Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/06076

 

2016 оны 12 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06076

Улаанбаатар хот

 

 

        Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Цолмон төвийн байранд оршин байгаа ЦГН ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 224 тоотод оршин суух, Буджав овогт Ганхуягийн Гантөгс /РД-ХГ82063012/-д холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЦГН ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Т.Гантөгстэй 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сэлбэг худалдах-худалдан авах гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг хэрэгслийг хариуцагчид нийлүүлсэн.

Гэрээнд зааснаар хариуцагч дээрх сэлбэг хэрэгслийн төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т заасны дагуу алданги 10,000,000 төгрөг, үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ЦГН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би итгэмжлэлээр олгосон бүрэн эрх болон төлөөлүүлэгч ЦГН ХХК-ийн захирал Г.Нямсүрэнгийн зөвшөөрлийн дагуу өөрийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага 30,000,000 төгрөгөөс 18,079,000 төгрөгийг хасан, нэхэмжлэлийн шаардлагыг 11,921,000 төгрөг болгов.

Хариуцагч Г.Гантөгсийн хувьд дээрх бууруулсан нэхэмжлэлийн шаардлага болох 11,921,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөв.

Дээрх байдлаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тул хуульд заасны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЦГН ХХК нь хариуцагч Г.Гантөгсөөс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 18,079,000 төгрөгөөр багасган нэхэмжлэлийн шаардлагыг 11,921,000 төгрөг болгосон байх бөгөөд хариуцагч Г.Гантөгс нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,921,000 /арван нэгэн сая есөн зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ЦГН ХХК-д барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 153,975 төгрөг, хариуцагч Г.Гантөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 153,975 төгрөгийг тус тус гаргуулан ЦГН ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ЦГН ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Гантөгсөд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 18,079,000 төгрөгөөр багасган нэхэмжлэлийн шаардлагыг 11,921,000 төгрөг болгосон байх бөгөөд хариуцагч Г.Гантөгс нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,921,000 /арван нэгэн сая есөн зуун хорин нэгэн мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ЦГН ХХК-д барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 153,975 төгрөг, хариуцагч Г.Гантөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 153,975 төгрөгийг тус тус гаргуулан ЦГН ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

    

ШҮҮГЧ Ч.ЦЭНД