Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 111/ШШ2018/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс, нэхэмжлэгч  *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  *******-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох “Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар  *******-ыг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, энэ хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан билээ. Тус шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 111/ШЗ201/0082 тоот шүүгчийн захирамж гаргасан юм. Захирамжийн үндэслэл хэсэгт “Урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлснээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй” гэжээ. Би Монгол улсын Төрийн албаны зөвлөлд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал хууль болон зорилгод нийцэж байгаа болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянуулахаар гомдол гаргасан билээ. Гэтэл Монгол улсын Төрийн албаны зөвлөл 2017 оны 5 сарын 12-ны өдрийн 637 тоот албан бичгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга шилжүүлсэн байдаг. Энэ албан бичигт миний гомдлыг хянан үзэж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхээр шийдвэрлэжээ. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн албаны салбар зөвлөлийн дарга ай уулзах гэсэн боловч бүтэн 7 хоног хүн хүлээн авахгүй гэсэн шалтгаанаар миний гомдлыг хянан үзэж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийн оронд бие бие рүүгээ түлхэн “тэр мэднэ, энэ мэднэ” гэсэн шалтгаанаар миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хүсэлгүй байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Иймд миний гомдлыг шийдвэрлэх сонирхолгүй байна гэж дүгнээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн гэж үзлээ.  миний бие 2005 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Баацагаан сумын Нийгмийн хөгжлийн бодлогын ажилтнаар анх ажилд орж Баацагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтнээр 2017 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Энэ ажиллах хугацаандаа Төрийн албан хаагчийн ёс зүй, эрхэлсэн ажил, апбан тушаалаа Монгол улсын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж ирсэн, гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилогдсноос хойш улс төрийн захиалга шахалт шаардлагын дагуу дарамтлан хална, гэдэг шахалтыг үзүүлж эхэлсэн. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт бэлэн бай, ёс зүйн хорооны хурлаар оруулна гээд оруулаагүй, маргааш нь төрийн албанд 10 жил орох нөхцөлгүйгээр хална гэдэг шахалтыг удаа дараа надад энэ байдлыг надад тулган ажиллах хүсэл зоригийг мохоож эхэлсэн. Сум руу явах унаанд сууж аймгийн самбартай хөтөл дээр явж байх үед нарийн бичиг ******* гэгч утсаар ярьж “дарга өргөдлөө хурдан өг, үгүй бол ажлаас халах шийдвэр гаргалаа гэж байна.” гэж айлган сүрдүүлсэн. Суманд очсоны дараа сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга асан над руу залган “******* сайн уу, чи ажлаасаа гарч байгаа юм уу. Үнэн юм уу” гэж асуусны дараа ******* дахин утсаар ярьж “өөрийн хүсэлт өргөдлөө өг, тушаал гаргалаа” гээд байна гэж дахин дарамталсан.

Би тухайн үед аргагүй байдал шахалт дарамтанд орж өөрийн танил Баянхонгор сумын даргын тамгын газрын мэргэжилтэн ******* “миний өмнөөс өргөдөл бичээд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын нарийн бичигт хүргээд өгөөч” гэж гуйсан.

Энэ үед миний сэтгэл санаа цочирдон таагүй стрессдэлтийн байдал орсон байсан.

Ингээд арай ч халах шийдвэр гаргачихгүй байх гэж бодсон. Хэд хоногийн дараа очиж уулзана гээд үүрэгт ажлаа гүйцэтгэж байтал таны тушаал гарсан гэж Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн *******аамхүүхэн гэгч ажилтан утсаар ярьж хэлсэн. Үүнээс хойш 13 хоног дээрээ жижүүр ******* гэдэг хүнээс гэрээс нь хөөцөлдөн байж төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тушаалаа авсан.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны Б/13 тоот тушаал нь миний төрийн алба хаах, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тушаал гэж ойлгож байна. Энэ тушаалын үндэслэл хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь заалтыг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Мөн өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг дарамт шахалтын дор төөрөгдүүлэх замаар гаргуулсан юм. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.

1. Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөрийн Б/13 дугаар бүхий Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн  *******-ыг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, миний биеийг дээрх ажилд эргүүлэн томилуулах, энэ хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны актад гомдол гаргах журмын дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч дээрх хариуг аваасан.” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ *******-ын Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар тус газарт Баацагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан  *******-ыг өөрийн өргөдлийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зуйлийн 24.1.3 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

 *******-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбарыг ажил олгогчийн зүгээс гаргаж байна. Үүнд:

 1. Газрын даргын тушаалын үндэслэл хэсэгт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь заалтыг үндэслэсэн нь гагцхүү Газрын даргын тушаал гаргах эрх хэмжээний хэм хэмжээг тодорхойлсон болохоос,  *******-ыг ажлаас чөлөөлөх хэм хэмжээг тодорхойлоогүй юм.

2. Ажил олгогч нь  *******-ын ажлаас чөлөөлж өгнө үү гэж хүссэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өөрийн хүсэлтийнх нь дагуу Төрийн албаны тухай хуулийн 24.1.3 дэх “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн.

 *******-ын еөрөө хүсэлтээ гаргах болсон шалтгаан нь: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга ******* Баацагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн  ******* нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дахь хэсгийн 5.1.4, 5.3.1, 5.5.3 дахь заалтыг зөрчиж, иргэдэд ялгавартайгаар үйлчилж, хүнд суртал гаргаж, иргэдээс /үндэслэлгүй хураамж авч ажиллаж байгаа тухай гомдол ирсэн тул хяналт тавин холбогдох арга хэмжээг авч ажиллах тухай албан бичиг ирсэн.

Дээрх албан бичигт дурдсан гомдлын дагуу тус газраас хяналт тавихад  ******* нь эрх хэмжээгээ хэтрүүлж ажилласандаа гэмшин, өөрийгөө буруушааж байгаагаа илэрхийлсэн, нэр бүхий 19 иргэдээс тус бүр нь 500 төгрөгийн хураамж авсан, хураамжийн мөнгийг нэр бүхий 19 иргэдэд буцаан өгч өөрийн гаргасан алдаагаа залруулсан зэргээр ноцтой зөрчил гаргасан нь  *******-ын гаргасан өөрийн тайлбар болон холбогдох баримтаар мөн иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллээр тогтоогдсон. Иймд  *******-ыг дарамтлаагүй, төөрөгдүүлээгүй, шахалт үзүүлээгүй. Газрын даргын эрх, үүргийнхээ дагуу нөхцөл байдлыг танилцуулж  *******-ыг эрх хэмжээгээ хэтрүүлж ноцтой алдаа гаргасан байгаа тул Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлөгдөх үндэслэлтэй байгааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулсан.

 ******* нь сонсох ажиллагааны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хусэлтээ гаргая, энэ алдаа дутагдлаараа ажлаас чөлөөлөгдмөөргүй байна, залуу хүн надад энэ алдаа дутагдлаараа ажлаас чөлөөлөгдвөл эргээд ажил олдохгүй, амьдрал хэцүү байна гэдэг хүсэлтийг дахин дахин гаргасан тул  *******-ын хүсэлтийн дагуу шийдвэрийг гаргахын тулд шийдвэр гарах цаг хугацаа тулсан үед даргын туслах, бичиг хэргийн ажилтан ******* 2 удаа утсаар холбогдож өөрийн гаргасан хүсэлтийн дагуу өргөдлөө гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн болохоос айлган сүрдүүлсэн, дарамталсан үг, яриа, хэллэг гаргаагүй.

 *******-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан “...улс төрийн дарамт, захиалга, шахалт шаардлагын дагуу дарамталж ажлаас чөлөөлсөн” гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд  *******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 3 сарын 21-ний өдрөөс томилогдон ажиллаж байна.

2017 оны 4 сарын 19-20-ны хооронд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарласан төрийн албан хаагчийн сонгон шалгалруултанд орж тэнцэн нөөцөнд бүртгэгдэн төрийн жинхэнэ алба хаагчийн зохих шаардлагыг хангасан тул намайг ажилд томилсон юм.

Ингээд ажиллаж байх хугацаандаа ажил байдлын тодорхойлолтонд заагдсан үүрэгт ажлаа гүйцэтгэж, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой алдаа дутагдал гаргаж байгаагүй.           

Урьд өмнө нь ажиллаж байсан гэх  ******* нь энэ ажлыг эрхэлж байхдаа ёс зүйн болоод сахилгын зөрчил гарган ажлын хариуцлага удаа дараа алдаж үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө байгууллагын удирдлагад өгсөн учраас түүний хүсэлтийн дагуу чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байдаг.

Гэтэл Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжпэл гаргаж улмаар ямар ч нотлох баримтгүй дарамтанд орж өргөдөл хүнээр бичүүлж өгсөн гэж гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаарч үзэх байх гэж итгэж байна.  ******* нь 10 гаруй жил төрийн алба хаасан байж ийм гэнэн томоогүй, санамсаргүй зүйл хийх хүн биш бөгөөд хэдийгээр найз Баасанжаргалаар өргөдлөө бичүүлэхдээ өөрөө зөвшөөрч өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлж, биеийн эрүүл мэнд муу учраас төрийн албыг үргэлжлүүлэн хийх боломж нөхцөл байхгүй талаараа маш тодорхой хэлж бичүүлсэн байгаа нь хэрэгт байгаа 2017 оны 3 сарын 05-нд өгсөн өргөдлөөр нотлогддог.

Тэрээр ямар ч тохиолдолд төрийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан ч гэсэн өөрийнхөө хүсэлтээр гарах талаар өргөдлөө бичиж гаргаж өгөөгүй бол өдийд ажил албан тушаал дээрээ хэвээрээ байж байх ч байсан байна. Байгууллагын дэргэдэх ёс зүйн хорооны гишүүдийн хурал дээр түүний саналыг сонсож хэлэлцэхэд хүртэл би гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч сахилгын шийтгэл оногдуулахыг зөвшөөрсөн байдаг. Ажлаас гарах шийдвэрээ өөрөө гаргасан, өөрөө төрийн байгууллагыг тоглоом мэт байдлаар хандан харьцаж зохих шийдвэрээ гаргуулчихаад одоо болохоор би дарамтанд орсон гэж бичиж, хандаж байгааг ойлгохгүй байна. Түүний хуулиар хамгаалагдсан ямар эрхийг нь ажил олгогч зөрчсөн талаар хангалттай нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж энэ тайлбарыг гаргаж байна. Мөн энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ******* шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар  *******-ыг чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, энэ хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн  *******-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 *******-ыг Баянхонгор аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажилд томилох тухай” 17 дугаар тушаалаар Баацагаан сумын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр томилон ажиллуулж байжээ.

Улмаар Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар  *******-ыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” бол төрийн албанаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх”-ээр тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч  *******-ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалаас чөлөөлснийг шүүх хууль бус гэж дүгнэлээ. Учир нь газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх захиргааны зохион байгуулалтын харилцааг зохицуулсан заалтыг баримталсан нь үндэслэлгүй, төрийн албанаас чөлөөлөгдөхөө сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлтийг үндэслэх шаардлагыг хангаагүй байхад чөлөөлсөн зэргийг хууль бус гэж үзсэн болно.

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга д хандан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан гэх хүсэлтийг  ******* өөрийн санаачлагаар, өөрөө гаргаагүй болох нь Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрч ******* мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн тайлбарт нэхэмжлэгч  *******-ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дахь хэсгийн 5.1.4, 5.3.1, 5.5.3-ыг зөрчиж, иргэдэд ялгавартайгаар үйлчилж, хүнд суртал гаргаж, иргэдээс үндэслэлгүй хураамж авч байгаа тухай гомдол ирсэн тул хяналт тавин, холбогдох арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг ирсэн ..., ноцтой алдаа гаргасан байгаа тул төрийн албанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлөгдөх үндэслэлтэй байгааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан..., сонсох ажиллагааны дараа өөрийн хүсэлтээ гаргая, энэ алдаа дутагдлаараа ажлаас чөлөөлөгдмөөргүй байна... гэсэн зэрэг нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй, харин Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах зөрчил юм.

Шүүх нэхэмжлэгч  *******-д Баянхонгор аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж байсан, дээрх тайлбарт дурдсан зөрчлийг гаргасан болохыг үгүйсгээгүй, уг зөрчлийг гаргасныг шалтаглан, бусдаар гаргуулсан гэх хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлснийг хууль бус гэж дүгнэлээ.

Үүнээс гадна хариуцагч 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн  *******-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаалыг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар хувийн хэргийн нээсэн боловч сонсох ажиллагаа зохион байгуулах, нөхцөл байдлыг тогтоох, санал авах зэрэг оролцогчийн эрхийг хамгаалуулах үйлдлийг хийгээгүй нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Хоёр. “Урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч  *******-ыг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож, ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн “Хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны нөхөх олговор 7.722.141 /Долоон сая долоон зуун хорин хоёр мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч  *******-ын үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон түүнийг ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын дүнг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 25 дугаар зүйлийн 24.1.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож,  *******ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 7.722.141 /Долоон сая долоон зуун хорин хоёр мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг нэхэмжлэгч  *******д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН