Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Э.Б-,

Шүүгдэгч: Б.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005012160567 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа .... тоот регистртэй,

 Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар гудамжны 86а тоот байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед баруун гар, уруулд шарх, зулайн хуйх, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-шүүх хуралдаанд: “...Би хашаа байшин түрээслэж амьдардаг. 28-ны өдөр найз Буянтогтохтой хамт архи уусан. Сайн санахгүй байна. Би Буянтогтохтой маргалдаж байснаа санаж байна. Тэгээд манай найз гараад явчихсан байсан. Дараа нь цагдаа хүрч ирээд эрүүлжүүлэхэд хоносон” гэв.

Хохирогч Э.Б- шүүх хуралдаанд: “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2 шил 0.75 граммтай архи уучихаад би унтаад өгсөн. Тэгсэн дээрээс ус асгасан. Босолдоо гэж хэлэхээр нь би уурласан. Тэгсэн ахиад ус асгасан, тэгсэн ам руу ус орчихоор нь би уурласан. Тэгээд маргалдаад эхэлсэн. Би түлхсэн чинь падуушкан дээр унасан. Тэгээд босож ирснээ намайг цохих гээд байхаар нь би тэврээд авчихсан. Тэгсэн намайг шууд өшиглөөд би манраад доошоо суусан. Сандлаар бас цохисон. Би уурлаад гараад явсан. Эгч рүүгээ залгасан намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгсэн эгч цагдаа дуудсан байна лээ. Надад одоо гомдол, санал байхгүй” гэв.

Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Б.Б-ын түрээсэлж байгаа хашаа байшинд хамт амьдарч байсан. Тэгээд хамт 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Миний нойр хүрээд унтаж байхад Б.Б- миний нүүрэн дээр ус асгаад сэрээсэн. Би эрүүл болоод сэргэе гэхэд дахин ус асгасан. Тэгэхээр нь би уурлаад “чи яагаад байгаа юм бэ, хүн унтуулахгүй” гээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд намайг “зайл” гэсэн тэгэхээр нь би “явлаа” гэсэн. Тэгэхэд босоод ирэхээр нь би түлхэхэд ор руу унасан. Тэгээд босч ирээд намайг бариад авсан, би бас бариад авсан. Тэгээд би доор нь ороод газар унасан. Тэгэхэд миний дээрээс гараараа хэд хэд цохисон. Би гараараа толгойгоо хаагаад хэвтэж байхад үсдээд өшиглөсөн. Тэгэхэд миний уруулыг сэт өшиглөсөн. Би жаахан манарсан, тэгэхэд миний мөр, толгой хэсэгт модон сандалаар цохисон. Тэгэхэд нь би гараараа толгойгоо хамгаалсан. Тэгэхэд миний гарыг язалсан, тэгээд гар хөхөрсөн. ...босох гээд босч чадахгүй жаахан хэвтсэн. Тэгэхэд дээрээс дахин ус асгасан. Тэгэхээр нь сэргээд уурлаад “чи яаж байгаа юм бэ, намайг дэндүү зодлоо шүү дээ” гэхэд “чи яах гэж миний дургүй хүргэсэн юм” гэсэн. Тэгээд би “зайллаа” гээд гараад явж байхад араас дуудсан. Би тоохгүй доошоо яваад эгч рүүгээ утсаар яриад эгч ирээд цагдаа дуудаад цагдаа ирэхэд Б.Б- араас дэлгүүр дээр ирсэн. Тэгээд Б.Б-ыг авч явж эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 4117 тоот дүгнэлтэд: “...Э.Б-ын биед баруун гар, уруулд шарх, зулайн хуйх, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 23-25/,

Яллагдагчаар Б.Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би доороо оруулаад хэд хэд цохисон. Тэгээд босоод дахиад цохисон. Тэгэхэд сандал ширээн дээр унасан. Тэгээд дахиад татаж унагаагаад хэд хэд цохиж өшиглөсөн. Тэгээд маргалдаад Буянтогтох гарч явлаа гээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-76/, хохирогчийн өргөдөл /хх-н 83/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар гудамжны 86а тоот байшинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед баруун гар, уруулд шарх, зулайн хуйх, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун шуу, баруун шилбэнд зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Б-ын: “...босч ирээд намайг бариад авсан, би бас бариад авсан. Тэгээд би доор нь ороод газар унасан. Тэгэхэд миний дээрээс гараараа хэд хэд цохисон. Би гараараа толгойгоо хаагаад хэвтэж байхад үсдээд өшиглөсөн. Тэгэхэд миний уруулыг сэт өшиглөсөн. Би жаахан манарсан, тэгэхэд миний мөр толгой хэсэгт модон сандалаар цохисон. Тэгэхэд нь би гараараа толгойгоо хамгаалсан. Тэгэхэд миний гарыг язалсан, тэгээд гар хөхөрсөн. ...босох гээд босч чадахгүй жаахан хэвтсэн. Тэгэхэд дээрээс дахин ус асгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, шинжээчийн 4117 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь согтуурсан үедээ хохирогчийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 83/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Б-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР