Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00022

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00022

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Нэхэмжлэгч Төв аймаг, Мөнгөнморьт сумын 3-р баг, Булаг хэрлэн 5-1 тоотод оршин суух НЭ61111719 регистрийн дугаартай Төмөрсүхийн Чойжамцийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Т.Чойжамц нь 1980 оны 06 дугаар сард Хөдөө аж ахуйн техникум суралцаж төгссөн. 1980 оны 08 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Төв аймгийн Мал эмнэлэгт бага эмчээр орж ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир шүүхэд хандсан. Иймд Төв аймгийн Мал эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан 13 жил 2 сарын хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, Төв аймгийн Мал эмнэлгийн газрын даргын тушаалууд, сайшаалын үнэмлэх, Гэрч Н.Энхтуяа, Ж.Рэнцэнбаатар нарын мэдүүлэг, Т.Чойжамцийн цалингийн цэсний хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Чойжамц нь Төв аймгийн Зуунмод сумын Мал эмнэлэг-ийн газарт 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.. Төв аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 79 дугаарай Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх заалтад. ..бага эмч Т.Чойжамцад ажлын 15 хоног ... гэсэн бичилт,

2. Төв аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх заалтад ...лаброторын бага эмч Т.Чойжамц .. . гэсэн бичилт,

3. Төв аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 99 дугаартай Судалгаа гаргах групп байгуулах тухай тушаал ..... бага эмч Чойжамц гэх бичилт,

4. Төв аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал .... Т.Чойжамц гэх бичилт,

5. Төв аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаатай ээлжийн амралт олгох тухай тушаал .... бага эмч Т.Чойжамц ... гэсэн бичилт,

6. Мал эмнэлгийн газрын дарга М.Самдангийн 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төмөрсүхийн Чойжамцад олгосон сайшаалын үнэмлэх,

7. Төв аймгий Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон 956 дугаартай Т.Чойжамцын цалингийн түүвэр,

8. Гэрч Ж.Рэнцэнбаатар: Т.Чойжамц нь Төв аймгийн Зуунмод сумын Мал эмнэлэг-ийн газарт 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,

-гэрч Н.Энхтуяа: Т.Чойжамц нь Төв аймгийн Зуунмод сумын Мал эмнэлэг-ийн газарт 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл бага эмчээр тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Төмөрсүхийн Чойжамцыг нь Төв аймгийн Зуунмод сумын Мал эмнэлэг-ийн газарт 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НЭ61111719 регистрийн дугаартай Төмөрсүхийн Чойжамцийг Төв аймгийн Зуунмод сумын Мал эмнэлэг-ийн газарт 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ