Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/06113

 

2016 оны 12 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06113

Улаанбаатар хот

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 57 дугаар байр, 18 тоотод оршин суух, Тэмүгэ овогт Бэгзсүрэнгийн Туул /РД-ХК73072806/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 3 дугаар гудамж, 50 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 6-65 тоотод оршин суух, Боржигон овогт Сосорбарамын Хүрэлбаатар /РД-МЮ76072977/-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Хүрэлбаатар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр машин худалдаж авах нэрийдлээр мөнгө зээлээч гэхэд найз н.Өлзийжаргалаас би зуучлан 2,800,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж өгсөн боловч өгөөгүй тул 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулж 1,800,000 төгрөгийг шийдвэрлүүлэн, үлдэгдэл мөнгийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах 000621870 тоот 700 м.кв газрын гэрчилгээг төлбөр барагдуулах гэрээ хийж хоорондоо харилцан тохиролцсон боловч барагдуулаагүй тул үлдэгдэл 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Туулын, С.Хүрэлбаатар надаас нэхэмжилсэн 1,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.

Төлж чадахгүй байгаа шалтгаан нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийж чадахгүй байна гэжээ.  

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Туул нь хариуцагч С.Хүрэлбаатараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,200,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Хүрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Б.Туулд төлж барагдуулахаар болсон байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч С.Хүрэлбаатарын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16,675 төгрөг, хариуцагч С.Хүрэлбаатараас 16,675 төгрөгийг тус тус гаргуулан Б.Туулд буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.Туулын нэхэмжлэлтэй, С.Хүрэлбаатарт холбогдох иргэний хэргийн хариуцагч С.Хүрэлбаатарын, нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16,675 төгрөг, хариуцагч С.Хүрэлбаатараас 16,675 төгрөгийг тус тус гаргуулан Б.Туулд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД