Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01125

 

М.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалтай,

М.Лгийн нэхэмжлэлтэй

ХАЗДТГНҮАнд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Л нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалаар НҮАны жолоочоор томилогдсон. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ХАЗДТГНҮАны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны А/50 тоот тушаалаар НҮАны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон НҮАны жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх зүйл байхгүй бөгөөд миний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2 дах хэсэгт ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг... ойлгохоор байна. Ажлын байр цөөрүүлсэн үндэслэлээр надад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдээгүй. Тушаалд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт байхаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний агуулгыг бичээгүй хууль зөрчсөн тушаал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд ХАЗДТГНҮАны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, НҮАны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гомдлын шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. ХАЗДТГНҮА бол Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт гээд аж ахуйн үйл ажиллагааг зохицуулдаг улсын төсвөөс санхүүждаг төсөвт байгууллага юм. НҮАны бүтцийг Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тогтоосон байдаг ба нийт 32 орон тоотой тогтоосон. Үүнээс жолооч 8, үйлчлэгч 8 байхаар тогтоосон. Гэтэл нийтлэг үйлчилгээний тогтоосон бүтэц орон тоог хэтрүүлээд 9 жолооч, 10 үйлчлэгчийг ажиллуулж байсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон хувь хүний орлогын албан татварын өр үүссэн байгууллагыг хүлээн авсан. НҮА цалингийн сангаас гадна орон тоо хэтрүүлсэн учраас өртэй гарсан. 2016 оны 10 сарын 1-ний өдрийн байдлаар гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн 14 сая төгрөгийн өртэй гарсан. Хэрвээ бүтэц орон тоондоо багтаасан бол өр үүсэхээргүй байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төсвийн зохистой удирдлагын зарчмыг хуульчилсан байдаг. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулна, өр төлбөр үүсгэхгүй байна гэсэн зарчимтай. Гэтэл бодит байдалд нийгмийн даатгалын санд гэхэд 14 сая төгрөгийн өр үүссэн байсан. Тийм учраас НҮАны цалингийн санд багтаах, орон тооны цомхтогол хийх, өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага үүссэн учраас НҮАны бүтэц орон тоог шинэчилсэн. Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 32 орон тоог 28 орон тоо болгог өөрчилж, жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгон цөөрүүлсэн. Ингэж байж нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх, бүтэц орон тоондоо багтааж Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бололцоотой болсон. Тогтоосон бүтэц орон тоо, цалингийн санд багтаан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай учраас орон тоо нь хасагдсан 4 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр орон тоо цөөрсөн учраас М.Л тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг 12 сарын 09-ний өдөр гардуулаад, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажилтанд нэг сар буюу түүнээс дээш хугацааны цалин хөлстэй олгох тэтгэмж олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгаа. 2017 оны 01 сард нэхэмжлэгч М.Лд 452,150 төгрөгийг ХАЗДТГНҮАны даргын тушаалд заалт болгож оруулаад нэхэмжлэгчид олгосон. Энэ бүх ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу явагдсан. Орон тоо цөөрсөн гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой байдаг. Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан байдаг. Орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Холбогдох нотлох баримтуудыг өгсөн. Шүүх хуралдаанд шинээр хоёр хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгосон тухай цалингийн цэс байгаа. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагад гэхэд 14,531,131 төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Тийм учраас орон тоо цөөрүүлэх, орон тоогоо шинэчилж ажиллуулахгүй бол болохгүй байсан. Уг нь өмнөх ХАЗДТГНҮАны дарга маань бүтэц орон тоо, цалингийн сандаа багтаагаад ажилтнуудаа томилоод явсан бол ийм хэмжээний өр үүсэх боломжгүй. Энэ өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн чухал учраас бүтэц орон тооны цомхтгол хийсэн. Энэ үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу явагдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Дөчин дөрөв овогт Мөнхбаярын М.Лг ХАЗДТГНҮАны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Лд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийг хариуцагч ХАЗДТГНҮАнаас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч ХАЗДТГНҮАнд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ХАЗДТГНҮАнаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 153174 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг нийт 223374 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргалаа. 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 1.1 Давж заалдах журмаар 2 удаа хянан шийдвэрлэж, харилцан зөрүүтэй үндэслэлээр гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь дээрх иргэний хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянан шийдвэрлэгдэхэд шинээр нотлох баримт нэмэгдээгүй, зөвхөн урьд хяналтын шатны шүүхийн тогтоолд заасны дагуу “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэн хэрэгт хавсаргуулсан. Ийм байхад давж заалдах шатны шүүх урьд гаргасан магадлалдаа ХАЗДТГНҮА-ыг татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй, цуглуулаагүй” гэж дүгнэсэн атлаа хожим гаргасан магадлалдаа “ХАЗДТГНҮАны дарга нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж харилцан зөрүүтэй байдлаар гомдлыг хангасан нь хоорондоо зөрчилтэй байна. 1.2 Давж заалдах шатны шүүхийн дээрх 2 дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. Учир нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон аймгийн Засаг даргын Тамгын газрын НҮАны бүтцийг баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын 2016, 2017 оны цалингийн цэс, 2016 оны 09, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл, мэдэгдлийг ажилтанд гардуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй. Анхан, давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, эсхүл хэрэгт хамааралгүй гэж үзсэн бол энэ талаар үндэслэлээ магадлалдаа дурьдалгүй орхигдуулсан. Ингэсэн атлаа анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ...нэхэмжлэгч приус 11-25 ХОҮ машиныг шинээр орсон жолооч барьж байгаа, мөн миний барьж байсан 11-00 ХОҮ фургон машиныг өөр жолооч барьж байгаа...гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5-т заасныг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зөрчлийг давж заалдах шатны шүүх засч залруулахын оронд шийдвэрийг хэвээр үлдээж, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл, уг тушаал гаргах процедур ажиллагааг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохыг нотолсон баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдолтой байна. 1.3 Магадлалын үндэслэх хэсэгт “НҮАны дарга нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн заалтаараа нэхэмжлэгч М.Лг жолоочийн ажилд томилохыг НҮАнд даалгасан нь агуулгын хувьд зөрчилтэй, бодит байдалд биелэгдэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байна. Учир нь давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэгчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй этгээд нь Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Нийтлэг үйлчилгээний даргын чухам хэн болох талаар тодорхой, эргэлзээгүй дүгнэлт хийгээгүй, тойрч бултсан шинжтэй л хоорондоо уялдаа холбоогүй дүгнэлт хийжээ. Хэрэв давж заалдах шатны шүүх НҮАны дарга нь ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх хэмжээгүй гэж үзсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хариуцагчийг өөрчлүүлэх арга хэмжээ авахаар байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5-т заасныг зөрчиж байна. 2.Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: 2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-т хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч байхаар, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй талаар тусгажээ. Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч ХАЗДТГНҮАны даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус албанд жолоочоор ажиллаж байсан ажилтан. Иймдээ ч нэхэмжлэгч М.Л нь НҮАны даргын 2005 оны 21 дүгээр тушаалаар тус албанд жолоочийн ажилд томилогдож, улмаар тус албанаас цалин хөлс авч байсан. Ажлаас чөлөөлөгдсөн тухай гомдлоо нэхэмжлэгч М.Л нь ХАЗДТГНҮАнд холбогдуулан гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хувийг НҮАны даргад гардуулж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Дээрх нөхцөл байдал, нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Лгийн ажил олгогч нь НҮА болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдох тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргах эрхтэй. Ийм байхад давж заалдах шатны шүүх нь “ХАЗДТГНҮАны дарга нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих, маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хууль буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 5.2-т заалтыг хэрэглэсэнгүй. 2.2 Ингэсэн атлаа давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4 дэх хэсэгт заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг хэрэглэлээ. Учир нь уг хуулиар ажилтан, ажил олгогч нарын хоорондох хөдөлмөрийн харилцааг зохицуулдаггүйгээс гадна хуулийн дээрх заалт нь НҮАны даргад бус Засаг даргын Тамгын газрын даргад эрх хэмжээ олгосон зохицуулалт байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс (архивын тасагтай), Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб гэсэн бүтэцтэй, 41 орон тоотой байхаар тогтоосон нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү бүтэц, орон тоонд НҮА гэсэн нэгж байхгүй байхад давж заалдах шатны шүүх НҮАны даргыг ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Засгийн газраас батлагдсан 41 төрийн жинхэнэ албан хаагчийн хүрээнд л хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, алба хаагчдыг томилж, чөлөөлдөг. Харин дээрх орон тоонд багтахгүй НҮАны 28 төрийн үйлчилгээний ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх хэмжээ зөвхөн тус албаны даргад хадгалагддаг. НҮА нь аймгийн Засаг даргын Тамгын газраас байгуулагдаж, бүтэц, орон тоогоо тогтоолгодог, удирдлагыг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга томилдог, Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехникийн үйл ажиллагааг эрхэлдэг төсөвт байгууллага юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна. Төсвийн шууд захирагч нь байгууллагынхаа ажилтнуудтай хөдөлмөрийн харилцаа үүсгэх, цалин хөлс олгох, сахилгын зөрчил гаргавал шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх хэмжээтэй. Уг эрх хэмжээнд өөр төсвийн захирагч /Засаг даргын Тамгын газрын дарга/-аас халдаж, хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх ба хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдааг зөвтгөж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хэрэгт байгаа, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын үндсэн дээр дүгнэлт өгдөг тул хэрэгт байхгүй, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Түүнчлэн зохигчийн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотолгооны хэрэгсэл мөн боловч бусад баримтаар давхар нотлогдсноор бодит байдалд нийцсэн тайлбар гэж үзэх үндэслэл бий болдог тул 11-25 ХОҮ машиныг шинээр орсон жолооч барьж байгаа, миний барьж байсан 11-00 ХОҮ дугаартай автомашиныг өөр жолооч барьж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг тушаалын үндэслэлийг нотолж буй нэг баримт гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 115 дугаар зүйлийн 115.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан зохицуулалтад нийцээгүй байв.

Нэхэмжлэгч М.Л НҮАны жолоочийн ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тушаалыг хууль бус гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх НҮАнд холбогдуулан гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан байна.

Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасан зохицуулалтыг баримталснаас гадна Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалыг үндэслэжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байх ба уг тушаалын 1 дүгээр хавсралтаар Тамгын газрын бүтэц орон тоог, 2 дугаар хавсралтаар хэлтэс, тасгийн дүрэм, албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Уг тушаалын 1 дүгээр хавсралтад, тусад нь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгж болох НҮАны бүтэц орон тоог баталсан байна. 

Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх НҮАны зүгээс тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа 2014 онд орон тоог үндэслэлгүйгээр нэмэгдүүлснээс төсөв хэтэрч, алдагдалд орсон тул байгууллагын бүтэц, орон тоог шинээр баталсан гэжээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар  НҮАны  орон тоог 32, үүнд жолооч 8 гэж тогтоосон байх боловч нэхэмжлэгч М.Л нь уг тушаалаар орон тоог нэмэгдүүлэхээс өмнө тус байгууллагад 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж байсан ажилтан юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан байх ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Тамгын газрын бүтэц, орон тоог батлахдаа аймгийн Засаг даргатай зөвшилцсөн талаар болон Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарыг тогтоосон ямар баримтад үндэслэсэн болохыг баримтаар нотлоогүй тул тушаалыг хууль бус гэж үзнэ.  Давж заалдах шатны шүүх орон тоог цөөрүүлсэн гэж үзэх эсэх хууль зүйн үндэслэлийг анхаарахгүйгээр ажилд авах, ажлаас чөлөөлөх Тамгын газрын даргын бүрэн эрхийг бие даасан нэгж болох НҮАны даргын эрхтэй хольж, хуулийг тайлбарласан нь алдаатай байна. М.Л нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх НҮАны даргын 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тушаалаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байжээ.

Иймд ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00023 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА