Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

 

 

2019             12          16                                        2019/ШЦТ/1031

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч: Б.Батсайхан /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-овогт Б-ын Г-эд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905043531000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эх, эмээ, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 24-126 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгэлгүй, Б-овгийн Б-ын Г-.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г-нь 2019 оны 10 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000тоотод иргэн Ц.О-г хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдан улмаар биед тархи доргилт, зулай, чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээж, зүүн тахимд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г-нь 2019 оны 10 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000тоотод иргэн Ц.О-г хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдан улмаар биед нь халдаж, тархи доргилт, зулай, чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээж, зүүн тахимд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 хороо, 28-70 тоотод өөрийн дүү нарын хамт амарч байхад манай найз залуу Г- гаднаас найз Лхагвадоржтой хамт 1 том савтай пиво бариад согтуу орж ирсэн. Тэгээд надад стаканаар пиво хийж өгөөд уу гэхээр нь би уухгүй чадахгүй гэхэд чи сайн уудаг биз дээ гээд үг хаяад байхаар нь би босох гэтэл намайг Г- түлхэж унагаасан. Би унахдаа цонхны ирмэг толгойныхоо хажуу талаар мөргөөд миний толгой хагараад цус гарсан. Тэгээд манай дүү 103 дуудаад эмч ирээд миний толгойг цэвэрлэчихээд явсан. Гэтэл Г- эмч явсаны дараа намайг угаалгын өрөө рүү дагуулж ороод миний хувцасыг бүтэн тайлуулаад нүцгэлээд толинд харуулж байгаад цагаараа миний хүзүүг дарж улайлгаад чи хүнд шимүүлсэн байна гээд чамайг орцонд гаргаж үзүүлнэ гээд байсан. Би болиоч гэж их гуйсан боловч үгэнд орохгүй байсан. Намайг суултуур дээр сууж байхад эрхтэнээ гаргаад хайраа хөхөөд өгөөч гээд байсан. Би арай гэж угаалгын өрөөнөөс гарахад манай дүү цагдаа дуудсан байсан. Би Г-тэй 2019 оны 9 дүгээр сард фэйсбүүкээр танилцсан. Тэрнээс хойш үерхэж найзалж байгаа. Одоо бид хоёр тус тусдаа байгаа.  Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12633 дугаартай шинжээчийн: “...Ц.О-гийн биед тархи доргилт, зулай, чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 10-11 тал/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 50, 51 тал/

 

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би согтуурсан үедээ найз охиндоо их муухай хандан биед нь гэмтэл учруулсан асуудалдаа маш их харамсаж байна. Өөрийн гаргасан үйлдлээ бүрэн ухамсарлаж хохирлыг бүрэн барагдуулсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх баталгаа гаргаж байна. Би өөрийн найз охинтойгоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 44 тал/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдож тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, боловсролын талаарх баримт /хх-ийн 28 тал/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохиролд 160.000 төгрөг төлсөн. Найз охин маань шөнө 11 цагт гарч яваад өглөө 7 цагт ирсэн. Тэгээд би орой нь архи ууж ирээд түлхээд унагаахад гэмтэл учирсан. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.О-гийн мэдүүлэг, шинжээч эмчийн 12633 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Г-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охин Ц.О-гийн Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, түүний цээжийг маажих, түлхэж унагаах зэрэг хууль бус үйлдэл хийсэн байна.

  

Шүүгдэгч Б.Г-ийн хохирогч Ц.О-гийн биед халдсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.О-гийн биед “тархи доргилт, зулай, чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, зүүн тахимд цус хуралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирчээ.  

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн 12382 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Б.Г-нь хохирогч Ц.О-гийн биед халдахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-нь 2019 оны 10 дугаар сарын 17-наас 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 000тоотод иргэн Ц.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдан улмаар биед тархи доргилт, зулай, чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү цээж, зүүн тахимд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хэргийн 19, 50 дахь талд авагдсан хохирогч Ц.О-гийн мэдүүлэг, прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Ц.О- би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз залуу Г-эд зодуулж өргөдөл өгсөн. Цаашдаа надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн. Шүүх хуралд суухгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “хохиролд 160.000 төгрөг нөхөн төлсөн” гэсэн байх тул шүүгдэгч Б.Г-ээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г-нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Г-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Г-эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-овогт Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА