Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 968

 

 

 

 

 

 

 

  2019            11             22                                          2019/ШЦТ/968

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

Улсын яллагч: Н.Анхбаяр,

Шүүгдэгч М.А  нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ө  овогт М  А  холбогдох эрүүгийн 190504002000 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр  сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Хувьсгалчдын 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:00000/, Ө  овогт М  А

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч М.А  нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын 0 тоотын орчим насанд хүрээгүй О.Х “дүүг дагуулж оройтсон өмнөөс хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар биед халдаж, түүний биед “зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.А  нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын 00 тоотын орчим насанд хүрээгүй О.Х “дүүг дагуулж оройтсон, өмнөөс хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар биед халдаж, түүний биед “зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 20:00 цагийн үед өөрийн найз охин Х , найз О , А  бид хорооллын Өргөө кино театрт кино үзсэн. Бид дөрөвийн үзсэн кино оройны 22:00 цаг өнгөрөөд дууссан хойно кино театраас гараад зүгээр юм ярин алхаж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орсон. Цэцэрлэгт хүрээлэнд хоорондоо юм яриад тоглоод байж байтал манай хоёр найз Э , Б  нар ирсэн. Тэгээд бид нар зургуулаа болоод байж байтал манай найз охин Х а  гэрийнх нь хүмүүс хүүхэд хүргэж өг гээд залгаад байсан. Бид нар Х ааг гэрт нь хүргэж өгөх гээд цэцэрлэгт хүрээлэнгээс такси бариад телевиз рүү явсан. Телевизийн шинэ эцэс орчим Э , Б  нарыг буулгаад Х а  гэрийн гадаа очих гээд зам дээр явж байтал Х а  эгч нар гээд гурван эмэгтэй нэг ах зогсож байсан. Такси зогсоод би бууж амжаагүй байхад Х а  эгч А  гэдэг нь шууд үснээс зулгаан машинаас буулгаад шууд хашаа руугаа чирээд явсан. Тэр үед би гарыг нь тавиулах гэсэн боловч тэнд байсан Х а  гэрийнх нь миний гарыг бариад байсан. Намайг Х а  хашаанд ороход Х а  эгч А  гэдэг нь галын дэгээ төмрөөр миний үснээс зулгаан дарж байгаад миний биеийн зүүн тал руу маш олон удаа цохисон. ...Надад одоо ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 00 цагийн орчимд гэртээ байж байтал манай хажуу айлын А  манайд орж ирээд Х аа байхгүй гэртээ ирэхгүй байна. Гэртээ ирэх болохоор хамт гарч тосоод өгөөч гээд гарсан. 2019 оны 10 дугаар сарын 09-ний шөнө өнгөрч байхад би А , түүний төрсөн дүү О  нарын хамтаар хашаанаас гарч хойд талын зам дээр Х ааг хүлээгээд зогсож байтал Х аа нэг цагаан өнгийн Акуа маркийн машинтай телевизийн шинэ эцэс орчим хоёр залуу буулгачихаад гэрийнхээ гадаа өөр хоёр залуу болон нэг охины хамтаар ирсэн. Тэр машиныг ирээд удаагүй байхад А  одоо гомдол гаргаад байгаа залууг үснээс нь зулгаан машинаас буулгаад гэр рүүгээ явсан. Тэр хооронд хоёроос гурван удаа гэрээсээ Х ааг тосох гээд гарахдаа барьчихсан байсан галын дэгээ төмрөөр одоо гомдол гаргаад байгаа бандийг цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч О.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эгч М.А  нилээн уурлаад Х ааг найз Х хамт такситай ирэхээр нь Х  гээд хүүхдийг машинаас чирч буулгаад араас нь цамцнаас нь юм уу хаанаас нь юм мэдэхгүй чирээд хашаа руу явсан. ...Тэр бандийг галын дэгээ төмрөөр 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0000 дугаартай шинжээчийн: “...О.Х биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн дал, зүүн тахим баруун өвдөгний цус хуралт, зүүн бугалга, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гарын 2-р хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн уда  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн дал, зүүн тахим, баруун өвдөгний цус хуралт, зүүн гарын 2-р хурууны зулгаралт гэмтэл нь тус тусдаа дээрх журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 61, 62 тал/

 

Шүүгдэгч М.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад ярих зүйл байхгүй. Өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг дүүг нь дагуулж оройтсон гэх шалтгаанаар зодож биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор М.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/,  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40-42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Х биед “хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, зүүн дал, зүүн тахим баруун өвдөгний цус хуралт, зүүн бугалга, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн гарын 2-р хурууны зулгаралт” гэмтэл учирсан нь хэргийн 20 дэх талд авагдсан шинжээч эмчийн 0000 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ гэмтэл нь шүүгдэгч М.А  нь насанд хүрээгүй хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.А  нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ч М.А  нь 2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хувьсгалчдын 00 тоотын орчим насанд хүрээгүй хохирогч О.Х “дүүг дагуулж оройтсон, өмнөөс хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар биед халдаж, түүний биед “зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч М.А ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А  нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэж мэдүүлж оролцсон.

 

Насанд хүрээгүй хохирогч О.Х , түүний хууль ёсны төлөөлөгч С.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан баримт гаргаж өгсөн боловч гаргах гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч М.А ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.А  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.А т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дэгээ төмрийг шүүгдэгч М.А т буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.А т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө  овогт М  А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А  шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дэгээ төмрийг шүүгдэгч М.А т буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА