| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Г.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г-н Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Г-н Б нарт холбогдох эрүүгийн 1917001810005 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .. дугаар баг, Х-ны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Ц овогт Г-н Б, /РД: /
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... дүгээр баг, а-ны... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Ц овогт Г-н Б, /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Алтадын 3-5 тоотод байх хохирогч Б.Б-н 5 ханатай гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Б-н 60 000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, Алдарт эхийн 1,2 дугаар одон, Таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиуд, хохирогч Б.Б-н 10 000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 5000 төгрөгийн үнэ бүхий хумсны хэрэгсэл зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 75000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Б-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу грашд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч улаан өнгийн компрессорыг хулгайлан авч 250 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Ц-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу грашид хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч граш халаах зориулалт бүхий шар өнгийн халаагчийг хулгайлан авч 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Г.Б нь Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Б-н эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу грашд хууль бусаар нэвтэрч улаан өнгийн компрессорыг хулгайлан авч 250 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Ц-н өмчлөлийн грашд хууль бусаар нэвтэрч граш халаах зориулалт бүхий шар өнгийн халаагчийг хулгайлан авч 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Алтадын 3-5 тоотод байх хохирогч Б.Б-н 5 ханатай гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Б.Б-н 60 000 төгрөгийн үнэ бүхий хөөрөг, Алдарт эхийн 1,2 дугаар одон, Таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиуд, хохирогч Б.Б-н 10 000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 5000 төгрөгийн үнэ бүхий хумсны хэрэгсэл зэрэг эд зүйлсийг хулгайлан авч нийт 75000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Б-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу гараашд хууль бусаар нэвтэрч улаан өнгийн компрессорыг хулгайлан авч 250 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.Ц-н өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулах буюу гараашд хууль бусаар нэвтэрч гарааш халаах зориулалт бүхий шар өнгийн халаагчийг хулгайлан авч 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэм буруутай болох нь,
Шүүгдэгч Г.Б нь Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Б-н эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу гараашд хууль бусаар нэвтэрч улаан өнгийн компрессорыг хулгайлан авч 250 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Г.Б-тэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.Ц-н өмчлөлийн гараашд хууль бусаар нэвтэрч граш халаах зориулалт бүхий шар өнгийн халаагчийг хулгайлан авч 2 000 000 төгрөгийн хохирол учруулсан буюу үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны 10 дугаар сард орой дүүтэйгээ мод хайгаад явж байгаад. Мод байж магадгүй гэж бодоод төмрөөр гараашийн хаалгыг эвдэж ороод гарааш дотор нэг улаан зүйл байсан юу байсан талаар мэдээгүй. Тэгээд хажуу талын гараашийн хаалгыг онгойлгоод шар зүйл байсныг аваад гаргаж тавиад гэр лүүгээ очоод тэрэг авч ирээд гэр лүүгээ авч яваад амбаартаа хийчихээд гэртээ орж амарсан гэв.
1.2. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.3. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2019 оны 10 дугаар сард компрессор гараашнаас авдаг өдөр мөн нэг гараашийн хаалгыг нарийн төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь /Б ах дотор нь орсон эсэхийг санахгүй байна/ ороод гал түлэх мод хайсан. Уг гарааш дотор гал түлэх мод байхгүй болохоор шар өнгийн гарааш халаагч байхаар нь аваад компрессортойгоо хамт Б ахын усны тэргэн дээр түрээд Б ахын гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх амбаарт компрессортойгоо хамт хийгээд үлдээсэн. Тэгээд Б ахын гэрт ороод унтаад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 дугаар хуудас/
...Би 2017 оны 07 дугаар сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. согтуу явж байгаад Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Б-н гэрийн хаалганы цоож далийсан эвдэрхий цоож зүүлттэй байсан цоожийг нь онгойлгоод дотогш орж авдар дотор байсан шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, 4-5 ширхэг медаль яг ямар ямар медаль байсныг санахгүй байна. Жижиг хумсны ком хэрэгсэл зэргийг аваад гэрээс нь гарсан. Тэгээд хулгайлж авсан эд зүйлээ зарах санаатай дэнжийн Андууд дэлгүүр, Чандмань дэлгүүр зэрэг газруудаар архи ууж явж байгаад хулгайлж авсан эд зүйлээ хаясан байна лээ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 146 дугаар хуудас/,
1.4. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2019 оны 10 дугаар сард манай дүү Б бид хоёр архи уусан согтуу манай гэрээс гараад гал түлэх мод хайхаар гарсан. Тэгээд Найрамдал хотхоны орчимд явж байгаад нэг нарийн цул төмөр олсон юм. Уг төмрөө бариад хонхорын гараашнуудын хажуугаар мод хайгаад явж байгаад гарааш дотор мод байж магадгүй гээд дүү /Б/ 2 гараашийн хаалганы цоожийг эвдэлээд дотогш орсон юм. Эхний гарааш руу орохдоо улаан өнгийн компрессор авсан. 2 дахь гараашнаас гарааш халаагч аваад гарсан. Тэр компрессор гарааш халаагч 2-оо гараашны буланд үлдээгээд Б бид хоёр манай гэр болох хүрийн ногооны задгай руу явж усны тэрэг авчираад гараашнаас авч компрессор гарааш халаагч хоёроо усны тэрэг дээр ачаад манай гэр лүү аваачаад гэрийн зүүн талд байх жижиг модон амбаарт хийгээд амбаарын хаалгыг нь хаагаад Б бид хоёр манай гэрт ороод унтаад өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66 дугаар хуудас/,
1.5. Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өөрийнхөө гараашийг гогцоотой цоожоор цоожилсон байсныг нь эвдэж гараашийг нээсэн байсан. Манай баруун талын гарааш цоожтой байсан байх. Цоожны гадна талаараа төмөртэй байдаг.
Манай грашаас алдагдсан гарааш халаах моторын хажуу тал дээр нь Мастер гэсэн шар дэвсгэр дээр хараар англи бичигтэй, дээр нь тоотой харин хэд гэсэн дугаар байсныг санахгүй байна. Дугуйтай чирдэг бариултай, өндрөөрөө 50 орчим см өндөртэй, уртаараа 150 cм орчим урттай байсан байх. Дугуйн дээрээ 40 литр дизель түлш ордог банктай, түүн дээр нь халаагч хоолойтой, 380 вольтын цахилгаанаар мөн ажилладаг мотор байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй шинэвтэр мотор байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дүгээр хуудас/
...Би хулгайд алдсан шар өнгийн мастер маркийн гарааш халаагчаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 дүгээр хуудас/,
1.6. Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би өөрөө хөдөө Сүмбэр сумын 5 дугаар багт мал дээрээ байдаг. манай эхнэр хүүхдүүд Сүмбэр сумын 3 дугаар багт амьдардаг. Манайх 1 дүгээр байрны зүүн урд талд байрлалтай гарааш 2015 онд худалдаж авсан. Түүндээ машинаа тавьдаггүй, дэл сул зүйлсээ хийдэг. Би хөдөөнөөс ирэхдээ шалгадаг юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Төвийн гэртээ ирэхдээ гараашаа шалгахад цоожийг нь эвдээд дотроос нь угаалгын газар ажиллуулж байхдаа хэрэглэж байсан улаан өнгөтэй компрессор алга болсон байсан. Би хөдөө мал руугаа яараад явчихсан юм. Эхнэрийг тэмдэглүүлээрэй гэсэн чинь мартчихсан байж байгаад өчигдөр тэмдэглүүлсэн байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168 дугаар хуудас/
...Би хулгайд алдсан гэх улаан өнгийн компрессороо бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цоожний үнэ болох 10 000 төгрөгийг би буруутай хүмүүсээс нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169 дүгээр хуудас/,
1.7. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Сүмбэр сумын 3-р баг, Алтад 3-5 тоотод охин Б-н хамт амьдардаг юм. Наадам болоод 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын наадамд хөгжимчинөөр яваад охин миний араас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр очсон. Бид тэндээ байж байгаад өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн суудлаар Чойрт гэртээ иртэл хаалганы цоожийг хөшиж тахийлгасан байхаар нь гэртээ ороод үзтэл хамаг эд зүйлсийг маань онгичоод хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэхэд манай талийгаач эхнэр А.Ө-н алдарт эхийн 1, 2 дугаар одон, 5 дугаар жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиуд алдагдсан байна. Түүнийг нэмж мэдүүлье. Миний хувьд Б-г хардаж байгаа. Өөр сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний Б-г сэжиглэж байгаа учир нь Б-н төрсөн ах Б нь манай охинтой сууж байгаад салсан. Түүнээс болоод өс санаж манайхаас хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53 дугаар хуудас/,
1.8. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Сүмбэр сумын 3 дугаар баг Алтадын 3-5 тоотод аавын хамт амьдардаг. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр аав Дорноговь аймгийн Даланжаргалан сум яваад аав бид хоёр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалгын цоожийг хөшиж тахийлгасан байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл хамаг юм онгичоод хаясан байсан. Тэгээд аав цагдаад дуудлага өгсөн.
Аавын хөөрөг, талийгаач ээжийн маань Алдарт эхийн 1, 2 одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, 5 дугаар таван жилийн гавшгайч зэрэг тэмдэг, мөн өөрийн ногоон цүнх, хумсны ком хэрэгсэл зэрэг эд зүйл алдагдсан байсан.
Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,
1.9. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Ц гэх хүнд гараашийн эзэмшлийн газраа зарсан юм. Ц.Ц гэх хүн надаас гараашийн газрын гэрчилгээгээ одоо болтол шилжүүлж аваагүй байгаа юм. Газар нь миний нэр дээр байдаг юм. Уг гарааш Ц гэх хүний гарааш, уг гарааш одоо надад ямар нэгэн хамаарал байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,
1.10. Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх Сүмбэр сумын 3 дугаар баг 1-р байрны зүүн урд талд байрлалтай гарааштай юм. Түүндээ дэл сул зүйлсээ хийдэг. Дугуй, хүүхдийн тоглоом гэх мэт. Манайх авто угаалгын газар ажиллуулж байхдаа хэрэглэж байсан улаан өнгийн компрессор бас байсан. Манай нөхөр Б өөрөө хөдөө Сүмбэр сумын 5 дугаар багт мал дээрээ байдаг. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын сүүлээр ирж гараашаа шалгаад хулгай орсон байна, компрессор алга болчихсон байна, чи цагдаад мэдэгдээрэй гэж хэлснийг би мартсан байна. Манай нөхөр өөрөө энэ сарын 10-ны үеэр хөдөөнөөс ирэх байх... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170 дугаар хуудас/,
1.11. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б-н гараашны цоожны түлхүүрийн нь ширхэг хуулбар нь надад байдаг. Тухайн үед машин дотор нь байрлуулаагүй байхад би дэл сул хэрэгтэй зүйлээ хийгээд цоожилдог байсан юм.
Би хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сард Б-н гараашнаас өөрийн майхнаа авахад улаан өнгийн компрессор байсан. Тэгээд би түүнээс хойш Б-н гарааш руу ороогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 173 дугаар хуудас/,
1.12. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б-н хулгай хийдэг, эсвэл хийсэн гэдгийг сонсоогүй. Гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна. Энэ удаа Молиго хочит Г-н А бид хоёр явж байсан чинь Г.Б Ч дэлгүүрийн зүүн эгнээнд унтаж байхаар сэрээсэн чинь халаасанд байсан юмнууд та хоёр шаачихсан юм уу, алга байна, 2 шил архи болчих хөөрөг байсан юм, бусад нь яахав гээд халаасаа ухаад байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 124 дүгээр хуудас/,
1.13. Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Жил сар өдрийг нь санахгүй байна. 2, 3 жилийн өмнө Э буюу Э бид Чандмань дэлгүүрийн орчим эгнээнд унтаж байхаар нь сэрээсэн чинь халаасанд байсан юмнууд та хоёр шаачихсан юм уу ч гэх шиг ямар ч байсан хөөрөг энэ тэр гээд л яриад байсан. Би нилээн согтуу байсан болохоор сайн ойлгоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126 дугаар хуудас/,
1.14. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-5 дугаар хуудас/,
1.15. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,
1.16. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
1.17. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,
1.18. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,
1.19. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /1-р хх-ийн 46 дугаар хуудас/,
1.20. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 57-58, 67-68, 69 дүгээр хуудас/,
1.21. Говьсүмбэр аймгийн прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 148-149 дүгээр хуудас/,
1.22. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
1.23. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж, түр хураан авах тухай, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 163-164 дүгээр хуудас/,
1.24. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйлд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 165 дугаар хуудас/,
1.25. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 88 дугаартай үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 1-р хх-ийн 175 дугаар хуудас/,
1.26. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 189-191 дүгээр хуудас/,
1.27. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 45-48 дугаар хуудас/,
1.28. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 2-р хх-ийн 129 дүгээр хуудас/,
1.29. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаартай үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 2-р хх-ийн 134 дүгээр хуудас/,
1.30. Алдарт эхийн 1,2 дугаар одон, Монгол Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 5 жилийн гавшгайч тэмдэг зэрэг үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /2-р хх-ийн 135-137 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч Г.Б, Г.Б нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Б, Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Г.Б-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч И.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б-н хувьд эхнэрээсээ салсан, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Сүүлд сонсоход 2 хүүхэд нь Даланжаргалан суманд сургуульд явж байгаа сурагтай байсан. Одоо ганцаараа гэртээ амьдарч байгаа байх. Ядуу амьдралтай, эрхэлсэн тодорхой ажилгүй. Ааш зангийн хувьд хүн чанар сайтай сайхан сэтгэлтэй залуу.
Б-н хувьд эхнэр хүүхэдтэй эсэх талаар нь мэдэхгүй байна. Мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, хаа хамаагүй явж ажил төрөл хийдэг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Ах Б-н гэрт цуг амьдардаг. Ааш зангийн хувьд илүү дутуу зангүй. Өмнө нь нилээд хэдэн жил шоронд сууж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,
2.2. Гэрч Ш.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б-н хувьд ааш зан сайтай, ажилсаг залуу байдаг. Хааяа архи уудаг. Б хувьд жаахан онгироо зантай, хааяа архи уудаг. Архи уухаараа хүнтэй муудах гээд хүний үг сөрөөд байдаг. Архи уугаагүй эрүүлдээ бол гайгүй ааштай яриа хөөрөө сайтай байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 дугаар хуудас/,
2.3. Гэрч Г.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн 2 хүнийг танина. Б, Б нар нь миний төрсөн дүү нар юм. Манай ээж Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдарч байгаа. Сая цагаан сарын өмнө гэнэт бие нь муудаад хэвтэрт байна. Би Б-г хоригдсон гэдгийг байцаагч болон Батчимэг өмгөөлөгчөөс дуулаад ирсэн. Б өөрийн гэсэн гэр орон байхгүй. Шоронгоор хэд хэдэн удаа орсон. Ах дүү нарынхаа гэрээр орж гараад явдаг юм. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Шоронгоос гарч ирээд удаагүй байгаа юм. Миний дүү чинь хүнтэй муудалцаад яваад байдаггүй дөлгөөхөн зантай хүүхэд байсан. Архи уугаад асуудалд ороод байдаг юм. Хүний үгнээс гардаггүй, миний дүү нар дотроос Б шиг дөлгөөхөн номхон ноймоо хүн байхгүй. Замын-Үүдэд очихоор ууж идээд явдаггүй байсан. Чойрт ирээд Б-нд хамт байгаад байсан. Б нь эхнэрээсээ салаад 2 хүүхэдтэйгээ хонхорт өрх толгойлж амьдардаг юм. 2 хүүхдийнхээ төлөө л явдаг хүн. Хонхорын балгасаар явж төмөр цуглуулж тэр зүйлээ тушааж хүүхдүүдээ тэжээж амьдардаг юм. Б нь архи уугаад ухаанаа алдаад яваад байдаггүй. Б нь Б, Б хоёрыг бодвол архины хамааралтай хүн биш. Амьдрахын төлөө л явж байгаа хүүхэд... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 дугаар хуудас/,
2.4. Шүүгдэгч Г.Б, Г.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 92-97 дугаар хуудас/,
2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ХМШЗ/15 дугаартай шүүгийн захирамжийн хуулбар /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
2.7. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,
2.8. Г овогтой ялтан Б-н зан байдлын тодорхойлолт /1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
2.9. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 105-106 дугаар хуудас/,
2.10. Гансэлэм овогтой ялтан Б-н ял хэрэг, зан байдал, суллагдлын тодорхойлолт /1-р хх-ийн 107 дугаар хуудас/,
2.11. Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-ийн 108 дугаар хуудас/,
2.12. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/,
2.13. Г овогтой Б-н суллагдсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 110 дугаар хуудас/,
2.14. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/,
2.15. Хорих 417 дугаар ангид ял эдлэж буй Г овогтой ялтан Б-н зан байдлын тодорхойлолт /1-р хх-ийн 112 дугаар хуудас/,
2.16. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолт /1-р хх-ийн 115 дугаар хуудас/,
2.17. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 118-121 дүгээр хуудас/,
2.18. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 122-125 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нарын өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оноож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Г.Б нь хувийн байдлын тухайд урьд нь 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, шүүгдэгч Г.Б нь хувийн байдлын тухайд урьд нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба шүүгдэгч нар нь өөрсдийнхөө засрал хүмүүжилд дүгнэлт хийгээгүй байх тул өмгөөлөгч Б.Батчимэгийн хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Г-н Б-г 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Г-н Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 44 /дөчин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор сольж 5 /тав/ хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хорих ял, шүүгдэгч Г.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Б нарын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцлоо.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан усны тэргийг шүүгдэгч Г.Б буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь уг усны тэргийг хулгайлах үйлдэл төгссөний дараа эд зүйлээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулахад ашигласан байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл биш байна гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нарын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Г-н Б-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц овгийн Г-н Б-г үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Г-н Б-г 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овгийн Г-н Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 44 /дөчин дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор сольж 5 /тав/ хоногийн хорих ялаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хорих ял, шүүгдэгч Г.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Б нарын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийн хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан усны тэргийг шүүгдэгч Г.Б буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Шүүгдэгч Г.Б, Г.Б нарын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ