Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Н.Мөнхбат,

Шүүгдэгч: Г.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005009430499 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, Төрийн банкинд мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б-нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 00:53 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кроун” баарны үүдэнд иргэн А.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б-шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр манай пабад найз Н- эхнэр Б-тэй хамт Дархан-Уул аймгаас ирсэн юм. Н-ын эхнэр Б- БНСУ-руу явах гэж байгаа учир надтай уулзах гэж ирсэн. Тэгээд манай эхнэр Н- бид хоёр Б- сайн яваарай гэж хоол унд хийж өгөөд бид дөрөв 0.75 литрийн Соёрхол архи 1 шилийг уусан. Бид хэд хоол унд идээд юм ярьж сууж байгаад манай найз Н- гадаа гарч тамхи татахаар гадагшаа гарсан. Би араас нь гарсан чинь гадаа үүдэнд 4-5 залуу байж байсан. Би гадаа гарч ирээд Н-ыг гадаа битгий зогс цагдаа нар ажиллаж байна гээд хүрээд ирнэ, хаачихсан юм чинь тамхиа дотор ороод татчих гэж хэлсэн чинь гадаа зогсож байсан залуучуудын нэг нь яахаараа дотор тамхи татдаг юм бэ гэж надаас асуусан. Би тэр залууд паб хаачихсан байна. Би энэ пабыг ажиллуулдаг хүн нь байна гэж хэлсэн чинь чи яахаараа энэ пабыг ажиллуулдаг юм бэ, би эзэн нь байна гэсэн. Би тэр залууд энэ баарны эзэн Золоо гэж залуу байдаг юм аа гэж хэлээд найзыгаа аваад дотогшоо орох гэсэн чинь манай найз энэ чинь манай найзын паб чи эзэн нь юм уу гэж нөгөө хүнтэй маргалдаж эхэлсэн. Би тэр үед өөрийнхөө найзыг аваад орох гэсэн гэтэл нөгөө өөрийгөө би энэ баарны эзэн нь байна гээд байсан залуу миний цамцны захнаас боогоод бариад авсан. Би бас тэр залууг заамдаж барьсан чинь хамт явж байсан залуу нь миний ар талаас хүзүүгээр боож, татаж шатнаас доош буулгасан. Тэр үед би нөгөө энэ баарны эзэн байна гээд байсан залууг зуурсан чигтээ манай найз Б.Н- бид хоёрын дундуур салгах гэж бүгдээрээ зууралдаж шатнаас доош буулгасан. Шатнаас буусны дараа би заамдаж барьсан гараа тавиад миний ар талаас боосон залуу цамцны ар талын захнаас доош нь дарж газарт унагаж миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Миний нүдний ухархайн ясны хугарал болон толгой тархи нүүрэнд учирсан гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтлүүдийг миний ар талаас намайг боож унагаж цохисон залуу учруулсан. Тухайн үед ар талаас боож газарт унахын өмнө миний нүүр хэсэгт ямар нэгэн өвчин, өөрчлөлт байгаагүй. Тухайн залуу нь намайг унагаж нүүр хэсэгт цохих үед нүүрний хэсэгт халуу дүүгээд баруун нүд шууд хавдаж байгаа нь мэдэгдсэн. Намайг бүлэглэж зодож гэмтэл учруулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед манай найз Э- гарч ирээд паб хаачихсан юм чинь миний найз дотор ороод тамхи тат гэж хэлсэн чинь тэнд зогсож байсан хоёр залуу яах гэж байгаа юм гэж асуусан чинь манай найз би энэ пабыг ажиллуулдаг юм аа гэж хэлсэн. Тэнд байсан хоёр залуугийн нэг нь би эзэн нь байна гэж манай найз руу дайраад Э-ыг бариад авсан. Тэр үед гадаа байсан хоёр залуугийн нэг нь буюу тод өнгийн куртиктэй залуу нь Э-ыг ар талаас нь хүзүүгээр боож татаж шатнаас доош нь буулгаж газарт унагаж нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний харснаар бол 4-5 удаа цохисон. Э-ыг хар өнгийн куртиктэй залуутай маргалдаж байх үед ар талаас нь тод өнгийн хувцастай залуу татаж газарт унагаж дээрээс нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Хар нөгийн куртиктэй залуу цохиж харагдаагүй, бүлэглэж зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 2974 тоот дүгнэлтэд: “...А.Э-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24-25/,

Шинжээч Ц.Бадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх шинэ ба хуучин гэмтлүүд нь хамрын үнэрлэх мэдрэхүйд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Яллагдагчаар Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эрүүгийн хэрэг үүсгэж яллагадчгаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Э-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Н-тай маргалдаж байсан залууг ар талаас нь татаж тэр хоёрыг салгах гэтэл надтай зууралдаад тавихгүй байхаар нь газарт унагаж байгаад дээрээс нь 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-64/, хохирогчийн хүсэлт /хх-н 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Г.Б-нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-ны 00:53 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кроун” баарны үүдэнд иргэн А.Э-ыг найзтайгаа маргалдлаа гэж салгах явцдаа зодож, түүний биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Э-ын: “...нөгөө өөрийгөө би энэ баарны эзэн нь байна гээд байсан залуу миний цамцны захнаас боогоод бариад авсан. Би бас тэр залууг заамдаж барьсан чинь хамт явж байсан залуу нь миний ар талаас хүзүүгээр боож, татаж шатнаас доош буулгасан. Тэр үед би нөгөө би энэ баарны эзэн байна гээд байсан залууг зуурсан чигтээ манай найз Б.Н- бид хоёрын дундуур салгах гэж бүгдээрээ зууралдаж шатнаас доош буулгасан. Шатнаас буусны дараа би заамдаж барьсан гараа тавиад миний ар талаас боосон залуу цамцны ар талын захнаас доош нь дарж газарт унагаж миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Миний нүдний ухархайн ясны хугарал болон толгой тархи нүүрэнд учирсан гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтлүүдийг миний ар талаас намайг боож унагаж цохисон залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Б.Н-ын: “...Тэнд байсан хоёр залуугийн нэг нь би эзэн нь байна гэж манай найз руу дайраад Э-ыг бариад авсан. Тэр үед гадаа байсан хоёр залуугийн нэг нь буюу тод өнгийн куртиктэй залуу нь Э-ыг ар талаас нь хүзүүгээр боож татаж шатнаас доош нь буулгаж газарт унагаж нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Миний харснаар бол 4-5 удаа цохисон. Э-ыг хар өнгийн куртиктэй залуутай маргалдаж байх үед ар талаас нь тод өнгийн хувцастай залуу татаж газарт унагаж дээрээс нь хэд хэдэн удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шинжээчийн 2974 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б-нь согтуурсан үедээ хохирогчийн цамцны захаас боож цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 74/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР