Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0257

 

“Ф г б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, хариуцагч Д.С, Д.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ф г Б” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 9 дүгээр зүйлийн 9.1.3, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.6-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Ф г Б” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдох “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын06-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийг хүчингүй болгох, уг зөрчилд холбогдох 12,000,000 төгрөгийн нөхөн татвар, 3,600,000 төгрөгийн торгууль, 780,000 төгрөгийн алданги, нийт 16,380,000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо” “... Ногдол ашгийн хувьцаагаар олгох үед хувьцаа эзэмшигчийн хувийн эзэмшилд ямарч хөрөнгө шилжүүлээгүй буюу Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Шилжүүлэх орлого” байхгүй байхад түүнд ногдох татварыг суутгаж, төсөвт төлөх үүргийг “Ф г Б” ХХК хүлээхгүй.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “... Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж зааснаас үзэхэд хувьцаа нь хөрөнгө биш, эрх гэдэг нь харагдаж байна. Шүүх “... хувьцаа нь Кампанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгө байх тул ...” гэх эрх зүйн дүгнэлтээс харахад хувьцаа нь компанийн хөрөнгө юм бол хувьцаа эзэмшигчид ашгаас олгосон хувьцаа мөн адил компанийн компанийн хөрөнгө болно. Энэ тохиолдолд компани өөрийн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй тул зөрчил үүсэхгүй, түүнд ногдох хууль зүйн хариуцлага байхгүй гэсэн үг юм.

Хувь нийлүүлсэн хөрөнгө /хувьцаа/, хуримтлагдсан ашиг нь тухайн компанийн эзэмшиж буй хөрөнгийн эх үүсвэрийг илэрхийлэх тоон утга бөгөөд ямар нэгэн хөрөнгийг шууд төлөөлөхгүй.

Татварын улсын байцаагчдын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны олсон нь хэсгийн 1 дүгээрт “... хуримтлагдсан ашиг бууруулж дүрмийн сан нэмэгдүүлсэн 120,000,000 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчил нь “... Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт, 8 дугаар зүйл, 13 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэн холбогдох хууль зүйн хариуцлага оногдуулсан. Гэтэл шүүх дээрх зөрчлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээд нь хуримтлагдсан ашгаасаа хувьцаа эзэмшигчид хувьцаа олгохдоо суутгал хийх ёстой байсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хувьцаа эзэмшигч нь хувь хүн бол хувь хүний орлогын албан татварын хуулиар, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар тухайн харилцааг зохицуулдаг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэмэлт тайлбарын үндэслэл бүрт дүгнэлт өгөөгүй, хариуцагчийн шийдвэрийг хэрхэн зөв үзсэнээ тайлбарлаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.       

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Анхан шатны шүүх гомдол гаргагч “Ф г Б” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.   

Гомдол гаргагч нь “... шилжүүлсэн орлого байхгүй байхад татварыг суутгаж, төсөвт төлөх үүргийг хүлээхгүй. Хувьцаа нь хөрөнгө биш, эрх юм. Хувьцаа эзэмшигч нь хувь хүн бол хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар харилцааг зохицуулна” гэсэн агуулгаар гомдол гаргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “2016 онд 120,000,000.00 төгрөгийн ногдол ашгаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд ногдуулсан 12,000,00.00 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 3,600,000.00 төгрөгийн торгох шийтгэл, 2015 онд 800,000.00 төгрөгийн хувь хүнд олгосон орлогод татвар ногдуулж тайлагнаагүй зөрчилд 80,000.00 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 24,000.00 төгрөгийн торгох шийтгэл, нийт 16,488,080.00 төгрөгийн төлбөр ногдуулсан” нь үндэслэлтэй байна.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно”, 9.1.3-д “Ногдол ашгийн орлого”, Татварын ерөнхий хуулийн /2008 он/  18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.6-д “Бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл гомдол гаргагчийн нь үйл ажиллагааны хуримтлагдсан ашгаасаа 120,800,000.00 төгрөгийн орлого олсон байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Хууль зааснаар ногдол ашгийн орлогод албан татвар ногдуулахаар байх бөгөөд уг хуримтлагдсан ашгаа хувьцаагаар олгох ногдол ашгийн хэлбэрээр хувьцаа эзэмшигчид шилжүүлэхдээ суутгал хийгээгүй нь гомдол гаргагчийн хууль бус үйлдэл болжээ.   

Түүнчлэн хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Ф” ХХК-ийн үйл ажиллагаанаас олсон орлогод татвар ногдуулж байх тул маргааны үйл баримтад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг баримтлан дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт үйл баримтад холбогдолгүй хуулийн зүйл, заалт баримталсан байх тул өөрчлөлт оруулан, гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006  он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР