Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Б.Жаргал /томилолтоор/,

Шүүгдэгч: Г.Б-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905042670123 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б-, 1993 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зайсан авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн Э.Э-гийн толгой дээр өндөг хагалж үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн П.Т-ыг үүрч газарт унаган эрүүл мэндэд зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд: “...2019 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цагийн үед эмээлтээс ажил буугаад орж ирээд 2 найзтайгаа 1 шил архи уусан. Буудлын түцнээс тамхи авах гээд орсон. Тэр үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир найзыгаа байна гэж андуураад хажууд байсан залуугийн толгойн дээр нь өндөг хагалсан. Тэгээд бид 2 маргалдаад түцнээс гарсан чинь найзууд нь бололтой 2-3 залуу байсан. Тэгээд би айгаад зугтсан боловч баригдсан. Намайг бариад авахаар нь тавиулах гээд түлхээд унагасан чинь гар нь хугарсан” гэв.

Хохирогч Э.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг түц рүү ороход 25-30 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой гурван залуу зогсож байсан. Би худалдагчаас авах зүйлээ авчихаад мөнгийг нь интернетээр шилжүүлэх гээд байж байтал гурван залуугийн нэг нь миний толгойн дагз хэсэгт өндөг хагалахаар нь би эргэж хараад чи яаж байна гэхэд тэр залуу яадаг юм өндөг хагалж байна гээд тэр залуу намайг мөргөөд дараа нь дахиад толгой руу цохихоор нь би түцнээс гараад машин руугаа гүйтэл Түцэнд байсан гурван залуугийн хоёр нь миний араас хөөсөн. Машинаас Сэргэлэн, Т- хоёр гарч ирээд юу болж байна гээд Т- намайг цохисон залууг барьж аваад зогсож байсан. Би нөгөө залуутай маргалдаад байж байтал Т- гэнэт орилохоор нь Т- руу хартал гарнаас нь цус гараад өмд рүү нь урсаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Хохирогч П.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэд нарыг салгах гэтэл тэдгээр залуучуудын нэг нь болох хар өнгийн савхин куртик өмссөн залуу намайг үүрч аваад замын хашлага дээр шидсэн. Тэгтэл миний зүүн гар хугараад цус гараад байсан. Тэгээд манай найзууд цагдаа дуудаад ирэхгүй байхаар нь бид нар миний гарыг хугалсан залууг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- машинаас буусан удалгүй Э-гийн амнаас цус гарчихсан бид нар дээр хүрч ирэхээр нь бид нар юу болсон бэ гэхэд Э- түцэн дотор гурван залуутай маргалдаад нэг залуу нь намайг мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь бид нар тэдгээр залуучуудыг барих гээд хөөсөн. Т- нэг залуугийн араас нь гүйсэн. Тэгтэл нэг хүн гэнэт орилохоор нь хартал Т- газарт хэвтчихсэн нөгөө залуу хажууд нь байсан. Тэгээд бид нар гүйж очоод тэр залууг барьж аваад цагдаад дуудлага өгөөд тэр залуучуудыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Шинжээчийн 12823 тоот дүгнэлтэд: “...П.Т-ын биед зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 32-33/,

Шинжээчийн 12885 тоот дүгнэлтэд: “...Э.Э-гийн биед тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 36/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч П.Т- 1 дүгээр дээр наасан зургийг заан энэ эрэгтэй мөн байна, энэ хүн намайг үүрч унаган миний гарыг хугалсан, би сайн санаж байна. ...хохирогч Э.Э- 2 дугаар дээр наасан зургийг заан энэ эрэгтэй мөн байна. Энэ хүн миний толгой дээр өндөг хагалж, намайг мөргөж гэмтээсэн хүн мөн байна...” гэжээ /хх-н 39-40, 41-42/,

Яллагдагчаар Г.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим ажил тараад багийн найз болох С-, М- нарын хамт Сонгинохайрхан дүүргийн Эмээлтээс Улаанбаатар хотод орж ирээд 5 шард байрлах нэг пабад ороод бид гурав нэг шил 0.75 литрийн архи хувааж ууж байгаад 20 цаг өнгөрч байхад пабаас гараад М-ын гэр рүү Нарангийн гол гэх газар руу явж байсан. ...Түц рүү ороод би өндөг аваад хажууд зогсож байсан С-гийн толгой дээр өндөгөө хагалж байна гэж бодоод хагалтал танихгүй нэг залуугийн толгой дээр нь өндөгөө хагалчихсан юм. Тэгтэл тэр залуу чи яаж байна аа гээд намайг заамдаад бид хоёр түцнээс гараад барьцалдаж байгаад мөргөчихсөн. Тэгтэл тэр залуучуудын найзууд нь бололтой 3-4 залуу хүрээд ирсэн. Тэгээд тэдгээр залуучуудын нэг нь миний араас гүйж ирээд намайг барьсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 18-19/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-55/, хохирлын мөнгө өгсөн баримт /хх-н 58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн Э.Э-гийн толгой дээр өндөг хагалж үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруул, дагзны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Мөн 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “5 шарын автобусны буудал”-ын орчим иргэн П.Т-ыг үүрч газарт унаган эрүүл мэндэд зүүн богтос ясны дунд хэсгийн зөрүүтэй ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Э-гийн: “...Би худалдагчаас авах зүйлээ авчихаад мөнгийг нь интернетээр шилжүүлэх гээд байж байтал гурван залуугийн нэг нь миний толгойн дагз хэсэгт өндөг хагалахаар нь би эргэж хараад чи яаж байна гэхэд тэр залуу яадаг юм өндөг хагалж байна гээд тэр залуу намайг мөргөөд дараа нь дахиад толгой руу цохихоор нь би түцнээс гараад машин руугаа гүйтэл гурван залуугийн хоёр нь миний араас хөөтөл машинаас Сэргэлэн, Т- хоёр гарч ирээд юу болж байна гээд Т- намайг цохисон залууг барьж аваад зогсож байсан. Би нөгөө залуутай маргалдаад байж байтал Т- гэнэт орилохоор нь Т- руу хартал гарцаас нь цус гараад өмд рүү нь урсаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, хохирогч П.Т-ын: “...Би тэд нарыг салгах гэтэл тэдгээр залуучуудын нэг нь болох хар өнгийн савхин куртик өмссөн намайг үүрч аваад замын хашлага дээр шидсэн. Тэгтэл миний зүүн гар хугараад цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Б.С-гийн: “...Э- машинаас буусан удалгүй Э-гийн амнаас цус гарчихсан бид нар дээр хүрч ирэхээр нь бид нар юу болсон бэ гэхэд Э- түцэн дотор гурван залуутай маргалдаад нэг залуу нь намайг мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь бид нар тэдгээр залуучуудыг барих гээд хөөсөн. Т- нэг залуугийн араас нь гүйсэн. Тэгтэл нэг хүн гэнэт орилохоор нь хартал Т- газарт хэвтчихсэн нөгөө залуу хажууд нь байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, шинжээчийн 12823, 12885 тоот дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Б-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь согтуурсан үедээ шалтаг шалтгаангүйгээр хохирогч Э.Э-гийн толгой дээр өндөг хагалж, нүүр лүү нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, түүний үйлдлийг таслан зогсоож барьж авах гэж байсан хохирогч П.Т-ыг үүрч шидэн газар унагаж, гарыг нь хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Энхтүвшийнгийн биед хөнгөн хохирол, хохирогч П.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч П.Т- 400.000 төгрөг хүлээн авсан /хх-н 58/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б-үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж, 3-6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Г.Б-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй, хохирогч нарын хохирлыг барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан  торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 1.050 нэгж буюу 1.050.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР