| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 169/2017/0021/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2017-10-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 21
М.Г нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Х.Отгонжаргал, С.Төмөрбаатар, Д.Дарьсүрэн
Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Х.Отгонжаргал нарын давж заалдах гомдлоор М.Г, Б.Ө, Б.Ч, Ж.Е нарт холбогдох эрүүгийн 201512000131 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ оршин суух, гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Ө
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ..........оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М.Г
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...........тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх /регистрийн дугаар Б.Ч Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өршөөлийн хуульд хамрагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.Е
Шүүгдэгч Б.Ө, Б.Ч, М.Г нар бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 13-наас мөн оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпилийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаарын цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж 41127000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ч Ж.Е нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 3720000 төгрөгийн, мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахил” гэх газраас С.Энхтайваны бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “болор” нэртэй архи зэрэг эд зүйлс хулгайлж 1938000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Есболыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Шеруши бахат овгийн Жемисийн Есболыг цагаатгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, шүүгдэгч Б.Чинбадралд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон тус тус өөрчилж,
Шүүгдэгч Тойн овгийн Маньбадарын Ганбаатар, Номгон овгийн Бямбасүрэнгийн Чинбадрал, Харнууд овгийн Баттулгын Өлзийбадрах нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч М.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар тус тус 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Чинбадралд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Чинбадралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Ганбаатарын эдлэх 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд, шүүгдэгч Б.Өлзийбадрахад оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд, шүүгдэгч Б.Чинбадралд оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд тус тус эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатарын цагдан хоригдсон 190 /нэг зуун ер/ хоног, шүүгдэгч Б.Чинбадралын цагдан хоригдсон 157 /нэг зуун тавин долоо/ хоног, шүүгдэгч Б.Өлзийбадрахын 27 /хорин долоо/ хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Ж.Есбол 3 /гурав/ хоног цагдан хоригдсоныг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нараас 4500000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бамбаруушт, шүүгдэгч Б.Өлзийбадрахаас 11425666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг, шүүгдэгч Б.Чинбадралаас 11425666 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ц.Дэжидпилд олгож,
Хохирогч Ц.Дэжидпил нь 6850000 /зургаан сая найман зуун тавин мянган/ төгрөгийн, хохирогч Т.Дулмаа нь 920000 /есөн зуун хорин мянган/ төгрөгийн, хохирогч С.Энхтайван 280000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийн эд зүйл тус тус буцаан авсныг, шүүгдэгч Б.Чинбадрал хохирогч С.Энхтайван, Т.Дулмаа нарт хохирлоо нөхөн төлснийг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас 281850 /хоёр зуун наян нэгэн мянга найман зуун тавин/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ц.Дэжидпилд, шүүгдэгч Б.Чинбадралаас 233391 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун ерэн нэгэн/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Дулмаад, шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Уваа-Уул” ХХК-д тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар Т.Банзрагчийн эзэмшлийн Крайнс 2 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Э.Одончимэгийн эзэмшлийн Ийст маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 сарын 11-ний өдөр тогтоол, Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн Старикс автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 сарын 16-ны өдрийн хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгсэл болон түүний гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг тус тус буцаан олгож, шүүгдэгч М.Ганбаатар, Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нараас Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн Старикс автомашины үнийг хувь тэнцүүлэн албадан гаргуулах, шүүгдэгч Б.Чинбадралаас Э.Одончимэгийн эзэмшлийн Ийст маркийн автомашины үнийг албадан гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тус тус зарцуулж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цоож 2 ширхэг, төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нарт урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
Шүүгдэгч Ж.Есболд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож Ж.Есбол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо гаргуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Өлзийбадрах давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Би М.Ганбаатартай бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатнаас хэтэрхий нэг талыг баримтлан хулгайлсан хөрөнгийн хохирлыг бусадтай хуваалцаж төлөх гэсэн Ганбаатарын сэтгэлд бүрэн хөтлөгдөж, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гүтгэсээр намайг ийм хүнд хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна. Шүүх хурлаар хэлэлцэгдэж байхад болон мөрдөн байцаалтын ажиллагаанд М.Ганбаатар нь мэдүүлгээ олон янзаар мэдүүлж, хулгайлсан зүйлээсээ 4 эмээлийг өөрийн гараар үгүй хийж, бусдад зарж борлуулсан бүх мөнгөө ганцаараа авснаа тодорхой ярьдаг юм билээ. Гэтэл анхан шатны шүүхээс энэ хэрэгт Б.Өлзийбадрах намайг гэм буруутай байна гэж ямар ч үндэслэх нотлох баримтгүйгээр зөвхөн хулгай хийсэн М.Ганбаатарын гүтгэлэг, гүтгэсэн мэдүүлгээр надад олон жилийн ял оногдуулаад, Чинбадрал бид хоёроор хохирлыг хуваалцаж төлүүлэх гэсэн санаа, сэтгэл агуулсан хэрэгтний мэдүүлгээр “хохирол төлөөгүй байна” гэж үзэн олон жилийн ял оногдуулж шүүх гэм бурууг тогтоож хохирлыг адил тэнцүү хувааж оногдуулах шийдвэр шүүх хурлын 1-р шатанд гаргаснаар М.Ганбаатарын бусдыг гүтгэж гэмт хэрэгт татан оролцуулж, хохирлыг хувааж төлүүлэх зорилго нь биелэгдсэнээр Ганбаатар 5 хоногийн завсарлага авч хохирол төлбөрөө төлсөн тухай баримт авч ирсэн. М.Ганбаатарыг хохирлоо бүрэн төлсөн байна гэж үзэж ялгүй шахам гаргаж, Ганбаатарын урьдаас төлөвлөсөн бодлыг биелүүлж, ял оногдуулахдаа буруу тооцоо хийсэн шүүгчид гомдолтой байна. Мөн намайг шийтгэх тогтоолд 2015 оны 9 сарын 29-ний өдөр уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, миний хувийн байдлыг дордууллаа гэж гомдож байна. Би 2015 оны 9-р сарын 29-нд ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Ганбаатарын бусадтай хамтарч мөнгийг нь ганцаараа авсан гэх гурван эмээлийг буюу 30 гаруй сая төгрөгийн хохирлыг яагаад бидэнд хамаатуулж ял оногдуулав.
Би хэдийгээр гэмт хэрэг үйлдээгүй ч шүүх гэм буруутай гэж үзсэнээр хохирлыг хариуцах төлбөрийг зөв гаргаж тооцсон бол гүтгүүлсэн ч хамаагүй.
Өндөр настай, байнгын эмчийн хяналтанд байдаг аав, ээж, 3 настай хүү, жирэмсэн эхнэр минь сэтгэл санааны гүн хямралд орж эрүүл мэндээрээ хохирч байгаа болохоор үлдэх хохирлыг ял халдахад өөрт ашигтай байдлыг анхаарч үзэн төлөөд өнгөрөх сэтгэл байсныг үгүйсгэх үгүй ээ.
Гагцхүү төлбөр, хохирол төлөөгүй гэсэн шүүгчийн буруу тооцоолсноор олон жилийн ял авлаа гэж гомдож байна.
Гэмт хэрэг үйлдээгүй, бусдад гүтгүүлж байгаа надад тайлбарлаад хэлээд байх үг ч олдохгүй байлаа. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит үнэнийг олж, надад холбогдуулаад байгаа хэргийн 40 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Өлзийбадрахын өмгөөлөгч С.Төмөрбаатар давж заалдах гомдолдоо: Миний бие Б.Өлзийбадрахыг гэм буруутайд тооцож Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 40 тоот шийтгэх тогтоолоор түүнд 2015 онд батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.1, 2.4-д заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэсэнг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-р зүйлийн 1-д заасан эрхийн хүрээнд ЭХХШТХ-ийн 39.7-р зүйлийн 1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн хуулийн 39.7-р зүйлийн 1.2-д зааснаар “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Миний үйлчлүүлэгч Б.Өлзийбадрах нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн шатны хэлэлцүүлгийн шат хүртэлх хугацаанд бусадтай бүлэглэн иргэн Ц.Дэжидпилийн бууцан дээрх амбаар болон байшингаас 41127000 төгрөгний эд зүйлсийг хулгайлаагүй талаараа удаа дараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх илтэд нэг талыг барьж, зөвхөн иргэн Ц.Дэжидпилийн гэрээс эд зүйлсийг санаатайгаар, өс хонзонгийн сэдэлтээр хулгайлсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч М.Ганбаатарын мэдүүлэгт үндэслэн ял халдааж шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Дэжидпил, гэрч Д.Бамбарууш, С.Амгаланбаяр, Б.Дондовдорж, Ж.Төвсанаа нарын мэдүүлгээр Б.Өлзийбадрах иргэн Ц.Дэжидпилийн эд зүйлсийг хулгайлаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судалсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал шүүх дээрхи нотлох баримт буюу гэрч нарын мэдүүлэгт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Шүүх шүүгдэгч М.Ганбаатар нь Ц.Дэжидпилийн байшингаас 4 эмээл хулгайлж тэдгээрээс 1 эмээлийг нь голд хаясан, 12 цагаантай эмээлийг нь С.Амгаланбаяраар зуучлуулан Д.Бамбаруушид 4500000 төгрөгөөр зарсан, 12 цагаантай “Батноров” эмээлийг мөн С.Амгаланбаяраар зуучлуулан Б.Дондовдоржид 5000000 төгрөгөөр зарсан, Ж.Төвсанаагаар дамжуулан 1000000 төгрөгөөр 12 цагаантай эмээлийн мөнгөн тоногийг зарж, эмээлийн мод, гөлөм зэргийг Ганбаатар өөрөө Нарантуул дээр зарсан байтал, уг 4 эмээлийг Өлзийбадрах, Чинбадрал Ганбаатар бүлэглэн хулгайлсан гэж уг эмээлүүдийн үнийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл эмээлүүдийг зарсан, мөнгийг нь авсан, худалдан авсан хүмүүс нь байсаар байхад Өлзийбадрах уг гэмт хэргийг үйлдсэн гэж ял халдаасанд гомдолтой байна.
3. Шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох хэсэгт” шүүгдэгч Б.Өлзийбадрах нь 2015.09.29-ний өдөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн буюу 2002 оны ЭХ-ийн Ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу ялтан байхдаа гэмт хэрэг үйлдсэн талаар дурьдсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл дээрхи хугацаанд Өлзийбадрах гэмт хэрэг үйлдээгүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Иймд миний үйлчлүүлэгч бусдын эд зүйлсийг хулгайлсан гэх гэмт хэрэг нь нотлогдоогүй тул Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Өлзийбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Б.Чинбадрал давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2017.08.31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Би М.Ганбаатартай бүлэглэн хулгай хийгээгүй. М.Ганбаатар хулгай хийсэн зүйлийнхээ хохирол төлбөрийг надтай хуваан төлөх санаа өвөрлөн намайг гүтгэж байна.
М.Ганбаатар тэр хулгай хийсэн гэх 2015 оны 6 сарын 15-наас 19-ний хооронд намайг Улаанбаатар хотод байсан талаар гэрчүүд болох Халиунаа, Б.Чинзориг, М.Дорждэрэм, Р.Бямбасүрэн, Э.Одончимэг нар бүгд гэрчилдэг. Гэтэл яагаад энэ хүмүүсийн мэдүүлгийг үнэлэхгүй намайг үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан ял шийтгэж байгааг ойлгохгүй байна.
... Миний нагац ах болох М.Ганбаатар нь анх Дундговь аймгийн цагдаа дээр шалгагдаад ирчихсэн байна. Чи машинаа намайг гуйхаар өгөөд явуулсан гээд хэлчих гээд надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн юм. ... Миний үйлдсэн хэрэг гэвэл 2015 оны 9 сарын 24-нд Гурвансайхан сумын иргэн Отгондорж, Энхтайван гэдэг айлуудаас хулгай хийсэн нь үнэн. Энэ айлуудаас хулгай хийсэндээ гэмшиж байгаа ба учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Гэтэл мөн хулгайн үйлдлийг би Старекс машинаар үйлдсэн байхад Оюунчимэгийн Ист маркийн машинаар үйлдсэн гэж үзэж байгаа нь хууль бус юм. Энэ Ист машинаар 2015.09.29-нд Гурвансайхан суманд найранд ирээд буцахдаа аймгийн төвөөр дайраад явсан байхад шүүхээс 2015.09.24-нд Гурвансайхан сумаас Ист машинаар хулгай хийсэн байна гэсэн нь зөрчилтэй байна. Ганбаатар би ганцаараа бусадтай нийлж зарж үрсэн гээд байгаа 3 эмээлийн 30 гаруй сая төгрөгийн хохирлыг Өлзийбадрах бид хоёртой хувааж төлүүлэхээр шийдвэрлэдэг нь ямар учиртай юм, би ер ойлгохгүй байна. ...Хохирол төлбөрийг зөв тооцон гаргаад Ганбаатарын ганцаараа авч зарж борлуулсан гэх тэр 3 эмээлийн 30 гаруй сая төгрөгийн хохирлыг нь хасаад үлдэх хохирлыг худлаа гүтгүүлж байгаа ч гэсэн оногдох ял шийтгэл хөнгөрөх боломжтой бол аавыгаа, хүүхдээ, амьдралаа, ханийгаа бодоод өөрийнхөө хойшдын эрүүл мэндээ анхаарч төлөөд ялаа хөнгөрүүлдэг ч юм уу гэж хүртэл бодож сууна. Прокурорын шатанд, шүүхийн шатанд ч хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэж, хохирол тооцоо хийхдээ ч мөн л Ганбаатарын талд тооцож хөнгөвчлөх гэсэн арга ч юм уу гэж бодож байна. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, хийгээгүй хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин үйлдээгүй хэргээ зөвшөөрөхгүй, хийгээгүй хэргийн төлөөх төлбөр мөнгийг төлөхгүй, надад хийгээгүй хэргийн төлөө хилсээр ял оногдуулж байгаад би гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох иргэн Дэжидпилийн бууцнаас эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Чинбадралын өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.31-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Миний бие Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145-р зүйлийн 145.2, 145.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Чинбадралтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан анхан шатны шүүх хуралдаанд оролцсон билээ.
Миний үйлчлүүлэгч Б.Чинбадрал нь 2015 оны 6 сарын 13-19-ний хооронд өөрийн нагац ах болох М.Ганбаатар, Б.Өлзийбадрах нартай бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумаас хулгай хийгээгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн удаа дараа мэдүүлдэг. Энэ цаг хугацаанд Улаанбаатар хотод байсан ба энэ талаар гэрчүүд болох Халиунаа, Б.Чинзориг, М.Дорждэрэм, Бямбасүрэн, Э.Одончимэг нар бүгд гэрчилдэг. Гэтэл яагаад энэ хүмүүсийн мэдүүлгийг үнэлэхгүй, үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулж, ял шийтгэж байгаа нь ойлгомжгүй болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан Нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулийн 16.2.1.1. “ гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ -ыг тогтоож чадаагүй. Чинбадрал нь хэрэв хохирогч Дэжидпилийн бууцнаас 2015 оны 6 сарын 13-19-ний хооронд Старекс машинаар хулгай хийсэн бол энэ машины мөр, тэнхлэг хоорондын зай нь хэргийн газрын үзлэгээр тогтоох ёстой байхад уг хэргийн газрын үзлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр энэ нь үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл энэ талаар Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.02.26-ний өдрийн № 11 /2-р хавтаст хэргийн 38-39-р тал/ дугаартай шинжээчийн дүгнэлтээр “уг хэргийн газрын үзлэгт ирүүлсэн мөр нь жижиг суудлын автомашины мөр байна, гэрэл зурган дээрх мөр нь хураан авсан гэх 65-97 дугаартай /Старекс/ тээврийн хэрэгслийн мөртэй тохирохгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ нь уг Старекс машинаар хулгай хийгээгүй гэдгийг нотолдог. Гэтэл анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр яаж хэрхэн тайлбарласан нь шийтгэх тогтоолд мөн тодорхойгүй байна. Иймээс шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Уг хулгайн гэмт хэргийг ядаж ямар машинаар үйлдсэнийг тогтоож чадаагүй байж миний үйлчлүүлэгчид ял халдааж байгаад гомдолтой байна.
Мөн нөгөө талаас иргэн Дэжидпилийн бууцнаас хулгай хийхэд Чинбадрал, Өлзийбадрах нарыг хамт үйлдсэн гэм буруутайд анхан шатны шүүх тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 36.1.5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэх ёстой. Үүнийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн санаа сэдэлтийг хэн гаргасан, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юунаас болсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хулгайлсан эд хөрөнгийн юу юуг хэн авсан талаар нарийвчлан судалж учруулсан хохирол, хор уршигт нь шүүгдэгч тус бүрт тохирсон ял, хохиролыг оноох ёстой байсан. Гэтэл уг айлын алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний ихэнхи хэсгийг Ганбаатарын авсан гэх эмээлүүд бүрдүүлдэг. Энэ эмээлүүдийг Ганбаатар авч зарж борлуулж, мөнгө төгрөгийг нь хэрэглэсэн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ганбаатар нь мэдүүлдэг. Үүнийг шүүх мөн анхаарч үзэж шүүгдэгч нарт буюу ялыг болон хохирол төлбөрийн хэмжээг ялгавартай оногдуулах ёстой байхад мөн эсрэгээрээ анхны гэмт хэргийн санааг гаргасан, эд зүйлийг гардан борлуулсан М.Ганбаатарт 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, учруулсан хохирлыг яг тэнцүү хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1-р зүйлийн 1.3-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Б.Чинбадрал нь 2015 оны 9 сарын 24-нд Гурвансайхан сумын иргэн Отгондорж, Энхтайван, Энхбат гэдэг айлуудаас хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, энэ айлуудаас хулгай хийсэндээ гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Хэдийгээр Чинбадрал нь уг хулгайн хэргийг хийсэн талаар хүлээн зөвшөөрдөг ч гэсэн энэ хулгайн үйлдлийг 2015.09.24-нд Старекс машинаараа үйлдсэн гээд байхад яллах дүгнэлт болон, шийтгэх тогтоолуудад Одончимэгийн Ист маркийн машинаар үйлдсэн гэж үзэж байгаа нь хууль бус юм.
Ист машинаар 2015.09.29-нд Гурвансайхан суманд найранд ирээд, буцахдаа аймгийн төвөөр дайраад явсан байхад шүүхээс 2015.09.29-нд Гурвансайхан сумаас Ист машинаар хулгай хийсэн байна гэсэн нь мөн л гэмт хэргийг хэзээ, хэрхэн үйлдсэнийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хулгайд эд зүйлээ алдсан талаар хохирогч нар цаг хугацааг нь 2015.09.24-25-нд гэж мэдүүлдэг. Энэ талаар мөн гэрч Улаанхүү 2015.09.24-нд Старекс машиныг Энхтайваны бууцнаас гараад явахыг харсан байдаг. /1-р хх-ийн 100-р хуудас/ Үүнийг цаг хугацааны хувьд хэзээ, ямар машинаар үйлдсэнийг мөн тогтоогоогүй.
Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Ист маркийн машинд Гурвансайхан сумаас хулгайлсан гэх эд зүйлс багтахгүй, энэ талаар туршилт хийлгэх хүсэлтийг өмгөөлөгч миний бие гаргасан ба уг хүсэлтийг шүүхээс хангаж шидвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээр энэ туршилтийн ажиллагаа огт хийгдээгүй, шүүх хэргийг шийдвэрлэсэн. Энэ машинд хулгайлсан 3 ширхэг мотор, 60 кг ааруул, насос, Соната машины шалдан мотор зэрэг хулгайлсан гэх зүйлс багтах эсэхэд туршилт хийлгэх нь уг гэмт хэргийг хэзээ, хэрхэн үйлдсэнийг тогтооход ач холбогдолтой байсан билээ. Өөрөөр хэлбэл эдгээр эд зүйлс багтахгүй бол 2015.09.24-нд Старекс машинаар уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдох байсан.
Есболтой Ист машинаар явахад дотор нь эд зүйл байгаагүй талаар шүүгдэгч Есбол, Өлзийбадрах нар мөн гэрчилсээр байхад гэмт хэргийг хэзээ, хэрхэн үйлдсэнийг тогтоохыг зориогүй, нэгэнт шүүгдэгч хэргээ хүлээсэн байхад гэсэн хандлагаар хандаж хэргийг шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5.1.1, 39.6.1-д заасан үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзэж энэхүү гомдлыг гаргалаа.
Иймд Б.Чинбадрал нь Адаацаг сумын нутаг, иргэн Дэжидпилийн бууцнаас эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Гурвансайхан сумаас хийсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн 1.9-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж” 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар тухайн гэмт хэргийг зүйлчилж , учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа холбогдсон тул тэнсэн хянан харгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс/Д.Дарьсүрэн/: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Ганбаатар нарт холбогдох 201512000131 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ганбаатар, Б.Өлзийбадрах, Б.Чинбадрал нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 13-наас мөн оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” нэртэй газраас Ц.Дэжидпилийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаараас эд зүйл хулгайлж 41127000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд болох хэргийн газрын дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хураан авах тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хүн таньж олуулах тухай тэмдэглэл, эд зүйл таньж олуулах тухай тэмдэглэл, зураг таньж олуулсан тухай тэмдэглэл, мөнгөн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд “... нагац дүү болох Б.Чинбадрал, Б.Өлзийбадрах нартай хамт гурвуулаа явж Ц.Дэжидпилийнхээс хулгай хийсэн..” гэж удаа дараа мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Дэжидпил, гэрч Т.Лхагвасүрэн, Д.Бамбарууш, Х.Арилжидмаа, Б.Дондовдорж, Д.Мягмаржав, Б.Чинтуяа, С.Амгаланбаатар, Ж.Төвсанаа нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шийтгэх тогтоолдоо дурджээ.
Ийнхүү нотлох баримтын нэрсийг дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэснийг зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
Иймд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Тогтоох нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
3. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ