Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2017/03978/И |
Дугаар | 001/ХТ2018/01040 |
Огноо | 2018-06-20 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/01040
“М Д”ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 722 дугаар магадлалтай,
“М Д”ХХК-ний нэхэмжлэлтэй
“Г”ХХК, “МВС Г” ХХК-д холбогдох
Гэм хорын хохирол 6 886 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулгын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, хариуцагч “Г”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагч “МВС Г” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Д”ХХК-ийн бараа материалын даатгалын 140000511 тоот гэрээт даатгуулагч Сүү ХК, даатгалын 1410000440 гэрээт даатгуулагч Л.Адилбиш, даатгалын 1410000226 гэрээт даатгуулагч Өгөөж чихэр боов ХХК нар Барс 2 худалдааны төвийн павилоныг түрээслэн ажиллуулж, үйл ажиллагаа явуулж байх үед 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Барс 2 худалдааны төвд “Г”ХХК-ийн ажилтны буруутай үйлдлийн улмаас гал гарч Сүү ХК, Л.Адилбиш, Өгөөж чихэр боов ХХК нарын худалдаалж байсан эд хөрөнгөд хохирол учирсан. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчдад учирсан хохирлыг барагдуулж Сүү ХК-д 4 000 000 төгрөг, Л.Адилбишд 900 000 төгрөг, Өгөөж чихэр боов ХХК-д 1 986 150 төгрөг олгосон. “Г”ХХК нь шингэрүүлсэн хийн түлш буюу карбон, бутан зэрэг энгийн нүүрс хүчлийн нэгдлээс бүрдэх шатамхай буюу галын тэсрэх аюултай хортой шингэрүүлсэн шатдаг хийн түлш худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн үйл ажиллагааны хэсэгт тусгагдсан байдаг. Хоёр шинжээчийн дүгнэлтэд гал гарсан үндсэн шалтгааныг тогтоосон нөхцөл байдал нь адилхан буюу асаалттай лааны дэргэд хийн холболт хийснээс гал авалцсан гэсэн. Иймд хариуцагч нараас манай олгосон нөхөн төлбөр 6 886 150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь шинжээчийн 387/1312 тоот дүгнэлтийг гарган өгч, тус дүгнэлтээр хариуцагч нарыг буруутай гэдэг 387/1312 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед хариуцагчаар оролцож байсан этгээдүүд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, зарим нэг зүйлүүд нь тодорхойгүй байна гэж үзэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг хүссэн. Уг хүсэлтийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/1312 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр хариуцагч ГоргазХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарсан гэдгийг тогтоогоогүй. Иймд шүүх н.Болдхуягийн өмнөөс “Г”ХХК-ийг буруутай гэж үзэх нь зохимжгүй байна. Гэм хор учруулсан гэж байгаа н.Болдхуяг нь “Г”ХХК-ийн ажилтан биш гэдэг нь нийгмийн даатгал болон холбогдох албан бичгүүдээр нотлогдоно. Иймд гэм хор учруулсны хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Үүний дагуу “Г”ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий шинжээчийн дүгнэлтүүдэд “МВС Г” ХХК-ийг нэлээдгүй олон удаа зөрчил арилгуулах шаардлага тавьсан байна. Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтэд албан шаардлагад дурдсан зөрчлүүд нь гал гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэгдсэн. Үүгээр хариуцагч ”МВС Г” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байна гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “МВС Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М Д”ХХК нь даатгалын гэрээний дагуу тус компанийн Барс-2 худалдааны төвд гарсан галын улмаас даатгуулагч Сүү ХК, Л.Адилбиш, Өгөөж чихэр боов ХХК зэрэг газруудад нөхөн төлбөр олгосны дагуу хохирол нэхэмжилсэн хэргийн хохирлыг тус компани хариуцах эрх зүйн үндэслэлгүй. 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан гал түймрийн хэрэгт тухайн компанийн буруутай үйлдлээс шалтгаалсан зүйл байгаагүй. Тухайлбал, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд "“Г”ХХК-ийн ажилчид шингэрүүлсэн шатдаг хийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлалгүй харанхуй орчинд асаалттай лааны дэргэд хийн баллоныг холбож байгаад гал алдсан байсан. 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг боловч энэ дүгнэлт манайд ирээгүй, хэрэгт авагдсан байхад нь танилцсан. Баллоны хийнээс болж гал гарсан байна гэж аль, аль дүгнэлтээр нотлогдож байгаа. Иймд хийн баллоныг холбосонтой холбоотой гал гарч, ”М Д”ХХК нь даатгуулагчдад нөхөн төлбөр олгосон нь тус компанитай холбогдолгүй, тус тусдаа үйл ажиллагаа гэж үзэж байна. Бид гал гарсны улмаас захын барилгын дээврийг иж бүрнээр шинээр галд халдаггүй, шатдаггүй тэсвэртэй материалаар хийсэн, барилгын засварын ажлыг иж бүрнээр хийсэн, үүнтэй холбоотой түрээслэгч нар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй орлогоо алдсан зэрэг их хэмжээний хохирлыг компанид болон түрээслэгчдэд учруулсан. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГоргазХХК-аас гэм хорын хохиролд 6 886 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Д”ХХК-д олгож, хариуцагч “МВС Г” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 238.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г”ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 125 128.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 722 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ”Г”ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 125 128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга хяналтын гомдолдоо: Магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Горгаз” ХХК, “МВС Г” ХХК нарт холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 1. Магадлалын хянавал хэсэгт “...тус компанийн Барс-2 захын цайны газарт хийн түлшний баллоныг суурилуулахдаа аюулгүй ажиллагааны журам мөрдөөгүйтэй шууд шалтгаант холбоотойгоор гал гарч бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул ...Иргэний хуулийн 502.1 дэх хэсэгт нийцсэн байна” гэжээ. Гэтэл хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ч.Болдбаатараар хийн түлш Барс-2 худалдааны төвд хүргүүлэхээр явуулсан. Гэвч Ч Болдбаатар нь өөрөө биш өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн түлшний холболт хийлгэж байгаад гал алдсан байдаг. Харин давж заалдах шатны шүүх ослыг хэн гаргасан, гаргасан осол хариуцагч хуулийн этгээд хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх дээр дүгнэлт хийгээгүй бөгөөд хариуцагч компанийг холболт хийж байгаад гал алдсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Учир нь хариуцагч нь Ч.Болдхуягт ажил үүрэг хариуцуулж хийн түлшний холболт хийлгүүлээгүй байхад хариуцагчийг Ч.Болдхуягтай шалтгаант холбоотой байна гэж дүгнэх боломжгүй бөгөөд тухайн этгээдтэй хариуцагч нь ямар нэгэн хамааралгүй гэм буруугүй этгээд юм. 2. Магадлалын хянавал хэсэгт “...Болдхуяг нь тус компанийн ажилтан биш гэх боловч ийнхүү бусдаар ажил гүйцэтгүүлснийг тус компанийн ажилтан Болдбаатарын буруутай үйлдэл гэж үзэх тул Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар ...ажил олгогч хүлээнэ” гэжээ. Гэтэл Ч.Болдбаатарын буруутай үйлдэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч жинхэнэ хариуцагч биш “Горгаз” ХХК-р хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй байна. Харин Ч.Болдбаатар хийн түлшний холболт хийж байгаад гал алдсан бол хариуцагч нь Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээх ёстой бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч хуулийн этгээдэд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй, хөдөлмөрийн гэрээгүй ямарч хамааралгүй этгээд болох Ч.Болдхуяг хийн түлшний холболт хийж байгаад гал алдсан байхад түүний өмнөөс хариуцагч “Горгаз” ХХК-нд хариуцлага хүлээлгэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зөрчөөгүй байна.
Шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч “Г”ХХКомпанийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Нэхэмжлэгч “М Д”ХХК нь “Г”ХХК, “МВС Г” ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 6 886 150 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
“МВС Г” ХХК-ийн өмчлөлийн Барс-2 худалдааны төвд 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан галын улмаас лангууг түрээсэлж байсан Сүү ХК-д 4 000 000, иргэн Л.Адилбишид 900 000, Өгөөж ХХК-д 1 986 150 төгрөгийн хохирол тус тус учирсныг “М Д”ХХК даатгалын гэрээний дагуу нөхөн төлсөн байх ба Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу хариуцагч нараас хохирлоо шаардсан байна.
Шүүх нэхэмжлэгч “М Д”ХХК-ийн шаардах эрхийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан байх тул зөвтгөж, өөрчилнө.
“Г”ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагч Сүү ХК, иргэн Л.Адилбиш, Өгөөж ХХК-д учирсан гэм хорыг “М Д”ХХКомпани нөхөн төлсөн тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар гэм хорыг “Г”ХХкомпаниас шаардах эрхтэй байна.
Хоёр шатны шүүх Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 387/1312, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 527/312 тоот галын шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, фото зураг, зохигчийн тайлбар, даатгалын гэрээ, нөхөн төлбөр төлсөн санхүүгийн баримт, түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцүүлэн дүгнэж, хариуцагч “Г”ХХКомпанийн ажилтан Барс-2 худалдааны төвийн байранд, цайны газарт хийн түлштэй баллон/газ/ хүргэж, баллоныг газан плиткатай холбох явцад хий алдагдаж, лааны дөлтэй авалцсанаас гал гарсан, “Г”ХХК нь өөрийн ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй гэм буруутай байдал тогтоогдсон, гал гарсны улмаас Сүү ХК, иргэн Л.Адилбиш, Өгөөж ХХКомпанийн лангуун дээр байсан эд хөрөнгө шатаж хэрэглэх боломжгүй болсон талаар буюу гэм буруу, гэм хор учирсан шалтгаан нөхцөл, гэм хорын хэмжээг дүгнэж, “М Д”ХХКомпанийн нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. Мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэж заажээ.
Хариуцагч “МВС Г” ХХК-ийн байранд хийн хангамжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй байдлыг арилгуулахаар мэргэжлийн хяналтын байцаагчаас удаа дараа шаардсан баримт хэрэгт авагдсан боловч энэ нь гал гарсан шалтгаан болоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, хариуцагч “МВС Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасныг зөрчөөгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан ба гэм хорын даатгалын харилцаанаас үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 722 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/00329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...498 дугаар зүйлийн 498.1 гэснийг 443 дугаар зүйлийн 443.7 гэж өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “Г”ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125 128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА