Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Баясгалан /томилолтоор/,

Хохирогч: Л.Э-,

     Шүүгдэгч/хохирогч: Ц.Б-,

Шүүгдэгч: Н.Б-нар өөрөө өрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-т холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005004730331 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б-, 1989 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт хамт ... тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Ц.Б-, 1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны 3 давхарт иргэн Н.Д-тэй маргалдан биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүү, баруун, зүүн бугалганы арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 05 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны 3 давхарт иргэн Ц.Б-, Л.Э- нартай “унтуулсангүй, чимээ гаргалаа” гэх шалтгааны улмаас маргалдан биед нь халдаж иргэн Ц.Б-ын эрүүл мэндэд нь “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүү, баруун, зүүн бугалганы арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн иргэн Л.Э-ын эрүүл мэндэд “тархи доргилт, дух, баруун гарын сарвуу, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Н.Б-шүүх хуралдаанд: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үүрээр 05 цагийн үед унтаж байхад хажуу айлд юм түчигнээд байсан. Өмнө нь эднийх унтуулахгүй, зодолдоод чимээ гаргадаг байсан. Өмнө нь би 2 удаа цагдаа дуудаж байсан. Тэгээд би хаалгыг нь цохиод чанга дуугаар танайх дандаа чимээ гаргаж түчигнэж байдаг. Яг хүний амрах цагаар чанга дуу чимээ гаргалаа, дуу чимээгээ багасгана уу гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед хүүхэд тэвэрсэн 2 эмэгтэй байсан. Миний тавьсан шаардлагад энэ залуу чи яахаараа дандаа шалчиганаж, 2 эмэгтэй хүнийг дээрэлхэж байдаг юм бэ гээд намайг барьж авсан. Тэгээд манай ах бид хоёрыг салгахаар гарч ирсэн. Тэр хооронд би цагдаа дуудсан...” гэв.

Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд: “....2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үүрээр 04 цагийн үед эхнэр ажлаа тараад ирсэн. Би эхнэр дүү хоёрыг идэх юм авахуулахаар дэлгүүр гаргасан. Гэвч нэг бохь мөнгийг нь өгөлгүй илүү авсан байсан. Би бохийг нь дэлгүүрт буцааж өгчихөөд гэртээ дөнгөж орж ирээд байж байтал гэрийн хаалга цохисон. Эхнэр хаалга онгойлгосон. Гэтэл хүмүүс хашхираад байхаар нь очтол Б-гэх залуу ахтайгаа зогсож байсан. Эхнэр өмнө нь энэ хүмүүсийг орж ирээд хэрүүл, маргаан хийгээд байдаг гэж хэлж байсан болохоор та нар яагаад байнга эмэгтэй хүмүүсийг дээрэлхэж хэрүүл хийдэг юм бэ гэж уурлаад бид 2 барьцалдаж байхад эхнэр, дүү 2 гарч ирсэн. Тэгээд бага зэрэг маргалдаад эхнэр цагдаа дуудсан...” гэв.

Хохирогч Л.Э-шүүх хуралдаанд: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой эгч ажлаасаа ирээд ах бид хоёрыг гараад идэх юм аваад ир гээд эгч бид хоёр хамт дэлгүүр орсон. Гэртээ орж ирээд бохь илүү авсан байна гээд ах дэлгүүр орж илүү авсан бохийг өгчихөөд орж ирээд удаагүй байхад хаалга цохисон. Та нар сая хана руу юм шидчихлээ гэхээр нь би хана руу юм шидээгүй. Манайхан бүгд унтаж байна гэж хэлсэн. Тэр үед манайд хэрүүл маргаан зодоон гараагүй байсан. Би хаалгаа хаах гэсэн чинь Б-миний гарыг дараад хаалга хаагаагүй. Тэгээд эгч бид хоёр зогсож байсан чинь ах гарч ирээд та нар 2 эмэгтэй хүн байдаг гээд яахаараа дандаа дээрэлхэж байдаг юм гэж хэлээд хэрүүл болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ц.Б- шүүх хуралдаанд” “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27-07 тоот гэртээ унтаж байхад хажуу айл түжигнээд байсан. Манай дүү Б-гараад очсон. Та нар айл амьтан унтуулаач, амраагаач гэсэн. Тэгээд цаанаас нь хүмүүс гарч ирээд хэрэлдээд зодолдоод байхаар нь би араас нь гараад салгахад уг хажуу айлын залуу хэл амаар доромжлоод дайраад намайг заамдаад миний хүзүү зулгарсан. Хоёр гар хөхрүүлсэн. Тэгээд манай дүү Б-уг залуу хоёр хоорондоо зодолдоод манай дүүгийн фудболкыг нь урсан, гар хөл гэдэс рүү нь цохиод байсан. Тэгээд цаанаас нь бас хоёр эмэгтэй гарч ирсэн. Тэгээд бас дайраад байхаар нь уг хажуу айлын залуу цаашаа бай гээд уг хоёр эмэгтэйг түлхээд гэр рүүгээ оруулсан. Тэгээд хаалга хаагаад манай дүүгийн гарыг хаалганд хавчсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Гэмтлийг манай хажуу айлын намхан туранхай залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/,

Хохирогч Л.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хаалга нүдсэн манай эгч С- онгойлгоход цаанаас нь хана руугаа юм шидсэн, хоорондоо зодолдоод байна гээд байсан. Би тийм зүйл болоогүй гээд маргалдаж байхад ах араас ирээд уг хажуу айлын хоёр хүнтэй маргалдсан. ...уг хажуу айлын ах дүү хоёртой манай ах Батжаргал зууралдаад нэг нэгнийхээ хүзүүг зулгалсан байсан. Тэгээд эгч бид хоёр салгах гэхэд намайг дүү нь гэх залуу нь түлхэхэд би газар унасан. Тэгээд босоод ахыг татахад уг дүү нь гэх залуу намайг түлхэхэд хаалганы бариул байхгүй байсан уг төмөрөнд миний нүүрийг урчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

Хохирогчоор Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр бид хоёр хамт гэр рүү ороод удаагүй хаалга нүдсэн. Тэгээд эхнэр С- дүүтэйгээ онгойлгосон. Тэгээд орилдоод маргалдаад байхаар нь би очиход хажуу айлын ах дүү хоёр гээд хоёр залуу байсан. Дүү нь гэх залуу орилоод дайраад байхаар нь би уг залуутай хэрэлдээд барьцалдаж аваад зууралдсан. Дүү Э-ыг гэр үү түлхээд оруулахад тэгээд манай дүү намайг зодчихлоо гээд дахиад гараад ирсэн. ...намайг шатны хаалт руу дараад түлхээд байсан. ...надад учирсан гэмтлийг Б-гэх залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/,

Шинжээчийн 1816 тоот дүгнэлтэд: “...Л.Э-ын биед тархи доргилт, дух, баруун гарын сарвуу, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 55-56/,

Шинжээчийн 1818 тоот дүгнэлтэд: “...Ц.Б-ын биед хүзүү, баруун тохой, зүүн шуу, хэвлийн зулгаралтууд, цээж, зүүн бугалганы зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 57-58/,

Шинжээчийн 1802 тоот дүгнэлтэд: “...Н.Д-гийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүү, баруун, зүүн бугалганы арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 59-60/,

Хохирогч нарын өргөдөл /хх-н 11-12/, хохирогч Л.Э-ын гэмтэл авсан гэх газрын гэрэл зургын үзүүлэлт /хх-н 48/, шүүгдэгч Н.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 80-87/, шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 95-106/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүрийн 05 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны 3 давхарт иргэн Н.Д-тэй маргалдан, улмаар цохиж зодон, биед нь халдаж эрүүл мэндэд нь “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүү, баруун, зүүн бугалганы арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны 3 давхарт иргэн Ц.Б-, Л.Э- нартай “унтуулсангүй, чимээ гаргалаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар цохиж зодон, биед нь халдаж иргэн Ц.Б-ын эрүүл мэндэд нь “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүү, баруун, зүүн бугалганы арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн иргэн Л.Э-ын эрүүл мэндэд “тархи доргилт, дух, баруун гарын сарвуу, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хацрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Д-гийн: “...би араас нь гараад салгахад уг хажуу айлын залуу хэл амаар доромжлоод дайраад намайг заамдаад миний хүзүү зулгасан. Хоёр гар хөхрүүлсэн. Тэгээд манай дүү Б-уг залуу хоёр хоорондоо зодолдоод манай дүүгийн фудболкыг нь урсан, гар хөл гэдэс рүү нь цохиод байсан. Тэгээд цаанаас нь бас хоёр эмэгтэй гарч ирсэн. Тэгээд бас дайраад байхаар нь уг хажуу айлын залуу цаашаа бай гээд уг хоёр эмэгтэйг түлхээд гэр рүүгээ оруулсан. Тэгээд хаалга хаагаад манай дүүгийн гарыг хаалганд хавчсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Гэмтлийг манай хажуу айлын намхан туранхай залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-18/, хохирогч Л.Э-ын: “...хаалга нүдсэн манай эгч С- онгойлгоход цаанаас нь хана руугаа юм шидсэн, хоорондоо зодолдоод байна гээд байсан. Би тийм зүйл болоогүй гээд маргалдаж байхад ах араас ирээд уг хажуу айлын хоёр хүнтэй маргалдсан. ...уг хажуу айлын ах дүү хоёртой манай ах Батжаргал зууралдаад нэг нэгнийхээ хүзүүг зулгасан байсан. Тэгээд эгч бид хоёр салгах гэхэд намайг дүү нь гэх залуу нь түлхэхэд би газар унасан. Тэгээд босоод ахыг татахад уг дүү нь гэх залуу намайг түлхэхэд хаалганы бариул байхгүй байсан уг төмөрөнд миний нүүрийг урчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/, хохирогчоор Ц.Б-ын: “...эхнэр бид хоёр хамт гэр рүү ороод удаагүй хаалга нүдсэн. Тэгээд эхнэр С- дүүтэйгээ онгойлгосон. Тэгээд орилдоод маргалдаад байхаар нь би очиход хажуу айлын ах дүү хоёр гээд хоёр залуу байсан. Дүү нь гэх залуу орилоод дайраад байхаар нь би уг залуутай хэрэлдээд барьцалдаж аваад зууралдсан. Дүү Э-ыг гэр үү түлхээд оруулаад тэгээд манай дүү намайг зодчихлоо гээд дахиад гараад ирсэн. ...намайг шатны хаалт руу дараад түлхээд байсан. ...надад учирсан гэмтлийг Б-гэх залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/, шинжээчийн 1816, 1818, 1802 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хоёр хүнд учруулж үйлдсэн”,

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б-нь “чимээ гаргалаа унтуулж амраасангүй” гэх шалтгаанаар хохирогч Л.Э-, Ц.Б- нартай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б- нь Н.Б-, Н.Д- нартай маргалдаж, маргалдах явцадаа хохирогч Н.Д-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Д-, Л.Э-, Ц.Б- нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б-, Ц.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Н.Б-,  Ц.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Б- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд,

              - Шүүгдэгч Ц.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-, Ц.Б- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР