Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2017/00023

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2017/00023

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

            Нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хар шороо, 2 гудамж, 2 тоотод оршин суух УС60090714 регистрийн дугаартай Олохнууд овогт Доржсүрэнгийн Даваадоржийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Даваадорж, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Хүсэлт гаргагч Д.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Улсад 35  жил ажилласан. Анх  Төв аймгийн Зам ангид 1975 онд МХЗЭ-ийн илгээлтээр тракторчнаар ажилд орсон. 1978 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1981 онд цэргээс ирээд   Төв аймгийн Зам ангид дахин  тракторчнаар ажиллаж байгаад 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас гарч Ардын армийн 238 дугаар ангийн харъяа “Өгөөмөр” объёктод тракторчин, бульдозерчнаар   1993 оны 5 дугаар сарын 1 хүртэл ажиллаж  байгаад  халагдсан. Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс экскаваторчнаар ажиллаж байгаад 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр халагдсан тул Төв аймгийн Зам ангид 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар, Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тракторчнаар, ЗХ-ний 238-р ангийн “Өгөөмөр” объёктод 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл галт зэвсгийн нярваар, Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл таракторчнаар тус тус ажиллаж байсан жилүүдийг  тогтоож өгнө үү гэжээ.

           Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Д.Даваадорж нь Төв аймгийн Зам ангид 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар, Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тракторчнаар, ЗХ-ний 238-р ангийн “Өгөөмөр” объёктод 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл галт зэвсгийн нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

           Нэхэмжлэгч  Д.Даваасүрэнд 1975 оны  9 сарын 01-ний өдөр нээж олгосон  хөдөлмөрийн  дэвтрийн  хуулбар, 

           Төв аймагт авто замын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан “Төв Замынхан” 50 жилийн  ойд зориулсан ном                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Гэрч С.Дамдинсүрэн:  “Д.Даваасүрэн нь ЗХ-ний 238-р ангийн “Өгөөмөр” объёктод 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл галт зэвсгийн нярваар ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт болон мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

          -гэрч Н.Сандагдорж:” Д.Даваасүрэн нь Төв аймгийн Зам ангид 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тракторчнаар, Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан нь үнэн” гэх  тодорхойлолт болон мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

             Д.Даваадоржийн ажилд орсон, гарсан тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин  түүний  хөдөлмөрийн  дэвтрийн хуулбарт  ажиллаж  байсан  үйл  явдлыг болон  хөдөлмөрийн дэвтрийн улсын үзлэгт  орсон байдлыг   бичсэн  байна. Мөн гэрч  нарт хууль сануулж  асуусан  мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн  дэвтрийн хуулбар дахь  бичилт нь  хамт нэг  дор  ажиллаж  байсан болохыг  нотолсон  байх тул   ач  холбогдолтой  нотлох  баримт гэж  дүгнэв.

           Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар  өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэгт ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Олохнууд овогт Доржсүрэнгийн Даваадорж нь Төв аймгийн Зам анги, Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт

 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс  1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тракторчнаар, Зэвсгэт хүчний  238-р ангийн “Өгөөмөр” объёктод 1990 оны 5 дугаар сарын 01-ээс  1993 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчнаар  тус тус ажиллаж байсан байдлыг  тогтоох нь зүйтэй гэж үзлээ .....

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НР57021075 регистрийн дугаартай Олохнууд овогт Доржсүрэнгийн Даваадорж нь 1975 оны 9 дүгээр сарын 01-ээс  1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Төв аймгийн  Тээврийн удирдах газрын харьяа  Зам ангид тракторчин,

             1981 оны 6 дугаар сарын 26-аас 1990 оны 4 дүгээр сарын 23- хүртэл Төв аймгийн Зам барилга ашиглалтын конторт тракторчнаар,

              1990 оны 5 дугаар сарын 01-ээс  1993 оны 5 дугаар сарын 01-хүртэл   238-р цэргийн ангийн салбарын харьяа   “Өгөөмөр” объёктод тракторчин,

             1993 оны 5 сарын   1- ээс 1995 оны 7 сарын   1  хүртэл Төв аймаг  зам барилга ашиглалтын конторт экскеваторчнаар

 тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ