Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Долгорсүрэн

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А

            Нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нарыг оролцуулан хийж,           

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 87 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн  прокурорын эсэргүүцлээр  Т.Г-т холбогдох эрүүгийн 201612000109 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

              Яллагдагч Т.Г нь 2016 оны 6 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг “Гашуун” гэх газарт “фекон” маркийн 4316 ДУЗ улсын дугаартай мотоцикль жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас хамт явсан Б.М-ын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний  өдрийн 87 тоот шүүгчийн захирамжаар:

Яллагдагч Бичээчийнхэн овогт Т.Г-т холбогдох  эрүүгийн  201612000109 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэхүү захирамжийг хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн металь 1ширхэг, даавууны өөдөс 1ширхэг, 4316 ДУЗ улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, сиди 1 ширхэгийг хэргийн хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэгт даалгаж  шийдвэрлэжээ.

Прокурор Г.Хаш-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй гарсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

1.Т.Ганзоригт холбогдох хэргийг хохирогч талаас Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээр зүйлчилж, шүүхэд шилжүүлснийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж удаа дараа гомдол, хүсэлт гаргасан байдаг.

Дээрх гомдол, хүсэлтийн дагуу хэрэгт нэмэлт ажиллагаануудыг хийж, шалгавал зохих асуудлуудыг шалгасан боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар санаатай хүн амины гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй ба харин Б.Мөнхбат нь зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон болох нь тогтоогддог. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр уг осол болсон газарт 12.6 метр урттай чирэгдэлтийн ул мөр байдаг ба харин тухайн газарт даавууны тасархай, түүнээс 10.7 метр зайд цагаан өнгийн металл зүйл унасан байсан. Дээрх эд зүйлд  үзлэг хийсэн тэмдэглэлээр даавууны тасархай нь тухайн үед талийгаачийн өмсөж явсан өмдний хэсэг, харин цагаан өнгийн металл нь мөн талийгаачийн зүүж явсан дурангийн цоожлогч болох нь тогтоогддог.

Түүнчлэн талийгаачийн хувцсанд үзлэг хийхэд дээл, фудволк нилэнхүйдээ шороогоор бохирлогдсон, дотуур болон гадуур өмдний шуумаг хигэгдэж, урагдсан байдалтай байсан нь талийгаач тээврийн хэрэгсэлд чирэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Талийгаач нь элэгний бяцрал, урагдал, цээж хэвлийн хөндийд цус алдалт, цээж, нуруу, нугалам, хэвлий мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан.

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр талийгаачийн цээжний баруун хэсэгт суганы урд шугамын түвшинд 19x20 см хэмжээтэй мотоциклийн дугуйны үрэлтээр үүссэн мөрний ором байдаг ба энэ нь талийгаачийн цээжин дээгүүр мотоциклиор гарсныг нотлох баримт бөгөөд энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №1181 дугаартай “...2 талын олон хавирганы хоёрлосон хугарал, элэгний урагдал нь цээж, хэвлий дээгүүр биеийн босоо тэнхлэгийн эсвэл хагас ташуу байдлаар дайрахад үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №1387 дугаартай “...талийгаачид учирсан гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн.” гэсэн дүгнэлтүүд болон шинжээч эмч Б.Ариунзул, А.Амгаланболд нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар Б.Мөнхбатад учирсан гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн болох нь тогтоогдож байна.

Яллагдагч Т.Ганзориг нь тухайн өдөр болсон үйл баримтын талаар санахгүй байгаа талаараа удаа дараа мэдүүлдэг хэдий ч хэргийн газарт өөр бусад хүний болон тээврийн хэрэгслийн ул мөр илрээгүй мөн хамт байсан хүмүүс болон хамгийн сүүлд очсон айлд байсан гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач нь хэн нэгэнтэй маргалдаж, муудалцаагүй, өөрөөр хэлбэл хүн амины гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл огт тогтоогдоггүй.

Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэргийг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг гарсан байдал бүрэн тогтоогдсон байх бөгөөд харин авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.4, 1.6 дэх хэсгийг тус тус тогтоогоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарсан байдал тогтоогдоогүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан дээрх баримтуудыг хэрхэн яаж үнэлсэн болон ямар үндэслэлээр үгүйсгэсэн болох нь тодорхойгүй байна.

Иймд шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 87 дугаар   захирамжийг хүчингүй болгох саналыг оруулж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч Б.Алтанзул  гомдол, саналдаа: Хохирогчид маш их гомдолтой. Хохирогчийн дээгүүр мотоциклоор гарсан мөр байсан. Энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж байна. Бүхэл бүтэн хүний дээгүүр мотоциклоор гарч байгааг санамсар, болгоомжгүй үйлдэл гэж үзэхгүй биз дээ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       

             Шүүгчийн захирамжинд  “...гэмт хэрэг гарсан байдал тодорхойгүй” гэжээ. Гэмт хэрэг хөдөө хээр, шөнийн цагаар үйлдэгдсэн асуудалд шүүгдэгч болон өглөө хэргийн газар очсон гэрчүүдийг байцаах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

              Хэргийн талаар нотолбол зохих ямар байдлуудыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоох болон  хэрэг гарсан байдлыг тодруулах  зорилгоор ямар ажиллагааг хийх талаар шүүгчийн захирамжид  тодорхойлон бичээгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 87 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Т.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн металл 1ш, даавууны өөдөс 1ш, 4316 ДУЗ улсын дугаартай мотоциклийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, сиди 1 ш-ийг анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                            Х.ГЭРЭЛМАА

                                                     Т.БЯМБАЖАВ