Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 957

 

 

 

 

 

 

 

2019            11               19                                          2019/ШЦТ/957

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт А-ын Г  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180500618000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Сайн Сервис” ХХК-д дуудлагын жолооч, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Овоотын 0 дүгээр гудамж, 000 тоотод суух, /РД:0000000/, урьд:

            1995 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 000 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

            1997 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 00 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

            1998 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 00 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын  хугацаагаар хорих ялаар,

            2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 00 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар,

            2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилээр тэнсэж, үүрэг хүлээх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Б  овогт А-ын Гантулга.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Яллагдагч А.Г нь 2018 оны 1 дүгээр сард Нийслэлийн Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байсан Ч.Ч эзэмшлийн мөнгөн бүс, үйтэн хуар дээл, Чингистэй хивс, морин хуур, савхин хүрэм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 600.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч А.Г нь 2018 оны 1 дүгээр сарын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байсан Ч.Ч эзэмшлийн мөнгөн бүс, үйтэн хуар дээл, Чингистэй хивс, морин хуур, савхин хүрэм зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 600.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г өгсөн: “...2017 оны 9 дүгээр сараас эхлэн Ч.Ч бид хоёр нийтийн байр түрээслэж эхэлсэн. Би тухайн үед Сансар сүлжээ дэлгүүрт түгээлтийн ажил хийдэг байсан. Би өмнө Ч.Ч “миний савхин куртик, цаг хоёр алга болсон байна” гэж хэлж байсан. Тэгээд гэрээс юм алга болоод байхаар нь би Ч.Ч мөнгөн тоноглолтой бүсийг нь аваад явсан нь үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр миний эхнэр болох Г  БНСУ-аас ирэхээр нь цуг амьдрахаар болоод явсан. Тухайн үед би эхнэртэйгээ цуг амьдрах талаараа А.Г  хэлээд өөрийн ачаа баглаж тавиад 2 хоногийн дараа ирээд ачаагаа шалгахад миний боож баглаж тавьсан байсан ачаанаас үйтэн хуар дээл, мөнгөн бүс, савхин куртик зэрэг алга болчихсон байсан. Тухайн үед А.Г гэртээ байгаагүй бөгөөд нийтийн байр хариуцаж байсан Д  гэх хүнээс асуухад А.Г нь чамайг явсанаас хойш сүүлийн 7 хоног эндээ архи ууж байгаад өнөө өглөө гараад явчихсан гэж надад хэлсэн. Би А.Г олж уулзахаар эгчтэй нь утсаар ярихад А.Г чамайг аваад ирээрэй гэж хэлээд намайг явууллаа гэж хэлээд төслийн зуухыг авч явсан байсан. А.Г олоод миний эд зүйлс хаана байгаа юм гэж асуухад би мэдэхгүй гэж надад хариулаад байхаар нь би цагдаагийн газар авчираад өргөдөл өгсөн, байцаагчдаа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш А.Г би дахиж нэг ч удаа уулзаагүй намайг утсаар залгахаар авч ярьчихаад 2018 оны 2 дугаар сарын 01-нээс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл утас нь холбогдохгүй сураг чимээгүй алга болж байгаад 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад хөгшөөн нөгөө асуудал чинь гайгүй юу цагдаагаас чимээгүй байгаад байна гэж ярихаар нь би уулзах гээд очиход утсаа салгаад алга болчихсон. Би үйтэн хуар дээл, мөнгөн бүс хоёрыг нийлүүлээд 500.000 төгрөгөөр, савхин куртик 150.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

 

Гэрч. Д Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Г нь 2018 оны 1 сард манай гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн охинтой чинь эвлэрнэ гэж орж ирсэн. Тухайн үед орж ирэхдээ шаргал өнгийн мөнгө нь уначихсан бүсийг надад бэлэглэж байна гээд орж ирэхээр нь чи наад бүсээ аваад яв гэж хэлээд хөөж явуулсан... А.Г нь оршин суух хаягтаа бүртгэлтэй, гэхдээ 2017 оноос эхлээд ирэхгүй байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 11 сард хальт орж ирээд хүүхдүүдтэйгээ уулзалдаад гарсан. Одоо хаана байгааг нь мэдэх зүйл алга...” /хх-ийн 25-26, 27-28 тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.Г нь манай эх нэгтэй миний төрсөн дүү юм. Манайхаар ирэхгүй байгаа. А.Г согтуу орж ирээд агсам тавиад 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр орж ирээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Шүүгдэгч А.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Ч.Ч 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарыг хүртэл цуг амьдарсан. Би Ч.Ч төслийн зуух, мөнгөн бүс зэргийг нь авсан бусдыг нь бол мэдэхгүй. Мөнгөн бүс нь шургуулганд байж байсан. Д.Н хадгалуулах гэж өгсөн юм. Бүүр өгсөн асуудал бол байхгүй. Би өөрийн төрсөн эгч болох Г Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ш морьтын эцсийн гэрийнх нь гарашид Ч.Ч төслийн зуух болон гэр мэт эд зүйлсийг хийсэн байсан. Тухайн үедээ би эгчийнхээ гэрээс очиж төслийн зуухыг авсан. Мөнгөн бүсийг зах дээр хүнтэй 2 гутлаар солиод түүнийхээ нэгийг нь Ч.Ч өмсүүлчихсэн. Энэ талаараа гутлаа өгчихөөд бүсийг чинь зарчихсан шүү гэж хэлсэн. Энэ үйл явдал ямар ч байсан 2017 оны 12 сард шинэ жилийн өмнө болсон. Би мөнгөн бүсийг зарж борлуулахаас 1 хоногийн өмнө орсон. Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. ...Би Ч.Чухалбаярд учруулсан хохирлоо нөхөн төлсөн асуудал байхгүй гэхдээ заавал нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 тал/

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-719/124 дугаартай тайланд “...мөнгөн бүс 250.000 төгрөг, үйтэн хуар дээл 75000 төгрөг, морин хуур 75000 төгрөг, чингистэй хивс 100.000 төгрөг, савхин хүрэм 100.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 тал/, Таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 96-103 тал/, 2006 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 104 тал/, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-113 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 тал/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

         Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Г хохирогч Ч.Ч эзэмшлийн эд зүйлс болох мөнгөн бүс, үйтэн хуар дээл, Чингистэй хивс, морин хуур, савхин хүрэм зэрэг эд зүйлсийг хохирогчид мэдэгдэхгүйгээр авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч А.Г бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.Ч нийт 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь алдагдсан эд зүйлс болох мөнгөн бүс, үйтэн хуар дээл, Чингистэй хивс, морин хуур, савхин хүрэм зэргийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирчээ.   

       

Иймд шүүгдэгч А.Г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ч учирсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч нөхөн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч А.Г уг 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ч олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй учир шүүгдэгч А.Г хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол барагдуулаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г  оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч А.Г Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэжээ.  

 

Дээрх 000 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч А.Г нь хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтын арга хэмжээг зөрчөөгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх ба энэ хугацаанд шийтгэх тогтоолыг биелүүлээгүй зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч А.Г хохирогч Ч.Ч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 тоот шийтгэх тогтоолын үйл баримтаас өмнө үйлдэгджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн, мөн зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоног, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн үндэслэлээр цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоног, нийт цагдан хоригдсон 13 /арван гурав/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Г  өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б  овогт А-ын Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Г  оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн, мөн зүйлийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоног, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоног, нийт цагдан хоригдсон 13 /арван гурав/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ч олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА