Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 00476

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Ж.Гантулгын нэхэмжлэлтэй, С.Дорлигсүрэнд холбогдох, 5850000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00483/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие мод зүсвэрийн Тайга Т-3 нэртэй орос улсад үйлдвэрлэсэн хөрөөг 9000000 төгрөгөөр С.Дорлигсүрэнд худалдахаар болж тэрээр 4500000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 4500000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор өгөхөөр тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгийг хугацаандаа төлөхгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Удаа дараа С.Дорлигсүрэнтэй утсаар холбогдон мөнгөө авах талаар хэлэхэд удахгүй өгнө гэж худлаа ярьсаар өдийг хүрлээ. Иймд хөрөөний мөнгөний үлдэгдэл 4500000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 1350000 төгрөг, нийт 5850000 төгрөгийг С.Дорлигсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Дорлигсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн иргэн Сосорын Дорлигсүрэн миний бие 2015 онд иргэн Ж.Гантулгаас Тайга Т-3 хөрөө худалдан авч 4500000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 4500000 төгрөгийг дараа буюу палкаар өгөхөөр тохирсон юм. 2016 онд ажил үйлчилгээ явуулж чадаагүй, банз модны ханш унасан учраас одоо хүртэл үлдэгдлийг өгч чадсангүй. Би хүнээс авсан юмныхаа өрийг гүйцээж өгөх болно. 10 дугаар сард багтааж төлбөрийг хийхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Гантулга нь хариуцагч С.Дорлигсүрэнд холбогдуулж 5850000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Дорлигсүрэн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5850000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтээ гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.Гантулгын нэхэмжлэлтэй С.Дорлигсүрэнд холбогдох 5850000 /таван сая найман зуун тавь/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь 5850000 / таван сая найман зуун тавь/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108550 /нэг зуун найман мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 108550 /нэг зуун найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН