Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Д.Үүлэн,

Шүүгдэгч: Б.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905023690440 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-, 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Фаяа баарны гадна хохирогч М.Б-тэй маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүнийг зодож, биед нь зүүн хөмсөгний дотор дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, хоёр талын хацарт зулгаралт, дээд уруулд цус хуралт, шарх, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр найз Энхбатын гэрт очиж, найз Г-, Г- нартай уулзаж, захирал руугаа ярьж цалин болох 500.000 төгрөгийг Г-гийн данс руу хийлгэж аваад 0.75 литрийн нэг шил архи, 8 лааз пиво болон хүнсний бүтээгдэхүүн зэргийг 80.000 төгрөгөөр авч уусан. Орой 00 цагийн үед Э- над руу залгаад, андаа хаана байна уулзъя гээд Модны 2-ын +25 нэртэй баарны гадна уулзсан. Тухайн үед Э- найз Шижрээтэйгээ хамт явж байсан. Э- хорооллын эцсийн Фаяа баар оръё, тэнд олон хүүхнүүд ордог гээд бид 3 Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фаяа бааранд орж 0.75 литрийн нэг шил архи, 2 шил пиво, ус ундаатай авч уусан. Би архи уугаагүй, 2 шил пиво уусан. ...Э- 5 хүүхэн байна, аваад явъя гээд надаас гуйгаад байсан. Би хүүхдийн баяр болох гэж байна, чадахгүй гээд бид хоёр тамхи татаад баарны баруун талд маргаад зогсож байтал Ш- цаанаас ирээд яасан бэ, яахаар болсон бэ хөгшөөн гэхээр нь би уурандаа Ш-ийг цохих гэтэл Ш- бултаад би хий цохиод эрчиндээ газар унаад босох гэтэл ...Ш-, Э- хоёр талаас нүүр, толгой, цээж, бэлхүүс рүү хэд хэдэн удаа өшиглөөд байсан. ...Э- нүүр рүү гараараа цохиод газар унасан байхад урдаас ирж нүүр рүү өшиглөснийг бол сайн санаж байна. Нүүрэн дэх гэмтлүүдийг Э- учруулсан. ...Эмчилгээ бол хийлгээгүй. Э- надаас уучлал гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/,

Гэрч Ц.Ш-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид 3 баарнаас гараад тамхилж байхад Э-, Б- 2 юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргаад дух духаараа хараад зогсож байхаар нь би очоод салгатал ер нь чамаас болж байгаан гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиход би нүүрээ дараад доошоо суухад Э-, Б-ийг заамдаад цааш нь чирээд мухарт аваачаад зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31, 83/,

Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фаяа бааранд хамгаалагчаар ажиллаж байсан юм. ...Нэг залуу нь газар уначихсан байсан. 2 найз нь 2 талд нь гарчихсан байсан. Машины цонх хагалдаг залуу нь цээжний дээд хэсэгт өшиглөж байхад нь би очиж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Шинжээчийн 6629 тоот дүгнэлтэд: “... М.Б-ийн биед зүүн хөмсөгний дотор дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, хоёр талын хацарт зулгаралт, дээд уруулд цус хуралт, шарх бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 36/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтад өгсөн: “..Зүүн хөмсөгний дотор дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Гар, хөл, мод, чулуу гээд хурц ир, ирмэгтэй зүйл бүгд хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Яллагдагчаар Б.Э-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ш-ийн гэрт бид 2 пиво уугаад сууж байтал Б- залгаад бид 3 уулзахаар болсон. 00 цагийн үед уулзаад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фаяа бааранд орж 0.75 литрийн нэг шил архи, ус ундаатай авч уусан. ...Гадаа тамхи татах гэж гараад би нэг эмэгтэйтэй танилцаад хамт явахаар болоод Б-ээс мөнгө асуутал байхгүй гээд бид хоёр бага зэрэг маргатал Ш- боль гээд дундуур орж ирээд салгасан. Б- Ш-ийн нүүр рүү гараараа цохичихоор нь би Б-ийн нүүр рүү гараараа цохиод газар унасан үед өшиглөж байхад хамгаалагч нар ирж салгасан. ...Ш- бид хоёр нийлж Б-ийг зодоогүй. Б- Ш-ийг цохьчихоор нь би ганцаараа Б-ийг зодсон. Б-ээс уучлалт гуйсан эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, хохирогчийн өргөдөл /хх-н 13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 18-21, 41, 59, 65/, хохирогчийн хүсэлт /хх-н 91/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Э-нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Фаяа баарны гадна хохирогч М.Б-тэй маргалдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүнийг зодож, биед нь зүүн хөмсөгний дотор дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэг, хамар, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, хоёр талын хацарт зулгаралт, дээд уруулд цус хуралт, шарх, бүсэлхийн зүүн хэсэгт цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Б-ийн: “...Э- 5 хүүхэн байна, аваад явъя гээд надаас гуйгаад байсан. Би хүүхдийн баяр болох гэж байна, чадахгүй гээд бид хоёр тамхи татаад баарны баруун талд маргаад зогсож байтал Ш- цаанаас ирээд яасан бэ, яахаар болсон бэ хөгшөөн гэхээр нь би уурандаа Ш-ийг цохих гэтэл Ш- бултаад би хий цохиод эрчиндээ газар унаад босох гэтэл ...Ш-, Э- хоёр талаас нүүр, толгой, цээж, бэлхүүсний хэд хэдэн удаа өшиглөөд байсан. ...Э- нүүр рүү гараараа цохиод газар унасан байхад урдаас ирж нүүр рүү өшиглөснийг бол сайн санаж байна. Нүүрэн дэх гэмтлүүдийг Э- учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24-26/, гэрч Ц.Ш-ийн: “...Бид 3 баарнаас гараад тамхилж байхад Э- Б- 2 юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргаад дух духаараа хараад зогсож байхаар нь би очоод салгатал ер нь чамаас болж байгаан гээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиход би нүүрээ дараад доошоо суухад Э- Б-ийг заамдаад цааш нь чирээд мухарт аваачаад зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31, 83/, гэрч Б.Л-ын: “...Нэг залуу нь газар уначихсан байсан. 2 найз нь 2 талд нь гарчихсан байсан. Машины цонх хагалдаг залуу нь цээжний дээд хэсэгт өшиглөж байхад нь би очиж салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 32/, шинжээчийн 6629 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Э-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-нь согтуурсан үедээ хохирогчийг найз Ш-ийг цохилоо гэх шалтгаанаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 91/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР