Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 617

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,    

           улсын яллагч С.Мөнхтулга,

            хохирогч Т.Г, Б.Д, С.М, Б.Э

            хохирогч C.Г-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат,    

            шүүгдэгч Г.Г, О.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,  

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,       

шүүгдэгч Д.Б, Т.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Г, О.Б, Т.Б-г нарт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Д.Б, Т.Д  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт ;   

Монгол Улсын иргэн, ..... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сум .. дүгээр баг Үдлэг гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Г.Г, Регистрийн дугаар: НБ80111000,

Монгол Улсын иргэн, ....... оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум ... дүгээр баг Үдлэг гэх газарт оршин суудаг, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт О.Б, Регистрийн дугаар: НБ000000, 

Монгол Улсын иргэн, ..... оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтийн малын бой дээр мал нядалдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, эмээлтийн задгай тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Зуутраг овогт Т.Б, Регистрийн дугаар: УС000000,

Монгол Улсын иргэн, .... оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Д.Б, Регистрийн дугаар: НМ000000, 

Монгол Улсын иргэн, ...... оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Т.Д, Регистрийн дугаар: ИБ000000 

Холбогдсон хэргийн талаар :      

Шүүгдэгч О.Б, Т.Б нар нь Г.Г-тэй бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм. тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж :   

- 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гарам гэх газраас иргэн Б.Э-н өмчлөлийн хээлтэй хүрэн зүсмийн байцан гүүг хулгайлан авч, 1.280.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газраас иргэн Б.Д-н өмчлөлийн хул, хээр зүсмийн 2 тооны гүүг хулгайлан авч, 3.780.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дугуй булаг гэх газраас иргэн С.М-н өмчлөлийн хар халтар зүсмийн азаргыг хулгайлан авч, 3.600.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн Тахир соёотын баруун энгэрийн жалганаас иргэн С.Г-н өмчлөлийн 14 настай хонгор азаргыг хулгайлан авч, 2.700.000 төгрөгийн,

мөн шүүгдэгч О.Б, Т.Б нар нь Т.Д, Т.Б нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж :   

-2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн “Өвгөнтийн ар” гэх газраас иргэн Т.Г-ын өмчлөлийн цагаан хонгор зүсмийн морь, хул зүсмийн гүү зэрэг 2 тооны адууг хулгайлан авч, 9.551.340 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 20.911.340 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч  Г.Г нь О.Б, Т.Б нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж:  

- 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гарам гэх газраас иргэн Б.Э-н өмчлөлийн хээлтэй хүрэн зүсмийн байцан гүүг хулгайлан авч, 1.280.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газраас иргэн Б.Д-н өмчлөлийн хул, хээр зүсмийн 2 тооны гүүг хулгайлан авч, 3.780.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дугуй булаг гэх газраас иргэн С.М-н өмчлөлийн хар халтар зүсмийн азаргыг хулгайлан авч, 3.600.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн Тахир соёотын баруун энгэрийн жалганаас иргэн С.Г-н өмчлөлийн 14 настай хонгор азаргыг хулгайлан авч, 2.700.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 11.360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.Д, Т.Б нар нь О.Б, Т.Б нартай булэглэн тээврийн хэрэгсэл ашиглан :  

- 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн “Өвгөнтийн ар” гэх газраас иргэн Т.Г өмчлөлийн цагаан хонгор зүсмийн морь, хул зүсмийн гүү зэрэг 2 тооны адууг хулгайлан авч, 9.551.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :  

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:      

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :    

Шүүгдэгч О.Б, Т.Б, Г.Г нар давтан бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж :       

- 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн гарам гэх газраас иргэн Б.Э-н өмчлөлийн хээлтэй хүрэн зүсмийн гүүг хулгайлан, 1.280.000 төгрөгийн,

-  2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг “Цагаан хөтөл” гэх газраас иргэн Б.Д-н өмчлөлийн хул, хээр зүсмийн 2 тооны гүүг хулгайлан, 3.780.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дугуй булаг гэх газраас иргэн С.М-н өмчлөлийн хар халтар зүсмийн азаргыг хулгайлан, 3.600.000 төгрөгийн,

- 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 361-ийн Тахир соёотын баруун энгэрийн жалганаас иргэн С.Г-н өмчлөлийн 14 настай хонгор азаргыг хулгайлан авч, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :  

- хохирогч Б.Э-н:...Би адуугаа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, тарвагатайн ам руу гаргадаг. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны үед...цагдаа нар :  эзэнгүй гүү шулуулсан байна, эзнийг нь мэдэхгүй биз гэхээр нь би адуугаа бүртгэтэл миний нэг тооны хээлтэй хүрэн гүү алга болсон байсан ба тэр нь миний алдагдсан гүү мөн байсан...Би адуугаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /1х, х-33/,

- хохирогч Б.Д-н :...Би Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газарт байх 80 орчим тооны адуугаа бүртгэхэд 2 тооны хээлтэй гүү алдагдсан байсан...2017.04.09-с 10-нд шилжих шөнө хээлтэй 2 гүүг алдагдсан байсан...Хээлтэй 2 гүүг цагаан хөтлийн цаны бааз гэх газарт жалганд нядалсан байсан...Тухайн үед миний адууг М гээд манай ах малладаг байсан...гэх мэдүүлэг /2х, х-172-173/,  

-           Ё.М-н хохирогчоор өгсөн :...Би Д-н адууг маллаж байсан. 2017.04.10-наас 11-нд шилжих шөнө, бага цагаан хөтөл гэх газар бэлчээрт байсан адуунаас хул, хээр зүсмийн 2 тооны гүү хулгайд алдсан. Би тухайн үед 2 тооны гүү хулгайд алдсан талаар мэдээгүй. 2017.04.13-ны өдөр дүү Д адуугаа авч явахдаа 2 гүү дутсан байна, цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2х, х-13/, 

- хохирогч С.М-н:...2017 оны 04 дүгээр сарын 11-нээс 12 шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн дугуй булант гэх газрын засмал замын ард бэлчээрт байсан 13 тооны адуунаас Хар халтар зүсмийн...хавчиг насны азарга хулгайд алдсан....гэх мэдүүлэг. /1х, х-222/,

- хохирогч С.Г-н:...2017.04.12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаантын ..... тоот хашаанаас орой Хонгор азарганы тэжээлээ өгөөд 19 тооны адуугаа төмөр замаас хойш гахайн байрны чиглэлд бэлчээрт гаргачихаад 2017 оны 04 сарын 13-ны өглөө адуугаа олохоор явтал Төмөр замын урд талдаа гарчихсан адуун дунд Хонгор азарга маань байхгүй байсан...Хайсаар, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тахир соёот руу явдаг замын баруун талд баруун зүг харсан энгэр дээрээс Хонгор азарганы сэгийг олсон...Би уг Хонгор азаргыг 2007 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат Б гэдэг хүнээс 8 сая төгрөгөөр, хавчиг насанд нь худалдан авч байсан...Азаргаа аймаг, сумын наадмаар уяж хурдлуулахад уралдсан наадам болгонд айраг түрүү авч байсан, нийт 30 гаран медалтай...20.000.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /1х, х-28-29/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт : иргэн С.Г-н 1 тооны адуу 2.700.000 төгрөг, Б.Э-н 1 тооны адуу 1.280.000 төгрөг, С.М-н 1 тооны адуу 3.600.000 төгрөг, Б.Д-н 2 тооны адуу 3.780.000 төгрөгөөр үнэлэгдсэн.../4х, х-64-79/,    

- шүүгдэгч  О.Б-гийн:...2017 оны 04 сараас эхлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Би Сонгиохайрхан дүүргийн шинэ шилэн драгон төвийн 3 давхарт байх банк бус санхүүгийн байгууллагаас ээж Элбэгийн 2 өрөө байрыг нь адууны мах худалдаж авахаар 10 сая төгрөг зээлсэн юм. Тэгээд 3 саяыг нь манай ээж Э аваад би 7 сая төгрөгөөр нь махны наймаа хийгээд шатсан ямар ч орлого ашиггүй, өрөө дарж чадаагүй.Тэгээд би мөнгө олж зээлээ дарж ээжийнхээ байрыг банк бус зээлийн газраас чөлөөлөхийн тулд адуу хулгайлах санаа төрөөд үеэл ах Г.Б-с 2017 оны 04 сарын 09-ний өдөр дуудаад гэрт ирэхээр нь...өр зээлний талаар бүгдийг нь хэлээд хэдэн адуу хулгайлж заръя, миний 00-00 УНИ улсын дугаартай марк-2 автомашинаар явъя гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид 2 хурдан адуу нядалдаг хүн хайгаад, эмээлт дээр бой хийдэг танил дүү Б дээр очиж адуунд явах хэрэг байна, яваад өгөөч гэж гуйсан...Хамаатны хүмүүс миний малыг өгөхгүй байгаа болохоор шөнийн цагаар ирж авч байгаа юм гэж Б-т хэлсэн...2017 оны 04 сарын 10-ны өдөр Ганхуяг ах бид 2...Төв аймгийн Аргалант сумын цанын баазын харалдаа хойд уулан дээрээс 50-60 орчим адуун дундаас би мяндсан цагаан уяагаар бугуйл шидэж холбоотой 2 гүү /нэг хээр, нөгөө нь хул гүү/ барьж аваад холбоотой чигээр нь бугуйлаараа чөдөрлөж уяж жижиг уулын судагт үлдээгээд буцаж эмээлт орж Б-г гэрээс нь аваад...чөдөрлөсөн 2 гүүн дээрээ шөнийн 00 цаг өнгөрч байхад очиж, Б, Г нараар нядлуулсан...Эмээлт рүү шөнийн 02 цагийн орчим орж, гудманд унтаж байгаад, би танидаг хятад эзэнтэй эмэгтэй ченжид 863.000 төгрөгөөр зарсан...манай гэрт очиж хоол унд идчихээд буцаж гараад замдаа унтаж байгаад...2017 оны 04 сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант, Баянцогт чиглэлтэй яваад шөнийн 22-23 цагийн орчим Аргалант, жирмийн нуурын наанаас 25-30 орчим 2-3 азарга адуунаас 2 цаг гаран хөөцөлдөж байж хар зүсмийн азарга шөнийн 00-01 цагийн үед барьж аваад Г, Б  2-т хөтлүүлж...хүн харж байгаад Г, Б 2-оор нядлуулж, нядалсан газар нь сэвс 4 шийрийг үлдээсэн. Толгойг нь цаны баазын хажууханд авто замын ус зайлуулах шуудуйнд хаяаад арьс, махыг нь авч явсан. Шөнийн 03 цагийн орчим эмээлт орж бойны хашааны хажууд машиндаа унтаад өглөө нь хятад эзэнтэй махны ченж эмэгтэйд...400.000 төгрөгөөр зарсан...2017 оны 04 сарын 12-ны өдөр үдээс хойш 16-17 цагийн үед гараад 361-ийн гарам чинглэлтэй яваад партизан, Рашаант, 361 орчмоор адуу хайж явж байгаад хонгор азаргатай адууг тоочиглоод 21 цагаас хойш харж байгаад оройны 22-23 цагийн үед төмөр замын хашаа гарамд шахаж байгаад би мяндсан цагаан уяагаар бугуйлдаж хадагтай хонгор азарга барьж аваад уг 361-ийн гарам рашаант 2-ын голд авто замын зүүн талдаа уулын энгэр хэсэгт Б, Г нараар нядлуулсан...Улаанбаатарт шөнийн 01 цаг өнгөрч байхад ороод шууд хүчит шонхор зах руу очиж, унтаад...04 цаг өнгөрч байхад нэг танихгүй эрэгтэй, эмэгтэй 2-т 460.000 төгрөгөөр зарсан...манайд унтаж байгаад 2017 оны 04 сарын 13-ны өдөр 11 цагийн үед манай гэрээс гараад машиныхаа өндгөн тулгуураа солиулаад 19 цаг өнгөрч байхад 361 чиглэлтэй яваад хулгай хийх адуу хайж партизанаас цаашаа ногоон толгойн наанаас 23 цаг өнгөрч байхад хар алагтай адуун дундаас хээр гүүг төмөр замын хашаа гарамд шахаж байгаад би мяндсан цагаан уяагаараа бугуйлдаж бариад, төмөр замын хажууханд овоолсон шороон дунд Б, Г нараар нядлуулсан...Улаабаатарт шөнийн 02 цагийн орчим орж, өглөө нь таньдаг ченжид 448.000 төгрөгөөр зарсан...гэх мэдүүлэг /1 х, х-66-68/...Б-г насанд хүрээгүй байх гэж бодсон...Би Г, Б нартай 4 удаагийн үйлдлээр 5 адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1х, х-72, 2х, х-75-76/, 4х, х-7-8/,

- шүүгдэгч  Г.Г-н:...Би Б, Б нарын хамт 2017 оны 04 сараас бусдын малыг хулгайлж эхэлсэн...Бид гурав адуу хулгайлахдаа Б-ны цагаан өнгийн жижиг тэргээр явдаг байсан...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед намайг Төв аймгийн Батсүмбэрт байхад миний 88....... дугаарын утас руу Б өөрийн 89......... дугаарын утсаар яриад дуудсан...Б банкны өртэй, өрөө дарахын тулд айлын адуу хулгайлж зарахгүй бол болохгүй байна гэж хэлэхээр нь зөвшөөрсөн...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өглөөний 10 цаг өнгөрч Б-гийн хамт түүний машинтай гараад Эмээлтэд адуу сайн гаргадаг нэг банди байгаа тэрэнтэй уулзаадахъя гэж хэлээд Б гэх залуутай уулзсан. Б-г машинд суулгаад бид гурав адуу хулгайлж зарах хэрэгтэй байна, авах хүн байна уу гэхэд Б адууны мах авах хүн бэлэн байгаа за за гээд Б зөвшөөрөөд Б сүх, хутга, бусад эд зүйлийг бэлдэхээр болсон...Ингээд Төв аймаг руу явах замд уулаар явж байтал цанын баазын харалдаа ууланд 30-аад тооны адуу бэлчиж байхад нь хээр гүү, хул гүү хоёр холбоотой байхаар нь тэр хоёрыг Б бугуйл шидэж барьж аваад...хөлийг нь тушчихаад Б-г авахаар Эмээлт рүү явсан. 22 цагийн үед Эмээлтэд ирээд Б-г гэрээс нь авч явсан...Б хоёр гүү гаргаж янзалсан...Эмээлтэд махыг зарсан...2017 оны 04 сарын 11-ний өдөр мөн өмнөх өдөр адуу авсан газар руу явсан. Цанын баазын засмал замын хойд талд 25-30 орчим тооны 2 азарга адуу байхаар нь тэндээс халтар зүсмийн азаргыг Б нөгөө цагаан мяндсан уяагаараа бугуйлдаж барьж аваад Б бид хоёрт өгөөд явган хөтөлж цанын бааз чиглэлд яваад адуунаас нь 1 км орчим зайтай аваачиж хээр тал дээр Б бид хоёр нийлж нядалсан...Махыг эмээлтэд зарсан...Мөнгийг Б-гийн хаан банкны дансанд шилжүүлсэн...2017 оны 04 сарын 12-ны өдрийн 10 цагт Б-гийн гэрээс бид гурав гараад Б-н ногоон толгой хүртэл адуу үзэж байгаад буцаад Жаргалант талруугаа явсан...21-22 цаг орчим 361-н гарам, Рашаант хоёрын хооронд нэг азарга адуу байхаар нь очоод явган тууж байгаад нүхэн гүүрний тэнд хашсан. Дотроос нь хонгор зүсмийн хадагтай азаргыг тасдаж авчихаад хөтлөөд засмал зам гараад замыхаа хойд талд уулын энгэрт бага зэрэг хонхорхой хэсэгт очоод Б бид хоёр нядалсан...Махаа ачаад шууд “Хүчит шонхор" захад зарсан...2017 оны 04 сарын 13-ны өдрийн өглөө Б-гийн гэрээс 11 цагийн үед гараад Батсүмбэр тал руугаа яваад тэр хавиар адуу хайсан. Орой 23 цагийн үед Рашаант Партизан хоёрын дунд хээр зүсмийн байцан гүүг адуунаас нь Б мяндсан цагаан уяагаар бугуйлдаж салгаад уул тал руугаа өгсөж байгаад төмөр замын хажуу талд овгор шорооны хажууд гүн жалга байсан тэнд оруулж Б бид хоёр нядалсан...“Хүчит шонхор" зах дээр очоод худалдсан. Мөнгийг Б эхнэртээ өгсөн...2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо партизаны ойролцоо, замын хажууд машиндаа унтаж байгаад цагдаад баригдсан.../1х, 87-93, 2х, х-79-80, 4х, х-9- 10/...Мал хулгайлах гэж байгааг Б мэдэж байсан...Б-г насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан...гэх мэдүүлэг /1х, х-93, 2х, х-43, 80/, 4х, х-9-10/,

- шүүгдэгч Т.Б-н:…2017 оны 4 дүгээр сарын 10-ны үед Б ирсэн, явна гэж хэлсэн, бид 3 хуучин Баянцогт сум буюу Аргалант сумаас хойшоо цанын баазын харалдаа хойд зүгт уулын бэлд очсон, жижиг судагт 2 гүүг чулуунаас уяад, чөдөрлөсөн байсан, би тэр 2 гүүг нядалж өгсөн, арьс махыг нь ачаад 00 цаг болж байхад Эмээлт рүү явсан, машин дотор нь хоноод өглөө нь Б ах зарсан...Надад 60.000 төгрөг өгсөн.../1х, хх-55/...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед гараад дахиад Төв аймгийн Аргалант цанын баазаас цаашаа явсан, 19 цагийн үед 30 гаран тооны адуун дээр очсон, 20 цаг өнгөрөөд харанхуй болсоны дараа Б хар азарга бугуйлдаж барьсан, Г ах бид хоёр хөтлөөд Цанын бааз тал руугаа 100 метр орчим хөтөлж алхаад хээр тал дээр 23 цаг болж байхад би сүхээр цохиж унагаан алсан, өвчсөн...Хүчит шонхор зах руу очиж 03 цагийн үед эрэгтэй, эмэгтэй 2 танихгүй хүмүүст зарсан, Б ахын гэрт нь очиж унтсан /1х, хх-55/...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 361 гарам чиглэлтэй яваад хээр газар очиж машин дотроо унтаж байгаад 19 цагийн үед боссон...20-25 орчим адууг хараад...шөнийн 22-23 цагийн үед Г ах бид хоёроор эргүүлүүлж байгаад Б ах мяндсан цагаан уяагаар бугуйлдаж хонгор азаргыг барьсан...надад хөтлүүлээд засмал зам гарч, уулын судаг даган өгсөөд явж бай гэж хэлсэн...”дуугуй нядал” гэж хэлэхээр нь сүхээр цохиж унагаан, нядалсан...02 цагийн үед хоолонд орчихоод Хүчит шонхор зах руу очиж машиндаа унтаад нөгөө урд өмнө нь өгсөн хүнсний дэлгүүрт мах худалдаж авсан эгчид зарсан.../1х, хх-56/...2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гүнт гэдэг газрын уулан дээр гарч машиндаа унтаж байгаад 18 цагийн үед сэрээд буцаад Рашаант талруугаа явж байгаад замын хажууд голдуу бараан алаг, халиун адуу байхаар нь хажуугаар нь өнгөрөөд явсан тэгээд урагшаа явж байтал харанхуй болоход Б ах ирээд Г ах бид хоёроор төмөр замын нүхэн гүүр лүү шахуулаад хээр гүү бугуйлдаж аваад төмөр замын наад талдаа гарч ирээд төмөр замаа дагаад хойд зүгт би алхаж хөтөлж яваад нэг хонхорхой эрэг шороотой газар орж намайг нядал гэж хэлэхээр нь би тэр адууг мөн л сүхээр цохиж унагаан цусалж нядалсан. Өглөө 09 цагийн үед сэрээд Б ах утсаар ярьж байгаад Баянзүрх дүүргийн Улиастайд нэг айлд аваачиж өгсөн. Тэр адуугаа хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй...Хулгай хийгээд байгааг мэдсэн.../1х, х-56-57/...2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед намайг эмээлтэд, гэртээ байж байхад танил ах Б, Г-тэй хамт ирээд орой явж адуу хийнэ шүү гэж хэлсэн..тэгээд хамт явж адуунууд нядалсан... Нийт 120,000 төгрөг авсан.../1х, х-59-61/ 2х, х-71-72/ гэх мэдүүлэг,  

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1х, х-4-14,  214-218, 244-250/,  

- шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1х, х-73-75, 94-102/,    

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1х, х-47-49, 12-14/,

- Т.Б-н төрсний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл /1х, х-51, 129/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч О.Б, Т.Б, Т.Д, Т.Б нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн “Өвгөнтийн ар” гэх газраас иргэн Т.Гн өмчлөлийн цагаан хонгор зүсмийн морь, хул зүсмийн гүү зэрэг 2 тооны адууг хулгайлан авч, 9.551.340 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- хохирогч Т.Г-н“...Би Баянхангай сумын Хөшөөт багт мал маллаж амьдардаг. 2017 оны 04 сарын 01- ний өдөр бүртгэхэд манай адуу бүрэн байсан, 04 сарын 03-ны өдөр бүртгэхэд 2 тооны адуу дутуу байсан. Тэр өдрөө би адуугаа хайгаад олоогүй. Маргааш нь манай өвөлжөөний урд өвгөнтийн ар гэдэг газар амьтан, шувуу бужигнасан газар очоод харахад манай 2 тооны адууны толгой болон гэдэс, цувдай байсан...гэх мэдүүлэг /3х, х-92-93/,    

- хөрөнгийн үнэлгээний тайлан /3х, х-96-100/, 

- шүүгдэгч О.Б-гийн:...2017 оны 04 дүгээр сарын үед Дээгий буюу Б, Дээмбээ буюу Д 2 намайг Улаанбаатар хот Баянгол дүүрэгт айлын хашаа түрээслээд гэртээ байхад Дээгий над руу утсаар яриад намайг Дэнжийн 1000-н арын дэнж дээр ирээд авчих гэхээр нь би автомашинтайгаа очиж тэр 2-ыг авахад Дээгий надад хөдөө Төв аймгийн Баянхангай сум руу адуу хулгай хийе гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Тухайн үед надтай Б гэх эмээлт зах дээр бой хийдэг залуу цуг явсан. Бид нар Төв аймгийн Баянхангай сумын нутгаас урагшаа 10 гаруй км явж байхад машины гэрэлд адуу орж ирэхээр нь бид нар бууж би бугуйл гаргаж ирээд хашиж байгаад хонгор, бараан зүсмийн 2 адуу бугуйлдаж барьж аваад тэр газраа нядлаад толгой шийрийг нь хаяад тэгээд Улаанбаатар хот руу оруулж ирээд Эмээлт зах нэг ченжтэй утсаар ярьж байгаад 700.000 төгрөгөөр зараад бид нар Улаанбаатар хот руу орж ирээд буудал авч, архи уусан...гэх мэдүүлэг /3х, х-150-151,   4х, х-7- 8/,   

- шүүгдэгч Д.Б-гийн “.2017 оны хавар, сарыг санахгүй байна, 17 цагийн орчим Улаанбаатар хотоос баруун тийшээ Б-гийн машинтай Д, Б-гийн дагуулаад ирсэн нэг залуу бид нар явсан. Тэгээд Төв аймгийн Атарын цайны газарт очоод замаас урагшаа салаад ойролцоогоор 10 гаран км явсан байхаа, тухайн үед харанхуй болсон байсан. Ингээд бид нар явж байхад машины гэрэлд адуу орж ирэхэд Б зогссон...Ингээд би Б-д хулгай хийх гэж байна уу гэж асуухад Б нь мал мах гарал үүслийн бичиг аваад явна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд Б машинаасаа бугуйл гаргаж ирэхэд Д бид 2 адууг эргүүлж өгөхөд Б тэр 2 адууг бугуйлдаж барьсан. Б тэр 2 адууг алсан, бид дөрөв 2 адууны толгой, шийр, гэдсийг гаргаж, махыг машиндаа ачаад Улаанбаатар хот руу явсан...”гэх мэдүүлэг /3х, х-157-158/,  

- шүүгдэгч Т.Д-гийн:...Б ах намайг Б-тэй танилцуулж байсан. Маргааш нь Б нь Б ах руу яриад хөдөө адуунд явах уу гэхэд нь би зөвшөөрсөн...Б  манайд байж байтал Б цагаан өнгийн марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөн нэг танихгүй залуутай ирээд бид 4 уулзаад Төв аймгийн Атарын чиглэлд хөдлөөд Атарын цайны газар орсон...Б бид 4 ярихдаа 4-үүлээ хулгай хийе гээд...Тэгээд бид нар Атараас урагшаа машинтайгаа явж байхад машины гэрэлд 2 адуу орж ирсэн. Ингээд машины гэрэлд адуу орж ирэхэд Б машинаа зогсоогоод машиныхаа араас бугуйл гаргаж ирээд Б ах танихгүй залуу бид 3 тэр 2 адууг тогтоож байхад Б бугуйлдаж, 2 адууг нугасалж газар хэвтүүлээд бид 4 толгойг нь тасалж, шийр гэдсийг нь гаргаж махыг, Б-ны машинд ачаад хөдөлсөн..."гэх мэдүүлэг /3х, х-164-165/,

- шүүгдэгч Т.Б-гийн “...2017 оны 04 дүгээр сарын эхээр Б ах надтай уулзаж өмнөх адуунуудыг хийхээс өмнө хамгийн эхэнд Б ах өөр танихгүй ахтай өөрийнхөө машинтай ирээд Төв аймгийн жижиг сум орсон. Атарын гуанзны тэнд очиход тэндээс Д гээд 40 орчим насны ахтай уулзаад тэндээс 2 тооны адууг шөнө барьж хээр хийгээд тэр Д, Б ах мөн нэг танихгүй ах нар хамт Улаанбаатар хот руу ирсэн. Би замдаа Эмээлтэд гэртээ үлдсэн...гэх мэдүүлэг /4х, х-5-6/

- Т.Б-гийн төрсний гэрчилгээ, нас тоолсон тэмдэглэл /1х, х-51, 129/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын тухай бүр хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдснийг нотолсон  баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай байх бөгөөд тухайн нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, үнэлгээчин-шинжээч нарын 2018.03.19, 2019.04.12-ны өдөр гаргасан дүгнэлтүүд хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын хамтран үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдсон гэж үзнэ.    

Шүүгдэгч Т.Б нь 2000 оны 11 сарын 25-нд төрсөн хэдий ч бусадтай хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 4 сард 16 нас 4 сартай буюу 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэргийн субъектын насыг хангасан байх төдийгүй бусдын малыг тухай бүр шөнийн цагаар болон бусад нууц далд аргаар хулгайлахад гэмт санаа, үйлдлийн хувьд санаатайгаар нэгдэж оролцсон байх тул Т.Б гэмт хэрэг хамтран үйлдсэн тухайн үед 18 насанд хүрээгүй байх нь түүнд холбогдох гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй.     

Харин 2015 оны Эрүүгийн хуулийг зөвхөн шүүгдэгч Д.Б, Т.Д нарын үйлдсэн мал хулгайлсан гэмт хэрэгт буцаан хэрэглэх биш мөн шүүгдэгч Г.Г, О.Б, Т.Б нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт нэгэн адил буцаан хэрэглэх дараах үндэслэл байна.     

1. 2002 оны Эрүүгийн хуулиар мал хулгайлах нь “хулгайлах гэмт хэрэг”-ийн энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид багтаж хуульчлагдсан (олон тооны мал, хэрэв олон тооны бус малын хувьд хохирлын хэмжээгээр) бол 2015 оны Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэргийн шинжээс “мал хулгайлах”-ыг салгаж 17.12 дугаар зүйл болгон тусад нь хуульчилсан байх ба тус зүйлийн 1, 2 дахь хэсгийн шинж нь (олон тооны ба олон тооны бус мал хулгайлах шинж) тус тус 2002 оны Эрүүгийн хуулиар огт зохицуулж байгаагүй гэмт хэргийн шинжийг цоо шинээр гэмт хэрэгт тооцсон үндэслэлд хамаарахгүй, харин хулгайлах гэмт хэргийн зохицуулалтыг задалж, тодотгон нарийвчилсан буюу өөрчлөн зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.     

2. Шүүгдэгч нарын 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хамтран үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэхэд шүүгдэгч О.Б, Т.Б нарын бусдын 7 тооны бод малыг 5 удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Г.Г-н бусдын 5 тооны бод малыг 4  удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Д.Б, Т.Д нарын бусдын 2 тооны бод малыг 1 удаагийн үйлдлээр хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн шинж нь тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй дүйцэн тохирч байх ба тухайн тохиолдолд “оногдуулж болох хорих ялын доод хэмжээ багассан, мөн заавал хорих ял бус харин хорихоос өөр төрлийн хөнгөн ялыг сонгож хэрэглэх боломжтой болсон, шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн шинжээс “давтан бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж” гэсэн шинжүүд, шүүгдэгч О.Б, Т.Б нарын хувьд “энэ гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан” гэх шинжүүд тус тус хасагдаж байгаа зэрэг нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлд тус тус хамаарч байна.     

 3. Бусдын малыг шүүгдэгч О.Б, Т.Б нар 5 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.Г4  удаагийн үйлдлээр тус тус хамтран үйлдсэн байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинж нь 2015 оны Эрүүгийн хуулиар хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид “шинээр”  хуульчлагдсан байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

4. 2015 оны Эрүүгийн хуулиар “нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж”-ээр хуульчлаагүй, мөн шүүгдэгч О.Б, Т.Б, Г.Г нарын хулгайлсан малын тоо хэмжээ нь “олон тооны мал” гэсэн шинжийг аль ч тохиолдолд хангахгүй байх тул бусдын малыг хулгайлсан шүүгдэгч О.Б, Т.Б  нар 5 удаагийн үйлдлүүд, шүүгдэгч Г.Г 4  удаагийн үйлдлүүдийг тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч нарын 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хамтран үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг  буцаан хэрэглэж, шүүгдэгч О.Б, Т.Б нарыг бусдын 7 тооны бод малыг 5 удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Г.Г-гийг бусдын 5 тооны бод малыг 4  удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Д.Б, Т.Д нарыг бусдын 2 тооны бод малыг 1 удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч О.Б, Г.Г нар хамтран бусдын мал хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэх үедээ Т.Б-г насанд хүрээгүй болохыг мэдсэн атлаа гэмт хэрэгт татан оролцуулсан үйлдэлд нь прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгосон атлаа /2х, х-181, 185/ тус хэргийг хэрхэн яаж шийдвэрлэснээ тодорхой шийдвэрлэхгүй орхисон нь холбогдох хуульд нийцээгүй болохыг тэмдэглэж, харин тус  үндэслэлээр тухайн хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч О.Б, Г.Г нарт холбогдох насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг татан оруулах тухайн хөнгөн гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх цаг хугацаанд үйлдэгдсэн ба тус Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх 6 сарын хугацааг ердийн болон сэргээн тоолох журмаар тооцоход тус хугацаа өнгөрсөн болох нь тогтоогдож байна.  

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэлгээчдийн бүрэлдэхүүнтэйгээр хамгийн сүүлд гаргасан үнэлгээний нотлох баримтаар тооцсон ба хохирогч Б.Э, Б.Д, С.М, Т.Г нар тус үнэлгээтэй холбоотойгоор шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд гомдол гаргаагүй байна.

Шүүх хуралдаанд хохирогч С.Г-гийн өмгөөлөгч нь : хамгийн сүүлд гаргасан хохирлын үнэлгээг зөвшөөрөхгүй тухай  санал гаргасан боловч тус хэрэгт анх хохирогч  С.Г...хулгайд алдсан азаргаа 20.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж мэдүүлсэн /1х, х-28-29/, үнэлгээний комисс болон хөрөнгийн үнэлгээчин адууны үнийг 20.000.000 төгрөг гэж үзэхдээ ямар үндэслэл, баримт, аргачлалаар хийсэн болох нь тодорхой бус /1х, х-30, 3х, 181-183/ тул хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэхэд хөрөнгийн үнэлгээчин...тухайн адууны үнэлгээг 500.000 төгрөгөөр /2х, х-191/, харин үнэлгээчдийн бүрэлдэхүүн 2019.03.11-ний өдрийн дүгнэлтээр 2.700.000 төгрөгөөр тогтоож, шалгуур үндэслэл, аргачлалаа тодорхой тайлбарласан /4х, х-63-79/ байх ба тус үнэлгээний талаар тус хохирогч, түүний өмгөөлөгч нар прокурорт албан ёсоор гомдол, хүсэлт гаргасан баримтгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх гомдол гаргаагүй байх тул үнэлгээчдийн бүрэлдэхүүнээс 2019.03.11-нд тогтоосон үнэлгээг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.       

Шүүгдэгч Т.Б нь 2017 онд бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэн тухайн үедээ 18 насанд хүрээгүй байсан, мөн шүүгдэгч О.Б, Г.Г нар хамтран бусдын мал хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэх үедээ Т.Б-гийг насанд хүрээгүй болохыг мэдсэн атлаа гэмт хэрэгт татан оролцуулж, улмаар бусдын малыг Т.Б-ээр тухай бүр нядлуулсан, түүнд ажлын хөлс болгон “бага хэмжээ”-ний төгрөг өгсөн гэх зэрэгт хамаарах шүүгдэгч Т.Б-гийн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтын эх сурвалжийг харгалзан шүүгдэгч Т.Б-гийн хувьд хохирогч нарт төлөх төлбөрийг ялгамжтай тогтоосон, харин бусад шүүгдэгч нарын хувьд  хамтран гэмт хэрэг үйлдэх тухай бүрт гэмт санаа, үйлдэл, үйлдлийн аргаараа нэгдмэл бөгөөд насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт оролцуулсан байдал зэргийг  харгалзан тэдний хувьд хохирол төлөхөд ялгамж үүсгэх боломжгүй гэж үзэн шүүгдэгч нарын хариуцан төлөх хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд :            

  

хохирогч, шүүгдэгч нарын нэрс,

нийт хохирол,

төлөх хэмжээ

 

 

 

Хохирогч

 

Б.Э

нийт хохирол 1.280.000 төгрөг

 

хээлтэй гүү-1 тооны

 

Хохирогч

 

Б.Д

нийт хохирол 3.780.000 төгрөг

 

гүү-2 тооны

 

 

Хохирогч

 

С.М

нийт хохирол 3.600.000 төгрөг

 

азарга-1 тооны

 

Хохирогч

 

С.Г

нийт хохирол 2.700.000 төгрөг

 

азарга- 1 тооны

 

Хохирогч

 

Т.Г

нийт хохирол 9.551.340 төгрөг

 

морь болон гүү нийт 2 тооны  

Шүүгдэгч

О.Б-гийн

төлөх

500.000

төгрөг

1.700.000 төгрөг

1.600.000

төгрөг

1.200.000

төгрөг

4.351.340

төгрөг

Шүүгдэгч

Г.Г-гийн

төлөх

500.000 төгрөг

1.700.000 төгрөг

1.600.000

төгрөг

1.200.000

төгрөг

-

Шүүгдэгч

Т.Б-гийн

төлөх

280.000

 төгрөг

380.000

төгрөг

400.000

төгрөг

300.000

төгрөг

400.000

төгрөг

Шүүгдэгч

Д.Б-гийн

төлөх

-

-

-

-

 

2400.000

төгрөг

Шүүгдэгч

Т.Д-гийн

Төлөх

-

-

--

-

2400.000

төгрөг

 

Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Б, Д.Б, Т.Д нар тус бүр хохирлоо нөхөн төлж барагдуулсан, харин шүүгдэгч О.Б, Г.Г нар хохирол төлөөгүй байх тул шүүгдэгч О.Б-с нийт 9.351.340 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д 500.000 төгрөг, Б.Д-д 1.700.000 төгрөг, С.Мэндбаярт 1.700.000 төгрөг, С.Г-д 1.200.000 төгрөг, Т.Г-д 4.351.340 төгрөг, харин шүүгдэгч Г.Г-с нийт 5000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д 500.000 төгрөг, Б.Д 1.700.000 төгрөг, С.М 1.700.000 төгрөг, С.Г-д 1.200.000 төгрөг тус тус олгуулж, мөн хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудал :  

Шүүгдэгч нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулж болох хорих ялын доод хэмжээ 6 сар, дээд хэмжээ 5 жил байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “хөөн хэлэлцэх хугацаа”-г хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ, маргаантай асуудал үүсгэхгүй буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болох нь дараах үндэслэлтэй.       

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гагцхүү хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялын оногдуулж болох доод эсхүл дээд хэмжээг нийтлэг шалгуур болгон ялгамжтай тогтоосон байх ба хөөн хэлэлцэх хугацааны ялгамжтай байдлын тусгай буюу нарийвчилсан шалгуур нь тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээ болох нь илэрхий байна.            

Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааны ялгамжийн хувьд хорих ялын оногдуулж болох дээд хэмжээ нь 1 жил, түүнээс доош бол 1 жил, харин хорих ялыг 1 жилээс дээш хэмжээгээр оногдуулж болохоор бөгөөд дээд хэмжээ нь 8 жил дотор багтаж байгаа бүхий л тохиолдолд 5 жил гэж ойлгох үндэслэлтэй юм.                

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т : хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох шалгуур болгон хорих ялын доод, дээд хэмжээг заахдаа хорих ялын доод, дээд хэмжээний дунд нь “таслал”(,) хэрэглэсэн байгаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, тоолоход Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын интервал ”ямар төрөл, хэлбэр”-ээр хуульчлагдсан байх нь хамааралгүй, гагцхүү хөөн хэлэлцэх хугацааны тусгай шалгуур нь хорих ялын оногдуулж болох дээд хэмжээ болох үндэслэл, утга агуулгыг давхар илэрхийлж байна.                                

Тодотговол, Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааны тухайн зохицуулалтад таслал хэрэглэснээр “таслал” бүхий хэсэг бүр тус тус ялгаатай, нарийвчилсан утга агуулгыг илэрхийлж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хорих ялын интервал Эрүүгийн хуулийн тусгай ангид заавал “1 жилээс 8 жил, 5 жилээс 15 жил, 12 жилээс 20 жил” гэж туйлын тодорхой хуульчлагдсан байх ёстой гэж ойлгох боломжгүй, харин “таслалгүй” бол тухайн интервалын зохицуулалтын утга эсрэгээр хувирч ойлгогдох боломжтой. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангид “хорих ялын интервал” ямар төрөл, хэлбэрээр хуульчлагдсан байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоосон шалгуурт хамааралгүй буюу нөлөөлөхгүй гэж үзнэ.                                   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “хорих ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс доош” гэж заасан тул хорих ялын тус хэмжээнээс өөр хэмжээг шалгуур болгон хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтооход хорих ялын интервалын хувьд “хорих ялыг 1 жилээс дээш хэмжээгээр оногдуулж болохоор байх” шаардлагыг   хангасан байх нь ойлгомжтой асуудал болно.                   

Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т “хорих ялын доод хэмжээг 1 жилээс дээш” гэж заасан нь техникийн шинжтэй энгийн ойлголтод хамаарч байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ нь заавал “1 жилээс дээш" байхаар туйлын тодорхой хуульчлагдсан байх утга агуулгыг илэрхийлэхгүй, харин хорих ялын интервалын хувьд хорих ялыг 1 жилээс дээш хэмжээгээр оногдуулж болохоор байх шаардлага, утга агуулгыг илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоосон шалгуурт эргэлзээ, маргаан бүхий байдал үүсгэхгүй гэж үзнэ. Энд дээр дурдсан 1, 2-т заасан үндэслэл нэгэн адил хамаарна.                

4. Эрүүгийн хуулийн тусгай ангид  хорих ялын “1 жилээс 8 жил, 5 жилээс 15 жил” гэсэн интервал огт хуульчлагдаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий анги дахь хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын талаарх дээрх 1, 2, 3-т заасан үндэслэлийг давхар батлах хууль зүйн үндэслэл болж байна.

5. Дээрх үндэслэлүүдийн хүрээнд дүгнэхэд : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан “тусгай ангид хорих ялын доод хэмжээг 1 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон” гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар тухайн гэмт хэрэгт 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болохоор, гэхдээ дээд хэмжээ нь 8 жилээс хэтрэхгүй байх шалгуурт нийцэх хорих ялын харилцан адилгүй доод, дээд хэмжээ бүхий интервалын бүх төрөл, хэлбэрүүд хамаарна гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Б, Д.Б, Т.Д нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн Т.Б нь 2017 онд буюу 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдохоор байна.    

Харин шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б, Д.Б, Т.Д нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, тухайн бүлэглэснийг гэмт хэргийн шинж болгон заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Шүүгдэгч нар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хувьд бусдын 7 тооны мал хулгайлах 5 удаагийн үйлдэлд шүүгдэгч О.Б нэгэн зэрэг гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагчаар, шүүгдэгч Т.Б гүйцэтгэгчээр, бусдын 5 тооны бод малыг 4  удаагийн үйлдлээр хулгайлахад шүүгдэгч Г.Г гүйцэтгэгч, хамжигчаар, бусдын 2 тооны бод малыг 1 удаагийн үйлдлээр хулгайлахад шүүгдэгч Д.Б, Т.Д нар гүйцэтгэгч, хамжигчаар тус тус хамтран оролцсон байх тул энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах үндэслэл болно.  

Шүүгдэгч О.Б урьд хорих ял шийтгүүлж, тэнссэн хугацаа нь дуусгавар болсон, 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хууль дахь ялтай байдлыг хассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйг тэмдэглэв.   

Шүүгдэгч нар тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон тэдний нас, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагджээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б нарт хорих ялыг ялгамжтай оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, харин шүүгдэгч Д.Б, Т.Д нарт хорих ялаас хөнгөн төрлийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.      

Шүүгдэгч О.Б-гийн эзэмшлийн гэх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээний шилжүүлэг хийгдээгүй 0000УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч нар хамтран гэмт хэрэг үйлдэхдээ тухай бүр  ашигласан байх тул уг тээврийн хэрэгсэл нь О.Б, Г.Г  нарын хэнийх нь эзэмшлийнх эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод шууд хамаарч байхаас гадна хамтран гэмт хэрэг үйлдэх санаачилгыг О.Б гаргасан, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг  О.Б тэнцүү бус хуваарилсан тухай Г.Гг гомдоллон мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус хэрэгт хураасан “тээврийн хэрэгслийг” шүүгдэгч О.Б, Г.Г нараас хохирогч нарт төлөх хохирлыг нөхөн төлүүлэхэд “тэнцүү хэмжээ”-гээр зарцуулах нь зүйтэй гэж үзэв.            

Шүүгдэгч О.Б-г 2017.04.16-ны өдөр хойшлуулшгүй баривчилсан /1х, х-76, үргэлжүүлэн цагдан хорьсон /1х, х-79, 82, 85/, 2017.07.06-ны өдөр сулласан /2х, х-64/ хүртэл 81 хоног, 2018.03.28-ны өдөр шүүхээс оргон зайлсан /2х, х-244, 3х, х-22/ байх ба 2018.11.23-ны өдөр түүнийг олж, цагдан хорьсон, сунгасан /3х, х-23, 58-60, 65-67, 4х, х-35-38, 54-57, 117, 121/ улмаар шүүх хуралдаан болсон 2019.06.05-ны өдөр хүртэл 194 хоног, нийт 275 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Ганхуягийг 2017.04.16-ны өдөр хойшлуулшгүй баривчилсан /1х, х-103, үргэлжүүлэн цагдан хорьсон /1х, х-106, 109, 112/, 2017.07.06-ны өдөр сулласан /2х, х-63/ хүртэл 81 хоног, 2017.09.20-нд шүүх хуралдаанд ирээгүй /2х, х-128/ байх ба 2017.09.27-нд өдрөөс /2х, х-134/ эхлэн цагдан хорьж 2017.12.21-ний өдөр сулласан / 2х, х-164/ хүртэл 85 хоног, 2018.12.10-ны өдөр оргож /3х ,х-27/, түүнийг 2019.01.11-ний өдөр хорьсон, сунгасан /3х, х-47, 58-60, 65, 67, 4х, х-35-38, 54-57, 117, 121/ улмаар шүүх хуралдаан болсон 2019.06.05-ны өдрийн байдлаар 145 хоног, нийт 311 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд ирсэн нь илэрсэн тул 2019.05.30-ны өдрөөс 2019.06.05-ны өдрийн байдлаар 6 хоног цагдан хоригдсон, Т.Б нь 2019.05.30-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2019.05.31-ний өдрөөс 2019.06.05-ны өдрийн байдлаар 5 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч нарын эдлэх ялд тус тус оруулан тооцно.

Шүүгдэгч О.Б-гийн эзэмшлийн гэх /2х, х-82/, 1х х-25, 4х, х-110/, шүүгдэгч нар тус гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 0000 УНИ улсын дугаартай, цагаан өнгийн Тoyoto mark 2 автомашиныг битүүмжилсэн /1х, х-45-46/ тогтоолыг хэвээр үлдээж, уг автомашиныг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт шилжүүлэв.   

Тус хэрэгт эд мөрийн баримтаар : нийт урт 56 см, ажлын хэсэг 16 см хар өнгийн төмөр иштэй сүх, нийт урт 25 см, ажлын хэсэг 14 см хутга /бариул хэсгийг нь мяндсан утсаар ороосон/, нийт урт 24 см, ажлын хэсгийн урт 10 см шаргал өнгийн бариултай хутга, нийт урт 23 см, ажлын хэсгийн урт 11 см шаргал өнгийн хутга, нийт урт 24 см, ажлын хэсгийн урт 12 см хар өнгийн бариултай хутга, хар өнгийн пивор иштэй хутга,  бор ногоон өнгийн ширэн хутганы сав, улаан шонхор тамхины иш 1 ширхэг, цагаан өнгийн олсон хазаар /улаан өнгийн даавуугаар хазаарын хамар, шанаа хэсгийг бүрсэн/  1 ширхэг, цагаан саарал өнгийн уяа 1 ширхэгийг тус тус /1х, х-117, 2х, х-10-11, 2х, х-189/ хураан авсан байх тул уг шийдвэр хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.     

2. Шүүгдэгч О.Б, Т.Б нарыг бусдын 7 тооны бод малыг 5 удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Г.Г-г бусдын 5 тооны бод малыг 4  удаагийн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Д.Б, Т.Д нарыг бусдын 2 тооны бод малыг 1 удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Г-г 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Т.Б-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Д.Б-г 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Т.Д-г 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Г.Г-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, Т.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б, Т.Д нарт мэдэгдсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч О.Б-ны 275 хоног, Г.Г-гийн 311 хоног, Т.Б-гийн 5 хоногийн 1 нэг хоногийг хорих ялын 1 хоногоор, Д.Б-гийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тус тус тооцож, тухайн шүүгдэгч тус бүрийн эдлэх ялаас тус тус хассугай.            

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Б-с нийт 9.351.340 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д 500.000 төгрөг, Б.Д 1.700.000 төгрөг, С.М-д 1.700.000 төгрөг, С.Г-д 1.200.000 төгрөг, Т.Г-д 4.351.340 төгрөг, шүүгдэгч Г.Г-с нийт 5000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д 500.000 төгрөг, Б.Д-д 1.700.000 төгрөг, С.М-д 1.700.000 төгрөг, С.Г-д 1.200.000 төгрөг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Т.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б, Д.Б, Т.Д нар хохирогч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.    

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, шүүгдэгч О.Б, Г.Г нарын гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирлыг нөхөн төлүүлэхэд “тэнцүү хэмжээ”-гээр зарцуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан шинж бүхий 1 ширхэг сүх, 5 ширхэг хутга, 1 ширхэг хутганы сав, тамхины иш, хазаар, уяа зэргийг тус тус зохих журмын дагуу устгасугай.   

10. Тус хэрэгт битүүмжлэгдсэн 0000УНИ улсын дугаартай, цагаан өнгийн Тoyoto mark 2 автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.    

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Д.Б-г сулласугай.  

12. Шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.    

13. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч О.Б, Г.Г, Т.Б нарт авсан цагдан хорих, Д.Б, Т.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР