Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1048

 

 

 

 

 

 

 

 

  2019         12            20                                             2019/ШЦТ/1048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М-овогт М-гийн Б-т холбогдох эрүүгийн 1903001200000 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “У” ХХК-д их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2 дугаар хороолол 2000тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүрэг 17 хороо, 34-17-33 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавья шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож шийтгүүлж байсан, М-овогт М-гийн Б- /

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б-нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк “Батчимэг Чимка” хаягаар “эмч” ажилд оруулна гэсэн зарын тавьж иргэн Э.Б-оос шинжилгээний төлбөр, жолооны үнэмлэх гаргуулахаар 2000дугаарын хаан банкны дансанд 130,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк “Батчимэг Чимка” хаягаар “эмч” ажилд оруулна гэсэн зар тавьж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Э.Б-оос 330.000 төгрөг залилан авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-шүүх хуралдаанд өгсөн: “...Эмч ажилд авна гэсэн зараар 130.000 төгрөг дараа нь 200.000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ ажилд оруулж чадаагүй. Би тэр байгууллагад ажиллаж байгаагүй худал хэлж авсан...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 12 дугаар сард фэйсбүүк дээр Уурхайд “Эмч” ажилд авна гэж Батчимэг Чимка гэх хаяг нь зар тавьсан байсан. Тус хаягтай найз болоод зарын дагуу холбогдсон юм. Батчимэг Чимка гэх хаягтай хүн нь диплом болон анкетыг мэйл хаягаар явуулах шаардлагатай байна гээд 2018 оны 12 дугаар сардаа хуулбаруудыг Б.Бачка ж.мэйл хаягаар авсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-нд миний Фейсбүүк хаяг болох Бест Э.Б- гэх хаяг руу чатаар мэдэгдээд надад өөрийнхөө 88979532 дугаарыг өгсөн. 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Шинжилгээний мөнгө гэж 130,000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг надаас 2000дугаартай Хаан банкны дансаар авсан. Маргааш өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Жолооны үнэмлэх гэж 200,000 / хоёр зуун мянган / төгрөгийг дээрх данс руу нь мөн адил шилжүүлсэн. Жолооны үнэмлэх 3 хоногийн дараа гарчихнаа гэж хэлээд 3 хоногийн дараа холбогдоход Жолооны үнэмлэх чинь гарчихлаа дахиад 170,000 /зуун далан мянган/ төгрөг явуул гэж хэлэхэд нь мөнгө алгаа, үнэмлэхээ авчихаад өгье гэхэд уурлаад байсан. 88979532 дугаартай утас руу нь залгаад асуухад намайг өөр өөр газар очуулан уулзяа гэж дуудаж худал ярьсан. Би хуралд сууж байна гээд гадаад хүмүүсийн зургийг авахуулаад явуулсан. Гэрийн хаягаа буруу зааж өгсөн. Дандаа худлаа яриад байсан энд тэнд хүрээд ир гээд өдөржин юм болдог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Алдарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Б- бид 2 оюутны найзууд юм. Э.Б-ыг сайн мэднэ. Одоо Дорноговь аймгийн нэг уурхайд эмч ажил хийдэг юм. 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Э.Б- нь жолооны үнэмлэхтэй болох гэж байгаа юм гаргаж өгч байгаа хүн маань Орбитод ирээд авчих гэнэ гээд намайг Э.Б- гуйгаад авчих гэсэн. Би Орбитын хамгаалалтын 2 дугаар газар очоод хүлээсэн. Тухайн үед би утасгүй явж байсан. Өөр хүний утаснаас Э.Б- руу залгаад нөгөө хүн чинь байхгүй ирээгүй байна гээд 3 цаг хүлээлгэсэн. Орбит хавиар зөндөө хайж явсан. Э.Б- хэлсэн чинь за би залгаадахъя гэтэл нөгөө хүний утас холбогдохоо больсон байсан. Би орой Э.Б-той уулзаад сууж байтал нөгөө жолооны үнэмлэх гаргаж өгнө гээд байсан эмэгтэй хүн нь залгаад “Өдөржин яачихваа гээд хүн хүлээлгээд” гэсэн. Тэгэхээр одоо хаана очих юм гээд Э.Б- нь асуутал Хархорины 34 дүгээр байр гэж гэрээ заасан. Тэгээд очтол утас нь холбогдохгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

 Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Э.Б-той өөрийн Батчимэг Чимка нэртэй фэйсбүүкээр холбогдсон.  Учир нь бид 2 харилцах болсон шалтгаан нь би өөрийнхөө фэйсбүүк дээр “Эмч ажилд авна” гэсэн зар бичсэн байсан. Тэгэхэд Э.Б- надтай утсаар холбогдсон. Бид хоёр эхлээд фэйсбүүкээр чат бичсэн. Би түүнд “Эмчээр ажилд оруулж өгнө, 330.000 над руу шилжүүл гэж бичсэн” тэгэхэд тэр өөрөө зөвшөөрсөн. Би иргэн Э.Б-той нэг ч удаа уулзаж үзээгүй. Би өөрийнхөө 88959732 дугаараар Э.Б-той утсаар холбогддог байсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын SGS ХХК-д эмчээр ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Мөнгө л авсан. Надад Э.Б-ыг ажилд оруулах болон ажилд авах эрх байхгүй. Би өөрөө ажилдаггүй байсан. Өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Би өөрийнхөө дансны дугаарыг Э.Б-т өгөөд дансаараа авсан.  Би одоо барьж байгаа 88979532, 88177010 гэсэн дугааруудыг болон Хаан банкны 2000гэсэн дансыг эзэмшиж байсан. Одоо ч эзэмшиж байгаа...” /хх-ийн 80 тал/ гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Э.Б-ын шүүгдэгч Б.Б-ийн Хаан банкны дансанд 330.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 54 тал/,

 

Хохирогч Э.Б- шүүгдэгч Б.Б-нарын мессэжийн хуулбар /хх-ийн 28-46 тал/,

 

            САУСГОБИ СЭНДС ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 56 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Хан-Уул дүүргийн 188 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 92-94 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 86 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 87 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 88 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Б.Б-нь хохирогч Э.Б-ыг Саусгоби сэндс ХХК-д уурхайн эмчийн ажилд оруулж өгнө гэж худал хэлж, хохирогч Э.Б-оос 330,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирогчид 330,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Учир нь шүүгдэгч нь Б.Б-дээрх компанид эрх бүхий албан тушаал /удирдах, гүйцэтгэх/ огт эрхэлдэггүй, энэ байгууллагад ажиллаж байгаагүй атал хохирогч Э.Б-т ажилд оруулах боломжтой гэж итгүүлэн түүнээс 330.000 төгрөгийг авсан байх тул шүүгдэгчийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн 2019 оны 1 дүгээр сарын 11, 1 дүгээр сарын 12-ны өдрүүдэд фэйсбүүк “Батчимэг Чимка” хаягаар “эмч” ажилд оруулна гэсэн зар тавьж иргэн Э.Б-оос шинжилгээний төлбөр, жолооны үнэмлэх гаргуулахаар 2000дугаарын Хаан банкны дансанд 130,000, 200,000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж, Б.Б-ийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Б- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан 330,000 төгрөгийн хохирлыг буцаан авсан болох нь хэргийн 69 дэх талд авагдсан шүүгдэгч Б-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлоо төлсөн” хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн ”хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь үр нөлөөтэй буюу шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэж, түүнд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М-овогт М-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид 330.000 нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА