Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор  Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч  Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ц.Б-; холбогдох эрүүгийн 201612000134 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 сарын 21-нд төрсөн, 38 настай, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2  хүүхдийн хамт  .....оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Ц.Б

Ц.Б нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5-р баг Арвижихийн 10-13 тоотод иргэн Р.П-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овгийн  Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн  хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2,  4 дэх хэсэгт заасныг журамлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас  1 /нэг/ хоног цагдан  хоригдсон болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-иас 12374436 /арван хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.П-т олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.П нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаар баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Базарвааниас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутагийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоолын 4 дэх заалт биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо:

 

1.Гэрч Ганбаатарын ... өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг улсаас гаргуулахын тулд Тархины гаж хөгжил гэсэн оношийг тавьж Р.Пүрэвбаатарын биеийн байдал, эдийн засгийн байдлыг харгалзан үзсэн юм ... уг онош нь хутгалсанаас үүссэн гэмтэл биш даатгалын санд оруулахын тулд уг оношийг тавьсан ... гэх мэдүүлэг нь “Хавтаст хэргийн 175-р хуудас” хуурамч онош тавьсаныг баталсан. Мөн өмгөөлөгч Д.Долгорсүрэнгийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй “Тархины гаж хөгжил гэсэн онош тавьж эмчилсэн байгааг харгалзан үзнэ үү? гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй.  Зөвхөн Ц.Базарваань гэдэг хүнийг шийтгэх, зөвхөн хохирогч талын эрх ашгийн хамгаалж хуурамч оношийн хүрээнд мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хүний эрхийг зөрчиж байна. Гэрч Р.Ганбаатарын  дурьдсан асуудлаар хуурамч онош тавьж 12374436 төгрөгийг надаас гаргуулж Р.Пүрэвбаатарт олгуулахаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй.

2. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр цалингийн 11000000 төгрөгийн зээлтэй, 2 хүүхэд ЕБС-д сурдаг. Эхнэрийн цалингаар амьдралд хүрэлцдэггүй. Шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан хохирлын мөнгийг ар гэрийн болон миний амьдралын нөхцөл бололцоог харгалзан үзэлгүйгээр хуурамч оношийг үндэслэн ихээхэн хэмжээний мөнгийг гаргуулахаар тогтоосон  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 тоот шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирлыг бодитой үнэн зөв тогтоож өгнө үү хэмээн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж  байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн гаргасан саналдаа: Хохирогч Р.Пүрэвбаатарт “Тархины гаж хөгжил”  гэсэн онош тавьж эмчилсэн талаар хэрэгт нотлох баримтууд авагдсан байгаа. Энэ оношийн хүрээнд хийгдсэн эмчилгээний зардлыг Ц.Базарваань хариуцахгүй. Анхан шатны шүүхээс 12.374.436 төгрөгийг Базарвааниас эмчилгээний зардалд гаргуулахаар шийдвэрлэсэн.Үүнээс зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Тухайлбал: мэс засал хийлгэх зөвшөөрлийн хуудас  /28-р хуу/ гарын үсэггүй, /50-р хуу/ гарын үсэггүй, засвартай байгаа зэргийг анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн гаргасан саналдаа: Хохирогчийн нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл буюу эмчилгээний зардлыг шүүгдэгч  хүлээн зөвшөөрөхгүй байгаад гайхаж байна. Хохирогчийг эмчлэхэд ямар зардал гарсан болох нь  хэрэгт нотлох баримтаар нотлогдсон байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс 12.374.436 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр баталж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:  Шийтгэх тогтоолыг хэвээр баталж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хянаж шийдвэрлэхдээ хэргийн бүх  ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

            Ц.Базарваань нь  2016 оны 7 дугаар сарын 25 -ны өдөр  гэмт хэргийг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрлэх үед гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно” гэж заасан бөгөөд  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Давж заалдах шатны шүүхээс Ц.Базарвааньд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул давж заалдах гомдолд дурьдсан  үндэслэлийг хянаж шийдвэрлээгүй болно.

   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

  1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Базарвааньд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тус                                          шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Базарвааньд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт  зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                Х.ГЭРЭЛМАА

                                              Т.БЯМБАЖАВ