Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05938

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05938

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 13 дугаар гудамж, 09 тоотод оршин суух, Мянгад овогт Ганбатын Сүүндалай /РД-ЧС85111669/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 3 дугаар хороо, Замчны 2 дугаар байр, 09 тоотод оршин суух, Улаанбаатар овогт Жамсрангийн Пүрэвбаатар /РД-ЧА85071810/-т холбогдуулан гаргасан,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сүүндалай, хариуцагч Ж.Пүрэвбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Сүүндалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие, Ж.Пүрэвбаатартай 2002 онд танилцан, 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү П.Ням-Очирыг төрүүлсэн. Бид хоёр 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин П.Оюунсувд төрсөн.

2014 оны 10 дугаар сард нөхөр Ж.Пүрэвбаатар өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсны улмаас бид тусдаа амьдрах болсон бөгөөд түүнээс хойш хүү, охин хоёр маань миний асрамжид өсч торниж байна.

Одоо бид тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин П.Оюунсувдыг өөрийн асрамжидаа авах бөгөөд хүү П.Ням-Очирыг өөрийнх нь хүсэлтээр эцгийнх нь асрамжид үлдээж өгнө үү.

Бид 2 хүүхдээ, нэг, нэгээр нь авч байгаа учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

Хариуцагч Ж.Пүрэвбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Сүүндалайтай 2002 онд танилцан, 2009 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү П.Ням-Очир, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин П.Оюунсувд нар төрсөн.

Бид 2014 оны 7 дугаар сараас тодорхой шалтгааны улмаас тусдаа амьдрах болсон. Би одоо өөр хүнтэй амьдарч байгаа.

Хүүхдийн асрамжийн хувьд охин П.Оюунсувд одоо 3 настай, эмэгтэй, нас бага учир ээжийнх асрамжид үлдээж, хүү П.Ням-Очир аавтайгаа амьдрах хүсэлтэй байгаа учир би авсан, одоо надтай хамт амьдарч байгаа.

Эд хөрөнгийн тал дээр маргалдах юмгүй, гэр орноо 2 удаа ачаад явсан, миний хувьд яг өмссөн хувцастайгаа үлдсэн.

Г.Сүүндалайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Сүүндалай нь хариуцагч Ж.Пүрэвбаатараас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзан, үндэслэлээ ...хүү П.Ням-Очир аавтайгаа үлдэх санал гаргасан, Ж.Пүрэвбаатар бид 2 хүүхдүүдээ нэг, нэгээр нь авч байгаа... гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.Сүүндалай, Ж.Пүрэвбаатар нар 2002 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2004 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүү П.Ням-Очир, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин П.Оюунсувд нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-5,9-10 дугаар тал/

Гэрлэгчид нөхөр Ж.Пүрэвбаатар өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсны улмаас шалтгаалан 2014 оноос тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-11 дүгээр тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлав.

Хүү П.Ням-Очир одоо 12 настай, охин П.Оюунсувд 3 настай эрүүл бойжиж байх бөгөөд хүү П.Ням-Очир эцэгтэйгээ үлдэх санал гаргасны улмаас гэрлэгчид хүүхдийн асрамжийн хувьд хэлэлцэн тохиролцсон байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасны дагуу охин П.Оюунсувдыг эхийн, хүү П.Ням-Очирыг эцгийнх нь асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна

Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Г.Сүүндалайд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Мянгад овогт Ганбатын Сүүндалай, Улаанбаатар овогт Жамсрангийн Пүрэвбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасны дагуу охин П.Оюунсувдыг эх Г.Сүүндалайгийн, хүү П.Ням-Очирыг эцэг Ж.Пүрэвбаатарын асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан Г.Сүүндалайд буцаан олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД