Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

  2019            11             18                                        948

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч Э.М  нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Х  овогт Э-ын М  д холбогдох эрүүгийн 190504042000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 0 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 0 байрны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:0000000000000/ Х  овогт Э-ын М  .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Э.М  нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ажилдаггүй МР3 /эм пи 3/ худалдсан байна” гэх шалтгаанаар иргэн Э.Э-тай  маргалдан харилцан зодолдож, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.М  нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ажилдаггүй МР3 худалдсан байна” гэх шалтгаанаар иргэн Э.Э-тай  маргалдан, улмаар хохирогчийн эрүүл мэндэд баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би цахим сүлжээгээр худалдаа хийдэг. Тухайн өдөр 0000000 дугаараас над руу залгаж машины МР3 тоглуулагч авъя гэсэн. Би хаягийг нь аваад хүргэж өгсөн. МР3 өгөөд явсаны дараа нь хойноос залгаад ажиллахгүй байна солиод өг гэхээр нь Арктай шар байшингийн орчим уулзаад уг залуугийн машинд нь суугаад МР3 тоглуулагчийг залгуурт нь залгахад бас ажиллахгүй байсан ба би өөрийнхөө машинд шалгахад зүгээр байсан. Тэр залуугийн машины залгуурт хийхээр МР3 тоглуулагчийн гал хамгаалагчийг цааш нь чихэж оруулаад байсан. Тэгэхээр нь гал хамгаалагч нь чихэгдээд байгаа юм байна, энэ зүгээр МР3 тоглуулагч гэж хэлээд машинаас нь буугаад явсан. Тэгсэн чинь хойноос ирээд намайг бариад авсан. Толгой руу цохисон. Би машин руугаа суух гээд зүтгэсэн чинь намайг татаж газар унагаасан. Баахан ноцолдож байгаад би машиндаа суусан машинд суусаны дараа дээрээс бас цохиод байсан. Нүүр рүү 7-8 удаа гараараа цохиод байсан. Нэг залуу цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд байж байтал уг залуу цагдаагийн хажууд хүртэл миний толгой руу цохисон. Тэгээд цагдаагийн газар очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаартай шинжээчийн: “...Э.Э  биед хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 123, 124 тал/

 

Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би уг хүнийг 2 удаа цохисон. Нэг  цохилт нь оноогүй. Бид 2 барилцаж аваад газар унасан. Тухайн хүнтэй маргаан хийж зодоон хийсэн нь миний буруу. Би шүдний гэмтлээс бусад гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би баримтаар заагдсан мөнгийг барагдуулна. Бид хоёр эвлэрч хэргийг хурдан шийдүүлмээр байна. Маш их харамсаж байна...” /хх-ийн 48-50 тал/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.Б : “...Би Э.М 9 дэх жилдээ найзлаж байна. Багын даруухан цайлган, хүнд тусархуу, мөрөөрөө хүүхэд байсан. Багадаа нэг ангид сурдаг байсан бөгөөд хичээл гэр гээд л гадуур явдаггүй хүүхэд байсан. Хүнд тусархуу ажилсаг, хөдөлмөрч. Архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Өөрөө цайлган хүн учраас найз нөхөд, хамаатан садандаа нэр хүнд сайн байдаг. Чөлөөт цагаараа зааланд тоглох дуртай...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би тухайн үед маш их уур бухимдалтай байсан. Э.Э  биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Прокурортой ял тохиролцсон. Надаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг болон хэргийн 18-20, 25 дахь талд авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Э.М хохирогч Э.Э

цохисон үйлдлийн улмаас хохирогч Э.Э  биед “хуйханд зөөлөн эдийн няцрал, барун өвдөгт зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал” гэмтэл учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 0000 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч Э.М  нь хохирогч Э.Э цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.М  нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ажилдаггүй МР3 тоглуулагч худалдсан байна” гэх шалтгаанаар иргэн Э.Э-тай  маргалдан улмаар хохирогчийн баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хэргийн 124 дэх талд авагдсан хохирогч Э.Э  прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Цаашид надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сайн дурын үндсэн дээр М эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.М  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.М  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.М-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Э-ын М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д шүүхээс оногдуулсан 450.000 торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д сануулсугай.

 

4. Шүүгдэгч Э.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА