| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2015/00461/И |
| Дугаар | 00469 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, Өвлөх, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 00469
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1975 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, шахах төхөөрөмжийн опериаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн Хөхчулуут гэх газар оршин суух, Хатирдаг овогт Даваасүрэнгийн Хэрлэнг /РД:ГЮ75082074/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1967 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн Сээрийн 3-6 тоотод оршин суух, Мээж овогт Лхагвадоржийн Михайл /РД:ГЖ67011916/,
Хариуцагч: 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 39 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5 дугаар микрийн 3-14 тоотод оршин суух, Мээж овогт Лхагвадоржийн Мөнх-Эрдэнэ /РД:ГЮ77062765/ нарт холбогдох,
1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2015/00461/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хэрлэн, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Л.Михайл, Л.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хэрлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Хэрлэн миний бие нь 2007 оноос 2012 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа өөрийн охин Х.Хулангийн нэр дээр Хаан банкны 5270320683 тоот данс нээлгэж бүх орлогоо шилжүүлж хадгалуулдаг байсан. Тухайн үед Р.Лхагвадорж нь миний хадам аав байсан ба 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр машин авах гээд мөнгө хүрэхгүй байна. 1500000 төгрөг зээлээч гэхэд нь би зөвшөөрч мөнгийг охин Хулангийн данс руу шилжүүлэхэд хадам аав Р.Лхагвадорж нь 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрөө гарын үсэг зурж охины данснаас авсан байсан. Намайг Солонгос улсаас 2012 оны 10 дугаар сарын сүүлчээр ирэхэд эхнэр Л.Мөнх-Эрдэнэ өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж надаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл Орхон аймгийн шүүхэд гаргаад өөрийн эцэг Р.Лхагвадорж болон хүүхдүүдийн хамт шинэ нөхрийндөө амьдарч байсан. Хадам аав Р.Лхагвадоржоос мөнгөө нэхэхэд Мөнх-Эрдэнээс асууя гээд миний мөнгийг өгөхгүй аргацаагаад байсан. Би 2013 оны 06 дугаар сард Булган аймаг дахь Сум дундын шүүхэд хандаж Р.Лхагвадоржоос 1500000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг шийдэгдэхээс өмнө түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнх-Эрдэнэ Булган аймгийн Сум дундын шүүхээс татгалзаж Дархан-Уул аймгийн шүүх рүү шилжсэн. Тэгж байтал 2013 оны 09 дүгээр сард хадам аав Р.Лхагвадорж нас барж маргаантай үүрэг нь өв залгамжлагчид шилжээгүй гэх үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 10 дугаар сард Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хадам аав Р.Лхагвадоржийн мал нь хүү Л.Михайлын нэр дээр тоологдсон гэх сургаар очиж уулзан 1500000 төгрөгийг өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Иймд Р.Лхагвадоржийн мал хүү Л.Михайлын нэр дээр тоологдсон, уг малыг Л.Мөнх-Эрдэнэ захиран зарцуулж байгаа гэж байгаа тул өв залгамжлагч Л.Михайл, Л.Мөнх-Эрдэнэ нараас 1500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Михайл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай эцэг нас барсан. 2013 онд мал тооллогоор аавынхаа малыг тоолуулах гэсэн боловч манай дүү тухайн орон нутгийн харьяалалтай биш байсан болохоор 100 гаруй хонь, 3-4 бод мал миний нэр тоологдсон. Дараа жилийн мал тооллогоор миний нэр дээр тоологдоогүй. Уг мал нь манай Орхон сумын малчин Оюунбаатар гэх айлд байсан. Бид ах дүү нараараа ярилцаж байгаад отгон дүү болох Л.Мөнх-Эрдэнэдээ ааваас үлдсэн хэдэн малаа өвлүүлж ар гэр, амьдралд нь тус болог гээд өгсөн юм. 2013 онд над дээр тоологдсон боловч захиран зарцуулах эрх нь Л.Мөнх-Эрдэнэд байгаа. Манай аав амьд сэрүүн байхдаа малаа охин Мөнх-Эрдэнэд өгнө гэж ярьдаг байсан. Талийгаач эцэг Р.Лхагвадорж нь Д.Хэрлэнгээс 1500000 төгрөг зээлсэн эсэх асуудлыг би мэдэхгүй. Одоо хичнээн тооны мал үлдсэн, хаана байгаа зэргийг дүү Л.Мөнх-Эрдэнэ мэднэ. Уг малыг захиран зарцуулах эрх нь түүнд шилжсэн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аавынхаа үлдээсэн малыг ах эгч нар зөвшилцөөд надад захиран зарцуулах эрх өгсөн. Ямар нэгэн гэрээслэл энэ тэр байхгүй. Би аавынхаа малыг аваад ах эгч нартаа тодорхой хэмжээгээр хувь хүртээсэн. Би жил бүр хүүхдүүдийнхээ сургалтын зардалд 3 сая төгрөг зарцуулдаг байсан. 2015 оны хавар үлдсэн малаа бүгдийг нь зарцуулж дууссан. Хэрлэн бид 2 гэр бүл байсан бөгөөд Солонгос улсад хамт ажиллаж байсан. Хэрлэнгийн цуглуулсан гэх мөнгөнд миний хөдөлмөрийн хөлс багтсан байгаа. Бид хоёрыг гадаадад байхад бидний 2 хүүхдийг манай аав Р.Лхагвадорж харж хандаж байсан бөгөөд бид хүүхдүүдийнхээ хэрэглээний мөнгийг шилжүүлдэг байсан. Хэрлэнгийн нэхэмжилж байгаа 1500 000 төгрөг бол хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан мөнгө учир төлөх үүрэг байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.Хэрлэн нь Л.Михайл, Л.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулж 1500000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Хэрлэн нь БНСУлсад ажиллаж амьдарч байхдаа хадам аав Р.Лхагвадоржид 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1500000 төгрөг зээлдүүлж 2012 оны 10 дугаар сард гадаадаас ирээд зээлдүүлсэн мөнгөө хадам аав Р.Лхагвадоржоос нэхэж, 2013 оны 06 дугаар сард уг мөнгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Р.Лхагвадорж нь 2013 оны 09 дүгээр сард нас барсан. Түүний мал нь хүү Л.Михайлын нэр дээр тоологдсон, уг малыг Л.Мөнх-Эрдэнэ захиран зарцуулж байсан тул Л.Мөнх-Эрлэнэ, Л.Михайл нараас 1500000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч Л.Михайл талийгаач эцэг Р.Лхагвадорж нь Д.Хэрлэнгээс 1500000 төгрөг зээлсэн эсэхийг би мэдэхгүй, талийгаач эцгээс маань үлдсэн малыг дүү Л.Мөнх-Эрдэнэд захиран зарцуулах эрхийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ аавын үлдээсэн малыг ах эгч нар зөвшилцөөд надад захиран зарцуулах эрх өгсөн. Бидний 2 хүүхдийг манай аав Р.Лхагвадорж харж хандаж байсан бөгөөд бид хүүхдүүдийнхээ хэрэглээний мөнгийг шилжүүлдэг байсан. Хэрлэнгийн нэхэмжилж байгаа 1500 000 төгрөг бол хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулсан мөнгө учир төлөх үүрэг байхгүй гэж тус тус маргажээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх бөгөөд хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд Хэрлэнгийн Хулангийн эзэмшлийн 5025573749 дугаарын дансруу нэхэмжлэгч Д.Хэрлэн нь 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1510 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийж 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус данснаас Р.Лхагвадорж нь 1500000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн болох нь дээрх баримтаар тогтоогдсон байх тул Р.Лхагвадоржид 1500000 төгрөг зээлдүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Р.Лхагвадорж нь 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нас барж түүний өмчлөлд хичнээн тооны мал эд хөрөнгө байсан талаар холбогдох нотлох баримтыг талууд гаргаж ирүүлээгүй ч түүний өмчлөлд мал байсан болох нь хариуцагч Л.Михайлын нэр дээр 2012 онд үхэр 2, хонь 8, ямаа 18, нийт 28 толгой мал тоологдож, 2013 онд үхэр 3, адуу 5, хонь 102, нийт 110 толгой мал шилжиж ирсэн, 2014 онд хонь 100 толгойг шилжүүлж, хүнсэнд адуу 3, үхэр 4, хонь 8, нийт 15 толгой мал хэрэглэж, зүй бусаар үхэр 2, хонь 40, нийт 42 толгой мал хорогдож малын тоо толгойн өөрчлөлт хийгдсэн талаарх 2012, 2013, 2014 оны малын А дансны хуулбар /хх-ийн 23-24/, хариуцагч Л.Михайлын тайлбар зэргээр нотлогдож байх ба хариуцагч Л.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан аав Р.Лхагвадоржийн үлдээсэн 150 гаруй толгой малыг би өвлөн авч захиран зарцуулж байсан гэх тайлбараар давхар нотлогдож байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч нар нь Р.Лхагвадоржийн хууль ёсны өвлөгчид бөгөөд нотариат болон баг сумын Засаг даргад өв хүлээн авч өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандаагүй ч түүний мал, эд хөрөнгийг хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ өвлөн авч захиран зарцуулсан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж зааснаар хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ нь Р.Лхагвадоржийн Д.Хэрлэнгээс зээлдсэн гэх 1500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ. Харин дээрх эд хөрөнгийг Л.Михайл эрхлэн удирдаж, захиран зарцуулаагүй, өв нээлгэх талаар өргөдөл гаргаагүй болох нь хариуцагч Л.Мөнх-Эрдэнийн тайлбар, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/417 тоот /хх-15/, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03/45 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг Р.Лхагвадоржийн бусдад хүлээсэн үүргийг хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 528 дугаар зүйлийн 528.1, 535.1-д заасныг баримтлан Л.Мөнх-Эрдэнээс 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хэрлэнд олгож, Л.Михайлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнх-Эрдэнээс 38950 / гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Хэрлэнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН