Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1023

 

 

 

 

 

 

 

2019              12             13                                          2019/ШЦТ/1023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч М.Б-нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б-номон хан овогт М-ын Б-д холбогдох эрүүгийн 1905043490000 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Ньютаун хотхон 000тоотод оршин суудаг,

урьд 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 406 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 000 дүгээр шийтгэх топгоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял оногдуулж, Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 000 дүгээр захирамжаар 2 жил 24 хоног болгон өөрчлөн шийдвэрлэсэн, Б-номон хан овгийн М-ын Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.А-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.А-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрхэмт Эрчим компанид би хөлддөггүй шингэн борлуулах ажлыг өглөө оройд хийж өгдөг. Ингээд уг компаний борлуулагч Саяана хочтой Мягмарсайханыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед 25-р эмийн сангийн автобусны буудал дээрээс тосож аваад вокзалын урд талын клонкоос бензин хийхээр болоод туслах замаар явж байтал Мягмарсайхан нэг дэн буудлыг заагаад энд манай нөхрийн машин байна гэж хэлсэн. Уг дэн буудлын гадна зогсоод орж хүлээн авагчаас нь асуутал хүлээн авахын ажилтан нь 201 тоотод амарч байгаа гэж хэлсэн. Ингээд би Мягмарсайханыг дагаад 201 тоот өрөөнд ороход 5 хүн 2 орон дээр хуваагдаад хэвтэж байсан. Мягмарсайханы нөхөр гэх залуу нь нэг хүүхэнтэй нэг орон дээр, нөгөө нэг залуу нь  2 хүүхэнтэй нэг орон дээр нь унтаж байсан. Тэгтэл Мягмарсайхан нөхрийгөө босгоод хэрүүл хийгээд нөхрөө цохиж аваад хажууд нь хэвтэж байсан хүүхнийг цохиод авсан.  Тэгтэл хажуу орон дээр унтаж байсан өндөр залуу босч ирээд Мягмарсайхан бид хоёрыг хэл амаар доромжилоод байсан. Би уурлаад тэр залуутай хэрэлдээд зогсож байтал өндөр залуу /Б-/ нь Мягмарсайхан руу дайраад байхаар нь би очоод салгах гэтэл миний цамцны захаар хоолой боогоод арагш цонх мөргүүлээд толгой хагалчихсан. Би тэр үед ухаан балартсан байсан. Цагдаа дуудаад бариулсан. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Гэрч Б.Ариун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз Б- залгаад хаана байна уулзах уу гэж асуусан тэгэхээр нь тэгье гээд Ардын эрхийн автобусны буудал дээр Б-ээ дүү гэх нэг залуугийн хамт ирсэн. Ирээд бид гурав манай гэр рүү буюу зурагт уу яваад Хүслэн, Долгоржав хоёрыг гэрээс аваад 25 дугаар эмийн сангийн ойролцоо нэрийг нь мэдэхгүй буудал руу орсон. Буудлын 201 тоот өрөөнд Долгоржав, Б-ээ, Хүслэн бид 5 амарсан. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өглөө унтаж байтал 2 эмэгтэй хүн гаднаас орж ирээд манай найз Хүслэнг алгадаад дараа нь нэг удаа цохисон. Нөхөр гэх залуутайгаа хэрэлдэж маргалдаад зодоод байхаар нь хамт явж байсан эмэгтэй нь болиулах гэж байгаад нөхөр нь нэг удаа түлхсэн. Дараа нь Б- бас нэг удаа түлхсэн. Эмэгтэйн толгой хэсгээс цус гарсан байсан. ...Б-ийг түлхсэнээс хойш толгойноос нь цус гараад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13060 дугаартай шинжээчийн: “...Ганбатын Ариунтунгалаг-ийн биед зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй ба мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэл: /хх-ийн 42, 58 тал/,

Шүүгдэгч М.Б-мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21 цагийн үед 6-р бичил хорооллын Аркны ойролцоо явж байтал Хатанбаатар над руу утсаар залгаад хүрээд ирээч уулзъя гэсэн. Би 25 дугаар эмийн сангийн ойролцоо байрлах  00 дугаар байрны үүдэнд явж очоод машинд нь суусан. Тэр үед Хатанбаатар эхнэр Мягмарсайхан, Марта гэх найз хүүхний хамт байсан. Бид дөрөв хамт 8 шил пиво уучихаад Хатанбаатарын эхнэрийг нь хүргэж өгчихөөд Мартатай хамт бид гурав яваад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар сургуулийн урд байрлах “Заан” нэртэй зочид буудалд орсон. Бид гурав 1 шил архи хувааж уучихаад Хатанбаатар бид хоёр гараад Ардын эрхийн автобусны буудал дээр очиж найз бүсгүй болох Ариун-Эрдэнийг дуудаж машиндаа суулгаад Зурагтын шинэ эцэс орж Мөнххүслэн, Долгоржав гэх хоёр найзыг нь аваад буцаад зочид буудалдаа орсон. Очиход Марта архиа уугаад дуусчихсан согтсон байсан. Тэр шөнө Хатанбаатар бид хоёр 1 шил пиво уучихаад амарсан. Өглөө унтаж байхад Марта гараад явчихсан байсан. Өглөөний 10 цаг өнгөрч байхад Хатанбаатарын эхнэр Мягмарсайхан найз Ариунтунгалагийн хамт орж ирээд Хатанбаатартай барилцаж аваад маргалдаад байсан. Тэр үед Ариунтунгалаг гэх хүүхэн надтай хамт явсан Мөнхсүрэн, Долгоржав, Ариун-Эрдэнэ нар руу дайраад байхаар нь хажуунаас нь очоод болиулах гээд маргалдсан. Гэхдээ Ариунтунгалаг манай найзууд болох Мөнхсүрэн, Долгоржав, Ариун-Эрдэнэ нарыг цохиж зодсон, биед нь халдсан үйлдэл гаргаагүй. Намайг заамдаж авчихаад түлхээд байхаар нь гарыг нь мушгиад тавиулах гэтэл тавихгүй байхаар нь хүчтэй дараад гарыг нь тавиулаад хойшоо түхсэн чинь цонхны бариул мөргөсөн. Тэгтэл толгойноос нь цус гарсан. Гарч яваад толгойгоо боочихоод ороод ирсэн. Би түлхэж толгойг нь хагалсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулах болно. Хийсэн хэрэг үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. ...Намайг өшиглөж биед халдсан үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35 тал/, эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37 тал/ боловсролын талаарх баримт /хх-ийн 38 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 48-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Г.А-ийн биед “зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 20 дахь талд авагдсан шинжээч эмчийн 13060 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч М.Б-нь хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.Б-нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Б-нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.А-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г.А-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэж мэдүүлж оролцсон.

 

Хохирогч Г.А- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Б- гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 42 тал/ гаргасан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Б-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-номон хан овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА