Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 77

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч А.Насандэлгэр, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Р.Б, Ш.О 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

           Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар Захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ш, Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд З.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, түүний өмгөөлөгч Т.М, гуравдагч этгээд Г.Ш-ийн эрх залгамжлагч Ш.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, иргэдийн төлөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Р.Б би 1984 онд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8  дугаар гудамж, 158 тоот хашааг өөрийн нөхөр Г.Ш агсаны хамт тус бүр 400, 400 төгрөг гарган, нийт 800 төгрөгөөр худалдан авч гэр бүлийн хамт уг газарт амьдарч ирсэн. Г.Ш агсан, Р.Б бид 1985 онд гэр бүл болж, гэрлэлтээ 1991 онд бүртгэлийн байгууллагаар батлуулан улмаар нөхөр Г.Ш агсан нь миний 4 хүүхдийг үрчлэн авч өөрийн нэрээр овоглосон юм.

Баянгол дүүргийн Засаг дарга 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хашааны 248 м.кв газрыг нөхөр Г.Ш агсаны нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд тэрээр тус ондоо Солонгос улс руу ажиллахаар явж Р.Б би хүүхдүүдийн хамт уг газарт амьдарч үлдсэн юм. Нөхөр Г.Ш агсан нь 2006 онд Монгол улсад буцаж ирээд 2 суга таягтай хүний асрамжинд орсон надтай хамт амьдарч чадахгүй гээд гэрээсээ хөөснөөс хойш би өөрийн бага охин Ш.О-ийн хамт айлаар амьдрах болсон юм. 

Гэтэл Г.Ш агсан нь 2007 онд дээрх газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өөрийн дүүгийн хүүхэд З.Хгийн хамт өмчлөн авсан болохыг би 2009 онд мэдээд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч “шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэх хариу өгсөн тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.

Манай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олон жилийн туршид эзэмшиж, ашиглаж байсан газрыг З.Хд хамтран өмчлүүлсэн нь ямар ч үндэслэлгүй, гэр бүлийн гишүүд бид өнөөдөр орох орон байргүй, амьдрах газаргүй байхад гэр бүлийн гишүүн бус этгээдийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамж тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуульд нийцэхгүй байгаа юм.

Тухайлбал Газрын тухай хууль (2002)-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “Иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт “иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” хэмээн тус тус заасны дагуу газрыг иргэн зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх хэлбэрээр өмчлүүлэхээр хуульд заасан байна.

Гэтэл Г.Ш агсантай би хууль ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан, 1984 оноос хойш 20 гаруй жилийн туршид уг газарт гэр бүлээрээ хамтран амьдарсан байхад 16 дугаар хорооны Засаг даргын албан бланк ашиглан 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ам бүл 2 гэсэн хуурамч тодорхойлолтыг хийж, газар хамтран өмчлөх хүсэлт гаргаж З.Хг Г.Ш-ийн эхнэр, дүү гэх зэргээр бичиглэн, гэр бүлийн гишүүн хэмээн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29ний өдрийн 523 дугаар Захирамжаар хамтран өмчлөх эрхтэй болж бүртгүүлсэн нь хууль бус байна.

Нийслэлийн Засаг дарга нь дээрх 523 дугаар Захирамжийг хууль бус болохыг тогтоосон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг биелүүлэн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжаар Г.Ш, З.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэдий ч гуравдагч этгээд З.Х нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргаж шүүхээс уг хүсэлтийг ханган 143 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон билээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасны дагуу биелэгдсэн шийдвэр болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар Захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг цуцлах нь хуульд нийцэх тул уг шаардлагыг гаргаж байна.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар Захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгч бид нарын Монгол Улсын иргэний хувьд хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ эдлэх боломжтой болж, Г.Ш-ийн хууль ёсны гэр бүлийн гишүүн бидний зөрчигдсөн эрх сэргэж, өөрийн өмчлөлийн хашаа болон газрыг эзэмшиж ашиглах хууль зүйн үр дагаварт хүргэх бөгөөд ингэснээр нэхэмжлэлийн шаардлагын гол үндсэн зорилго болох нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхолд нийцэх болно.

Мөн Газрын тухай хууль (2002 оны) 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасны дагуу Г.Ш агсаны эхнэр Р.Б, охин Ш.О бид нар халуун ам бүлээрээ 22 жил амьдарч ирсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрыг Г.Ш-тай хамтран өмчлөгч байх эрх хуулиар олгогдсон байсан тул нэхэмжлэгч бид нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсч байна.” гэжээ. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд иргэн Г.Ш нь гэр бүлийн ам бүлийн байдлын тухай Засаг даргын тодорхойлолтыг үнэн зөвөөр мэдүүлээгүй нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. 

Иймд Г.Ш-ийн өв залгамжлагч нь тодорхой болсон тохиолдолд өвийн журмаар, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг өвлөх эрхтэй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх үйл ажиллагаа явуулах боломжтой юм. 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 847 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг үндэслэн гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэр нь хүчингүй болсон тул захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд З.Х-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хаягт байрлах газрыг бидний нагац ах Г.Ш, өөрийн дүү Г.Ч /З.Хгийн ээж/-ын хамтаар 800 төгрөгөөр бусдаас 1984 онд худалдаж авснаас хойш эзэмшиж, энэхүү хаягтаа амьдарч байгаад 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нагац ах Гүрбазарын Шагж, дүү Загдсүрэнгийн Хоролсүрэн нар өмчилж гэдгээ тус шүүхэд бичиж өгсөн юм.

Нэхэмжлэгч нар 1984 онд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааг 800 төгрөгөөр худалдаж авсан гэж байнга бичдэг ч 1988 оны зун энэ хашаанд нүүж ирж, түүнээс хойш Г.Ш ахтай хамт амьдрах болсон гэдэг. Энэ хашааг анх 1984 онд Г.Ш ахыг худалдаж авахад Р.Б гэгч хүн энэ хашаанд амьдарч байгаагүй гэж ээж, ах, эгч, настангууд маань хэлдэг бөгөөд энэхүү байдал нь Г.Ш, Р.Б нарын гэрлэлтийн баталгааны гэр бүл болсон огноогоор нотлогдоно.

Ах маань Р.Б гуайн бүх хүүхдүүдийг өөрөөрөө овоглож байсан нь үнэн. Үүнийхээ хариуд харь оронд тэдний төлөө ажиллаж, олсон мөнгөө цөмийг нь тэдний сургалт, ахуйн хэрэгцээ, бусдаас зээлсэн өр төлбөрийг нь төлөхөд зориулж, эцэст нь тахир дутуу болтлоо зодуулсан. Гомдсондоо хөөж явуулсан байхыг үгүйсгэхгүй. Үүний дараахан Р.Б гуай хүүхдүүдээ аваад нүүсэн гэсэн. Том хүүхдүүд нь Г.Ш ахтай таарч тохирохгүй байснаас салсан гэвэл үнэнд нийцнэ.

Хөлөө гэмтээгээд хүний асрамжид байхад намайг хөөж явуулсан, түүнээс хойш орон гэргүй амьдарч байгаа мэтээр үнэнд нийцэхгүй зүйлийг шүүхэд удаа дараа бичиж, хууль хяналтын байгууллагаар өрөвдүүлэх арга зам хайхыг оронд Г.Ш ахаас булааж авч явсан эд хөрөнгөө дуусахаар нь үлдсэн ганц газрыг нь авахаар шунаж байгаагаа шүүхэд хэлбэл бодит үнэнд нийцнэ гэд бид үзэж байгаа юм. 

Ах маань ганцаараа үлдмэгцээ З.Х-гээр асруулж байхдаа түүнийг ам бүлдээ бүртгүүлсэн байдаг. Түүнээс биш нэхэмжлэгч нарын бичиж байгаа шиг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зүйлгүй. 

Маргаан бүхий газрыг Г.Ш, З.Х нар өмчилж авсан гэдгийг нэхэмжпэгч нар 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн заалттай байхад 244 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаа нуухын тулд Нийслэлийн Газрын албанаас дахин  лавлагаа авч, тэрхүү "хуурамч" баримтдаа түшиглэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгч нар анхаарч үзэлгүй, гуравдагч этгээдийг оролцуулалгүй хууль бус шийдвэр гаргасан байдгаас нь үзэхэд “шүүгч нар нөлөөнд автсан”, “нэхэмжлэгч нар хуурамч баримт шүүхэд гаргаж өгсөн” гэж үзэх үндэслэл бий. Үнэн мөнөөрөө яваа юм бол Г.Ш ахаар маань овоглосон бүх хүүхдийнхээ нэрийг өмчлөлийн захирамжид оруулах шаардлага гаргах нь яасан юм. Ийм шаардлага гаргаж чадахгүй байгаа нь энэхүү газрыг өмчлөх эрхгүй гэдгээ мэдэрч байгааг нотолж байна гэж үзэж байна. 

Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18 дахь хэсэгт зааснаар ...улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох, мөн хуульд зааснаар тухайн газраа өмчилж авах эрхтэй байдаг билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ", мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхтэй байхаар хуульчилж өгсөн байдаг тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, энэ газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг даалгахаар, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Шид холбогдох хэсгийг цуцлуулахаар гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Өмнө уг хэргийн шүүх шийдвэрлэж, шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг цуцалсан. Тэгэхээр Г.Ш газар өмчлөх эрхгүй болсон. Гэтэл гуравдагч этгээдээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт гаргаж, хэргийг дахин хянаж байна. Одоо газрыг Г.Ш болон З.Х нар өмчлөх эрхгүй болсон. Бид Г.Ш-тай холбогдуулан маргаагүй, З.Хд холбогдуулан маргаж байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан 846 дугаар захирамжийн Г.Шид холбогдох хэсгийг цуцлуулъя гэж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захирамж цуцлагдах ёстой гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар уг захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг цуцлах шаардлагатай байгаа.

Г.Ш нь газар өмчлөн авахдаа өөрийн эхнэр хүүхдийн нэрийг оруулалгүйгээр өөрийн эгчийн З.Хг өөрийн эхнэр байдлаар газрын бүртгэл хийлгэж, өмчлөх эрхийг авсан байдаг. Энэ газрыг анх 1984 онд Г.Ш болон нэхэмжлэгч Р.Б нар гэр бүл болохдоо 800 төгрөгөөр худалдан авч 22 жил амьдран суусан. Г.Ш-ийн нас барахаасаа өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг өгөхдөө Р.Б бид хоёр худалдан авсан. 2009 онд Солонгос улсад яваад 2006 онд буцаж ирсэн. 2006 онд гэр бүлийн маргааны улмаас гэр бүл салж, газар дээр Г.Ш нь өөрөө үлдсэн. 2007 онд газрыг өмчлөн авахдаа эгчийнхээ хүүхдийг хамтран өмчлөгчөөр оруулсан гэж дурдсан. Маргаан бүхий газрыг худалдан аваад эзэмших эрхийн гэрчилгээг Г.Ш-ийн нэр дээр авсан. Гэтэл энэ газар дээр олон айл амьдарч байсан, эдгээр хүмүүс газрыг өмчлөх эрхтэй гэсэн асуудал яригддаг. Тэгэхээр бусдын эзэмшил газар дээр амьдарч байсан этгээдүүд газрыг өмчлөх, эзэмших асуудал яригдахгүй.

2007 онд баримталж байсан хуулиар газрыг зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгоно гэсэн тодорхой заалт байсан. Гэтэл гэр бүлийн гишүүн биш З.Х гэх хүнд хамтран өмчлөгчөөр газар олгосон нь хууль бус юм. Мөн З.Х нь маргаан бүхий хаягт ямар нэгэн бүртгэл огт байхгүй. Тэгэхээр хамтран гэр бүл болон амьдарч байсан гэдэг үйл баримт байхгүй. Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын гэр бүлийн дэлгэрэнгүй лавлагаанд Ш.О нь 1993 оноос хойш, Р.Б нь 1987 оноос хойш маргаан бүхий газарт амьдарсан нь бүртгэгдсэн байгаа.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн үүргээ зөрчиж, худал баримт бүрдүүлэн өгснийг захиргааны байгууллага хянан үзэхгүйгээр бүртгээд явсан нь хууль бус байна. Уг асуудлыг шүүхээс шийдвэрлэж, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэн. Үүний дараа гуравдагч этгээд гарч ирж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар гаргах ёстой гэж байна. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд тус хуулийн 106 дугаар зүйлийн аль хэсэгт хамаарна гэж тодорхойлох боломжгүй байгаа. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамж нь хууль бус эсхүл хууль зөрчсөн захирамж биш юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, хууль ёсны дагуу гарсан захирамж. Хуулийн дагуу гарсан захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгуулахаар шаардаж болохгүй. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар биелэгдсэн шийдвэрийг цуцалж өгнө үү гэж байгаа. 

Г.Ш-ийн цуцлагдсан эрхийг сэргээж, З.Х-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэж байгаа. Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоож, 846 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Г.Шид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гандангийн маргаан бүхий хаягт амьдарч байсан Г.Ш нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх эрх хүсэхдээ З.Х-гийн нэрийг оруулсан. Дээрх 523 дугаар захирамжаар Г.Ш, З.Х нарт газрыг өмчлүүлсэн. З.Х нь Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн биш. Түүний гэр бүлийн гишүүн бол Р.Б болон З.Ш-ийн охин Ш.О нар юм. Тэгэхээр газар өмчлөгчөөс З.Х-гийн нэрийг хасч, Р.Б, Ш.О нарыг оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Анхны шүүхийн шийдвэрээр 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 846 дугаар захирамжаар Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Өнөөдөр хэргийг анхан шатнаас нь шийдвэрлэж байгаа. Бид Г.Ш-д холбогдуулан маргаагүй. Г.Ш нь гэр бүлийн тодорхойлолтыг Засаг даргаас аваагүй, өөр хүнээс авсан гэдэг тайлбар өгдөг. Уг тодорхойлолтод ам бүл 2 гэж бичсэн байдаг. Хариуцагч ам бүлийн гишүүдийг хэн болохыг тодорхойлолгүй Г.Ш-ийн тодорхойлолтоор З.Хг оруулан газрыг өмчлүүлсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хянаж үзэлгүйгээр З.Х-г оруулан газар өмчлүүлсэн нь Г.Ш-ийн гэр бүлийн гишүүдийг хохироосон. Тэгэхээр Г.Ш, З.Х нарт газар өмчлүүлсэн захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэдэг анхны нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өнөөдөр Г.Ш нь нас барсан, нэхэмжлэгч нар нь гэр бүлийн гишүүд нь байсан. Р.Б, Ш.О нарын хаяг маргаан бүхий хаягт бүртгэлтэй байгаа. Иймд нэхэмжлэгч нарын эрхийг сэргээж, өмчлөгчөөр нэрсийг нь оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлж Г.Ш, З.Х нарт хоёуланд нь холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Г.Ш-ийн өмчлөх эрхийг зөрчсөн. Иймд захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг сэргээж, цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэлийн 3 дах шаардлагын хувьд 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, З.Х холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэж байгаа. Улсын дээд шүүхээс биелэгдсэн шийдвэрийг цуцлуулах тухай хүсэлт гаргасан уу гэдэг асуудлыг тавьж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа уг байдлаар тодорхойлсон.  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар тухайн гэр бүлийн гишүүдэд газрыг хамтран өмчлүүлэх эрхтэй. Уг хуулийн заалт 2008 онд хүчингүй болсон боловч Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамж 2007 онд гарсан. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг хэрэглэж, тухайн гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг газрыг өмчлөх эрхтэй гэж үзэж байна. Иймд газар өмчлөгчөөс З.Х-г хасуулж, Р.Б, Ш.О нарыг газар хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

З.Х нь гэр бүлийн гишүүн биш болохыг нотлох баримт хавтас хэрэгт авагдсан. З.Х нь Г.Ш-ийн дүүгийн хүүхэд юм. Гэтэл 523 дугаар захирамжид З.Х-г Г.Ш-ийн эхнэр гэж бичсэн байдаг бөгөөд Г.Ш нь өргөдөл гаргахдаа дүү З.Хгийн хамт амьдардаг гэж дурдсан байгаа. Тэгэхээр захиргааны байгууллагын хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас алдаа гарч нэхэмжлэгч нарыг хохироосон байна. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамж нь үндэслэлгүй гарчээ. Тухайн үед гэр бүлийн гишүүдэд өмчлөгдөх газрыг гэр бүлийн гишүүн бус этгээдэд олгосон. Иймд 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоож өгнө үү.

Г.Ш-ийн эрх ашиг хохирчихоод байгааг гуравдагч этгээдүүд ойлгохгүй байгаа. Г.Шийн газар өмчлөх эрхгүй болсон учраас нэхэмжлэгч талаас түүний газар өмчлөх эрхийг сэргээх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Эхнэр хүүхдүүдийн өв залгамжлэлтэй холбоотой асуудал тусдаа шийдвэрлэгдэнэ. Г.Т, З.Х нараас шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрыг Г.Ш аваагүй н.Загдсүрэн, н.Чанцалдулам нар худалдан авсан гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт газрыг тэд худалдан авсан талаарх баримт байхгүй. Г.Ш-ийн гэрчээр болон гуравдагч этгээдээр оролцохдоо өгсөн мэдүүлэгт “...Р.Б бид хоёр 400 төгрөгийг тус тусдаа гарган газрыг худалдан авсан” гэж хэлдэг. 2 дахь тайлбартаа “...би 400 төгрөгөө З.Х-гийн ээжээс авсан” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл газрыг анх худалдан авсан хүмүүс нь Г.Ш, Р.Б нар юм. Г.Ш нь бид 400, 400 төгрөг гаргасан, миний өгсөн 400 төгрөгийг З.Хгийн ээж өгсөн учраас түүний нэрийг газар өмчлөн авахдаа оруулсан ярьсан. Энэ түүний гэрчээр өгсөн мэдүүлэг, гуравдагч этгээдээр оролцохдоо өгсөн тайлбараар нотлогдоно.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ, 5 дугаар зүйлийн 5.1.4-д ”иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдэд хамтран өмчлүүлэх зохицуулалттай. Гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх зохицуулалттай байхад өв залгамжлалаар авчих гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр хариуцагчийн тайлбарлаж байгаа өвийн журмаар шийдвэрлэ гэж байгаа нь болохгүй асуудал юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд гэр бүлээрээ хамтран өмчилнө гэж заасан.

Энэ газрыг манайх худалдан авсан, тухайн газар дээр удаан амьдарч байгаа иргэд мөн газрыг өмчлөх эрхтэй гэж байна. Маргаан бүхий газрыг Г.Ш, Р.Б нар худалдан аваад газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Иймд тус газарт амьдарч байсан гээд авах боломжгүй. Хэний ч эзэмшилд авагдаагүй, хоосон газрын талаар бид яриагүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн 1, 2 дахь шаардлагыг эрх олгогдоогүй боловч хүлээн зөвшөөрч 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд ямар хууль зүйн үр дагавар үүсгэхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захирамжийг хуульд зааснаар Нийслэлийн Засаг дарга өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд, шүүх л хүчингүй болгох эрхтэй. Өнөөдөр шүүхээс тус захирамжийн холбогдох хэсгийг цуцалж Г.Ш-ийн эрхийг сэргээх ёстой. Тэгэхээр 846 дугаар захирамжийг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж тайлбарлаж болохгүй. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар биш гуравдагч этгээд Ш.Түвшинжаргалыг төлөөлж буй хүн гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага маань хууль зүйн үндэслэлтэй бөгөөд гэр бүлийн гишүүд нь өмчлөн авч, холбогдох хүмүүс нь хуваан авах боломжтой. Иймд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын хувьд газар өмчлөгч үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, манай байгууллага шалгах үүргээ дутуу гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч бидэнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газар өмчлөгч иргэд хууль зөрчин үүргээ биелүүлээгүй учраас Нийслэлийн Засаг дарга газрыг буруу иргэнд өмчлүүлсэн.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд нэхэмжлэгч нар өөрсдийгөө гэр бүлийн гишүүн гэж тайлбарладаг. Нас барсан иргэний өв залгамжлагч мөн гэсэн гэрчилгээг авч ирвэл тухайн этгээдийн нэр дээр бүртгэх ажиллагааг манайх явуулдаг. Нэхэмжлэгч нар өв залгамжлагч нар нь мөн гэсэн баримтыг авч ирвэл хамтран өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйл байхгүй.

Анх шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон учраас уг шийдвэрийг үндэслэн гарсан 846 дугаар захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй. Бид нэхэмжлэлийн шаардлагыг ерөнхийд нь хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох боломжтой. Нийслэлийн Засаг даргын 846 дугаар захирамж эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хүчингүй болсноор 846 дугаар захирамж дагаад хүчингүй болно.

2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамж нь Нийслэлийн Засаг даргын өөрийн санаачлан гаргасан захирамж биш юм. Шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан захирамж бөгөөд тухайн шүүхийн шийдвэр хүчингүй болсон учраас 846 дугаар захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй.

Мөн нэхэмжлэгчээс уг асуудлыг өвийн журмаар болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх нь ялгаатай гэж үзэж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэвэл нэхэмжлэгч нар хохиролтой. Хэрэв өв залгамжлалаар шийдвэрлэвэл нэхэмжлэгч нарт дахин газар өмчлөн авах эрх нээлттэй байх болно. Хамтран өмчлөгчөөр бүртгүүлнэ гэж байгаа бол Монгол Улсын иргэнд нэг удаа л газрыг өмчлүүлэх учраас нэхэмжлэгч нарт хохиролтой. Газрын өмчилж байсан Г.Ш нь нас барсан учраас өв залгамжлалын журмаар газрыг шилжүүлэн авбал Монгол улсын нэг удаа газар өмчлүүлэх эрх нь нээлттэй үлдэх болно.

З.Х нь тухайн үед Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн биш байсан учраас захирамж хууль бус байсныг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрэв өв залгамжлагч нар нь хүсэлт гаргавал бүртгэхээс татгалзахгүй.

Нэхэмжлэгч талаас Г.Ш-тай маргаагүй гэж байгаа боловч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэсний дагуу шүүхээс Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул бид 846 дугаар захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйл байхгүй.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авах эсхүл хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эсэхээ анхаарч үзэх нь зөв байх. Бидний зүгээс аль ч үндэслэлээр бүртгэхэд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгч нарыг эрх ашгийг бодсоны үндсэн дээр дээрх тайлбарыг өгч байна.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хувьд ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй байна. Нийслэлийн Засаг даргын 846 дугаар захирамж нь үр дагавар үүсгэхгүй учраас 3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байх шаардлагагүй гэж үзэж байна.

Г.Ш нь гуравдагч этгээдийн тайлбартаа “800 төгрөгөөр газрыг худалдан авсан ба 400 төгрөгийг өөрийн дүүгээс авсан. Энэ нь З.Х-гийн ээж мөн юм” гэж дурдсан байна. Гэтэл Г.Ш нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “анх энэ хашааг худалдан авахад 400 төгрөгийг н.Чанцалдулам гаргасан” гэж дурдсан байна.

Захиргааны хэргийн шүүхэд гэр бүл, өв залгамжлал, худалдах, худалдан авах гэрээний асуудлыг шийдвэрлэхгүй. Захиргааны акт хэний эрх ашгийг зөрчсөн, эрх нь зөрчигдсөнийг хэзээ мэдсэн, захиргааны хэргийн шүүхэд эрхээ хамгаалуулахаар хэзээ хандсаныг харах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтад иргэн Р.Б-д гэсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар батлагдсан хариу өгөх мэдэгдэл авагдсан. Уг мэдэгдлээр Р.Б-д “таны өргөдлийг хүлээн авч танилцлаа. Иргэн Г.Ш нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хашаагаа өмчлөн авсан бөгөөд хамтран өмчлөгчөөр эхнэр З.Х бүртгэгдсэн байна” гэж мэдэгджээ. Газрыг Г.Ш, З.Х нарт өмчлүүлсэн болохыг энэ мэдэгдлийн дагуу 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч мэдсэн. Гэтэл 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл асуудлыг мэдсэнээсээ хойш 8 сарын дараа шүүхэд хандсан байна. Энэ үед дагаж мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандана гэж заасан. Гэтэл уг хугацааг хэтрүүлж 240 хоногийн хугацаа өнгөрчхөөд байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг буцаах, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч нар үнэхээр гэр бүлийн гишүүд нь мөн бол өв залгамжлалын журмаар газрын хувийг авах боломжтой. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан гэр бүлийн хэрэгцээнд гэдгийг гэр бүлийн бүх гишүүдийн өмч гэж тайлбарлаж байна. Гэр бүлийн хэрэгцээнд гэдэг нь тухайн гэр бүлийн амьжиргааны зорилгод нийцүүлэн хүнс ногоо тарих, мал аж ахуй, жижиг үйлдвэрлэл эрхлэхдээ ашигла гэж байгаа юм. Энэ нь гэр бүлийн гишүүдийн бүгдийнх нь өмч гэсэн үг биш. Тухайн гэр бүл 5 гишүүнтэй байлаа гэхэд нэг нь газраа өмчлөн аваад явдаг байсан. Харин гэр бүлийн бусад гишүүд хамтран өмчилнө гэж хүсэлт гаргавал шийдвэрлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нар хүсэлт гаргаагүй.

1984, 1987 он гэсэн 2 оны асуудал яригддаг. Энэ үед газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газрыг бусдаас худалдан аваад 1999 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ Г.Ш-ийн нэр дээр гарсан байдаг. 2006 онд Г.Ш, Р.Б нарын гэр бүл салсан. Салахдаа 5 ханатай гэр, эд хогшил бүгдийг нь Р.Б-д өгсөн. Би өөрөө орох оронгүй дүүгийнхээ амбаарт өвөлжихдөө дүүгийнхээ охин З.Хг асруулж, түүнийг хороондоо бүртгүүлсэн. 2007 онд газрыг өмчлөн авахдаа түүний нэрийг оруулсан гэж Г.Ш нь мэдүүлсэн байгаа. Энэ нь баримтаар нотлогддог. Шүүх хэргийг анх шийдвэрлэхэд нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хэлэлцээд магадлалаа гаргасан. Анх Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан гэсэн гуравдагч этгээдийн тайлбарт үнэлэлт хийх  шаардлагатай байгааг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч газрыг Г.Ш, З.Х нарт өмчлүүлснийг мэдсэнээс хойш 244 хоногийн дараа шүүхэд хандсан байна. Үүнийгээ залруулахын тулд заль хэрэглэн дээд шатны байгууллага албан тушаалтанд хандсан байдаг. Уг асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй юм.” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар  захирамжаар Г.Ш, З.Х нарт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ”, 5 дугаар зүйлийн 5.1.4-т “иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”,  20.1.1-д “гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар” гэж тус тус заасан байна.

Г.Ш, З.Х нарын газар өмчлөх хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар  захирамжаар Г.Ш, З.Х нарт гэр бүлийн хэрэгцээний газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон талаар хариуцагч тайлбартаа дурдаж, энэ талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл Г.Ш-тай садан төрлийн холбоотой боловч Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн бус З.Хд газрыг хамтран өмчлүүлснээр  Г.Ш-ийн гэр бүлийн бусад гишүүдийн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх маргаан гарах нөхцөл бий болжээ.

Г.Ш “өөрийн дүү Г.Чанцалдуламаас хашааны тал мөнгийг авсан, түүний охин З.Хгийн асрамжид амьдарч байсан” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч З.Х Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. 

Харин З.Х Г.Чанцалдулам нар маргаан бүхий газрыг өмчлөх эрхийн талаар иргэний шүүхэд гомдол гаргах эрх нь энэхүү шийдвэрээр хязгаарлагдахгүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Г.Ш Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоот хаягт орших хашааны газрыг 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0101000405 дугаар  газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-тэй хамтран өмчилсөн.

Г.Ш-ийн эхнэр Р.Б маргаан бүхий газрыг өмчлөхөөр Баянгол дүүргийн газрын албанд хандахад уг газрыг Г.Ш, З.Х нарт хамтран өмчлүүлсэн тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр , түүнчлэн З.Х-д хамтран өмчлүүлснийг эс зөвшөөрч нийслэлийн газрын албан хандсаны дагуу тус газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/4095 дугаар  албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.

Маргаан бүхий газрыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ”, заасны дагуу нэхэмжлэгч Р.Б, Ш.О нар хамтран өмчлөх ёстой гэж маргаж байх боловч Г.Ш нас барснаар нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр тогтоолгох, өв залгамжлалаар өмчлөх эсэхээ  тодорхойлон өмчлөлийн маргаантай бол харьяалах шүүхээр шийдвэрлүүлсний дараа маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эрх нээгдэхээр байна.

Тодруулбал тус хэрэгт авагдсан талийгаач Г.Ш-ийн тайлбар, мэдүүлгээр  “... Р.Б-ээс маргаан бүхий газарт байх хашааг худалдан авахдаа 400 төгрөг авсан, таарч тохирохгүйн улмаас эд хөрөнгийг өгч тусдаа амьдрах болсон...”  гэх мэдүүлэг, Г.Ш амьд сэрүүндээ маргаан бүхий газрыг Р.Б, Ш.О нартай гэр бүлийн хэрэгцээнд хамтран өмчлөх хүсэлт гаргаж байгаагүй зэргээс гэр бүлийн гишүүд маргаан бүхий газрын өмчлөлийн маргаантай байсан нь нотлогдож байна. 

 Г.Ш-ийн эрх залгамжлагчаар тогтоогдсон түүний төрсөн охин Ш.Т нь өв залгамжлалийн асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, Г.Ш-ийн Ц.Ц, Р.Б нартай гэр бүлийн байдлаа батлуулсан гэрлэлтийн баталгаа аль аль нь хүчин төгөлдөр  байгаа боловч Ц.Ц зөвхөн төрсөн охин Ш.Т-ыг Г.Ш-ийн өмчлөлийн газраас өв залгамжлах эрхтэй гэж маргаж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас өмчлөлийн болон өв залгамжлалын асуудлаа шийдвэрлүүлсний дараа маргаан бүхий газрын өмчлөгчөөр бүртгүүлэх эрх үүсэх тул Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар  захирамжаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг үндэслэн 523 дугаар захирамжийн  Г.Ш, З.Х нарт газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосон байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар  шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул 846 дугаар захирамжийн холбогдох хэсэг хүчингүй болж, 523 дугаар захирамжийн  Г.Ш, З.Х нарт холбогдох хэсэг сэргэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Нийслэлийн Газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/3951 дүгээр албан бичгээр  тус шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг үндэслэн гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул 846 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

        Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэгэнт үндэслэл болгосон шүүхийн шийдвэр нь хүчингүй болсон тул нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш, З.Х нарт холбогдох хэсэг эрх зүйн үйлчлэлгүй болсон байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан мөн хариуцагчаас энэхүү захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж,  нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Хд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, мөн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хаягт орших 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хаягт орших 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН

                                            ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОСҮРЭН

                                                                                            А.НАСАНДЭЛГЭР