Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1006

 

 

 

 

 

 

 

2019             12          09                                        2019/ШЦТ/1006

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Шүүгдэгч: Г.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт Геийн Дед холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905038530000 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 6 дугаар сарын15-нд Улаанбааатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, охин, хүргэн, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, дэнж 0 гудамж, 0 тоотод суух хаягтай боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар 00000000  урьд ял шийтгэлгүй, Б  овогт Гийн Д

 

Холбогдсон хэргийн талаар: /. яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г  овогтой Д  нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн баруун замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 0000 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 28 настай, эмэгтэй Ш.Г-ын баруун хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Шүүгдэгч Г.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Г.Д  нь 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн баруун замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 0000 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 28 настай, эмэгтэй Ш.Г-ын баруун хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/,

 

Хохирогч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би төмөр замын дээд сургуулийн эчнээгээр сурдаг. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө нээлтийн ажиллагаанд оролцчихоод модны сүүдэр бараадан зогсохоор баруун талын туслах нарийн замаар зам хөндлөн гарах үед араас саарал өнгийн Тоёота Приус маркийн 0000 УНГ улсын дугаартай автомашин урсгал сөрж орж ирээд зөрөхдөө миний баруун хөл дээгүүр гараад явсан. Тэгээд манай найз хөөе хүн дайрчихлаа гэхэд зогссон. Жолооч нь 50 орчим насны эмэгтэй бууж ирээд хүүхэд хүргэж өгөөд яараад явж байгаад осол гаргачихлаа гэж хэлсэн. Би жолоочтой хамт гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Эмч үзээд хөлнийхөө зургийг авахуулаад ир гэхээр нь авхуулаад баруун хөлний дунд хурууны залгаа тавхай яс хугарсан байна, шохойдуул гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдэх гэхэд хэн хэндээ ажил удмааргүй байна тохиролцье гэж хэлсэн. Би Сэлэнгэ аймагт оршин суудаг гэж хэлэхэд хүргэж өгнө гэсэн боловч огт надтай жолооч холбоо бариагүй. Хүүхэдтэй нь 2 удаа холбоо барихад би гадуур ажилтай явж байна, удахгүй очно гэсэн боловч ирээгүй. Маргааш нь би цагдаад мэдэгдсэн. Би явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Ойр орчимд явган хүний гарц байхгүй. Намайг хартал ойр орчимд автомашин байгаагүй. Намайг дайрсан автомашин байрнаас гарч ирсэн байх. Цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 09 цагийн орчимд сургуулийн нээлтийн ажиллагаанд оролцсон. Цайны газар орохоор найз Ганжаргалын хамт зам хөндлөн гарахаар зүүн талаас баруун тал руу чигтээ явах үед Төмөр замын дээд сургуулийн туслах замаар хойноосоо урагшаа чигтээ саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн 0000 УНГ улсын дугаартай автомашин урсгал сөрж орж ирээд Г-ын баруун тал руу шүргээд явахаар нь би хөөе хүн дайрчихлаа шүү дээ гэхэд жолооч зорчих хэсгийн баруун тал руу чигтээ шахаад зогссон. Жолоочтой уулзаад та манай найзын хөл дээгүүр гарчихлаа гэтэл жолооч автомашинаасаа бууж ирсэнээ өө ямар гайтай өдөр вэ гээд байсан. Жолоочтой гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмч үзээд Ганжаргалын баруун хөлийн чигчий хуруу цуурсан байна гээд шохойдсон. Жолооч таяг авч өгсөн. ...Автомашины зүүн талын урд дугуйгаар баруун хөлийн чигчий хуруун дээгүүр нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө манай төмөр замын дээд сургуулийн нээлтийн ажиллагаа болоод дуусаад Г , Ө  бид гурав гадаа нартай байсан болохоор сүүдэр бараадахаар зам хөндлөн гарсан. Ганжаргал бид хоёр сугадалцаад түрүүлээд явсан. Араас Ө  явсан. Зорчих хэсгийн зүүн талд явган хүний зам дээрээс хоёр алхах үед Г  эгч над руу ёоо гэж хэлээд налаад унахаар нь би хартал баруун хөлийн арьсан бие нь улайгаад элгэн туфль дээр нь автомашины дугуйн мөр гарсан хажуугаар нь суудлын саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн 000 УНГ улсын дугаартай автомашин хойноосоо урагшаа чигтээ зөрөхөөр нь хөөё наад машинаа зогсоогооч гээд орилоход тэр автомашин зогссон. Жолооч нь эмэгтэй хүн бууж ирсэн. Та хүний хөл дээгүүр гарчихлаа гэхэд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмч үзээд Г-ын баруун хөлийн хуруу хугарсан байна гээд шохойдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

 

Шүүгдэгч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би тухайн үед хүний хөл дээгүүр гарснаа ч мэдээгүй. Би зорчих хэсгийн баруун гар талаар явсан. Хажуугаар нь өнгөрөх үед та хүний хөл дээгүүр гарчихлаа гэж хамт явсан нэг охин нь хэлэхээр би зогссон. Г  хоёр охины дунд нь явж байсан. Гурвуулаа сугадалцаад явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан. Би цагдаа дуудах уу?, гайгүй юу гэхэд Г  гайгүй байна цагдаа дуудаад хэрэггүй гэж хэлсэн. Би ямар ч байсан гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлье гээд өөрийнхөө автомашинаар авч явсан. Зураг авахуулахад баруун хөлийн дунд хурууны яс хугарсан байна гээд шохойдуулсан. Би өвчин намдаах эм, таяг авч өгсөн. Г  хоорондоо тохирье гэхээр нь би зөвшөөрсөн байсан. Хугацаа заасан болохоор би амжаагүй...” /хх-ийн 45 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Хохиргч Ш.Г-ын эмнэлгийн магадлагаа /хх-ийн 47-52 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дугаартай "...Ш.Г-ын биед баруун хөлийн дунд хурууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,

 

 Тээврийн цагдаагийн албаны 000 дугаартай шинжээчийн: “...Тоёота Приус-20 маркийн 0000 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г  овогтой Д  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ш  овогтой Г  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

 

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 35 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн зам тээврийн осолд өртөсний улмаас хохирогч Ш.Г-ын биед “баруун хөлийн дунд хурууны далд хугарал” учирсан, энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэрт зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх Эмнэлэгийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 29 тал/-ээр нотлогдсон байна.

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Г.Д тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Г-ын баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгч Г.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч Г.Д  нь нийт 1.020.000 /нэг сая хорин мянга/-н төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “800.000 төгрөг бэлнээр өгсөн, мөн 30.000 төгрөгөөр таяг, 20.000 төгрөгөөр зураг, 10.000 төгрөгөөр эм, 160.000 төгрөгөөр кальци авч өгсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2. Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 55 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 тал/, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 58 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан.

 

Мөн шүүгдэгч Г.Д  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Д-д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн бусад туслалцаа үзүүлсэн, учирсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, гэмт хэргийн шинж, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хяналтын прокурорын ялын төрөл хэмжээний талаарх санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул дээрх хугацаанд шүүгдэгч оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг болон жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Г-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Д  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд нийт 1.020.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА