Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00468

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Эх Монгол групп ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Мөнхтулгад холбогдох, 1017900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00111/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1978 онд төрсөн, 38 настай, дээд боловсролтой, Эх Монгол групп ХХК-д хуулийн зөвлөх, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 26-1 тоотод оршин суух, Лувсандоо овогт Баасансүрэнгийн Батсайхан, /РД: ЦЗ78070710/

хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт оршин суух, Хард овогт Цэрэндоржийн Мөнхтулга /РД:МТ79121116/, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эх Монгол групп ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхтулга нь манай Эрдэнэт салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа компанийн байранд засварын ажил гүйцэтгүүлэх нэрийдлээр нийт 2230900 төгрөгийг авсан бөгөөд үүнээс 1017900 төгрөгийн хуурамч баримт бичиг бүрдүүлэн манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймд Ц.Мөнхтулгаас хуурамч зарлагын баримт үйлдэн авсан 1017900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эх Монгол групп ХХК нь Ц.Мөнхтулгатай хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг Эрдэнэт салбарын эрхлэгчээр 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллуулж байсан. Энэ хугацаанд буюу 2015 оны 5 сард Эрдэнэт хотод байдаг компанийн 2 өрөө байрны засварын ажлыг хариуцан хийлгэхийг Мөнхтулгад даалгасан. Тэрээр төсөв батлуулалгүй компаниас мөнгө аваад 2 өрөө байрны засварыг 2755350 төгрөгөнд багтааж хийсэн гэж баримтуудыг нь гаргаж өгсөн боловч эдгээрээс 29 ширхэг баримт буюу 1017900 төгрөгийн баримт нь ямар ч баталгаажуулалт байхгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь заалтыг зөрчсөн. Ц.Мөнхтулгайтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан. Компаниас мөнгө авч засвараа хийгээд дараа тайлангаар хаах ёстой байсан. Аливаа албан тушаалтан дараа тайлан гаргахаар бэлэн мөнгөөр бараа материал худалдан авахдаа санхүүгийн хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ёстой байдгийг бүгд мэднэ. Хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх нь иргэн, албан тушаалтан бүрийн Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн үүрэг. Ц.Мөнхтулга нь бараа материал худалдан авахдаа анхан шатны баримтыг хууль, журмын дагуу бүрдүүлэх ёстой байтал ямар ч тамга, тэмдэг, нэр, хаяггүй, түүнчлэн хүлээн авсан хүний нэр, гарын үсгээр баталгаажаагүй зарлагын баримт бүрдүүлсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан 29 ширхэг баримтанд бичигдсэн тухайн аж ахуйн нэгж болон худалдаа эрхлэгчийн регистрийн дугаараар нь шүүхийн журмаар Орхон аймгийн Улсын бүртгэл болон Татварын хэлтсээс дээрх регистр бүхий аж ахуйн нэгж байдаг эсэх, хэрэв байдаг бол тэдгээрийн нэр, эрхлэх үйл ажиллагааны талаарх лавлагааг гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан. Бүртгэл, татварын байгууллагын лавлагаагаар энэхүү 29 баримтад бичигдсэн регистр бүхий аж ахуйн нэгж мэдээллийн санд огт бүртгэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн нь уг баримтуудыг хуурамч болохыг батлаад зогсохгүй хариуцагч нь хуурамчаар бүрдүүлсэн болохыг нотолж байна. Хариуцагчийн хуурамчаар зарлагын баримт бүрдүүлсэн үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно", 13.6 дахь хэсгийн "Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна", Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн даргын 2002 оны 171/111 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар"-ын "Нэг"-д заасан "Анхан шатны баримт гэж гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог хэлнэ. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, хүлээн зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна. Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн, тухайн үед бэлэн мөнгөний зарлага гарган захиран зарцуулсан боловч холбогдох санхүүгийн баримтыг хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор бүрдүүлээгүй хариуцагчийн шууд гэм буруутай үйлдэл бөгөөд гагцхүү өөрөө хариуцах хуулийн зохицуулалттай юм. Энэ байрны засвартай холбогдон гарсан зардлын тооцоог нягтлан бодогч гаргасан. Нийт гарсан зардал нь 2230900 төгрөг байгаа боловч үүнээс 29 ширхэг баримт буюу 1017900 төгрөгийн баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байгаа тул Ц.Мөнхтулгаас 1017900 төгрөг мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирсэн унааны зардал 49200 төгрөг, нийт 1067100 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаанд 49200 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч Ц.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн "Эх Монгол Групп" ХХК-ийн Эрдэнэт салбарын "Сохо" тавилгын их дэлгүүрийн эрхлэгчээр ажиллаж байгаад мөн оны 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий захирал Жадамбаагийн ёс зүйгүй харьцаа, цалин урамшуулалын ёс бус суутгалууд зэрэг зохисгүй үйлдлүүдтэй нь эвлэрэх боломжгүй байсан тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаандаа чин шударгаар хичээл зүтгэл гарган дэлгүүрийн дотоод үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажилчдыг хөгжүүлэх, сургах бэлтгэх зэргээр хүний нөөцийн менежментийг хэрэгжүүлж, гадаад орчны марктенгийн үйл ажиллагааг давхар гүйцэтгэж ажилласаны үр дүнд борлуулалт сайжирч салбарын тогтвортой үйл ажиллагаа, өсөн нэмэгдэх боломжийг хангаж ажиллаж байсан. Ажилд орсны дараа 5 сард ерөнхий захирал Н.Жадамбаа компанийн 2 өрөө байранд салбарын дотоод боломжоо дайчлаж, хамгийн бага зардлаар засвар хийх үүрэг даалгавар өгсөн. Иймээс салбарын агуулахын нярав Г.Ган-Эрдэнэд үүрэг өгч барилгын материалын үнэ судлуулж материалын жагсаалт, орц хэмжээ гэх мэт засварын нийт төсвийн төслийг ерөнхий захиралд танилцуулан 2800000 төгрөгөнд багтааж хийхээр батлуулан засварын ажлаа эхлүүлэн тавилга угсрагч нараар туслах ажлыг гүйцэтгүүлж, нярав Ган-Эрдэнэ голлон ажилласан. Мэргэжлийн болон мэргэшсэн засалч хийх шаардлагатай зарим ажлыг найз нөхөд, таньдаг хүмүүсээ гуйж байрны засварыг 6 сард хийж дуусгасан. Гүйцэтгэл нь 2700000 гаруй төгрөг болсон. Намайг хуурамчаар зарлагын бичиг баримт үйлдсэн гээд байна. 3асварын материалд төлөвлөгдсөн зардал л гарсан, миний зүгээс хувьдаа завшсан явдал байхгүй. Би ямар ч бичиг баримт хуурамчаар үйлдээгүй зөвхөн материал худалдан авсан иргэн, аж ахуй нэгжийн санхүүгийн анхан шатны баримтыг авч тайланд хавсаргаж байсан. Засварын зардалыг дэлгүүрийн орлогоос санхүүжүүлж байсантай холбоотой орлого хаагдсан өдөр ажил зогсож удааширдаг, байрны засвар, дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг зэрэг удирдах, хоёр талд ажиллаж байснаас шалтгаалан зарим тохиолдолд тавилга угсрагч, жолооч нарт мөнгө гаргаж өгч материал худалдаж авахуулдаг байсан нь үнэн. Миний ажлын байрны тодорхойлолтод санхүүгийн анхан шатны баримт үйлдэх, бүрдүүлэх, хянахтай холбоотой ямар нэг ажил, үүрэг байхгүй учир аль болох нярваар дамжуулан материал худалдан авалт хийдэг байсан. Захирлаас өгсөн үүргийн дагуу заагдсан материал сонгох, батлагдсан үнэд нийцүүлэх зайлшгүй шаардлагаар зарим тохиолдолд би өөрөө материал авах явдал байсан хэдий ч би санхүүгийн мэргэжлийн хүн биш учир алдаатай баримт авсаныг үгүйсгэхгүй. Гэвч салбар хариуцсан орон тооны мэргэжлийн нягтлан бодох, нярав ажилладаг. Нягтлан бодогч Улаанбаатар хотод төв оффист суудаг учир өдөр тутмын кассын тайланг орлого зарлагын баримтын хамт скайнердаж email, outlook-р дамжуулан хянуулдаг байсан, тухайн үед ямар нэг зөрчил дутагдал мэдэгдэж байгаагүй. Худалдан авсан материал бүгд байрны засварт орсон, компанид ямар нэг хохирол учраагүй. Зөвхөн авах ёстой батлагдсан материалд батлагдсан зардал гаргасан. Ажил хүлээлцэхдээ материалын жагсаалт бүрээр хаана орсон тухай нэг бүрчлэн харуулж баримтаар хүлээлгэн өгсөн. Ажил хүлээлцэх ажлын хэсэг салбар хариуцсан нягтлан бодох Соёлмаа, инпорт менежер Болдбаатар нарт ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байрны засварыг нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Материал, үнийн тооцооны төсвийн төслийг худалдан авсан материалын баримт, байрны засварт оруулсан байдлыг газар дээр нь харж тулган хүлээж авсан. Би цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн гэж 237000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд хонзогнож надаас энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй нэмэлт ажил үүрэг даалгачихаад сүүлд нь хохирол учруулсан гэж байгаад гайхаад байна. Ажил хүлээлцэхгүй намайг ажлаас гаргаад явуулдаг компани гэж байхгүй. Компани ашигтай баримтуудыг шүүхэд гаргаж өгөхгүй байна. 2 өрөө байрны засварыг батлагдсан төсөвт нь багтааж хийж дуусган, даалгасан ажлыг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эх Монгол Групп ХХК нь Ц.Мөнхтулгад холбогдуулж 1017900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 49200 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзээгүй болно.

Нэхэмжлэгч Эх Монгол Групп ХХК нь 2 өрөө байрны засварын зардалд 2230900 төгрөг гарснаас 1017900 төгрөгийн баримт нь ямар ч тамга, тэмдэг, нэр, хаяггүй, хүлээн авсан хүний нэр, гарын үсгээр баталгаажаагүй зарлагын баримт бүрдүүлж компаниас 1017900 төгрөгийг үндэслэлгүй авч компанид хохирол учруулсан гэж тухайн ажлыг хариуцан хийлгэж байсан Ц.Мөнхтулгаас 1017900 төгрөгийг нэхэмжилжээ. /хх 1 тал/

Хариуцагч Ц.Мөнхтулга нь ....худалдан авсан материал бүгд байрны засварт орсон компанид ямар нэг хохирол учраагүй. Ажил хүлээлцэхдээ материалын жагсаалт бүрээр хаана орсон тухай нэг бүрчлэн харуулж баримтаар хүлээлгэн өгсөн, 2 өрөө байрны засварыг батлагдсан төсөвт нь багтааж хийж дуусган, даалгасан ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ. /хх 19 тал/

Эх Монгол групп ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15/134 тоот тушаалаар Ц.Мөнхтулгыг тус компанийн Сохо Олон улсын тавилгын их дэлгүүр-ийн Орхон аймаг дахь салбарын эрхлэгчийн албан тушаалд туршилтын хугацаагаар томилж, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх 6, 11-14 тал/

2015 оны 5 сард Эх Монгол групп ХХК-ийн ерөнхий захирлын үүрэг болгосноор Ц.Мөнхтулга нь Орхон аймагт дахь тус компанийн 2 өрөө орон сууцны засварын ажлыг хариуцан хийлгэсэн байна. Тэрээр уг байрны засварын ажилд 2230900 төгрөгийн зардал гаргаж, 6 сард засварын ажлыг хийж дуусгасан болох нь зохигчдын тайлбар, нягтлан бодогч Ж.Мөнхзаяагийн гаргасан Эрдэнэт салбарын байрны засвартай холбогдон гарсан зардлын тооцоогоор тогтоогдож байна. /хх 8-9 тал/ Байранд засвар хийгдсэн гэдэгт талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь засварын зардалд 2230900 төгрөг гарснаас 1017900 төгрөгийн баримт нь ямар ч тамга, тэмдэг, нэр, хаяггүй, хүлээн авсан хүний нэр, гарын үсгээр баталгаажаагүй учраас компаниас 1017900 төгрөгийг үндэслэлгүй авч хохирол учруулсан гэж нэхэмжлэл, тайлбар гаргажээ.

Хариуцагчийн засварын зардалд 2800000 төгрөгийн төсөв батлуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж байх бөгөөд энэ талаархи баримт хэрэгт авагдаагүйгээс үзэхэд Эх Монгол групп ХХК нь өөрийн компанийн 2 өрөө орон сууцны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ зардлын тооцоо, шаардлагатай материалын жагсаалтыг гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл компанийн зүгээс засварын ажилд гаргах зардлын төсвийг баталж өгөөгүй байна гэж үзэхээр байна. Төсөв батлаагүй учраас засварын ажлыг хийж дууссаны дараа компанийн нягтлан бодогч Ж.Мөнхзаяа Орхон аймаг дахь салбараас гаргаж өгсөн баримтуудыг нь үндэслэн байрны засварт 2230900 төгрөгийн зардал гарсан гэх тооцоог гаргажээ. /хх 8-9 тал/

Нэхэмжлэгч нь үүнээс 1017900 төгрөгийн баримт шаардлага хангаагүй учраас уг мөнгийг Ц.Мөнхтулгаас гаргуулна гэж нэхэмжлэл гаргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч нь уг байрны засварт бодитой хэдэн төгрөгийн ажил хийгдсэн /хэдэн төгрөгийн зардал гарсан/, мөн 1017900 төгрөгийн ажил хийгдээгүй гэдгээ баримтаар нотолж чадахгүй байна.

Түүнчлэн хариуцагч Ц.Мөнхтулга нь байрны засварыг хийж гүйцэтгэх, түүнд гарсан зардлын /санхүүгийн/ баримтыг бүрдүүлж өгөх үүрэг хүлээсэн гэрээ, хэлцэл хэрэгт авагдаагүй, мөн түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааруулан үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т ..Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэж зааснаас үзэхэд Ц.Мөнхтулгыг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үүрэгтэй албан тушаалтан гэж үзэх боломжгүй юм.

Мөн Эх Монгол Групп ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15/277 тоот тушаалаар Ц.Мөнхтулгыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, тооцоогүй гэх тойрох хуудсыг үйлдсэн байна. /хх 7, 137 тал/

Иймд хариуцагч Ц.Мөнхтулгаас 1017900 төгрөг гаргуулах тухай Эх Монгол групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.Мөнхтулгаас 1017900 /нэг сая арван долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай Эх Монгол групп ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28980 /хорин найман мянга есөн зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН