Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 406

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч: Б.Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005006370330 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Барилгын 7/7-36 тоотод хамтран амьдрагч эмэгтэй иргэн О.У-тай маргалдан зодож баруун нүдний доод зовхины доор цус хуралт, цээжний урд дээд зүүн, баруун хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн ар гадаргуу дээр зулгаралт, зүүн хөлийн өвдөгний дээр цус хуралт, хурууны доод баруун хэсэгт, дунд баруун хэсэгт, дунд зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн үед ажлаа тараад өөрийн найз залуу Б-ийн хамт Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Барилгын 7/7-36 тоот руу Б-ийн хамт орсон юм. Б- тэр айл руу орохдоо дэлгүүрээс 3 ширхэг том пиво намайг зөвшөөрөөгүй байхад аваад орсон. Айл руу ороход Б-ийн найзын найз гэх эмэгтэй ганцаараа байсан. Гэрт нь ороод тэр эмэгтэйтэй танилцаж нөгөө авч орж ирсэн пивоноосоо Б- нөгөө эмэгтэй бид 3 хувааж уугаад дуусгачихаад одоо Б- бид 2 явлаа гэсэн чинь нөгөө эмэгтэй Б- бид хоёрыг хоночихоод яв гээд байсан. Би үгүй харина гэтэл үснээс зулгааж газарт унагааж цээж рүү цохиж, гар хөл өвдөг, нуруу орчим руу өшиглөж зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг айлд хонохгүй явах гэлээ гэж зодсон. Б- намайг тухайн үед үснээс зулгааж газарт унагааж цээж, гар, нуруу, хөл өвдөг орчим руу өшиглөж зодсон. Баруун нүдний доод тал руу гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/,

Шинжээчийн 2038 тоот дүгнэлтэд: “...О.У-ын биед баруун нүдний доод зовхины доор цус хуралт, цээжний урд дээд зүүн, баруун хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн ар гадаргуу дээр зулгаралт, зүүн хөлийн өвдөгний дээр цус хуралт, нурууны доод баруун хэсэгт, дунд баруун хэсэгт, дунд зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 32-33/,

Яллагдагчаар Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...У- бид хоёр Алтангэрэлийнд хонох зорилготой байсан. Тэгтэл У- хэрүүл маргаан хийгээд бид хоёр маргалдаад би нилээн согтчихсон байсан болохоор У-ыг зодчихсон. Би У-ын нүүр рүү гараараа алгадаж байснаа санаж байгаа, дараа нь яаж цохисноо ...санахгүй байна. У-аас уучлал гуйсан” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

            Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хохирлын баримтууд /хх-н 39-41/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-62/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Барилгын 7/7-36 тоотод хамтран амьдрагч эмэгтэй иргэн О.У-тай айлд хоноод явна гэснээс маргалдан зодож баруун нүдний доод зовхины доор цус хуралт, цээжний урд дээд зүүн, баруун хэсэгт цус хуралт, баруун гарын тохойн ар гадаргуу дээр зулгаралт, зүүн хөлийн өвдөгний дээр цус хуралт, хурууны доод баруун хэсэгт, дунд баруун хэсэгт, дунд зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.У-ын: “...Б- бид 2 явлаа гэсэн чинь нөгөө эмэгтэй Б- бид хоёрыг хоночихоод яв гээд байсан. Би үгүй харина гэтэл үснээс зулгааж газарт унагааж цээж рүү цохиж, гар хөл өвдөг, нуруу орчим руу өшиглөж зодсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг айлд хонохгүй явах гэлээ гэж зодсон. Б- намайг тухайн үед үснээс зулгааж газарт унагааж цээж, гар, нуруу, хөл өвдөг орчим руу өшиглөж зодсон. Баруун нүдний доод тал руу гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/, шинжээчийн 2038 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь согтуурсан үедээ хохирогч О.У-ыг зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.У-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирогч О.У-ын дүрс оношилгооны зураг авахуулсан 150.000 төгрөг, эм, тариа авч эмчилгээнд зарцуулсан 22.543 төгрөг, нийт 172.543 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч О.У-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг улсын яллагчийн санал болгосноос доогуур хэмжээгээр буюу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

       Шүүгдэгч нь шүүхийн шатнаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 01 хоног цагдан хоригдсоны 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн урьд цагдан хоригдсон 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь шүүхээс оногдуулсан 292 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР