Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/06048

 

2016 оны 12 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/06048

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Хос өргөө 2, Энгельс гудамж, 23 дугаар байрны В-1 тоотод оршин байгаа Гурван-Өргөө-2 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон, 23 дугаар байрны 19 тоотод оршин суух, Боржигин овогт Даваанямын Пүрэвсүрэн /РД-ЦП68062704/-д холбогдуулан гаргасан

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 813,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Гурван өргөө 2 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа, хариуцагч Д.Пүрэвсүрэн, С.Мөнхжаргал .

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гурван өргөө 2 СӨХ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаатар, Ч.Сарантуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь нийт 380 айл, өрхтэй. Гэтэл хариуцагч ганцаараа л төлбөрөө хууль бус гээд төлөхгүй байгаа. Манай СӨХ нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид хариуцагчийг хуулиа биелүүлэхийг хүсч байна.

Хариуцагч нь өөрөө төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч байсан бичгийг би шүүхэд сая гаргаж өгсөн. Тухайн үед бид ярилцаж байхад хариуцагч төлбөрийг төлөхийг зөвшөөрч, төлбөрөө багасгах боломж байна уу гэж гуйсан. Гэтэл одоо шүүхийн танхимд өмнө нь ярьж байснаасаа эсрэг зүйл яриад байж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд оршин суугч бүр СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Тайван мандах өргөө СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ба хариуцагч нь өнгөрсөн хугацаанд СӨХ-ны төлбөр огт төлж байгаагүй байдаг.

Иймд хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс СӨХ-ны төлбөрт 813,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 оны 02 дугаар сард тус 23 дугаар байрны 19 тоотод орж, одоог хүртэл оршин сууж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар барилга ашиглалтад орсноос хойш 3 жилийн хугацаанд барилгыг гүйцэтгэсэн Ганбат өргөө ХХК нь засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Тайван мандах өргөө СӨХ нь манай Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах байранд СӨХ-ны үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тус СӨХ нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа надтай нэг ч удаа уулзаж, хэдэн төгрөгийн төлбөр авдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг, төлбөрт ямар зардлууд багтсан талаар ярьж, танилцуулж байгаагүй. Иймээс энэ хугацааны төлбөрийг төлөх үндэслэлгүй. Би тухайн үед өөрийнхөө авч байсан үйлчилгээний мөнгийг төлөх гэхээр заавал бүтнээр нь авна гэдэг байсан учир төлөөгүй.

2016 оны 4 дүгээр сард Гурван өргөө-2 СӨХ байгуулагдлаа гэж намайг дуудаж уулзсан. Ингэхдээ би өмнө нь яагаад СӨХ-ны төлбөр төлдөггүй байсан талаараа хэлсэн. Би 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны төлбөрийг төлөхгүй. Харин үүнээс хойшхи хугацааны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ нь хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 813,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлээ ... 3 жилийн хугацаанд барилга барьсан компани нь засвар үйлчилгээг хариуцан ажилласан, ... Тайванмандах өргөө СӨХ-ны төлбөрийг Гурван өргөө-2 СӨХ шаардах эрхгүй, ... надад үйл ажиллагаагаа танилцуулж байгаагүй ... гэж тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Д.Пүрэвсүрэн нь СӨХ-ны төлбөрөө 2013 оноос хойш төлөөгүй гэх үйл баримтын хувьд, мөн СӨХ-д сар бүр төлөх төлбөрийн хэмжээний талаар маргаагүй, харин Тайван мандах өргөө СӨХ-нд хамааралтай байсан хугацааны төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцдэг. /хх-32-38, 161 дүгээр хуудас/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос өргөө-2 хотхоны 21, 22, 23 дугаар байр нь оршин суугчдын хүсэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт орших Хос өргөө-1 хотхоны Тайван мандах өргөө СӨХ-д хамааран үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хос өргөө-2 хотхоны оршин суугчид, сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хурлаар нутаг дэвсгэрийн байрлалаас хамааран Гурван өргөө-2 СӨХ-г байгуулан 21, 22, 23 дугаар байруудыг шилжүүлэн авч, Тайванмандах өргөө СӨХ-ны бүртгэлээс хассан болох нь нотлогдож байна. /хх-137-147 дугаар хуудас/

Гурван өргөө-2 СӨХ үүсгэн байгуулагдаж, СӨХ-ны бүртгэлд бүртгүүлсэн үйл явц нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.2 дахь заалтад нийцэж байхаас гадна нэхэмжлэгч нь Тайван мандах өргөө СӨХ-нөөс Хос өргөө-2 хотхоны 21, 22, 23 дугаар байруудыг хүлээн авсны улмаас тус СӨХ-ны гишүүн буюу 23 дугаар байрны 19 тоотод оршин суугч Д.Пүрэвсүрэнгээс 2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг шаардах эрхтэй болжээ.

Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу хариуцагч Д.Пүрэвсүрэн нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтмол хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан тул нэхэмжлэгч тал, хариуцагчаас 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг шаардах эрхгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ нь шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан учир 2013 оны 4-8 сарын хугацааны төлбөр шаардах 3 жилийн хугацаа нь дууссан байна.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 712,000 /долоон зуун арван хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,000 /нэг зуун нэг мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 24,062 төгрөг төлөхөөс 1191 төгрөг төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс зөрүү болох 22,871 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 21,638 гаргуулан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-д буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 712,000 /долоон зуун арван хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,000 /нэг зуун нэг мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү болох 22,871 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Пүрэвсүрэнгээс 21,638 гаргуулан нэхэмжлэгч Гурван өргөө-2 СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД