Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,                        Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор  Г.Хаш-Эрдэнэ

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр   С.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1722000070006 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-нны өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Яллагдагч С.М нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт М.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнйи эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Дундговь аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 94 тоот шүүгчийн захирамжаар:

С.М-д холбогдох  эрүүгийн 1712000070006 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорт буцааж,

Хэргийг Дундговь аймгийн прокурорт очтол  С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Яллагдагч С.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдаж,

Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: ...С.М-д холбогдох хэргийг прокурорт буцаасан захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр бол хэргийг прокурорт буцаахар заасан.

Шүүхийн урьдчилсан хэлэцүүлгийн шатанд хохирогч М.Мөнхбаатар нь нэмэлт шинжээч томилуулах, хохирогчийн эхнэр Б.Өлзийхишигийг гэрчээр байцаалгах, яллагдагч С.Мөнхбат болон түүний өмгөөлөгчөөс С.Мөнхбатын биед гэмтэл учирсан эсэх дээр шинжээч эмчийн дүгнэлт гаргуулах, хэргийн газарт хамт байсан Б.Өлзийбаярыг гэрчээр мэдүүлэг авхуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, дээрх ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрэлэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал: Хохирогч, түүний өмгөөлөгчийн хүсэлтэнд дурдсан хохирогчийн эхнэр Б.Өлзийхишигийг байцаалгах, яллагдагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хэргийн газарт байсан Б.Өлзийбаярыг гэрчээр байцаалгах хүсэлтийг хүлээн авсан нь үндэслэлгүй, дээрх хүмүүсийг гэрчээр байцаалгаснаар хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг гэрчлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт цугларсан хохирогч М.Мөнхбаатарын: “...2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр...Мөнхбат миний араас дахиад чулуугаар цохисон. Би дээшээ хараад газар унангуут Мөнхбат миний нүд рүү цохисон... ” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Шинэбаяр, Д.Ганзориг нарын мэдүүлэг болон яллагдагч С.Мөнхбатын: “...Ганзориг машинаа зогсоохоор нь би буугаад чулуу аваад Мөнхбаатарын толгойд цохисон чинь толгойноос нь цус гарахаар нь Хулд сумын эмнэлэг очиж оёдол тавиулсан юм...” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагч С.Мөнхбат нь хохирогч М.Мөнхбаатарын эрүүл мэндэд халдсан үйлдэл нь тогтоогдсоор байхад дээрх гэрч нараар ямар үйл баримтыг гэрчлүүлэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байхад шүүх нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин гэрчийн мэдүүлгээр тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгчийн захирамжид гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь нотлогдоогүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт цугларсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт гэмт хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутгаас цааш явж байхдаа буюу Хулд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт яллагдагч С.Мөнхбат нь хохирогч М.Мөнхбаатарын толгойн тус газарт чулуугаар цохих үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр Хулд сумын эмчийн 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хохирогч М.Мөнхбаатарыг үзсэн талаар тодорхойлолт хэрэг авагдсан боловч хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч нар болон хохирогч, яллагдагч нар бүгд гэмт хэрэг үйлдэгдсэн огноог 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэж мэдүүлж байгааг үндэслэж прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдэгдсэн огноог 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэж дүгнэсэн болно.

Гэтэл шүүгч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг зөрүүтэй баримт авагдсаныг үндэслэж, гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан нь нотлогдоогүй гэж дүгэсэн нь үндэслэлгүй, дээрх зөрүүтэй нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч, яллагдагч нараас дахин мэдүүлэг авч, гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг тогтоох боломжтой ажиллагаа байхад хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хийж гүйцэтгэх бүрэн боломжтой ажиллагаа байна.

Иймд С.Мөнхбатад холбогдох Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 94 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгчөөс: Прокурорын гаргасан эсэргүүцэл нь үндэслэл муутай байна. Зайлшгүй мөрдөн байцаалтад буцаах үндэслэл үүсч байна. Эрүүл мэндийн талаар дахин дүгнэлт гаргуулах нь ач холбогдолтой гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх нь прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ яллагдагч Сумъяасүрэнгийн Мөнхбатад холбогдох 1722000070006 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогч М.Мөнхбаатар болон түүний өмгөөлөгчөөс: Хэргийг танилцуулаагүй шүүхэд шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 170200180 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас хэргийг прокуророт буцааж, нэмэлт шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах, мөн хохирогчийн эхнэр Б.Өлзийхишигийг гэрчээр асуулгах гэсэн хүсэлтийг гаргажээ.

Анхан шатны шүүх хохирогчийн хүсэлтийг хүлээн авч, гэмт хэргийг хэзээ хаана, яаж үйлдсэн өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал нотлогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч М.Мөнхбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бусдад зодуулж хөнгөн зэргийн гэмтэл авсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд энэ дүгнэлтийг хохирогч М.Мөнхбаатар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бусдад зодуулсны улмаас учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлт гэж үзэхэд эргэлзээтэй байна.    

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 39.9 дүгээр 1, 1.1, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Т.БЯМБАЖАВ

                                     ШҮҮГЧИД                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ