| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07700/И |
| Дугаар | 102/ШШ2016/06049 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2016/06049
| 2016 оны 12 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/06049 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 64 дүгээр байрны 23 тоотод оршин суух, эмэгтэй, Боржгон овогт Рэнцэндоржийн Лхамгарав /РД-ЧИ61040608/-ын,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Лхамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Лхамгарав шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд Анагаахын дунд сургууль төгсөж, тээвэрчдийн эмнэлэг байгуулагдаж, сувилагчаар ажилд орсон. Тэр үед миний хөдөлмөрийн дэвтэрт овгийг Рэнчиндорж овогтой Лхамгарав гэж бичсэн байсан. Уг нь миний эцгийн нэр Рэнцэндорж юм. Сая тэтгэвэрт гарах гэж баримт бүрдүүлэхдээ дэвтэрт буруу бичсэнийг мэдсэн.
Иймээс Рэнчиндорж Лхамгарав гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Лхамгарав нь Рэнчиндорж Лхамгарав гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хүсэлт гаргагч нь Пүрэвжавын Рэнцэндорж, Бат-Очирын Нансалмаа нарын гэр бүлээс төрж, Рэнцэндоржийн Лхамгарав гэсэн нэрээр төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд улмаар уг овог, нэрээр боловсрол эзэмшин, хөдөлмөр эрхэлж байсан болох нь төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын А-43408 тоот аттестат, тусгай мэргэжлийн 8807 дугаар диплом, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүлийг хамгаалах газрын харьяа Октябрийн районы нэгдсэн эмнэлгийн даргын 1991 оны 62 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтэр зэргээр нотлогдож байна. /хх-3, 6-7, 9, 10-11, 13-15, 17-22 дугаар хуудас/
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржгон овогт Рэнцэндоржийн Лхамгаравыг Рэнчиндорж Лхамгарав гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржгон овогт Рэнцэндоржийн Лхамгаравыг Рэнчиндорж Лхамгарав гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД