Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 390

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: А.Б-,

           Шүүгдэгч: С.Т-, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905041680214  дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Т-,  1980 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Мах маркет”-ын гадна автомашины зогсоол дээрээс иргэн А.Б-гийн эзэмшлийн 15.900.000 төгрөгийн үнэ бүхий ...улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн автомашиныг нь зараад өгье гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т- шүүх хуралдаанд: “...Хохирогч нь намайг машин зараад өгөөч гээд зарах гэж явж байгаад уг машиныг түр барьцаанд тавиад мөнгийг нь найзынхаа барьцаанд тавьсан байрыг чөлөөлөхөд өгсөн. Тэр байраа буцааж барьцаанд тавиад мөнгөөр нь түлш авч зараад мөнгийг нь өгөх байсан боловч нөгөө ажил нь хойшлогдоод жоохон удчихсан. Би машиныг нь буцаан авч өгсөн байгаа” гэв.

Хохирогч А.Б- шүүх хуралдаанд: “...Т- 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний машиныг зарахаар хүнд үзүүлэхээр аваад явсан. Тэгээд ажил тарах үедээ машин авчраад өгөөч ээ гэхэд жоохон оройтохноо гэж хэлээд алга болсон. Дараа нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр надад миний машиныг барьцаанд тавьчихсан байгаагаа хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаад өгсөн. Би нилээн их хөөцөлдөж байж шүүгдэгчийг олж авсан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр машинаа буцаан авсан. 5 сая төгрөг төлж машинаа авсан ба Т- 1 сая гаран төгрөг өгсөн, би үлдсэнийг нь төлсөн. Үлдсэн мөнгийг төлөх талаар нотариатаар орж гэрээ хийсэн байгаа тул  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Мах маркет ХХК-ний гаднаас миний танил С.Т- нь миний өөрийн эзэмшлийн 23-21 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн автомашиныг зараад өгье гээд ирээд үзчихээд өөрөө худалдан авахаар болоод мөн надад өмнө нь зээлсэн байсан 2.000.000 төгрөгөө нэмээд хамт өгье гэж хэлээд миний машиныг унаж авч яваад мөнгөө хөөцөлдөөд олоод ирье гээд аваад явсан юм. Тэгээд би энэ өдрийн 18 цагийн үед С.Т-ын 99886929 дугаарын утас руу залгаад ярьтал надад арай ажил амжаагүй байна, 20 цагийн үед машиныг чинь аваад очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь 20 цаг болгоод дахиад залгатал надад ажил амжаагүй байна, оройтох гээд байна, оройтсон ч хамаагүй аваад очъё гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө нь ирээгүй бөгөөд үүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр утсаа аваад ярьтал миний машиныг найзуудтайгаа нийлээд нийт 3 машиныг зээл чөлөөлөхөөр бэлэн мөнгөнд барьцаанд тавьчихсан байгаа, нийтийн байрны зээл чөлөөлөөд уг нийтийн байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгө олох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний машин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм чинь яаж мөнгөний барьцаанд тавьсан юм гэж асуухад хувиараа авдаг хүмүүс байдаг юм гэж надад хэлсэн. Тэгээд үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орой 20 цаг 23 минутанд над руу 98175252 гэх дугаараас “Төөгөө байна, шөнө замаар гарсан маргааш Улаанбаатар ороод шууд аваад очъё, айлын утаснаас бичиж байна” гэсэн зурвас над руу явуулсан. Тэгээд үүнээс хойш хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Т- өөрийн 99886929 дугаарын утсаар холбогдоод гялс мөнгөө бүтээчихээд удахгүй машиныг чинь өгье гэж хэлчихээд тасалсан бөгөөд түүнээс хойш утас нь холбогдох боломжгүй байгаа. ...Би машинаа 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 6.400.000 төгрөгийг өөрөөсөө гаргаад үлдсэн мөнгөө “Есөн шижир инвест” ББСБ-аас гаргуулж авч байсан бөгөөд уг машиныг энэ ББСБ-ын нэр дээр байдаг. Уг автомашины “Есөн шижир инвест” ББСБ-ын нэр дээр байгаа боловч миний өмчлөлийнх юм. Би ББСБ-д сар болгон зээлийн төлөлтөө төлж байгаа одоогоор нийт 3.368.880 төгрөг төлчихөөд байгаа зээл маань 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дууса юм” гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/,

            Гэрч Г.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх Т- 2019 оны 9 дүгээр сард миний зүс таних мөрийтэй тоглодог бөө Оогий гэх залуугаар дамжуулан надтай ирж уулзаад Приус 20 маркийн автомашиныг 2.000.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм гэж ирж уулзахад нь Австрали улсад амьдардаг Монголд ирэхээрээ хорооллын Номин дэлгүүрийн ард байрлах хуучнаар Эверест нэртэй паб байсан барилга дотор үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газарт тоглоод мөнгөтэй үедээ бусдын эд зүйлийг барьцаалан зээл олгодог Б- гэх залуутай уулзуулан автомашиныг нь 2.000.000 төгрөгөөр тавиулж байсан юм. Тэгж л анх Т-ыг танина. 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр байсан байх өдрийг нь санахгүй байна. Т- над руу утсаар яриад би дүүгийнхээ приус 30 маркийн ББСБ-ын нэр дээр байдаг автомашиныг 5.000.000 төгрөгийн барьцаанд тавих гэсэн юм та Б- гэх хүндээ хэлээд өгөөч, цаад тал нь 20 хонуулаад авчихна гэж яриад байхаар нь би Б-тай утсаар ярьсан чинь Б- 5 саяд авахгүй 3 саяар л авна, надад мөнгө алга та надад өгөх ёстой 5.000.000 төгрөгөөсөө 3 саяыг өгөөд авчих гэхээр нь би өөрт байсан 3.000.000 төгрөгийг Т-д 6-н буудлын Оргил дэлгүүрийн үүдэнд өгөөд уг машиныг нь аваад Номин дэлгүүрийн ард байрлах автомат тоглоомын газрын гадаа зогсоол дээр Б-д аваачиж өгсөн юм. Тэгээд 20 хоног болоод Б- над руу нөгөө хүн чинь машинаа авах хугацаа нь болчихлоо тэр хүн рүүгээ яриад машинаа аваач ээ гэж ярихад ажил бүтэхгүй байна, одоо болох гэж байна гээд яваад байхаар нь Б-г Т-тай өөрөө ярь гээд утсыг нь өгсөн боловч С.Т-ын утас нь холбогдохоо больчихсон байсан ба Б-, Т-ыг яаж олох вэ гээд л яваад байдаг байсан юм. Б-д машин нь байгаа, би Т-аас уг машиныг авсаныхаа маргааш өглөө нь Б-д аваачиж өгсөн. Миний хувьд тэр хоёрыг л зуулчилж өгсөн, Т- ч өөрөө мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

            Яллагдагчаар С.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед хамтран амьдарч байсан Б- лизингээр авч байсан ...улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн автомашинаа зараад өгөөч гэж байсан юм. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гадуур гарч ажил хөөцөлдөх шаардлага гараад 10 бил үү, 11 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мах Маркет” ХХК-ний гадна Б-тай уулзаад машинаа өгөөч ээ гадуур ажил хөөцөлдөж явж байгаад ирье гэж хэлээд машиныг нь авч явсан юм. Намайг Б-гийн машинтай гадуур явж байтал манай найз Г- над руу утсаар яриад нийтийн байраа ББСБ-аас чөлөөлж авах гэсэн юм, 3.000.000 төгрөг өгөөч гэж ярихаар нь би Б-гийн автомашиныг зүс таних машин тэрэг барьцаанд авдаг Э- гэх залуутай 90907474 дугаарын утсаар холбогдож яриад 6-н буудал дээр байх Оргил худалдааны төвийн гадаа уулзаад 3.000.000 төгрөг зээлээч оройдоо мөнгийг чинь гаргаж өгөөд машинаа авчихъя, энэ машин миний дүүгийн машин байгаа юм гэж хэлээд Б-гийн машиныг барьцаанд өгөөд 3.000.000 төгрөгийг бэлнээр аваад Г-д өгчихсөн юм. ...Би Б-гийн автомашиныг барьцаанд тавьж Г-д өгсөн 3.000.000 төгрөгөө эргүүлээд 2020 оны 10 дугаар сарын дундуур 700.000 төгрөг, 800.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 300.000 төгрөг, 500.000 төгрөг, 100.000 төгрөг гэж увуулж цувуулж нийт 3.400.000 төгрөг болгож бэлнээр авсан. Б-гийн автомашиныг 10 хоногийн 10 хувийн хүүтэй барьцаалчихсан болохоор хүүний мөнгөнд хүрэхгүй мөн би өөрөө тухайн үед хувиараа алт олборлохоор хөдөө гадаа явж байсан болохоор Г-эс авсан мөнгөө бензин тос, хоол унд аваад дуусгачихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 67-68, 102-103/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 50/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-74/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Мах маркет”-ын гадна автомашины зогсоол дээрээс иргэн А.Б-гийн эзэмшлийн 15.900.000 төгрөгийн үнэ бүхий ...улсын дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн автомашиныг нь зараад өгье гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөртөө шилжүүлэн авч хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч А.Б-гийн: “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Мах маркет ХХК-ний гаднаас миний танил С.Т- нь миний өөрийн эзэмшлийн 23-21 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн автомашиныг зараад өгье гээд ирээд үзчихээд өөрөө худалдан авахаар болоод мөн надад өмнө нь зээлсэн байсан 2.000.000 төгрөгөө нэмээд хамт өгье гэж хэлээд миний машиныг унаж авч яваад мөнгөө хөөцөлдөөд олоод ирье гээд аваад явсан юм. ...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр утсаа аваад ярьтал миний машиныг найзуудтайгаа нийлээд нийт 3 машиныг зээл чөлөөлөхөөр бэлэн мөнгөнд барьцаанд тавьчихсан байгаа, нийтийн байрны зээл чөлөөлөөд уг нийтийн байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгө олох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний машин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм чинь яаж мөнгөний барьцаанд тавьсан юм гэж асуухад хувиараа авдаг хүмүүс байдаг юм гэж надад хэлсэн....Би машинаа 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37-39/, гэрч Г.Э-гийн: “...би Б-тай утсаар ярьсан чинь Б- 5 саяд авахгүй 3 саяар л авна, надад мөнгө алга та надад өгөх ёстой 5.000.000 төгрөгөөсөө 3 саяыг өгөөд авчих гэхээр нь би өөрт байсан 3.000.000 төгрөгийг Т-д 6-н буудлын Оргил дэлгүүрийн үүдэнд өгөөд уг машиныг нь аваад Номин дэлгүүрийн ард байрлах автомат тоглоомын газрын гадаа зогсоол дээр Б-д аваачиж өгсөн юм. ... Б-д машин нь байгаа, би Т-аас уг машиныг авсаныхаа маргааш өглөө нь Б-д аваачиж өгсөн. Миний хувьд тэр хоёрыг л зуулчилж өгсөн, Т- ч өөрөө мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь хохирогчийн машиныг барьцаанд тавьсан, хуурч мэхэлье, залилах гэсэн санаа зорилго байгаагүй, харин барьцаанд тавьж мөнгийг ашиглаад буцааж өгөх санаа зорилготой байсан тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Т- нь хохирогч А.Б-гийн автомашиныг зарж өгнө гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг бий болгосон эд хөрөнгийг нь авч барьцаанд тавьсан нь хавтаст хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өөртөө шилжүүлэн аваад бусдад барьцаалан мөнгийг нь авсан үйлдэл нь эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Бусдын эд хөрөнгийг хуурч аван, барьцаанд тавьж мөнгийг нь авсан санаа зорилго нь тодорхой  идэвхитэй үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.Төгжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Т- нь хохирогчийн машиныг зарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол болох приус 30 маркийн автомашиныг буцааж өгсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, хохирол авсан талаарх хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Төгжаргалыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд баривчлагдсан 02 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Т-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ын урьд баривчлагдсан 02 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т- нь шүүхээс оногдуулсан 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 02 хоног баривчлагдсан, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР