас нь цус гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-21/,  

- шинжээчийн дүгнэлт: ...Б.Т-ын хамрын нуруу, таславчийн хугарал, дээд уруулд шарх, зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-23/,

- шүүгдэгч Б.Х-ы:...тухайн үед би Т-ын нүүр хавьцаа нь гараараа 2-3 удаа цохиод, заамдалцаж байгаад толгойгоороо хамар руу нь мөргөчихсөн юм. Тэгтэл хамраас нь цус гараад бид хоёр салсан...гэх мэдүүлэг /хх-38/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.   

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Х-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Т  нь эмчилгээний зардалд баримтаар 320.000 төгрөг (хавтаст хэргийн 65-70) нэхэмжилсэн боловч шүүгдэгч Б.Хнь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :                     .    

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч нь эхнэр, хоёр хүүхдийн  хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.      

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Х-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Б.Х-д мэдэгдсүгэй.

   5. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8 Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ГАНБААТАР