Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00978

 

Д.С, Д.Цнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00434 дүгээр магадлалтай,

Д.С, Д.Цнарын нэхэмжлэлтэй

А.Б, А.Унарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 103 160 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Угийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С, Д.Цшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бид А.Б, түүний эгч А.Унарын хүсэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 58В дугаар байрны 6 тоотод байрлах орон сууцыг барьцаалж, 60 000 000 төгрөгийн зээл олгохоор тохиролцож, зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Уг зээлийн болон барьцааны гэрээгээр 60 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай сар бүрийн 3,5 хувийн хүүтэй сар бүрийн хүүг нэгтгэсэн байдлаар улирлын сүүлийн сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлж, үндсэн зээлийн хугацааны эцэст алданги, хүү, үндсэн зээлийг төлж дуусгахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу зээлийн хүү төлөхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн боловч төлөгдөөгүй. Одоо үндсэн зээл 60 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 6 сар 8 хоногийн хүү 13 160 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг нийт 103 160 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын 78 000 000 төгрөг дээр эвлэрэх саналыг хүлээн авахгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

Хариуцагч А.Б, А.Унар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөрийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Харин алдангид 30 000 000 төгрөг төлөх эдийн засгийн боломжгүй байна. Нэхэмжлэгч нараас алдангиас хасч 78 000 000 төгрөгийг 01 дүгээр сарын 20-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд 93 000 000 төгрөгийг төлөх нөхцөлтэй эвлэрэх санал гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд алдангийг хасч өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А.Б, А.Унараас 103 160 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С, Д.Цнарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар А.Б, А.Унар дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол 58в дугаар байрны 6 тоотод байрлах 57 м.кв 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 336 750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 337 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт, мөн 336 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00434 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Угийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Угаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Ухяналтын гомдолдоо: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 тоот Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 210/МА2018/00434 тоот Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус гарсан болно. Дээрх шийдвэрийн дагуу үндсэн төлбөр 60.000.000 төгрөг, хүүнд 13.160.000 төгрөг, алданги үндсэн төлбөрийн 50 хувь буюу 30.000.000 нийт 103.160.000 /нэг зуун гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн шийдвэр гарсан бөгөөд дээрх зээлийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг багасгаж өгнө үү. Алдангийг багасгахгүй талаар шүүхийн шийдвэр болон магадлалд тодорхойлон зааж өгөөгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.С, Д.Цнар хариуцагч А.Б, А.Унарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, зээлийн хүү 13 160 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг нийт 103 160 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс алданги   30 000 000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж, алдангийг хасах буюу багасгахыг хүссэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “алдангийн хэмжээг багасгаж өгөх”-ийг хүссэн хариуцагч А.Угийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Д.С, Д.Цнар хариуцагч А.Бтой 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 60 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, тохирсон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул голын гудамж 58В дугаар байрны 6 тоот орон сууцыг барьцаалж, талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул гэрээний талууд хэн аль үүргээ биелүүлэх ёстой байна. Зээлийн үйл ажиллагааг зохих зөвшөөрлийн үндсэн дээр явуулах бөгөөд нэхэмжлэгч нарыг зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

Зээлийн гэрээг хугацаа дуусахаас өмнө 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тус тус сунгаж, хамтран зээлдэгчээр А.Угэрээнд оролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хариуцагч нар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны 26 сарын зээлийн хүүд 48 600 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч шүүхэд хандсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/00959 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ийнхүү шийдвэр, магадлал гарснаас хойш талууд гэрээний хугацааг сунгасан байна. Нэхэмжлэгч нар зээлийн хүүг тооцохдоо шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн хугацаанаас хойш буюу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01 хүртэлх гэрээний хугацаагаар 13 160 000 төгрөгөөр тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарын биелүүлэх үүргийн эрх зүйн үндэслэлийг  оновчтой тодорхойлжээ. Хэрэгт байгаа баримтын хүрээнд алдангийн хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр    сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02599 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2018/00434 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч А.Угийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 673 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА