Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

     2019        12               03                                     2019/ШЦТ/988

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Х.Ц , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ҮД:21-28/                                   нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Д  овогт Х-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1905040401000 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, Автобус нэгдүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол 00 тоотод оршин суудаг, /РД:000000 урьд ял шийтгэлгүй, Д  овогт  Х-ийн Ц .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Ц  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хуулиар хүлээлгэсэн үүргээ гүйцэтгэж байсан О.Г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

Мөн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэх үедээ О.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Ц  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Ц  нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн найз нартай уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар согтуурхан такси барьж гэр лүүгээ явах замдаа таксины жолоочийн биед халдсан байх ба уг үйлдлийг таслан зогсоохоор ирсэн цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаах оролдлого хийж, нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Тодруулбал, Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Баянгол дүүргийн цагдаагийн газар хоёрдугаар хэлтэс дээр үүрэг чиглэл аваад Баянгол дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг ахмад Баясгалангийн хамт гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4 цагийн үед Бугат 10-с Баянгол дүүрэг 0 дүгээр хороо, Хермес төвийн хажуу зам дээр машинд суусан хүн намайг зодоод байна гэх дуудлага мэдээлэлд очиж шалгахад маргаан хийж, бусдад халдсан гэх иргэн байсан. Уг таксины жолоочоос юу болсон талаар тодруулж бусдад халдсан гэх этгээдийг гомдол гаргагч иргэний хамт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Бугат 00 тасаг дээр хүргэх зорилгоор гомдол гаргагчийн автомашинд хамт яваад асуудлаа шийдүүл гэж хэлэхэд машинд суухгүй би яахаараа явдаг юм гээд зугтаах гээд байсан. Энэ үед мөн хөндлөнгөөс согтуу хүн ирээд ажил үүрэг гүйцэтгэхэд саад учруулаад байсан. Би нөгөө сүүлд ирсэн иргэнийг ажилд бүү саад учруул гээд холдуулах үед нөгөө хүн зугтаах оролдлого хийсэн. Би гараас нь бариад авахад үгийн зөрүүгүй нүүр рүү хоёроос гурван удаа гараараа цохисон. Би өөдөөс нь зүтгэж байгаад бариад авсан. Гэтэл манай алаг машинтай цагдаа нар ирээд нөгөө хүнийг эрүүлжүүлсэн. Би гомдол гаргагчаас мэдүүлэг аваад явуулсан. Эрүүлжүүлэх ороод хэмжигч багажаар шалгахад 2 бүхэл гаран зааж байсан. Яг хэд гарсан талаар нарийн сайн санахгүй байна. ...Миний үүдэн нэг шүд эмтрээд хамар дээд хэсэгтээ шалбарч бага зэрэг хавдсан дээд уруул шалбарсан тэгээд хамраас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 30 тал/,

 

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-нд үүрээр хувиараа таксинд явж байгаад 04 цагийн үед цамбагарав орчим замын урд талд байрлах Кензо гээд баарны үүдэн дээрээс үл таних залуу Төмөр зам орно гээд суусан юм. Би хөдлөөд явж байхад араас суудал руу хөлөөрөө өшиглөөд байсан. 10 дугаар хорооллын автобусны буудал өнгөрч байхад миний араас суудлын бүсээр хойноос хоолойгоор оруулж татаад боосон. Би машины аваарын гэрэл татаж 2 дугаар эгнээнд зогсоод гарыг нь бариад авсан. Надтай ноцолдоод би буусан. Араас толгой руу хоёр гурван удаа цохисон. Би машинаа хөдөлгөөд Хермес эргээд зогсоод цагдаад 2 ч удаа дуудлага өгсөн. Удаагүй цагдаа ирэхэд машины хажууд надтай зууралдаад байж байсан. Цагдаа ирээд юу болсон талаар асуугаад тасаг орж шийднэ, машинд суу гэтэл би яахаараа суудаг юм гээд өөдөөс нь ноцолдоод байсан. Энэ үед нэг энгийн иргэн байсан нь цагдаагаас юм асуугаад саад болоод байсан. Нөгөө намайг боож танхайраад байсан залуу хажуугаас нь зугтаах гээд гүйтэл араас нь хэд алхаад гараас нь барьтал нөгөө залуу цагдаагийн нүүр рүү хоёр удаа гараараа цохиод авсан. Тэр үед цагдаа зүүн гараараа барьсан байсан болохоор нөгөө хүн баруун гараараа цохиод байсан. Нөгөө цагдаа хамтрагчаа дуудаад хамтрагч нь ирээд нөгөө залууг аваад явсан. Надад энэ хүнийг одоо эрүүлжүүлнэ. Намайг 10 дугаар хороололд байдаг тасаг дээр очоод мэдүүлэг өгөөд гомдол саналаа гарга гэж хэлсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. Туслах гэж ирсэн цагдаад хүртэл халдсан асуудалд нь гэрчээр мэдүүлэг өгч байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, 

 

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бугат 00 чиглэлийн ахлагч О.Г руу залгаж өгч явуулах материал байна уу гэхэд 4 дүгээр хороо МТ шатахуун түгээх станцын уулзварын урд хэсэгт маш хурдан хүрээд ирээч нэг иргэн шаардлага эсэргүүцэж биед халдлаа гэсэн тул явж очиход ахлагч О.Г хамраа дарсан байсан. Лавлаж харахад цус мэт зүйл гарсан байсан. Хажууд нь алба хаагчид халдсан гэх иргэн мөн таксины жолооч гэх залуу байсан. Би юу болсон талаар лавлаж асуухад дуудлага шалгахад энэ хүн зугатахаар нь араас нь барьж автал эргэж хараад цохисон гэсэн, тухайн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дэх эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...4 дүгээр хороон Петровис шатахуун түгээх станцын баруун талд хурдан хүрээд ирээч нэг хүн дуудлагаар ирсэн чинь шаардлага эсэргүүцэж биед халдлаа гэсэн бид хоёр цаг тухайд нь очиход ахлагч О.Г хамраас нь цус гарч шалбарсан байдалтай нэг хүнийг нэг гараараа барьчихсан цагаан өнгийн цаас мэт зүйлээр хамраа бөглөөд дарчихсан байсан. Бид юу болсон талаар лавлаж асуугаад нөгөө шаардлага эсэргүүцсэн гэх иргэнийг машинд суулгасан. Энэ үед хажууд нь дуудлага өгсөн таксины жолооч гэх залуу байсан. Бид болсон явдлыг хараад гэнэдүүлээд цохисон гэсэн, тухайн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дэх эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Гэрч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед давхардсан мэдээлэл байсан учир би Голден парк хотхоны сааданд зодоон болоод амраахгүй байна гэх дуудлага аваад ахлагч Г  4 дүгээр хороо Хермесийн зам дээр таксинд суусан хүн араас боогоод дарамтлаад байна гэх дуудлага авсан. Би дуудлагаа шийдээд тасаг дээр хоёр хүн оруулаад ар гэрээс нь хүлээлгэн өгөх хүн дуудаад байж байх үедээ ахлагч Г  руу утсаар залгаад хаана байна, дуудлагаа шийдсэн эсэх талаар асуухад нөгөө дуудлаганд ирээд шаардлага эсэргүүцсэн нэг иргэн Тайшир 120 буюу эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч байна. Авто эргүүлийн алба хаагчидтай хамт явна гэж хэлсэн. Би яваад ирэхээр нь юу болсон талаар асуухад нэг хүн юм асуугаад анхаарал жаахан суларсан байхад гэнэдүүлээд зугтаах гэхээр нь бариад авахад намайг хоёр удаа цохиод авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0000 дугаартай “...О.Г биед хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,

 

Шүүгдэгч Х.Ц  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 07-нд шөнө 00 цаг өнгөрч байхад найз нар болох Б  Ч  нартай уулзсан тэгээд бид нар нэгдүгээр хороололд байдаг нэрийг нь сайн санахгүй байна. Нэг караоке ороод тэндээ 0.5 литрийн Экс гэх архи аваад хувааж уусан тэгээд тэндээсээ гараад саппоро орчим байдаг Кэнзо гэх баар ороод тэндээ манай найз Б ын хамт очоод нэг нэг шил 0.5 литрийн Сэнгүр гэх пиво уусан.  ...Архиндаа тасарчихсан байсан. Нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Өглөө нь нэг цагдаа ирээд намайг авсан. Би юу болсон талаар асуухад чи намайг өчигдөр цохиод эрүүлжүүлэх орсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/ гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, /хх-ийн 2, 6, 8 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Х.Ц  нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны үүрийн 4 цагийн орчимд Баянгол дүүргийн 4 хороо, Хермес төвийн зам дээр тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч О.Г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, энэ үедээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч О.Г , гэрч А.А , Э.Н , Т.П , Р.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Х.Ц  гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч О.Г нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 хэлтсийн нийгмийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа албан тушаалтай, ахлах дэслэгч цолтой, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж /гэрч А.А таксинд суусан хүн араас боогоод явуулахгүй байна гэх дуудлагын дагуу очсон/ байсан байна.

 

 Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Цагдаагийн албан хаагч О.Г нь дээрхи хуулинд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэж шаардлага тавьсан нь хууль ёсны бөгөөд энэ үед шүүгдэгч Х.Ц  түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэж, албан үүрэгт нь саад учруулж, улмаар хохирогч О.Г нүүрэн тус газар хоёр удаа цохиж биед нь халдсан үйлдэл хийсэн нь цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан байх тул хохирогч буюу цагдаагийн албан хаагч О.Г хууль сахиулагч гэж үзнэ. 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Ц  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Х.Ц  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлийн улмаас хохирогч буюу цагдаагийн албан хаагч О.Г эрүүл мэндэд “хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн 22 дахь талд авагдсан шинжээч эмчийн 12133 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл, хохирогчийн биед учирсан хохирол, хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Х.Ц  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Х.Ц  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц  нь “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн. Хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч О.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Ц  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд дээрх зүйл, заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Х.Ц д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 тал/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 62, 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

 

Уг нотлох баримтуудаар шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Х.Ц  гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналыг Х.Ц д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Х.Ц д 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.300 /гурван мянган гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Х.Ц д оногдуулсан 3.300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д  овогт Х-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

 Мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Х.Ц д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 3.300 /гурван мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуу мянга/ төгрөгөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Х.Ц д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6. Шүүгдэгч Х.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохиролд 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА