Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2021/0240

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Б, Ж.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, А.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэрээр: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар олборлолтын үйл ажиллагаа явуулсан ч нөхөн сэргээх бүүргээ биелүүлээгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах заалтыг хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь тухайн тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулаагүй нь 2013-2014 онд “Х” ХХК-ийн 4 ширхэг тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр үйл ажиллагаа явуулахыг бүхэлд нь хориглож лацадсан лац хөндөгдөөгүй тухай шүүхийн үзлэг хийсэн ажиллагаа, Монгол банканд нэг ч алт тушаагаагүй лавлагаа, “Х” ХХК-ийн 2013 оноос хойш 7879А, 201А дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайд шүүх дээр маргаантай 2020 он хүртэл үргэлжилсэн шүүхийн шийдвэрүүд, 2013 оны 11 дүгээр сард техник, эдийн засгийн үндэслэл батлагдаж, байгаль орчин менежментийн төлөвлөгөө батлуулах үүрэг өгч шийдвэрлэгдэж дууссаны 15 хоногийн дараа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 зааснаар нэхэмжлэгч кампанийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай санал гаргасанг нэхэмжлэгч компани хүлээн авч шүүхээр маргаан эхэлсэн зэрэг нотлох баримтаар “Х” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, олборлолт хийгээгүй гэдгийг нотлох бөгөөд шүүхээс ч энэхүү үйл баримтыг үгүйсгэхгүй гэж дүгнэсэн. Мөн шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Анхбаярын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаас 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр МҮ-00201А тоот тусгай зөвшөөрөл бүхий “Х” ХХК нь 2013 онд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, ... эрх зүйн зөрчилгүй” тухай тодорхойлолтууд хавтаст хэрэгт өгсөн. 

Энэ бүхнээс үзвэл “Х” ХХК-ийг 201А тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогддог бөгөөд шүүхээс үгүйсгэхгүй гэж дүгнэсэн атлаа 201А талбайгаа “олборлолт явуулчаад нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх” заалт болон тайлбараа үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж хууль хэрэглэж буй нь үндэслэлгүй болно.

Мөн тухай овоолго нь 7879А болон 201А хоёрын хооронд баяжмалын үйлдвэрийн улмаас үүссэн овоолго бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан дээр энэхүү хэсэгт овоолго үүсгэхийг зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрч баталсан нарийвчилсан үнэлгээ болно. Ийнхүү 2013 онд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд лацдаж ямар ч үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр улмаар 2013 оноос шүүхийн маргаан эхэлсэн зэргийг харгалзан үзэлгүйгээр 2013 онд баяжмалын үйлдвэрээс үүсэлтэй нарийвчилсан үнэлгээгээр зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлтийн улмаас үүссэн овоолгоор 201А тусгай зөвшөөрлийг цуцалж буй нь үндэслэлгүй болно.

Аливаа маргаан бүхий акт нь процессын болон материаллаг эрх зүйн шаардлагыг бүхэлд нь хангаж байж, үндэслэл бүхий хууль ёсны акт болох ёстой бөгөөд тиймдээ ч Захиргааны ерөнхий хуулиар төрийн захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа тавигдах шаардлага, стандартыг хуульчилж, мөрдүүлж ирсэн. Гэтэл шүүхээс энэхүү хууль зөрчигдсөн, нэхэмжлэгч хуулийн этгээдийн мэдэх, оролцох эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн үйлдлийг хууль ёсны хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүх хуульд үндэслэх буюу хууль ёсны байх зарчмыг зөрчсөн шийдвэрийг гаргасан.

Маргаан бүхий 201А тусгай зөвшөөрөл нь 7879А дугаар ашиглалтын талбайтай хил залгаа оршдог ашиглалтын тусгай зөвшөөрөл бөгөөд 201А тусгай зөвшөөрлийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Т-44 дүгээр Ашигт малтмалын газрын даргын “Техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай” тушаалаар техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан байдаг. 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын Нөөц хүлээн авч, бүртгэх тухай” 321 дүгээр тушаалын нэг хэсэгт “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших 201А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Цагаан гозгорын алтны үндсэн ордод 2006-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан .... зохиогчийн тооцоолсон хувилбараар, хавсралтын дагуу хүлээн авсугай” гэж зааснаас үзвэл Давж заалдах шатны шүүхийн 2014 онд техник, эдийн засгийн үндэслэл батлуулах хүртэл хийгдсэн нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг шалган тогтоох боломжтой байсан. 2014 он хүртэл хайгуулын ажил гүйцэтгэх, нөөц батлуулах, техник, эдийн засгийн үндэслэл батлуулах зэрэг ажиллагаа явагдсан бөгөөд энэ хооронд тухайн талбай дээр ашиглалтын үйл ажиллагаа явагдаагүй болох нь харагдана.

Ийнхүү 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулсны дараа 13 хоногийн дараа тус тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоол гарч, тухайн тогтоолыг нэхэмжлэгч талаас эс хүлээн зөвшөөрч урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тухайн тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байдаг. Ийнхүү 2014  оноос хойш тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайн асуудлаар шүүх дээр маргаанууд үүссэн.

201А тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр 2006 оноос 2014 оныг хүртэл хайгуулын ажил, нөөц бүртгүүлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлуулах ажиллагаа явагдаж байсан болохоос ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаагүй нь хил залгаа 7879А дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн ашиглалтын үйл ажиллагаанаас шүүд харагдана. Учир нь 201А тусгай зөвшөөрөл бүхий талбайн нөөц бүртгүүлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлуулж байх хугацаанд 7879А тусгай зөвшөөрлийг ашиглалтын зориулалтаар ашиглаж байх хугацаандаа нийт дараах хугацаануудад нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн байдаг.

Ийнхүү нөхөн сэргээлттэй холбоотой баримтууд болон 2014 оноос өмнөх тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан үйл ажиллагааг дүгнэсэн төрийн захиргааны байгууллагуудын албан бичиг, дүгнэлт, акт байсаар байхад энэхүү нөхцөл байдлыг шалгуулахаар шийдвэрийг хүчингүй болгосон байгааг анхаарч, дүгнэж өгнө үү. Мөн энэхүү техник, эдийн засгийн үндэслэл батлуулахаас өмнөх үйл ажиллагаа нь маргааны үйл баримтад хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллага нь баталж буй нөхцөл байдалд өөрөө бидний үйл ажиллагааг хууль тогтоомжид тусгасны дагуу хийгдэж байсан эсэхэд үнэлэлт өгсөн.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор 2014 оноос өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гарган. маргаж байсан бөгөөд энэ хугацаанд хариуцагч төрийн захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг буруутгадаг Цээлийн нуур, Шар усны гол ширгэсэн гэх асуудал шүүхийн журмаар шинжээч томилох хүсэлт гаргуулсны дагуу бүтэн жил шахуун хугацаанд тухайн захиргааны хэрэг түдгэлзсэний дүнд байгаль орчны асуудлаар бүрэн дүүрэн дүгнэлт өгсөн. 

Мөн шүүхийн журмаар үзлэг хийхэд анх шүүхэд маргаан үүсэх үед талбайг лацадсан лац хэвээрээ, үйл ажиллагаа явуулаагүй, тоног, төхөөрөмжүүд зэвэрсэн, зэрлэг өвс ургасан байдалтай болохыг үзлэгээр тогтоосон. Мөн нууцын зэрэглэлтэй Монгол банкнаас ирүүлсэн албан бичигт шүүхийн маргаантай байх хугацаанд “Х” ХХК-аас алт тушаагаагүй болохыг албан бичгээр хүргүүлсэн.

Маргаан бүхий дүгнэлтийн гол нотлох баримт болгож буй хавсралт нь “дроноор авсан фото зураг” гэж байгаа боловч энэхүү дроноор авсан гэх зураг нь яг тухайн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэр бүхий солбицлын цэг бүхий талбай гэдэг нь тодорхойгүй, “Хурай" ХХК нь хил залгаа 2 ашиглалтын, 2 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд энэхүү 4 талбайн хил зааг нь хаагуур тогтоогдсоны дагуу яг 201А дээрх солбицлын цэг бүхий хэсэг дээр авсан фото зураг гэдэг тогтоогдохгүй, дээрх ач холбогдолтой нөхцөлүүдийг тогтоох боломжгүй фото зургууд байгааг анхаарч үзнэ үү. Хамгийн гол нь 2014 онд “Х” ХХК-ийг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байх хугацаанд маргаан бүхий актыг гаргаснаараа шүүхэд маргаан өрнүүлсэн бөгөөд ашиглалтын үйл ажиллагаа явуулаад дууссан газраа бид нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх болохоос алтаа ялгаагүй, ялгахаар бэлдсэн талбайгаасаа олборлолт явуулаагүй байхдаа буцаан булж, нөхөн сэргээлт хийх боломжгүй.

Хариуцагч нь өөрсдөө анх шүүх дээр маргаан үүсэхэд байсан овоолгын хэмжээ нэмэгдэж, хууль бусаар алт олборлолт явуулсан гэх боловч энэхүү нөхцөл байдлаа өөрсдөө нотлоогүй бөгөөд яг хэзээний ямар зүйлтэй харьцуулж, хэрхэн яаж нэмэгдсэн гэдэг үйл баримтаа үндэслэж буйгаа нотлоогүй, тогтоогоогүй. Учир нь “Х” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоод өнөөдрийг хүртэл явуулаагүй болохыг шүүхийн үзлэг, бусад албан бичгээс харж болно.

Энэ хооронд харин “Х” ХХК-ийн талбай дээр гар аргаар алт олборлогч, нинжа нар 3-4 удаа халдан дайрч, зөвшөөрөлгүй нүх ухаж, олборлолт явуулсан байдаг бөгөөд тухай бүр “Х” ХХК-ийн зүгээс сумын Цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулж байсан. Энэхүү гомдлуудад “Х” ХХК, түүний захирал нь хохирогчоор оролцож байсан.

Иймд дээрх үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 0037 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит үйл баримтад үнэн зөв, хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр энэ гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 7978А болон 201А тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг бөгөөд 1996 оноос хойш дээрх 2 тусгай зөвшөөрлийн талбайд олборлолт ашиглалт явуулж байсан бөгөөд тухай бүрд нь байгаль орчны нөхөн сэргээлт хийсээр ирсэн болохыг орон нутгийн Засаг захиргаа, байгаль хамгаалагчийн тодорхойлолтоор нэгэнт нотлогддог бөгөөд энэ асуудлаар зохигч болон гуравдагч этгээдүүд маргадаггүй болно.

Нэгэнт дээрх тусгай зөвшөөрлүүдийн талбайд олборлолт хийж байсан болохоор хэлбэр бүхий ухмал, овоолго үүсэх нь тодорхой билээ. Гэтэл үүнийг нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулсан мэтээр анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосныг зөвшөөрөх боломжгүй. 

Гуравдагч этгээдийн зүгээс дүгнэлт гаргуулах тухай 2018/01 тоот хүсэлтээ өмнөх шүүх хуралдаанд зориуд гаргаж өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсон юм. Энэ алдааг залруулж гуравдагч этгээдээс ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр огноолсон 1/80 тоот дүгнэлт гаргуулах тухай албан бичигт “ ... үйл ажиллагаа явуулж 0.2 га газарт олборлолт явуулсан ба уг газартаа өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчинд сөрөг нөлөө, хор хохирол учруулсаар байна” гэж дурдсан байдаг.

Гэтэл маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн дугаар 2018/01 дүгнэлтэд “ ... М\/-000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тогтоогдсон” гэжээ. Бид гуравдагч этгээдээс хүсэлтдээ дурдсан 0.2 га гэх хэмжээг тодруулбал энэ хэмжээ нь 2000 м.кв талбайтай газар гэж ойлгогдож, харагдаж байна. Тэгвэл 201А тусгай зөвшөөрлийн талбайн чухам аль хэсэгт, ямар хэмжээтэй болох нь огт ойлгомжгүй байдалтай дүгнэлтэд болон дроноор авсан зурагт тусгагдсан байна. Энэ хэмжээний газрыг ухаж, нөхөн сэргээгээгүйн улмаас 140.000 м.кв талбай эзлэх хэмжээний овоолго шороо үүсэх үү? Хэрвээ үүсэх бол нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 7-16-ны өдрийн хооронд газар ухаж, ийм хэмжээний овоолго үүсгэх боломж бий эсэх талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Энэ талаарх нотлох баримтуудыг харьцуулан үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, харилцан бие биесээ үгүйсгэсэн, туйлын ойлгомжгүй нөхцөлд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

“Нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын 201А тусгай зөвшөөрлийн хүрээнд орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Ашигт малтмалын газрын даргын 2014 оны т-44 тоот тушаалаар хүлээн авсан, нэхэмжлэгчээс 201А тусгай зөвшөөрлийн талбайд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж байгаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж байгаагүй, уурхай байгуулж ашиглалтад оруулаагүй гэж тайлбарласан зэргээс үзвэл, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “201А тусгай зөвшөөрлийн талбайд огт үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбарыг үгүйсгэхээргүй боловч энэ нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хүрээнд олгогдсон бөгөөд эвдрэлд орсон, овоолго үүссэн, нөхөн сэргээлт хийгдээгүй уурхайн талбайн хувьд өөрийн талбайг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх үүргээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг чөлөөлөхгүй юм. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д зааснаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дахь Цагаан гонзгор нэртэй 10 га талбайг “Х” ХХК-д олгосон ашиглалтын 201А тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг талбайд хохирол үүсгэхгүй байх, хохирол үүсэхээс сэргийлэх, үүссэн хохирлыг хариуцах тул уурхайн талбай дахь ухаш, үүссэн овоолго нь хэний үйл ажиллагаанаас, хэзээ үүссэнээс үл хамааран ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд хохирол учруулж болох аливаа үйлдлээс татгалзах, нөхөн сэргээх үүрэгт хамаарна. Иймд нэхэмжлэгч талын “олборлолт хийгээгүй тул нөхөн сэргээх үүрэг үүсэхгүй” гэсэн агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

Шүүхээс дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч компанийн төлөөллийг оролцуулаагүй, тэдний зүгээс эрхээ хамгаалах боломж олгоогүй асуудал нотлох баримтуудаар нотлогдсоор байтал маргаан бүхий захиргааны актын хууль бус болохыг зөвтгөж “Хэлэлцүүлэгт оролцсон” гэх ганцхан үндэслэлээр бүхэлд нь зөвтгөж дүгнэсэн явдал нь хариуцагчийн эрх ашгийг илэрхий хамгаалсан гэж үзэх байдалд хүргэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүхий нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийг эсрэгээрээ гаргасанд харамсаж байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч, Байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан, энэ хэргийн эцсийн шийдвэрт сонирхол бүхий этгээд болох Ш.Анхбаярыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулж, түүний худал мэдүүлсэн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10.1-ийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Энэ асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй юм.

Маргаан бүхий захиргааны акт болох 2018/01 дүгээр дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 39, 40, 43 дугаар зүйлийн заалтуудыг ноцтой зөрчиж гарсан, хуулийн шаардлагыг хангаагүй болохыг зориуд тэмдэглэж байна. Мөн түүнчлэн энэ дүгнэлтийг ямар эрх зүйн актын хүрээнд, түүнийг удирдлага болгож гаргадаг талаар хариуцагчаас тодруулж, энэ эрхийн актыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан хэдий ч хавтаст хэрэгт авагдаагүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Тухайн оноосоо эхлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Цагаан Гозгор нэртэй алтны шороон ордын хайгуул хийж тодорхой нөөцийг илрүүлэн 201А тоот тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу авч геологи хайгуул, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийг эрхэлж ирсэн 201А талбай дээр 2004 оныг дуустал шороон ордын олборлох үйлдвэрлэлийг эрхэлж олборлосон талбайгаа нөхөн сэргээж сум орон нутагтаа хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд 201А талбай дээрээ 2006-2011 оныг дуустал хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж геологи хайгуул, баганат өрөмдлөгийн 3000 орчим тууш метр газрыг өрөмдөж үнэт металлын үндсэн ордын 994 кг нөөцийг илрүүлж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 2012 онд батлуулсан тэр цаг үеэс эхлэн сум, орон нутгийн удирдлага, байгаль орчны улсын байцаагч тэргүүтэй хүмүүс орон нутгийн хүмүүсийг илтэд зохион байгуулж турхиран популизм хийж “Орхонтуулын Хишиг” нэртэй ТББ-ыг ах дүү, хамаатан садан, найз нөхдийн хүрээнд байгуулан хууль, ном дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий “Улсын эрдэнэсийн санд” албан ёсоор бүртгэж Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас албан ёсоор баталгаажуулсан 201А тоот тусгай зөвшөөрөл бүхий алтны үндсэн ордын талбай уруу Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж 120-250 хүн бүхий бичил уурхай эрхлэгчдийг оруулан ажиллуулах хууль бус шаардлагыг тавих болсноор энэхүү маргаан эхэлсэн юм.

Байгаль орчны улсын байцаагч Ш.Анхбаяр нь 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 18-04-332/02 тоот акт 0,2 га олборлосон гэж акт тавьсан гэх боловч “Х” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь бид олборлолт явуулаагүй харин зам тавихаар газрын хэвгийг тэгшилж байх үед байцаагч ирж зөвшөөрөлгүй газар хөндлөө гээд байсан тул тэр жилдээ газрын хэвгий байдлыг хэвээр нь хадгалж тухайн байцаагчид хүлээлгэн өгсөн. Энэ нь 50 орчим метр урттай 40 м орчим метр өргөнтэй газар байсан. Энэхүү асуудал нь тухайн байцаагчийн 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 18-04-332/05 тоот Ашигт малтмалын газарт хандсан үйл ажиллагаа явуулсан тухай албан бичиг, мөн сумын засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгүүдээр тус тус нотлогдоно. Манай талаас олборлолт хийгээгүй болох тухайгаа нотолж Ш.Анхбаярын талаар удирдах дээд шатны байгууллагад гомдол гаргахад ажил ихтэй, ээлжийн амралттай байгаа гэх зэрэг шалтгаан дурдаж байсаар тухайн жил “Х” ХХК нь 06 дугаар сараас 08 дугаар сарын сүүл хүртэл сул зогсоосон байдаг бөгөөд харин байцаагч Ш.Анхбаяр нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зохих зөвшөөрөлгүй газар ашигласан утга бүхий шийдвэрийн хуудсыг бичиж 11,232,000 төгрөгийн торгуулийн акт бичсэн юм.

Энэ тухайгаа Ш.Анхбаяр байцаагч “Хариу мэдэгдэх хуудас”-аар баталгаажуулсан байх бөгөөд “Х” ХХК-ийн гаргасан зөрчлийг шалгахад захиргааны шинжтэй зөрчил байх тул гэж тодотгосон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Төрийн сангийн төлөөлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 06 тоот тодорхойлолтоор “Х” ХХК нь 11,232,000 төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан болохыг нотолдог.

Энэхүү үйл явцыг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, ахлах байцаагч нар тухайн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ирж хяналт, шалгалт хийгээд явахдаа эрсдэл багатай аж ахуйн нэгж гэсэн үнэлгээг өгсөн юм.

Мөн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сумын байцаагчийн дээд шатны байгууллага Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь манай байгууллагад шалгалт хийж байсан бөгөөд бага эрсдэлтэй аж ахуйн нэгж гэж тус тус үнэлсэн байдаг.

2012 онд үнэлгээ хийх эрх бүхий “Мон газар экологи “ ХХК нь 7978А талбайд олборлох төсөл эрхлэхээс өмнө боловсруулсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” төслийн чухал баримтууд нь шүүгчийн зүгээс 0037 шийдвэр гаргахдаа огт харгалзан үзээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлуүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ :

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн, өмгөөлөгч Ж.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын “анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлын дагуу хянав.

Гомдлуудад дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй, мөн дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/174 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөн оны 06 дугаар сарын 28-ний өдөр “...байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй байсан нь “Х” ХХК-ийн М\/-000201 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно” гэсэн 2018/01 тоот дүгнэлтийг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ.

Тухайн 2 газар нь “Х” ХХК-н тусгай зөвшөөрөл бүхий талбай бөгөөд өөр хөндлөнгийн этгээд тухайн газарт хууль бусаар олборлолт явуулсан, байгаль орчинд хохирол учруулсан, овоолго үүсгэсэн зэргээр дүгнэх боломжгүй ба энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүрэг “Х” ХХК-д л ногдоно.  

2012 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа тухайн талбайд явуулаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ч ямар цаг хугацаа өнгөрснөөс үл хамааран, сүүлийн 8 жил ямар нэгэн олборлолт явуулаагүй байх нь хамаарахгүйгээр нөхөн сэргээлт хийх үүрэг Хурай ХХК-д ногдох юм. Өөрөөр хэлбэл 2013 оноос эхлэн ямар нэгэн уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, олборлолт явуулаагүй, Монгол банканд алт тушаагаагүй зэрэг нь байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөх үндэслэл болох ёсгүй.

Давж заалдах гомдолд овоолгын хэмжээний талаар гомдол гаргаж, уг овоолгын хэмжээ хэт их, тухайн газраас гарах боломжгүй талаар дурджээ.  Гэхдээ маргаан бүхий захиргааны акт  овоолго их байна гэсэн агуулгаар гараагүй, овоолгын хэмжээ их байвал нөхөн сэргээх ёстой, бага бол нөхөн сэргээхгүй орхиж болно мэтээр шүүх дүгнэх боломжгүй.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/4526 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн, “Х” ХХК-ийн захирал Б.Б нь мөн сарын 28-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд оролцсон, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 18/44 дугаартай албан бичгээр тайлбар гаргасан байх тул хариуцагч захиргааны байгууллагыг нь Захиргааны хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

201А тоот талбайд олборлолт хийгээгүй байхад нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан талаар давж заалдах гомдлуудад хэдэнтээ дурдагдаж байна. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18-4-332/02 тоот актаар “Х” ХХК нь “...“Цагаан гозгор” нэртэй газарт 7978А тоот тусгай зөвшөөрөлтэй ч 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайдаа уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль хамгаалах төлөвлөгөөгүй, зохих зөвшөөрөлгүйгээр 05 дугаар сарын 07-оос 16-ны өдрийн хооронд олборлолтын үйл ажиллагаа явуулсан зөрчил”-ийн хохиролд нийт 22,372,860 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн 201А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг хэлбэржүүлж ухсан, овоолго хийсэн, овоолгын хэмжээ нь 2 хэсэг газарт 140000 мкв орчим талбайтай болсон байсан зэрэг нь тогтоогджээ.

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх үйл баримтуудаас нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч “Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан буюу олборлолт хийх эрх үүсээгүй  201А тусгай зөвшөөрлийн талбай дахь газарт эвдрэл бий болгосон, улмаар эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй атлаа “...байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй...” гэсэн үндэслэлээр гарсан  2018/01 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч “манай байгууллага 201А тусгай  зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Томилолтоор ажилласан тухай тайлан”-д “...Олборолтын ажил хийгдсэн цэгүүдэд хэмжилт хийхэд хэмжилтээр тогтоосон цэгүүд нь 201А тусгай зөвшөөрлийн талбай дотор байна” гэж тэмдэглэгдсэн байх ба хавсралтаар авагдсан 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд үүссэн эвдрэлийг харуулсан Зураг 2-т зогсож байгаа хүнээс өндөр босоо хана үүссэн байгаагаас үзвэл, эвдрэл нь техникийн үйлчлэлээр, олборлолтын үйл ажиллагааны явцад үүссэн гэж үзэхээр байна. Мөн хэрэгт авагдсан маргаан бүхий 2018/01 тоот дүгнэлтийн хавсралтаар ирүүлсэн “дроноор авсан зураг”-ийн 4 талд газрын солбицлыг  тэмдэглэсэн  байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зориулалтын GPS бүхий дрон ашиглаж, хүний оролцоогүйгээр зураг авсан зургийг программын тусламжтайгаар хөрвүүлж цаасанд буулгасан” гэж тайлбарласан, тус зурагт ашигт малтмалын ашиглалтын 7978А болон 201А тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайг ялган зурсан байна.

Мөн эвдрэлд өртсөн талбай нь 201А тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаа нь нотлогдохын зэрэгцээ энэ тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Манай талбайруу нинжа нар дайрч орсон тохиолдол гарсан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

                           ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

        ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР