Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 21

 

“Ноён адмирал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01215/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

        Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Урианхад овогтой Х-гийн Б-д холбогдох

          “30.260.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

           Хариуцагч Х.Б-ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

      2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК-ийн захирал Ч.Чулуунбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК-ийн захирал Ч.Чулуунбаатараас:

Манай “Ноён адмирал” ХХК нь “СС Монголиа” ХХК-тай нефть бүтээгдэхүүн нийлүүлэн худалдах, худалдан авах 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3616 тоот гэрээтэй, Х.Б- С.Даваасамбуугийн хамт 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дээрх хийсэн гэрээний дагуу Дархан-Уул аймгийн “Петрожамп” ХХК-аас нийт 31 тонн түлшийг гэрээнийхээ дагуу Х.Б- нь хүлээн авсан нь үнэн болно. Ярилцаж тохиролцсоны дагуу түлшийг Дархан-Уул аймгийн “Петрожамп” ХХК-ийн шатахуун түгээх газраас Х.Б- өөрийн биеэр баримттайгаар хүлээн авсан ба хамтарч алтны бизнес хийж, ашгаа тэнцүү хуваана гэсэн боловч ярьсан хэлсэндээ хүрээгүй, улмаар уулзахаас цааргалан утсаа ч авахаа байсан. Энэхүү үйлдэл нь хамтарсан гэрээтэй 2 компанийг давхар өрөнд оруулан залилан хохироож байгаа юм. Б-аас нийт түлшний үнийн 15.000.000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 30.260.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Х.Б-аас:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Чулуунбаатар нь найз С.Даваасамбуугийн хамт 2016 оны 06 дугаар сарын эхээр сонгуулийн сурталчилгаанд Увс аймаг явах болоод “Оюуны-Ундраа” ХХК-аас зээлээр дизель түлш авах боллоо. Энэ түлшийг танай аймагт байдаг “Петрожамп” ХХК-аас авах юм. Үүнийг ченжийн үнээр бэлэн мөнгө болгох хэрэгтэй байна. Энэ түлшийг зарж өгөөч гэж надад хэлсэн. Үүний  дагуу би Б.Бүдбаатар, Н.Хишигбаатар хоёртой түлшний үнэ 1 литр нь 1.250 төгрөгөөр авахаар тохиролцсон. Энэ тухай би Ч.Чулуунбаатар, С.Даваасамбуу нарт хэлэхэд зөвшөөрсөн. “Петрожамп” ХХК-аас түлш авахад Ч.Чулуунбаатар өөрөө түлш авах хүнийг тэр колонкийн нягтлантай яриулаад түлшийг авахуулдаг байсан. Намайг 31 тонн түлш авсан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Би тэдний нийт 27.130 тонн түлшийг 33.912.000 төгрөгөөр борлуулж өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 07-нд би Ч.Чулуунбаатарт 3.375.000 төгрөгийг бэлнээр өгснийг Б.Бүдбаатар, Тулгаа, Баяраа нар харж байсан. Дараа нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөг өгсөн. Мөн С.Даваасамбууд дансаар нийт 17.320.000 төгрөг шилжүүлж өгсөн банкны баримт нь байгаа бөгөөд С.Даваасамбуу ч өөрөө авснаа хүлээн зөвшөөрдөг юм. Ингээд би Ч.Чулуунбаатар, С.Даваасамбуу нарт 35.695.000 төгрөг өгсөн. Ч.Чулуунбаатар нь С.Даваасамбуугаас авбал зохих мөнгөө надаас нэхэмжлээд байна. Ийм учраас би Ч.Чулуунбаатарт ямар нэгэн өр төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэж тайлбар гаргажээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х.Б-аас түлшний үнэ 19.827.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ноён Адмирал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 10.432.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас 257.089 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х.Б- давж заалдсан гомдолдоо:

           Тухайн үед би С.Даваасамбуу болон Ч.Чулуунбаатар нартай нефть худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй тул нефтийг 1.250 төгрөгөөр зарж борлуулах хүсэлт гаргасан. Энэ талаар шүүх хуралдаан дээр С.Даваасамбуу, Ч.Чулуунбаатар нар мэдэгдсээр байхад шүүх 20.430 л түлшийг 1.460 төгрөгөөр тооцож гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд ямар нэгэн ашиг олоогүй. Одоо надад ямар ч өр шир байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай талаас үнэлээгүй  алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Ноён адмирал” ХХК хариуцагч Х.Б-д холбогдуулан 31 тонн дизель түлшний үнэ 30.260.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 21.130 тонн түлшний үнийн үлдэгдэл 21.349.800 төгрөг, ажилчдын цалин 2.700.000 төгрөг, Дарханаас Сэлэнгэ аймаг руу алт олборлох гэж явахад гаргасан зардал 833.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.960.980 төгрөг нийт 28.844.280 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн байна.

Хариуцагч Х.Б- төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн баримтыг судалбал нэхэмжлэгч анх алт олборлох талаар хамтран ажиллахаар хариуцагчид ярьсан гэдэг боловч үүнийгээ хуульд заасан үүргийнхээ дагуу шүүхэд нотлоогүй, хариуцагч 20130 литр түлш авч борлуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг, түлшний үнэнд 18.375.000 төгрөг өгсөн талаар зохигчид маргаагүй байна.

Шүүх энэхүү маргаанд хамааралгүй хэрэгт авагдсан “Ноён Адмирал” ХХК, “СС Монголиа” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ болон түлш худалдан авалтын тооцоог үндэслэн хариуцагч 1 литр түлшийг 1460 төгрөгөөр, нийт 27130 литр түлш худалдан авсан /хэргийн хуудас 55,56/ гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлнэ гэж заасныг зөрчжээ.

Хариуцагч Х.Б- С.Даваасамбууд үүргийн гүйцэтгэл болох 17.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чулуунбаатар ...түлшний мөнгийг Х.Б-аас нэхэмжилнэ, би Х.Б-ыг С.Даваасамбууд мөнгө шилжүүл гэж хэлээгүй, С.Даваасамбуугаас нэхэмжлээгүй... гэсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211-д зааснаар ...үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрснөөр... үүргийг гүйцэтгэсэнд тооцох... тул хариуцагч нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн төлсөн буюу үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг 1.415.720 төгрөгөөр багасгасан байхад үүнийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, дизель түлшний үнээс бусад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх баримт тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

Харин нэхэмжлэгчийн саналаар түүний өмнө хариуцагч дизель түлш борлуулж өгөх үүргийг хүлээж, хөлс авах талаар талууд тохиролцоо хийгээгүй тул хариу төлбөргүйгээр даалгаврыг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч давж заалдсан гомдолдоо шүүх 20430 л түлшийг 1460 төгрөгөөр тооцож гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэснийг судлан дүгнэхэд талууд 6700 тонн түлшийг 1 литрийг нь 1320 төгрөгөөр худалдсан талаар маргаагүй, нэхэмжлэгч түлшийг зах зээлийн үнээс доогуур хурдан бэлэн мөнгө болгох санал гаргасан, түлш худалдан авсан гэрч 1 литр түлшийг 1250 төгрөгөөр худалдан авсан гэж шүүхэд мэдүүлсэн зэрэг баримтуудаар 13730 тонн түлшийг 1 литрийг нь 1250 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй бөгөөд хариуцагчаас 26.006.500 төгрөг гаргуулахаас нэхэмжлэгчид төлөгдсөн 18.375.000 төгрөгийг хасч үлдэх 7.631.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар Х.Б-аас түлшний үнэ 7.631.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ноён Адмирал” ХХК-д олгож, үлдэх 21.212.780 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж,

2 дахь заалтыг:

“...хариуцагч Х.Б-аас 257.089 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч Х.Б-аас 137.054 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.089 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, Х.Б-д олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ 

                              ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ