Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 365

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Баясгалан /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.Л-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005007870355 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Л-, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нүүр, амны их эмч мэргэжилтэй, хувиараа шүдний эмнэлэг ажиллуулдаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Л-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ зочид буудлын орчим иргэн Б.Н-тэй маргалдан, улмаар түүнийг цохиж зодон, мөн пивоны шил хагалан хэвлий, нүүрэн тус газарт зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л-шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар 10-ны орой дөрвүүлээ гараашид босоогоороо хөзөр тоглож байсан болохоор бид ярилцаад арай тухтай болохоор буудалд орсон. Т-, Ж- хоёр юм яриад зогсож байсан. Т-гийн гэр нь Богд ард манайх Андуудад бид хоёрын гэр нэг зүгт болохоор би түүнийг тамхи татангаа хүлээж байсан. Гэтэл С- миний хоолойг шахаад дараад байхаар нь би түүний элэг рүү нь 1 удаа цохисон. Миний шил барьсан шалтгаан гэвэл эхлээд Ж- вискиний шил гаргаад над руу ойртсон. Тэр үед би намайг цохих нь гэж айсан. Ж- вискиний шил гаргаж ирэхэд Т- намайг өмөөрөөд 2 найзтайгаа барьцалдсан. Н-г хүрээд ирэхээр нь намайг зодох гэж байна гэж би ойлгосон учраас түүнийг цохисон. Харин түүнийг зүссэн гэдгээ бичлэгээс хараад мэдсэн. Гэхдээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай найз нар хөзөр тоглоё гээд 22 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20а байрны гадаа уулзсан. ...Тухайн өдөр найз С-, Т-, Ж- бид нар уулзаад Т-ы байрны гарааш руу ороод хөзөр тоглосон бөгөөд тухайн үед хоёр том Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво ууцгаасан. Тухайн үед би уугаагүй. Тэгээд хэсэг хөзөр тоглож байтал Л- ирээд тухтай газар очиж хөзөр тоглох гээд Цэнтрал нэртэй буудлын нэгдүгээр давхрын өрөөг хоногоор аваад бүгдээрээ ороод хөзөр тоглоод байж байгаад Жак Даниэлс нэртэй виски 1 шилийг, бас нэрийг нь сайн санахгүй байна 1 шил виски ууцгаасан. Тэр үед би вискинээс жаахан амссан бөгөөд тэрнээс уугаагүй. Тэгээд хөзөр тоглож байсан чинь би С-тай юм ярьж байгаад намайг доош нь хийгээд байхаар нь маргалдаад барьцалдаж авсан чинь буудлын ресепшин орж ирэхээр нь болиод гадаа гарч эвлэрээд буцаад өрөөндөө ороод байж байсан чинь Л-, С- хоёр маргалдаад байсан. Бид нар боль гээд эвлэрүүлсэн чинь С- уучлал гуйгаад тэд нар явахаар болоод би хонохоор болоод С-ыг хамт хонъё гэсэн чинь хонохгүй гээд дөрвүүлээ гараад явсан. Тэр үед би ганцаараа үлдээд хэвтэж байсан чинь хаалга хүн татахаар нь онгойлгосон чинь буудлын ресепшин байсан. Тэгээд би харж байсан чинь С-ы гэдэс рүү Л- цохихоор нь би гарч очоод С-г хориод байж байсан чинь цаанаас Л- зодолдох гээд дайраад байсан. Тэгэхээр нь би эргэж хараад Л-г цааш нь салгаад аваад явсан. Тэр үед би босож ирсэн чинь С- зодолдох гээд байхаар нь би болиулаад байж байсан чинь Л- дахиж ирснээ миний гэдэс орчим нэг удаа өшиглөөд намайг унагаасан. Тэр үед Т- ирээд та нар яагаад байгаа юм гээд дундуур ороод ирсэн. Тэгэхээр нь би Л-тэй учраа олчихвол маргааныг болиулах юм байна гээд өөдөөс нь яваад очсон чинь Л- гартаа хоёр пивоны шил бариад хавиралдуулаад хагалсан. Тэр үед би дайрна гэж бодоогүй, одоо болъё хөгшөөн гээд очсон чинь хагархай шилээрээ миний гэдэс рүү чичсэнээ толгой руу шилээрээ цохих гэхээр нь би бага зэрэг хажуу тийш болсон чинь шилний үзүүрээр нүүрний зүүн талын шанаа хэсэгт зүссэн. Тэгсэнээ над руу өшиглөөд дайраад намайг дарж унагаагаад хацар дээр нэг удаа хазаад нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэр үед би болиоч гэсэн чинь намайг тавихаар нь босоод ирсэн чинь миний зүүн талын шанаанаас цус гарчихсан байсан....Надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Л- учруулсан. ...Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16/,

Гэрч Э.Т-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд буудалд ороод хөзөр тоглоод пиво ууцгааж байгаад 1 литрийн Жак Даниэлс, Чивас виски нэмж ууцгаасан. Тэр үед С-, Н- хоёр хоорондоо жоохон маргалдсан. Гэхдээ хоорондоо зодолдоогүй. Тэгээд буудлаас гарахаар болоод гарцгаасан ба би их согтсон байсан болохоор хэсэг ухаан балартсан. Нэг мэдсэн чинь Н-н нүүрнээс цус гоожоод байна гэхээр нь харсан чинь нүүр нь зүүн талын шанаа орчим зүсэгдсэн цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Шинжээчийн 2661 тоот дүгнэлтэд: “....Б.Н-н биед зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, хүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд 1-р шүдний сулрал, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24-25/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...05:28:30 цагт Б.Н- С-г холдуулаад эргэж хараад Л- рүү алхав. Энэ үед Л- хоёр гартаа байсан шилийг доош нь саваад Б.Н-гийн өөдөөс очив. ...Л- баруун гартаа байсан шилээ Н-гийн гэдэс орчим руу нэг удаа чичээд шилээрэй толгой руу нь нэг удаа цохиод хойшоогоо болох үед гэдэс орчим руу нь нэг удаа өшиглөж байв. 05:28:40 цагт Л- Н-гийн дээр ноцолдож дараад хацар орчмоос нь хазаад нэг удаа мөргөөд Н-гээс холдоод газар байсан шилийг аваад Н-гийн өөдөөс очиход ...Т- өөдөөс нь ирээд хажуу тийш нь Л-тэй яваад дэлгэцнээс гарав” гэжээ. /хх-н 86-93/,

Яллагдагчаар Б.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С- бид хоёр зэрэгцээд зогсож байсан чинь намайг хэл амаар өдөөд биеэрээ шахаад байсан. Тэр үед би С-ыг мөр рүү нь өөрөөсөө холдуулж түлхсэн чинь өөдөөс “чи хүчтэй түлхдэг юм байна, надтай үзэхэд яг таарна” гээд хоолойноос шахаад машины хамар дээр дарахаар нь би босож ирээд нэг удаа элэг рүү нь цохисон. Тэр үед Н- цаанаас буудлаас гарч ирээд С-ыг аваад буудал руу алхаж байсан чинь С- над руу гэнэт буцаж ирээд би өөдөөс нь бас барьцалдаж авсан. Хэсэг барьцалдаж байгаад би салаад хашааны үүдний орчим очоод куртикээ тайлаад С- дээр дахиж очоод хөлөөрөө жийсэн. Тэр үед хөл оноогүй. Маргалдаад буудлын хашаанаас гарсан чинь Ж- халааснаасаа ууж байсан Чивас вискиний шал гаргаж ирсэн. Т- намайг өмөөрөөд С-, Ж- хоёр руу “та нар яагаад байгаа юм больцгоо” гээд өөдөөс нь барьцалдаад авсан. Би дэлгүүрийн урд талд байсан Жак Даниелсийн шил, пивоны шил хоёр байхаар нь аваад хоёр шилээ хооронд нь хавирч хагалсан чинь Н- өөдөөс хүрээд ирэхээр нь би баруун гартаа байсан шилээр Н-гийн толгой, нүүр орчим руу нэг удаа цохисон. Н-тэй барьцалдаж аваад газар унаад Н-гийн хацар дээр нь нэг удаа хазсан. Н- надтай зууралдахаа болихоор нь би босож ирээд хувцсаа өмсөөд зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 68-72/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-62, 99-101/, хохирогчийн хүсэлт /хх-н 103/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 104/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Л-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ зочид буудлын орчим иргэн Б.Н-тэй маргалдан, улмаар түүнийг цохиж зодон, мөн пивоны шил хагалан хэвлий, нүүрэн тус газарт зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн шанаанд шарх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хэл зулгаралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, хэвлийд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Н-гийн: “...Л- дахиж ирснээ миний гэдэс орчим нэг удаа өшиглөөд намайг унагаасан. Тэр үед Т- ирээд та нар яагаад байгаа юм гээд дундуур ороод ирсэн. Тэгэхээр нь би Л-тэй учраа олчихвол маргааныг болиулах юм байна гээд өөдөөс нь яваад очсон чинь Л- гартаа хоёр пивоны шил бариад хавиралдуулаад хагалсан. Тэр үед би дайрна гэж бодоогүй, одоо болъё хөгшөөн гээд очсон чинь хагархай шилээрээ миний гэдэс рүү чичсэнээ толгой руу шилээрээ цохих гэхээр нь би бага зэрэг хажуу тийш болсон чинь шилний үзүүрээр нүүрний зүүн талын шанаа хэсэгт зүссэн. Тэгсэнээ над руу өшиглөөд дайраад намайг дарж унагаагаад хацар дээр нэг удаа хазаад нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэр үед би болиоч гэсэн чинь намайг тавихаар нь босоод ирсэн чинь миний зүүн талын шанаанаас цус гарчихсан байсан. ...Надад учирсан хөнгөн зэргийг гэмтлийг Л- учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16/, гэрч Э.Т-ы: “...Нэг мэдсэн чинь Н- нүүрнээс цус гоожоод байна гэхээр нь харсан чинь нүүр нь зүүн талын шанаа орчим зүсэгдсэн цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/, шинжээчийн 2661 тоот дүгнэлт, камерын бичлэгтэй үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л-нь согтуурсан үедээ пивоны шил хагалж хохирогч Б.Н-гийн хэвлий, нүүр хэсэгт зүсэж, мөн хазаж, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1.000.000 төгрөг хүлээн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 103/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялаас доогуур хэмжээгээр торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд “ялаас чөлөөлж” өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Л-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР