Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2018/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга *******-д холбогдох “Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 08-наас хойшхи хугацааны цалин хөлс болон амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 6 сарын 20-ний өдрийн 80 тоот ажлаас хууль зүйн үндэслэлгүй, хууль бусаар халсан тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 сарын 08-наас хойшхи хугацааны цалин хөлс болон амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх.

Нэхэмжлэлийн үндэслэл: ******* миний бие АУДЭС-ийн хүүхдийн эмчилгээний ангийг 1988 онд төгсөж хүүхдийн хэсгийн эмнэлэгт 3 жил, 1991 оноос Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгчээр тасралтгүй 23 жил, төрийн албанд нийт 29 ажилласан. 2013 оны 1 сарын 13-нд Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон 4 сар ажиллаж байсан.

Баянхонгор аймгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх албанд тасралтгүй олон жил ажилласан, халдвартын Тэргүүлэх зэрэгтэй, мэргэшлийн мэргэжлийн боловсон хүчин, дадлага туршлагатай, онцгой дэглэмтэй байгууллагад ажиллаж чадах албан хаагч гэж Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдриин 52 тоот тушаалаар Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар томилогдон 2017 оны 5 сарын 08-ны өдөр хүртэл тасралтгүй 4 жил ажилласан. Энэ албанд томилогдохдоо Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын журмын дагуу сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. Эрүүл мэндийн газрын даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан хангалттай үнэлгээ авч, байгууллагын ажлын чанарын үзүүлэлтийг сайжруулан, хамт олныг чадварлаг удирдан зохион байгуулж, ажилтнуудыг багаар ажиллах чадварт сурган, дэмжлэгт удирдлагаар ханган эвсэг хамт олныг бүрдүүлсэн. Энэ албан тушаал нь Төрийн албаны хуулийн 9.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын ангилалд хамаарч, сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулдаг.

 Мөн Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны А/31 тоот тушаалын дагуу захиралтай зөвшөлцөж томилогддог албан тушаал юм. Эрүүл мэндийн газрын дарга ******* 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаатай үр дүнгийн гэрээг байгуулан ажиллахаар болсон. Гэтэл Эрүүл мэндийн газрын дарга ******* 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн 66 тоот тушаалаар Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүрэгт ажлаас хууль бусаар халж, чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн ажлаас чөлөөлөгдөөд ажил хийгээгүй байхад дээрх 66 тоот тушаалаа 79 тоот тушаалаар хүчингүй болгож, дахин 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заалтыг үндэслэн 80 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажилтан намайг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг хэн, ямар шалгуураар үнэлсэн нь тодорхойгүй, ямар бүрэлдэхүүнтэй мэргэжлийн комисс, ямар үндэслэлээр миний мэдлэг, чадварыг ажлын байранд тавигдсан шаардлагад нийцэхгүй байгааг тогтоогоогүй, надад мэргэжлийн комиссын дүгнэлтийг танилцуулаагүй, ажлаас чөлөөлөх гэж байгаагаа сарын өмнө мэдэгдээгүй зэргээс ажлаас чөлөөлснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нь нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар хэргийн харьяаллын талаар шүүхүүд үл ойлголцох, хэрэг, маргааныг шийдвэрлэх шат, дамжлагыг нэмэгдүүлэх, бусдыг чирэгдүүлэх үндэслэл, шалтгааныг үүсгэж болохгүй гэдгийг зөрчиж миний нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон.

Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс, шүүхийн харьяалал зөрчсөн байна гэсэн магадлалыг миний бие 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсны улмаас дахин Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд ажилтан миний үндсэн хууль, төрийн албаны болон хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагч Эрүүл мэндийн газрын тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн ямар шүүхэд хандах нь нээлттэй, харин мэргэжлийн байгууллага түүнийг ялган салгаж чиглүүлж туслах үүрэгтэй. Гэтэл хайхрамжгүй хандаж хугацаа алдуулсан тул иргэнд буруугүй, энэ нөхцөл байдал нэхэмжлэгч, хариуцагч хоёрт хүндрэл учруулж байна.

Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасралтгүй 23 жил халдвартын тасгийн эрхлэгч эмчээр ажилласан. Мөн 2013 онд 4 сар Нэгдсэн эмнэлгийн даргаар, 2013 оны 5 сараас 2017 оны 5 сар хүртэл 4 жил Зоонозын өвчин судлалын төвийн даргаар улсад нийт 29 жил төрийн албанд удирдах албан тушаал хашиж байсан. Гэтэл 2017 оны 5 сарын 08-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Ажлаас халсан тушаалыг 2017 оны 5 сарын 09-ний өдөр гардан авч, 2017 оны 5 сарын 18-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шүүх хуралдааны шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон боловч, хариуцагч шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг харъяаллын бус хэрэг шийдвэрлэсэн гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон. Ингээд захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Иргэний хэргийн шүүх хуулиа зөрчиж намайг чирэгдүүлсэнээс хугацаа хэтрүүлсэн гэх асуудал үүсэж байна. Хариуцагч ч ийм тайлбар ирүүлсэн. Шүүх тухайн үедээ миний нэхэмжлэлийг харьяаллын бус гэдгээр хүлээн авахаас татгалзсан бол хугацаанд нь нэхэмжлэлээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж болох байсан. Би өөрөө хугацаа хэтрүүлээгүй, иргэний хэргийн анхан шатны шүүхэд хугацаанд нь хандсан. Хуулинд заасан хүндэтгэн үзэх шалтгаан надад үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар би хүсэлтээ гаргасан байгаа.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******-г Эрүүл мэндийн газрын даргын 2017.06.20-ны өдрийн  тушаалаар ажлаас халсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо гаргах байтал хугацаа хэтрүүлж гомдол гаргасан гэж үзэж байна.

Тиймээс ЗХШХШ тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон.

Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажпаас буруу халсан буюу өөр ажилд буруу шлжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш сарын дотор шүүхэд гаргах үүрэгтэй байтал хугацаа хэтрүүлж шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн ******* нь нэхэмжлэлдээ 2017.5.18-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхэд нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь МУ-ын үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд зааснаар хэргийн харьяаллын талаар шүүхүүд үл ойлголцох, хэрэг маргааныг шийдвэрлэх шат дамжлагыг нэмэгдүүлэх, бусдыг чирэгдүүлэх үндэслэл шалтгааныг үүсгэж болохгүй гэдгийг анхан шатны шүүх зөрчиж миний нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон харьяалал зөрчсөн байна гэсэн магадлалыг миний бие 2017.11.03-ны өдөр хүлээн авсны улмаас тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байгаа тухай бичжээ.

Иргэн хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж эрх ашгаа хамгаалуулахдаа шүүхийн харъяаллаа өөрөө зөв гаргах ёстой байтал шүүхийн буруу мэтээр бичсэн нь хууль үндэслэлгүй юм.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “*******-г Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалаар анх үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд энэхүү тушаалыг тус газрын даргын 79 дүгээр тушаалаар хүчингүй болгож улмаар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалаар чөлөөлсөн бөгөөд *******-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

*******-г анх албан тушаал бууруулахдаа түүний саналыг хүлээн авч, харилцан тохиролцсоны үндсэн дээр Нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэгийн тасагт мэргэжлийн дагуу халдвартын их эмчээр 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар томилсон.

Албан тушаал бууруулсан үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалт, үр дүнгийн гэрээний 2.5 буюу Санхүүгийн удирдлага хэсгийн заалтуудыг “Хангалтгүй” үнэлгээтэй биелүүлсэн гэж дүгнэн аймгийн “Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны засаг даргатай зөвшилцөж харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх” эрхийн хүрээнд албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байх бөгөөд мөн аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны 1а/447 тоотын дагуу *******-г албан тушаал бууруулж, ******* томилох тухай саналыг харгалзан үзсэн болно.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, аккурэл сууриар бэлтгэсэн, жилийн эцсийн санхүүгийн тайланд “Төрийн аудитын тухай хуулийн” 15.1.1-т заасан бүрэн эрхийн дагуу аймгийн Аудитын газраас хийсэн Аудитаар зөрчил илэрсэн тухай тайлан, Засаг даргаас иргүүлсэн саналыг үндэслэн *******г тухайн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заасан үндэслэлээр шийдвэр гаргасан болно.” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 08-наас хойшхи хугацааны цалин хөлс болон амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба  энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасан. Нэхэмжлэгч ******* Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “******* ажилд томилох тухай” 67 дугаар тушаалаар маргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул гуравдагч этгээдээр таталгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчмыг баримталж, *******-г төрийн албанаас чөлөөлсөн үйл баримтыг түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд дараагийн этгээдийг томилон ажиллуулсан үйл баримтаас тусдаа, өөрөөр хэлбэл үргэлжилсэн хууль зүйн факт гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэлээ гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон гэж маргаж байгаа ба Баянхонгор аймаг Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/0579 дүгээр шийдвэрээр *******-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 17 дугаар магадлалаар хянаж, иргэний хэргийн харъяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг магадлалын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

*******-г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 52 дүгээр тушаалаар аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаалд томилон ажиллуулж байгаад, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “*******-г ажлаас чөлөөлөх тухай” 80 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Баянхонгор амгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хууль 12 дугаар зүйлийн 12.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалыг гэж тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтууд болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгч *******-г Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлснийг шүүх хууль бус гэж дүгнэлээ.

 Учир нь төрийн албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтан төрийн албанаас чөлөөлөх эрхтэй боловч чөлөөлөхдөө төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, тодорхой тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтын дагуу ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалттай.

Тухайн тохиолдолд хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/447 дугаар албан бичгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг хэрэгжүүлсэн зөвшилцөл гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад мэдүүлэх боловч энэ нь *******г албан тушаал бууруулах тухай санал хүргүүлсэн албан бичиг байна.

*******-гийн урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаардаг, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу үр дүнгийн, хөдөлмөрийн гэрээг давхар байгуулан ажиллах субьект юм. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэн алины шүүхэд мэдүүлсэн тайлбараар ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаагүй болох нь тогтоогдож байгаа атал хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар буюу “Заавар, журам батлах тухай” тушаалыг барин *******-г төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус, нэхэмжлэгчийн “Хууль ёсны эрх”-ийг зөрчсөн гэж дүгнэлээ.

Мөн маргаан бүхий захиргааны актын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт заасан “...ажилтанд цалингийн урьдчилгааг дутуу суутгаж авлагын дансанд тусгаагүй, цалингаас суутгасан хуримтлалтын мөнгийг тусгай нээсэн хуримтлалын дансанд шилжүүлээгүй няравын хувийн харилцах дансанд цалингийн хамт шилжүүлсэн, байгууллагын 14 ажилтанд биеийн тамирын хувцас худалдан авч төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 2016 оны эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 2.5.4 дэх заалтыг хангалтгүй хэрэгжүүлж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн ...” гэх зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргасан бол төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоос төрийн албанаас чөлөөлөх үндэслэл биш юм.

Хариуцагчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 76 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “...эрхийн хүрээнд албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байх бөгөөд ...” гэх тайлбарыг үндэслэлгүй, хэрэв нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэр гаргах, ажлаас чөлөөлөх, албан тушаал бууруулах гэсэн хууль зүйн өөр үр дагавартай ойлголыг ялгах шаардлагатай байжээ.

 Баянхонгор аймгийн Эрүүлд мэндийн газрын дарга 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “*******-г ажлаас чөлөөлөх тухай” 80 дугаар тушаалыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй болох нь “Сонгох ажиллагаа хийгдээгүй” гэх хэргийн оролцогч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарууд, үзлэг хийсэн тухай шүүхийн тэмдэглэл зэргээр нотлогдсон болно. Энэ нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим” гэснийг зөрчсөн, захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж дүгнэлээ.

Хоёр. “Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс болон амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******-г төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн болон ээлжийн амралтын мөнгөний зөрүү 2.526.420 /Хоёр сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг анх Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “*******-г ажлаас чөлөөлөх тухай” 66 дугаар тушаалаар үүрэг ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалаа хариуцагч 2017 оны 79 дүгээр тушаалаар хүчингүй болгож, дахин 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалаар чөлөөлсөн байх тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын зөрүүг анхны тушаал гарсан өдрөөс эхлэн тооцсон болно.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч *******-гийн үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэргийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 80 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******-г Баянхонгор аймгийн Зооноз авчин судалын төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрын зөрүү болох 2.526.420 /Хоёр сая таван зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг нэхэмжлэгч *******-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН