| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0505/Э |
| Дугаар | 502 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 502
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ж ,
Улсын яллагч Б.Э ,
Шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч А.Б,
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ийн О, С овогт Д-гийн Т нарт холбогдох 1908 0124 40301 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 118 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзасан,
2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 424 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар,
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хорих ялаас хугацаанаас өмнө суллах тухай “ 30 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 22 хоногийг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Х овогт П-ийн О РД:.......................,
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Цээл сумын 3 дугаар баг, Зүүндэнж 1-151 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатарт тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
-урьд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, С овогт Д-гийн Т РД:....................,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.О, Д.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын хярын 1-13 тоотод оршин суух иргэн Г.Т-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч 4 ширхэг хөөрөг, 4 ширхэг хөөрөгний дайлан, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 10.619.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч П.О, Д.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужиртын хярын 1-13 тоотод оршин суух иргэн Г-ийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг хагалан нэвтэрч 4 ширхэг хөөрөг, 4 ширхэг хөөрөгний дайлан, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 10.619.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Шүүгдэгч П.О, Д.Т нар нь иргэн Г.Төрмөнхөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
-хохирогч Г.Т-ийн:...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчим. Би гэрээсээ холгүй айлд байсан тэгээд гаднаас харахад манай хашаанд 2 хүн яваад байсан. Тэгээд гэртээ очихоосоо өмнө би цагдаад дуудлага өгөөд нөгөө 2 хүнийг зугтаачих байх гэж бодоод найз Батхүү /Отгоо/... хоёр хамт манай гэрт очоод хашаанд ороход нөгөө 2 залуугийн нэг нь манай байшингийн цонхыг хагалаад гэрт орсон байсан... хар маск зүүсэн залуу манайхаас миний 2 том 2 жижиг хөөрөгийг даалинтай нь авсан байсан мөн авдар дээр байсан бурханы жижиг шилтэй архийг авсан...нөгөө залуу нь манай гадаа зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-15-16/
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10/,
-Цагдаагийн ахмад Б.Ө-ны...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам, Хужирийн хяр 1-13 тоотод оршин суух Г-ийн гэрт нэвтэрч, хулгайн гэмт хэрэг үйлдэж байхад үйлдэл дээр нь илрүүлсэн тухай илтгэх хуудас /хх-11/
- гэрч С.Б-ийн:..2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрмөнхийн байшин дотор нэг нөхөр орсон авдрыг ухсан сууж байсан...Төрмөнх байшингынхаа хаалгыг онгойлгоод байшин руугаа орсон би гадаа байсан хүнийг хараад үлдсэн байшин дотор байсан хүн цонхоор буцаж гарч ирэх гэж байхад нь Т хаалгаар авч гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-17-18/
-хөрөнгийн үнэлгээний тайлан: Үнэлгээний дүн 10.689.500 төгрөг /хх-27-29/
-төрөл садангийн лавлагаа /хх-35-38/
-шүүгдэгч нарын тээврийн хэрэгслэлийн лавлагаа /хх-38-121/
-шүүгдэгч нарын хаан банкны дансны хуулга /хх-44-45/
-шүүгдэгч нарын ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол /хх-53-81/
-яллагдагч Д.Т-ын:...Тэр өдөр 2 дах өдөр байсан. Нарантуулаас Эмээлтийн автобусанд суугаад Эмээлт ороод тэндээсээ цаашаа замын машинд суугаад тэр суулгасан машинууд О бид 2-ыг муухай үнэртэй байна гээд буулгаад байсан. Тэгэж яваад 361-ийн гарамын тэнд алхаж яваад ам цангаад хашааны хаалга нь онгорхой байсан айлын хашаанд ороод би байшингынх нь хаалгыг нь тогшоод зогсож байхад цаана цонх хагарах шиг болохоор нь харсан чинь О тэр айлын цонхыг хагалаад орсон байсан би цонхон дээр очиход О дотор нь орсон байсан...гэх мэдүүлэг /хх-121/
-яллагдагч П.О-ын:..Би Төгсболдтой Драгон дээр архи ууцаж байгаад танилцсан тэгээд одоо өдрийг нь санахгүй байна. 2019 оны 02 дугаар сард байх Төгсболд хөдөө манай аав ээжийнд очиж ажил хийе гээд бид 2 тэдний гэр лүү явах гээд автобусанд сууж эмээлт ороод цаашаа замын машинд гар өргөж суугаад явсан замдаа бид 2 нэг шил архи аваад хамт уугаад хөдөө унтсан байсан. Тэгээд босоод ам цангаад бид 2 айлаас ус гуйж ууя гээд онгорхой хашааны хаалгатай айл байхаар нь Төгсболд эхэлж ороод би араас нь орсон би байшингынх нь жижиг цонхоор орсон намайг ороход Төгсболд тэр айлын хаалгыг нүдээд зогсож байсан...зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.О, Д.Т нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Шүүгдэгч П.О, Д.Т нар нь хулгайлах гэмт хэргийг үгсэн тохиролцож, бүлэглэж үйлдсэн, тус хэргийн улмаас нийт 10,689,500 төгрөгийн хохирол учруулсан байх ба тухайн хохирлын хэмжээ нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хохирлын шинж болохгүй тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар “үргэлжилсэн нэг” гэмт хэрэгт тооцогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,
Хохирогч Г.Т нь гэмт хэргийн улмаас 10.689.500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нар хохирогчид 10.619.500 төгрөгийг эд зүйлийг хулгайлан үйлдэл дээрээ баригдаж хулгайлсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн байна.../хх-141/ байх ба хохирогчид шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан болно.
Бусад асуудал
Шүүгдэгч П.О, Д.Т нар нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /хх-82/, улмаар яллагдагч, шүүгдэгчээр 2019.04.05-ны өдрийн байдлаар /хх-101-106/ нийт 37 хоног цагдан хоригдсон, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дах хэсэгт зааснаар, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч П.О, Д.Т нар нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Т-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.О-т 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар П.О, Д.Т нарт эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Д.Т нарын цагдан хоригдсон нийт хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч П.О, Д.Т нарыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, Д.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР