Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 578

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,  

           улсын яллагч Ц.Гансүлд,

            шүүгдэгч Г.Г нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Авга овогт Г.Г-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808039860000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .....оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5, өвөө, эмээ, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол .. дүгээр гудамж, ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Авга овогт Г.Г, РД:УХ9805000

 

Холбогдсон хэргийн талаар:  

   Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. дүгээр байрны хажууд иргэн Б.У  “хажуугаар өнгөрөхдөө мөрлөсөн” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

- хохирогч Б.Ууганзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр найз нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны хажууд явж байхад миний араас “хөөе пизда минь, наашаа хүрээд ир” гэхээр нь  “яасан” гэхэд Г гэх залуу миний хажууд ирээд намайг “яаж байна аа банди минь” гэхээр нь би гайхаад “яасан юм” гэхэд “чи муу яаснаа сэдэхгүй байна уу” гэхээр нь би ахин “яасан юм” гээд уурласан аястай хэлэхэд Г  “яасан том банди вэ чи” гэж хэлээд миний нүүр рүү гараараа цохиод би хөл алдаад эмийн сангийн бетонон шатанд хөл тээглэж би шатанд баруун хөлөө цохиж унасан...гэх мэдүүлэг /хх-21, 23-24/

- гэрч О.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн:.. Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр найз Г, З нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо 09 дүгээр байрны хажууд явж байсан. Тэгтэл бид 3-ын хажуугаар үл таних залуу буюу У зөрсөн. Зөрөхдөө Г-тай ойрхон зөрсөн ба бараг мөрлөөд гарах шиг болсон. Г эргэж хараад “нааш ир, яагаад байна“ гэхэд У дөхөж ирээд Г-ыг “яасан” гэхэд Г “чи яасан том банди вэ гэж хэлээд У-гийн нүүрэн тус газар гараараа цохиход хөл алдаад газар унаад боссон. Г  У-гийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-25/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №...... дугаартай: ... Б.У-гийн биед баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-29/

- шүүгдэгч Г.Г-гын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны хажууд өөрийн найз Ш, З нарын хамт алхаж явсан. Бид 3-ын хажуугаар танихгүй хүүхэд намайг мөрлөхөөр нь би уурлаад “хөөе чи нааш ир, яагаад байна” гэхэд тэр залуу “би яасан юм” гээд байхаар нь миний уур хүрээд хохирогч Б.У-гийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Унахдаа шилбээ гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-39-40/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэрргээ хүлээн зөвшөөрч байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Г.Г-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.  

Хохирогчид гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх-66/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэх боломжтой зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг торгох ялыг төлөх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэв.   

Бусад асуудал     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.    

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Г.Г-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г-гыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г-д оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР